Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 205/МА2021/00003

 

 

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 205/МА2021/00003

 

 

М.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 750 дугаар шийдвэртэй,

Завхан аймгийн Цагаанчулуут сумын Баянхайрхан багт оршин суух ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, нэхэмжлэгч М.******* ZOOM-р оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай

Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1965 онд төрсөн. 1981 онд Завхан аймгийн Цагаанчулуут сумын сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. 1985 онд Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар арван жилийн сургуулийг оройгоор 10 дугаар ангийг төгссөн. Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй. Би шүүхэд нэхэмжлэл бичиж өгөхдөө 1983, 1984 онуудад ажиллаж байснаа орхигдуулсан байна. Би нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Намайг 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар цэцэрлэгт туслах багшаар,

1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар сургуульд бичээчээр,

1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт асрагчаар,

1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний Хөдөлмөр нөхөрлөлийн товчоонд оёдолчноор,

1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Улиастай сумын 5 дугаар цэцэрлэгт угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 750 дугаартай шийдвэрээр

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* /РД:*******/-ийн

Завхан аймгийн Улиастай сумын 5 дугаар цэцэрлэгт 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож,

Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар цэцэрлэгт 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл туслах багшаар,

Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар сургуульд 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бичээчээр,

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл асрагчаар,

Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний Хөдөлмөр нөхөрлөлийн товчоонд 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч М.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.*******ийн давж заалдах гомдлын агуулга:

Миний бие М.******* нь Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.15-ны өдрийн 750 дугаартай шийдвэрийг 2020.12.29-ний өдөр гардан авч дараах үндэслэлээр шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр 1984.06.01-ний өдрөөс 1984.12.31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар сургуульд бичээчээр, 1985.01.01-ний өдрөөс 1986.07.31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь ажиллаж байсан байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, бичгийн нотлох баримт байхгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний зүгээс баримт бичгүүд 2015 онд галд үрэгдсэн тул дээрх нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдуулан гэрч асуулгах хүсэлт гаргахад 2-с илүү гэрч асуухгүй гэсэн тул гэрч И.Галт, Д.Жавзандулам гарыг гэрчээр асуулгасан.

Гэрчийн мэдүүлгүүд хэрэгт авагдсан тул 1984.06.01-ний өдрөөс 1984.12.31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар сургуульд бичээчээр 1985.01.01-ний өдрөөс 1986.07.31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч тухайн үйл баримттай хамааралтай нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр үндэслэлтэй болж чадаагүй байна..

Нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 1965 онд төрсөн.1981 онд Завхан аймгийн Цагаанчулуут сумын сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. 1985 онд Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар арван жилийн сургуулийг оройгоор 10 дугаар ангийг төгссөн. Би 1983 оны 8 дугаар сарын 01ний өдрөөс 1984 оны 12 дугаар 31-нийг өдрийг хүртэл Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар цэцэрлэгт туслах багшаар, 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар цэцэрлэгт туслах багшаар, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Улиастай сумын 5 дугаар цэцэрлэгт угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.М.*******ийн нэхэмжлэлийн шаардлага нь эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг тогтоолгоход чиглэсэн учраас эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэдэг.

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох ажиллагаа нь иргэний хүсэлтэд үндэслэн үүсдэг, эрхийн маргаангүй, ямар нэгэн этгээдэд хандсан шаардлага биш, харин эрх зүйн үйл явдлыг шүүхээс тогтоох ажиллагаа тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ердийн журмаас өөр онцлогтой. Өөрөөр хэлбэл,, шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд өөрийн санаачилгаараа нотлох баримт шаардах, бүрдүүлэх боломжтой байдаг.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.*******ийн амьдарч буй байшин шатаж, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр устсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад тогтоогдоогүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотлох гол баримт бичиг болох хөдөлмөрийн дэвтэр устаж үгүй болсон тохиолдолд нэхэмжлэгч бусад баримт бичгийг үндэслэн шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох, шүүх тухайн үйл явдал болсон эсэхийг тогтоох ёстой.

Анхан шатны шүүх М.*******ийн 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Улиастай сумын 2 дугаар цэцэрлэгт бичээчээр, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт асрагчаар, ажиллаж байснаа тогтоолгох шаардлагын талаар гэрч И.Галт, М.******* нарыг асуусан байх бөгөөд гэрчүүд тухайн үйл явдал болсон талаар дэмжсэн мэдүүлэг өгсөн байхад уг мэдүүлгээр тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Хэрвээ шүүх нотлох баримт хангалтгүй гэж үзсэн тохиолдолд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө нэмэлт нотлох баримт гаргуулах, бүрдүүлэх, гэрч асуух боломжтой байсан гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгч 2 ширхэг гэрэл зургийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байхад шүүх хуралдаан дээр гэрэл зургийг шинжлэн судлаагүй атлаа 2 ширхэг гэрэл зураг нь хаана, хэзээ, авхуулсан, ажиллаж байсан хугацаанд авхуулсан зураг мөн эсэх нь тодорхойгүй гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.3-ийг зөрчсөн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч М.*******т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25..2.2-т зааснаар нэхэмжлэгч ...нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй гэсэн хэргийн оролцогчийн эрх үүргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу шүүх хуралдаан хийсэн өдөр тайлбарлан өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасныг зөрчсөн төдийгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр үндэслэлтэй болоогүй гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 750 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч М.*******ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР