Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 66

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

Улсын яллагч: Б.Батсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр 

Шүүгдэгч: А.А нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт А-н А.А д холбогдох эрүүгийн 1712002060006 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч А.А нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Дунд нүүр гэх газар өөрийнхөө гэртээ нөхөр Д.М ын хүч хэрэглэхээр заналхийлсэн, хууль бус үйлдлийн улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ түүнийг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Д.М ын өгсөн: ...2017 оны 10 сарын 18-ны өдөр би Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт орой 21 цагийн үед би эхнэр А.Атай мал зарах асуудлаас болж хоорондоо маргалдсан. Би Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайд 5 хонь, 5 ямаа зарахаар болоод эхнэр А.Ад 10 тооны хонь, ямаа зарна, маргааш малаа нядална гэж хэлсэн чинь манай эхнэр  А.А  хонь, ямаа зарж яах гээд байгаа юм бэ, цөөхөн хэдэн мал нь байж байг гээд байсан. Тэгэхлээр нь би уурлаад чамд хамаагүй би өөрөө мэдэж байна гэж хэлсэн чинь манай эхнэр миний урдаас хэрүүл хийгээд байсан. Тэгэхлээр нь миний уур хүрээд чамайг ална шүү гээд гэрт байсан сандлыг аваад А.А руу шидээд ширээгээ өшиглөөд унагаасан чинь А.А  босоод зугтсан. Тэгэхлээр нь би араас чамайг ална гээд хөөсөн. Тэгтэл манай 11 сартай хүү гэрийн зүүн талын орон дээр унтаж байгаад чимээнээр сэрээд уйлахаар нь би А.А г хөөхөө болиод гэрийн баруун талын орон дээр очоод хэвтсэн чинь манай эхнэр гэрийн зүүн тийшээ явснаа эргэж ирээд юм ярилгүй миний баруун талын гарын шуу хэсэг рүү хар иштэй хутгаар хутгалсан. Би А.А г чи чинь яаж байгаа юм бэ намайг хутгалчихлаа гэж хэлсэн чинь над руу уйлаад дайраад байсан. А.А  дахиад миний хэвлий хэсэг рүү хутгалсан. Би орон дээрээсээ босоод гэрээс гарсан чинь миний гар, хэвлийн хэсгээс цус гараад байхаар нь хажуу талын айл руу очоод тусламж гуйгаад цусаа тогтоолгож боолт хийлгэсэн. Манай эхнэр гэрийнхээ гадаа байгаад байсан. Тэгээд манай хажуу айлын Батмөнх гэх залуу машин олоод намайг Цэнхэр сумын эмнэлэг рүү явуулсан. Би Цэнхэр сумын эмнэлэг ороод тэндээсээ аймгийн төвийн эмнэлэгт хүргэгдэж хагалгаа хийлгэсэн. Одоо миний бие гайгүй болсон. Би алтны уурхайд 10 тооны хонь, ямаа зарна гэсэн чинь А.А  заруулахгүй гээд байсан сүүлдээ бид хоёр маргалдаад би уурлаад А.А  руу дайрсан чинь А.А  намайг хутгалсан. Би эхнэрийгээ зодож, цохиогүй харин гэрт байсан сандлыг аваад А.А  руу айлгах гээд шидсэн тэр сандал А.А г оноогүй бас гэрт байсан ширээг өшиглөөд унагаасан. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй, манай эхнэр А.А , 11 сартай хүү бид гурав л байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би А.Аг зодож дарамталж байгаагүй. Манайх цөөхөн малтай, 20 -иод ямаа, 20-иод хоньтой, 10-аад тооны адуутай, 8 тооны үхэртэй. Би мал зарахдаа эхнэртэйгээ ярилцдаггүй, ганцаараа шийдвэр гаргаад малаа зардаг. Би жилд багцаагаар 7, 8 тооны мал зардаг, 2017 онд нэг адуу, нэг үхэр зарсан. Тэгээд уурхайд 10 тооны хонь ямаа зарах гэж байсан юм. Мал зараад өрхийн хэрэгцээгээ хангадаг, заримдаа би архи уугаад өр тавиад тэрийгээ дарах гэж мал зардаг юм. Би талыг нь өрхийн хэрэгцээний юм авахаар зарах гэж байсан. Би эхнэрээсээ нууцаар хүнд мөнгөний өртэй байсан тэрийгээ мал зарж дарах гэж байсан юм. Би өмнө мал зарахад манай эхнэр малаа хамаагүй битгий зар, цөөхөн хэдэн малаа өсгөх хэрэгтэй гээд байдаг байсан би чамд хамаагүй би мэдэж байна гээд малаа зардаг байсан. Надад гомдол санал гэх зүйл байхгүй. Миний бие одоо гайгүй болсон, удахгүй бие зүгээр болно гэж эмч хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

 

Гэрч Ө.Батмөнхийн өгсөн: ...2017 оны 10 сарын 18-ны орой 21 цагийн үед би гэртээ байж байсан чинь манай хажуу талын айлын Мөнх-Очир гэх залуу манай гэрийн үүдэнд ирчихээд намайг дуудахаар нь би гарсан чинь Мөнх-Очирын гарнаас цус гарсан байсан. Би юу болсон талаар асуусан чинь манай эхнэр А.А  намайг хутгалсан гэсэн. Тэгээд би эхнэр Цэцэгбадамыг дуудаад бид 2 Мөнх-Очирын цусыг нь тогтоосон. Мөнх-Очирын зүүн талын гарын шуу, хэвлийн баруун доод талд нь 2 хутгалсан байсан. Мөнх-Очирын шархыг боож байх хооронд манай эхнэр Мөнх-Очирын гэр лүү нь орсон. Удалгүй манай эхнэр намайг дуудаад байхаар нь Мөнх-Очирын гэр лүү гүйгээд орсон чинь А.А  бензин асгаад гэрээ шатаах гээд байна гээд гэрийнх нь гадаа хүүхдийг нь тэврээд зогсож байсан. Би ороод А.А г барьж аваад бүсээр нь 2 гарыг нь ар талд нь хүлсэн. Тэгээд буцаж ирээд Мөнх-Очирыг Мөнхбат гэх хүний машинд суулгаад сумын эмнэлэг рүү хүргүүлсэн. Ямар учраас хутгалсаныг нь мэдээгүй. Өмнө нь хэрүүл маргаан, зодоон хийдэггүй байсан. Тэр хоёр тухайн үед эрүүл, тэднийд өөр хүн байгаагүй. А.А  хутгаа гэрээсээ гаргаад хаясан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/, 

 

Гэрч Г.Цэцэгбадамын өгсөн: ...2017 оны 10 сарын 18-ны шөнө 21 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон багийн  нутаг Дунд нүүр гэх газар гэртээ байж байтал манай хажуу талын айлын Мөнх-Очир гэх залуу манай гэрийн үүдэнд ирээд манай нөхөр Батмөнхийг дуудсан. Манай нөхөр гараад намайг дуудахаар нь гарсан чинь Мөнх-Очирын гарнаас нь цус гоожсон байдалтай байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад манай эхнэр А.А  намайг хутгалчихлаа гэсэн. Тэгээд манай нөхөр бид 2 цусыг нь боож тогтоож өгөөд сумын төв рүү Мөнхбат гэх хүний машинд суулгаад явуулсан. Ямар учраас хутгалсаныг би мэдэхгүй. Мөнх-Очир өөрөө манай эхнэр намайг хутгалсан гээд байсан. Би Мөнх-Очирын цусыг тогтоож өгчхөөд гэрт нь орсон чинь А.А  босож ирснээ яадаг юм бэ, би одоо гэрээ шатаана гээд гэрээсээ гарч явснаа эргээд ундааны савтай бензин барьж орж ирээд түүнийгээ асгаад гэрээ шатаана гэхээр нь би А.А гийн барьж байсан шүдэнзийг нь булааж аваад болиулах гэсэн чинь үгэнд орохгүй байсан. Тэгэхээр нь би орон дээр байсан 10 сартай хүүхдийг нь тэврээд гэрээс гараад нөхөр Батмөнхийг дуудсан. Манай нөхөр хүрч ирээд А.А гийн гарыг нь бүсээр ард нь хүлсэн. Тэгээд А.А  2-3 цагийн дараа тайвшраад гайгүй болохоор нь хүлээсийг нь тайлаад хүүхдийг нь оруулж өгсөн. Өмнө нь тэр 2  хэрүүл маргаан хийж мэддэггүй байсан. А.А  хутгалсан хутгаа гадаа түлээнийхээ хажууд хаясан гэж байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн  17-18 хуу/

 

  Гэрч А.Баасандоржийн өгсөн: ...Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй. 2017 оны 10 сарын 18-ны өдөр манай төрсөн дүү А А.А  өөрийнхөө нөхөр Д Мөнх-Очирыг гэртээ байхдаа хутгалсан байсан. Д.М ыг эмнэлэг дээр ирэх үед нь би тэр болсон зүйлийн талаар мэдсэн. Энэ хоёр гэр бүл болоод 5 жил гаран болж байгаа. Миний мэдэж байгаагаар гэр бүл болсноосоо хойш нэг их хэрүүл, зодоон хийж байгаагүй гэхдээ хаяа хоорондоо маргалдах зүйл гардаг байсан. Д.М  байнга архи уугаад байдаггүй үе үе архи уучихсан байдаг архи уухаараа хаяа жоохон агсам зантай юм шиг байна лээ. Архи уухаараа гэртээ хэрүүл маргаан үүсгээд байдаг гэхдээ учиргүй агсам тавиад байдаггүй. Анх гэр бүл болохдоо 100 аад хонь, ямаатай. 30-аад үхэртэй. 20-иод адуутай байсан. Одоо 20 гаран хонь ямаатай, 5 үхэртэй, 10- аад адуутай болсон. Манай дүү А.А  дутуу төрөөд сав нь хөөрөөд сэтгэл санаа нь тогтворгүй сэтгэцийн өөрчлөлттэй болоод эмчилгээ хийлгээд эмнэлгээр яваад малаа зарж үрсэн. Дээрээс нь Д.М  хаяа эхнэртэй хэлэхгүй малаа зардаг юм шиг байна лээ. Тэгээд мал нь өсөхгүй хорогдоод байгаа юм. Д.М  малаа зарж үрэхдээ эхнэртэй хэлж ярилгүй ганцаараа шийддэг. Манай дүү А.А  сэтгэцийн эмчилгээ хийлгэдэг болохоор Д Мөнх-Очир манай дүүг тоолгүй ганцаараа шийдвэр гаргадаг юм шиг байна лээ...гэсэн мэдүүлэг /хх-ийн  19-20 хуу/

 

Гэрч А.Тулгаагийн өгсөн: ...А А.А  эгч, Д.М  ах хоёр өмнө хоорондоо нэг их хэрүүл маргаан хийдэггүй байсан. Хаяа нэг л хэрэлдэж маргалддаг байсан. Д.М  ах эрүүл үедээ дуу цөөтэй, даруухан зантай, архи уухаараа агсам зантай юм шиг байна лээ. Гэхдээ тэр болгон архи уугаад байдаггүй, хаяа архи уухаараа гэртэй агсам тавих гээд байдаг. Д.М  ахыг согтуу байх үед нь анзаараад байхад А.А эгчийг дарамталдаг байж магадгүй юм шиг надад санагдсан. Согтохоороо А.А эгчийг янз бүрээр хэлээд, хэрүүл өдөөд байдаг. Энэ хоёр цөөхөн малтай. Ойролцоогоор нийт 40-өөд л малтай байх. Д.М  ах эхнэрээсээ нууцаар мал зардаг эсэхийг мэдэхгүй. Гэхдээ малаа зарах асуудлыг Д.М  ах ганцаараа шийддэг. Манай эгч А.А төрөөд сав нь хөөрөөд бие нь муудаад эмнэлгээр их явсан бие муутай учраас Д.М  ах мал зарах, мөнгө төгрөгний асуудал дээр А.А эгчийг оролцуулдаггүй ганцаараа шийддэг юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 447 дугаар дүгнэлт:

1. Д.М ын биед хэвлийн баруун дээд хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний 7-р сегментийг гэмтээсэн хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд дотуур цус алдалт, цус алдалтын дараах цочмог цус багадалт, баруун шуунд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас хэвлийн хөндийг нээж гэмтсэн элгийг оёж, хэвлийн хөндийд алдсан цусыг соруулж гуурсдах хагалгаа хийгджээ. 

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүснэ. 

3. Хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний 7-р сегментийг гэмтээсэн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цус алдалтын дараах цочмог цус багадалт нь 3.3.3-т зааснаар хүнд зэрэгт, баруун шуунд зүсэгдсэн шарх нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна ...гэх дүгнэлт /хх-ийн 26 хуу/

 

А.Агийн сэтгэцийн байдлыг тодорхойлсон шүүх, сэтгэц гэм судлалын шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт 

1. А.А нь хэрэг үйлдэхийн өмнө болон үйлдэх үедээ сэтгэцийн хувьд эрүүл байжээ. 

2. А.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан тул өөрийн үйлдлийг зөв ойлгож удирдаж чадаж байжээ. Албадан эмчилгээний арга хэмжээ авах шаардлагагүй. 

3. Болсон асуудлын талаар зөв тусган мэдүүлэг өгөх чадвартай 

4. А.А нь хэрэг хариуцах чадвартай байна. 

5. А.А нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь цочрон давчидсан гэх шинж илрэхгүй байгаа боловч асуумжаар, хэрэгт цугларсан хохирогч Д.М , гэрч Ө.Батмөнх, Г.Цэцэгбадам нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар А.А нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь цочрон давчидсан байх боломжтой байна...гэх дүгнэлт /хх-ийн 30 хуу/

 

А.Агийн яллагдагчаар өгсөн: ... 2017 оны 10 дугаар сарын 18-ны орой 21:00 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг Дунд нүүр гэх газар манай нөхөр уурхайд мал зарна гээд байсан юм. Тэгэхээр нь би мал заруулахгүй гээд бид хоёр маргалдсан юм. Тэгээд манай нөхөр над руу дайраад хэрүүл хийгээд байсан. Тэгээд би нэг мэдсэн чинь би нөхрөө хутгалчихсан байсан. Тухайн үед би юу болсон талаар сайн мэдээгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай нөхөр цөөхөн хэдэн малаа нядалж зарах гээд байхаар нь би битгий гэж хэлээд бид хоёр хэрүүл маргаан хийж байгаад гэнэт миний уур хүрээд хутгалчихсан байсан. Манай нөхөр бид хоёрын хооронд өр шир, өс хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үед манай нөхөр хэрүүл маргаан хийгээд над руу дайраад байсан тэгээд намайг нэг удаа цохиод авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8 хуу /

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 68-69 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 хуу/

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 74 хуу/

Эд хөрөнгийн эсэх лавлагаа /хх-ийн 75 хуу/ 

Мөнх-Очирын Баян-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /96 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.А  нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Дунд нүүр гэх газар нөхөр Д.М ын хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийн улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж Д.М ын баруун гарын шуу болон хэвлийн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч А.А нь хохирогчийг хутгалсан үйлдэл болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч Д.М , Ө.Батмөнх, Г.Цэцэгбадам нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 447 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан хохирогч Д.М ын өгсөн: ... миний уур хүрээд чамайг ална шүү гээд гэрт байсан сандлыг аваад А.А руу шидээд ширээгээ өшиглөөд унагаасан чинь А.А  босоод зугтсан. Тэгэхлээр нь би араас чамайг ална гээд хөөсөн. Тэгтэл манай 11 сартай хүү гэрийн зүүн талын орон дээр унтаж байгаад чимээнээр сэрээд уйлахаар нь би А.А г хөөхөө болиод гэрийн баруун талын орон дээр очоод хэвтсэн чинь манай эхнэр гэрийн зүүн тийшээ явснаа эргэж ирээд юм ярилгүй миний баруун талын гарын шуу хэсэг рүү хар иштэй хутгаар хутгалсан. Би А.А г чи чинь яаж байгаа юм бэ намайг хутгалчихлаа гэж хэлсэн чинь над руу уйлаад дайраад байсан. А.А  дахиад миний хэвлий хэсэг рүү хутгалсан... гэх мэдүүлэг,  

 

Гэрч Ө.Батмөнхийн өгсөн: ...Мөнх-Очирын гэр лүү гүйгээд орсон чинь А.А  бензин асгаад гэрээ шатаах гээд байна гээд гэрийнх нь гадаа хүүхдийг нь тэврээд зогсож байсан. Би ороод А.А г барьж аваад бүсээр нь 2 гарыг нь ар талд нь хүлсэн...гэх мэдүүлэг,  

Гэрч Г.Цэцэгбадамын өгсөн: ... гэрт нь орсон чинь А.А  босож ирснээ яадаг юм бэ, би одоо гэрээ шатаана гээд гэрээсээ гарч явснаа эргээд ундааны савтай бензин барьж орж ирээд түүнийгээ асгаад гэрээ шатаана гэхээр нь би А.А гийн барьж байсан шүдэнзийг нь булааж аваад болиулах гэсэн чинь үгэнд орохгүй байсан. Тэгэхээр нь би орон дээр байсан 10 сартай хүүхдийг нь тэврээд гэрээс гараад нөхөр Батмөнхийг дуудсан. Манай нөхөр хүрч ирээд А.А гийн гарыг нь бүсээр ард нь хүлсэн. Тэгээд А.А  2-3 цагийн дараа тайвшраад гайгүй болохоор нь хүлээсийг нь тайлаад хүүхдийг нь оруулж өгсөн...гэх мэдүүлэг,

  Гэрч А.Баасандоржийн өгсөн: ... Манай дүү А.А  дутуу төрөөд сав нь хөөрөөд сэтгэл санаа нь тогтворгүй сэтгэцийн өөрчлөлттэй болоод эмчилгээ хийлгээд эмнэлгээр яваад малаа зарж үрсэн...гэх мэдүүлэг мэдүүлэг,

Гэрч А.Тулгаагийн өгсөн: ... Д.М  ахыг согтуу байх үед нь анзаараад байхад А.А эгчийг дарамталдаг байж магадгүй юм шиг надад санагдсан. Согтохоороо А.А эгчийг янз бүрээр хэлээд, хэрүүл өдөөд байдаг... Манай эгч А.А төрөөд сав нь хөөрөөд бие нь муудаад эмнэлгээр их явсан бие муутай учраас Д.М  ах мал зарах, мөнгө төгрөгний асуудал дээр А.А эгчийг оролцуулдаггүй ганцаараа шийддэг юм шиг байна лээ...гэх мэдүүлэг,

А.Агийн яллагдагчаар өгсөн: ... Тэгээд манай нөхөр над руу дайраад хэрүүл хийгээд байсан. Тэгээд би нэг мэдсэн чинь би нөхрөө хутгалчихсан байсан. Тухайн үед би юу болсон талаар сайн мэдээгүй...Тухайн үед манай нөхөр хэрүүл маргаан хийгээд над руу дайраад байсан тэгээд намайг нэг удаа цохиод авсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд тухайн үед хохирогч Д.М  нь шүүгдэгч А.Агийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлсэн хууль бус, зүй бус үйлдэл хийсэн нь тогтоогдсон бөгөөд энэ үйлдлийн улмаас А.А нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Аймгийн Прокурорын газраас А.Агийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.Аг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Хохирогч Д.М  нь мөрдөн байцаалтын үед мэдүүлэг өгөхдөө ”гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт А.А г санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Шүүгдэгч А.Ад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

4. Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга 1 /нэг/ ширхэг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ