2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/01029

 

 

 

 

 

 

 

 

 

                           2025         02          05

                      191/ШШ2025/01029

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 41 дүгээр хороо, ...... тоотод оршин суух, Т******* овогт З*******гийн Г******* /рд:*******/-ийн нэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, ..... тоотод байрлах, “Ө*******” ХХК /рд:*******/-д холбогдох

 

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн хойно байрлах, .... үйлчилгээний төвтэй орон сууцны 1 дүгээр орц, 4 давхар, ..... загварын 80.77 м.кв талбайтай, 3 өрөө, .... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоох, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж, улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө*******,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг  нар оролцов.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч З.Г******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Д.Ө******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.Г******* миний бие 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн Ч.Б*******гөөс Эрх шилжүүлэх гэрээгээр Баянзүрх дүүргийн 5-р хороо, Кино үйлдвэрийн хойд талд “” үйлчилгээний төвтэй орон сууцны байрны 1-р орц, 4 давхар Р загварын 80.77 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авч тухайн өдөртөө “Ө*******” ХХК- ийн захирал Б.тай дээрх байрны 1-р орц, 4 давхар загварын 80.77 м.кв талбайтай 3 өрөө орон сууцандаа захиалгын гэрээ байгуулсан.

Захиалга хийсэн орон сууцны мөнгийг гэрээнд заасны дагуу Ч.Б*******н дансанд бүрэн төлсөн бөгөөд тухайн орон сууцандаа 2022 оны 12-р сараас эхлэн одоог хүртэл амьдарч байна.

Орон сууц захиалах гэрээг “Ө*******” ХХК-ийн захирал Б.тай байгуулсан бөгөөд байрандаа орсон цагаас эхлэн гэрчилгээ гаргаж өгөхийг удаа дараа шаардахад Б. нь өмчлөх эрхийн гэрчилгээг удахгүй гартаад өгнө гэдэг боловч таргаж өгөөгүй, ямар нэгэн шалтаг ярьж хойшлуулсаар ирсэн.

Оршин суугчдын шаардлагын дагуу 2024 оны 2 дугаар сарын*******-ний өдөр Б. оршин суугчидтай уулзалт хийж 2024 оны 3-р сарын 01 гэхэд ямар ч асуудалгүй гэрчилгээ гаргах болно гэсэн боловч дахин сураг чимээгүй алга болж, утсаа авахгүй байгаа тул Баянзүрх дүүргийн 5-р хороо, Кино үйлдвэрийн хойд талд “” үйлчилгээний төвтэй орон сууцны 1-р орц, 4 давхар загварын 80.77 м.кв талбайтай 3 өрөө******* тоот орон сууцны өмчлөгчөөр З.Г*******г тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг хариуцагч “Ө*******” ХХК-ийн захирал Б.ад даалгаж өгнө үү.

1.1.              Хурлыг үргэлжлүүлэх саналгүй. Хариуцагч талаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоох. Өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг даалгана. Нэхэмжлэгч нь 2021.12.7-нд хариуцагчтай баригдаж байгаа орон сууцнаас захиалсан. Анхны захиалагчаас эрх шилжүүлж аваад тухайн өдрөө хариуцагчтай гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар 149 сая төгрөгийг заасан дансанд төлсөн. 2022 онд нүүж орсон. Үүнээс хойш хариуцагч нь гэрчилгээ гаргаж өгнө гэсэн боловч 3 жил гаран гаргаж өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас тайлбар ирүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрсөн байна гэв.

 

2.                   Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ6/, орон сууц захиалгын гэрээний хуулбар /ХХ7-10/, эрх шилжүүлэх гэрээний хуулбар /ХХ12/, Худалдаа хөгжлийн банк дахь С.Аийн дансны хуулга /ХХ13/,

2.1.              Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5/14020 дугаар албан тоот /ХХ23/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ24/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж, улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч З.Г******* нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн хойно байрлах, үйлчилгээний төвтэй орон сууцны 1 дүгээр орц, 4 давхар, загварын 80.77 м.кв талбайтай, 3 өрөө,******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоох, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж, улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч “Ө*******” ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан 14 хоногийн хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй. Шүүх өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн бичиг хүргэгчээр хүргүүлэхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Б. гардан авсан. Цаашлаад нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа шүүхэд тэмдэглүүлсэн дугаар утсаар удаа дараах залгахад утсаа аваагүй болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байна. /ХХ38, 46,48,49/

Иймд хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

4.                   Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ч.Б*******тэй эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 3-т зааснаар маргаж буй орон сууцны захиалгын эрхийг шилжүүлэн авсан байна. /ХХ12/

Улмаар уг эрх шилжүүлэх гэрээг үндэслэж мөн өдөр орон сууц захиалгын 149,424,500 төгрөгийн үнэ бүхий гэрээг хариуцагчтай байгуулжээ. /ХХ7-9/

Орон сууц захиалгын гэрээний 1.1-д зааснаар хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн хойно байрлах, үйлчилгээтэй орон сууцны 1 дүгээр орц, 4 давхар, загварын 80.77 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээний үнийг хариуцагчид төлөх үүрэг хүлээсэн байна. Үүнээс үзэхэд зохигчийн дунд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

4.1.              Захиалгын гэрээний 4.1-д зааснаар ажлын хөлсийг Худалдаа хөгжлийн банк дахь эрх шилжүүлэгч Ч.Б*******н дансанд төлөхөөр тохиролцсон байна.

Эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэгчийг төлөөлж С.А байгуулсан бөгөөд тэрээр 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр орон сууцны захиалгын гэрээнд заасан тоот дансанд 149,424,500 төгрөг төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банк дахь түүний дансны хуулгаар тогтоогдсон. /ХХ13/

Энэхүү мөнгөн шилжүүлгийн гүйлгээний утгыг Г******* З*******, , 4 давхар загварын 80.77 м.кв 3 өрөө байрны төлбөр З.Г******* гэж тодорхойлжээ. Иймд нэхэмжлэгчийг орон сууц захиалгын гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн, өнөөдрийн байдлаар орон сууцыг эзэмшиж байгаа гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэж маргаагүй тул өмчлөгчөөр тогтоох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.

 

5.                   Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх үүсдэг. Иймд шүүх нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон тул өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж, бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг даалгах тухай шаардлагыг хангах нь зүйтэй.

Харин хэрэгт байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хаяг болон гэрээний хаяг нь нэг барилга гэж шууд үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнд заасан хаягаар шийдвэрт тусгах нь зүйтэй байна. /ХХ24/

Мөн нэхэмжлэлд хариуцагчийн гүйцэтгэх захиралд даалгах талаар дурдсан байх боловч гүйцэтгэх удирдлага гэдэг нь тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд бөгөөд хууль зүйн хувьд хуулийн этгээд, хувь хүн гэдэг нь тусдаа ойлголт юм. Иймд хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

6.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

1.                   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч З.Г*******г Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн хойно байрлах, үйлчилгээтэй орон сууцны 1 дүгээр орц, 4 давхар, загварын 80.77 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж, улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг хариуцагч “Ө*******” ХХК-д даалгасугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 975,273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 975,273 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД