Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/969

 

       2023          10             05                                      2023/ДШМ/969

Т.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор К.Чимгээ,

яллагдагч Т.С, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Очир,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/2151 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор К.Чимгээгийн бичсэн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр Т.Сд холбогдох 2206049050503 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т.С, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Булган аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо, 0000 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

Т.С нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд, инстаграм цахим орчинд “Z S” гэх нэртэй хаяг нээж, улмаар уг хяагт “хүссэн бүхнээ хямд үнээр амжиж захиалга өгөөрэй, 14-20 хоногт ирнэ, төлбөрөө 100 хувь хийснээр захиалга баталгаажна” гэсэн зар байршуулан нэр бүхий 509 иргэнээс нийт 37.571.901 төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгсөн Ч.Х, Г.Ц, Э.Э, Б.Б, Ч.О, А.М, Г.Х, Д.М, Э.А, О.Б, О.У, А.Г, Н.Б, Д.Х, Б.О, Э.О, Н.Э, А.Б, Э.Э, Т.С, П.Ж, М.А, Н.А, Б.П, Г.Н, С.Т, О.Б, Г.М, Д.Д, Б.Б, М.Ц, С.У, Б.Л, Г.Э, М.Э, Б.Б, О.А гэх хүмүүсээс мөнгөө буцаан авсан гомдол саналгүй гэх мэдүүлгийг авсан талаар тайлбар болон нотлох баримт өгсөн. Цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлэг өгч байгаагүй гэх Ч.Н, Г.М, Ч.Э, У.И, Т.Н, Б.Б, Б.А, Г.А, Д.Э, Э.О гэх хүмүүсээс тайлбар авсан талаарх баримтыг яллагдагчийн өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлттэй хамт хавсарган өгсөн. Эдгээр хохирогч нараас хохирогчоор тогтоогдсон Ч.Н гэх хүний гарын үсэг нь хэрэгт авагдсан хохирогчоор мэдүүлэг өгсөн гарын үсэг, нотариатаар баталгаажуулсан гарын үсэг /Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Туяажаргалын баталсан/ нь хоорондоо илтэд ялгаатай, зөрүүтэй байна. Мөн прокурор шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлэг өгч байгаагүй гэх Ч.Н, Г.М, Ч.Э, У.И, Т.Н, Б.Б, Б.А, Г.А, Д.Э, Э.О гэх хүмүүстэй утсаар ярьсан, хариу тайлбарыг мессежээр авсан гээд байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдан нотлогдоогүй баримтууд байна. Иймд цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй, хохирол төлбөргүй гэсэн тайлбарыг гаргасан нэр бүхий хохирогч нарын мэдүүлгийг шалгах, мөн прокурорын тайлбар, зөрүүтэй байдлыг тодруулах шаардлагатай гэж шүүх үзлээ” гэсэн үндэслэл заан Т.Сд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Т.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор К.Чимгээ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, хохирогч нар буюу дээрх Ч.Н, Г.М, Ч.Э, У.И, Т.Н, Б.Б, Б.А, Г.А, Д.Э, Э.О нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан хохирогчийн эрх үүргийг танилцуулж мэдүүлэг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай бүрэн тогтоогдсон гэж дүгнэн, хэрэгт 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 910 дугаартай яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Т.С, түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан явуулж, шүүхээс яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтэд хавсаргаж өгсөн Ч.Н, Г.М, Ч.Э, У.И, Т.Н, Б.Б, Б.А, Г.А, Д.Э, Э.О нарын цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй гэх утга бүхий гараар бичсэн, эх сурвалж нь тодорхойгүй баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан гэж үзэх болсон үндэслэлээ захирамжид дурдаагүй, мөн хавтаст хэрэгт хууль сануулж авсан дээрх нэр бүхий хохирогч нарын мэдүүлгийг ямар үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн талаарх дүгнэлт огт хийгээгүй ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн прокурорын “дээрх нэр бүхий хохирогч нарыг гэм буруугийн шүүх хуралдаанд оролцуулж, хэргийг шийдвэрлэх боломжтой талаар гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй үндэслэлээ тайлбарлаагүй зэрэг нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Хохирогч Ч.Н, Г.М, Ч.Э, У.И, Т.Н, Б.Б, Б.А, Г.А, Д.Э, Э.О нарын гараар бичсэн гэх тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэж үзвэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Ч.Н, Г.М, Ч.Э, У.И, Т.Н, Б.Б, Б.А, Г.А, Д.Э, Э.О нарыг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авах, нотлох баримтыг шинжлэн судлах үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийн хүрээнд хэлэлцүүлэхээр хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нэр бүхий хохирогч нарын мэдүүлгийг шалгах үндэслэлээр хэргийг прокурорт буцаахдаа хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлэг, хохирогч нараас гаргаж өгсөн гүйлгээ хийсэн баримт, яллагдагчийн Хаан банкны 5013221612 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудыг ямар үндэслэлээр үнэлээгүй талаар дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэж үзлээ. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг зөрчсөн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/2151 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Т.Мөнх-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/2151 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү гэж хүсэж байна. Миний хувьд, хэрэг шүүхэд шилжсэний дараа өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалд хохирлын хэмжээ тодорхой гарч ирэх ёстой. Прокурорын шатанд нэг хохирогч гомдол, саналгүй гэсэн бол шалгаж тогтоох ёстой гэж үзэж байгаа. Үүнийг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй, хичнээн хохирогч нар гомдолгүй гэж гэрчээр дуудагдаж оролцсон ч ямар ажиллагааг шүүх хийх ёстой вэ, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан баримтаар яллаж байгаа үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй гэж байна. Ямар хэсэг нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа нь прокурорын бичсэн эсэргүүцэл, тайлбараас тодорхой харагдсангүй. Улсын яллагч нь төрийн нэрийн өмнөөс яллаж байгаа. Нотариатын тухай хуульд зааснаар төрийн гэрчлэх чиг үүргийг нотариат хэрэгжүүлж байгаа. Нийн өөрийн гараар бичсэн тайлбарыг нь Б гэх нотариатчаар гэрчлүүлж, гарын үсгийн баталгаа хийлгэж, хүсэлттэйгээ хавсаргаж өгсөн. Нийн мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай, хохирлын тооцоо нь илэрхий зөрүүтэй байгаа нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Яллагдагч Т.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлэг өгч байгаагүй гэх Ч.Н, Г.М, Ч.Э, У.И, Т.Н, Б.Б, Б.А, Г.А, Д.Э, Э.О гэх хүмүүсээс тайлбар авсан талаарх баримтыг яллагдагчийн өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлттэй хамт хавсарган өгсөн. Эдгээр хохирогч нараас хохирогчоор тогтоогдсон Ч.Н гэх хүний гарын үсэг нь хэрэгт авагдсан хохирогчоор мэдүүлэг өгсөн гарын үсэг, нотариатаар баталгаажуулсан гарын үсэг /Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Тын баталсан/ нь хоорондоо илтэд ялгаатай, зөрүүтэй байна. Мөн прокурор шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлэг өгч байгаагүй гэх Ч.Н, Г.М, Ч.Э, У.И, Т.Н, Б.Б, Б.А, Г.А, Д.Э, Э.О гэх хүмүүстэй утсаар ярьсан, хариу тайлбарыг мессежээр авсан гээд байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдан нотлогдоогүй баримтууд байна. Иймд цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй, хохирол төлбөргүй гэсэн тайлбарыг гаргасан нэр бүхий хохирогч нарын мэдүүлгийг шалгах, мөн прокурорын тайлбар, зөрүүтэй байдлыг тодруулах шаардлагатай. ...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

            Түүнчлэн, яллагдагч, тэдний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, цагаатгах үндэслэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.

            Өөрөөр хэлбэл, Т.Сд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай шинжээч, гэрчийг талуудын хүсэлтээр оролцуулан яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Түүнчлэн, анхан шатны шүүх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хохирогч нарын дансны хуулгууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах буюу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүх нотлох баримт бүрийг тал бүрээс нь нягтлан шалгах байдлаар нийт хохирлын хэмжээ, үүнээс төлөгдсөн хохирлын хэмжээг тооцоолон гаргаж шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

            Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгов.

            Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан яллагдагч Т.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/2151 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Т.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР