Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/988

 

               

2023               10             11                                     2023/ДШМ/988

 

Э.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Амгалан,

хохирогч Ч.Б, түүний өмгөөлөгч Ж.О,

шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч А.Ариунболд, Б.Очбадар,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/525 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Дгийн өмгөөлөгч А.Ариунболд, Б.Очбадар, хохирогч Ч.Бгийн өмгөөлөгч Ж.О нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Дд холбогдох 2210030140612 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Д, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, сэтгүүлч мэргэжилтэй, “А Б О” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 0, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, ************ гудамж, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, “***” хотхоны 0д байрны 0 тоотод түр оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаагүй, /РД:**0000000/;

Э.Д нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.5-д заасан ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих заалтыг, мөн Барилга хот байгуулалтын сайдын 2006 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар тушаалаар баталсан БНбД 12-04-06 “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 13. Заслын ажил 13.11-д /Шавардлага ба хуурай шавардлага, дүүжин тааз хийх, төрөл бүрийн хавтанцраар өнгөлгөөний ажил гүйцэтгэхэд ажиллагсдын зогсох түвшин нь газрын гадаргаас дээш 1.3 метрээс өндөр болмогц шат, вандангийн гадна хүрээгээр 1 метрээс багагүй өндөртэй хашлага тоноглох ба ажилчдыг хамгаалах бүстэй ажиллуулна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sky garden” барилгын 305 дугаар блокийн В1 давхарт ажиллаж байсан хохирогч Ч.Б нь 1.7 метрийн өндрөөс унаж, эрүүл мэндэд нь гавлын дагз ясны шугаман далд хугарал, цээжний баруун талын 5, 6, 7-р хавирга, сээрний 10, 11 дүгээр нугалмын их бие, 11 дүгээр нугалмын сэртэнгүүдийн далд хугарал, дагзны хуйх, нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Дг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дгийн “А О Б” ХХК-ийн барилгын засвар хийх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Э.Дг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Э.Дг өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Дгийн гүйцэтгэх захирлаар ажилладаг “А О Б” ХХК-ийн барилгын засвар хийх эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Э.Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг, мөн нэг жилийн хугацаагаар эрх хассан нэмэгдэл ялыг оногдуулсан шүүхийн шийдвэрийг холбогдох байгууллагад хүргэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Бд энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх бөгөөд тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхыг хуульд заасан байдаг. Гэвч анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Дг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Э.Дгийн "А О Б” ХХК-ийн барилгын засвар хийх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуульд заасан зарчим, агуулгад нийцэхгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Э.Д нь өмнө эрүүгийн хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр "А О Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. Э.Дг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.5-д заасан ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих заалтыг, мөн барилга хот байгуулалтын сайдын 2006 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар тушаалаар батлагдсан БНбД 12-04-06 Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн 13.11-д заасан шавардлага хийх, дүүжин тааз хийх, төрөл бүрийн хавтанцараар өнгөлгөөний ажил гүйцэтгэхэд ажиллагсдын зогсох түвшин газрын гадаргаас дээш 3 метрээс өндөр болмогц шат, вандангийн гадна хүрээгээр 1 метрээс багагүй өндөртэй хашлага тоноглох ба ажилчдыг хамгаалах бүстэй ажиллуулна гэх заалтыг зөрчсөн гэж үзсэн байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.2-д “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асүүдал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэж заасан ба уг хуулийн 27.3-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл нь тухайн хуулийн 27.3.5-д тодорхойлсон ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилсан байна. “А О Б” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон зөвлөлтэй бөгөөд ХАБЭА хариуцсан ажилтантай болно. Миний үйлчлүүлэгч Э.Д нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан эрх, үүргийг нэг бүрчлэн хэрэгжүүлж шаардлагатай төсөв, ХАБЭА хариуцсан зөвлөл, ХАБЭА хариуцсан ажилтныг баталж, эрх, үүргийг нь журам болон ажлын байрны тодорхойлолтоор баталгаажуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ирсэн боловч хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэжмээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж буруутгагдсан байна. Энэхүү санкцийг анхан шатны шүүхээс сонгон хэрэглэхдээ “А О Б” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл болон ХАБЭА хариуцсан ажилтаны эрх, үүрэг, ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх захирал Э.Д ямар оролцоотой ажиллаж байсан эсэх, хэн, ямар зөрчлийг ямар шалтгаант холбоотойгоор гаргасан эсэхийг авч үзэхгүйгээр шууд нэг хүнийг сонгон авч эрүүгийн хариуцлага оногдуулсан нь нотолвол зохих байдлыг бүрэн авч үзээгүй гэж дүгнэхээр байна.

2. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдан шинжлэн судлагдсан нотлох баримт нь эрх зүйн ухамсарыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэт бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэхэд хэрэгт хамааралтай буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хор уршгийг хэрхэн бий болсон гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой үйлдэл нь Э.Дтэй ямар шалтгаант холбоотой гэдгийг бүрэн дүүрэн тодорхойлох байдлаар авч үзээгүй байна. Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгүүд нь зөрүүтэй, “А О Б” ХХК-ийн ХАБЭА-н чиг үүрэг бүхий баримт бичгүүд авагдаагүй байна.

3. Анхан шатны шүүхээс Э.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв, иргэний журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн гэсэн боловч хохирогчийн хор уршиг бүрэн арилаагүйг харгалзан Э.Дг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Э.Дгийн "А О Б” ХХК-ийн барилгын засвар хийх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн гэж тайлбарласан. Ингэхдээ тус компани 6 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул барилгын засвар хийх эрхийг нэг жилийн хугацаанд хасахаар шийтгэх тогтоолд тодорхойлсон байна. “А О Б” ХХК нь үндсэн үйл ажиллагааны орлогоо зөвхөн барилгын заслын хүрээнд олдог бөгөөд бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй болно. Энэ нь тухайн компанийн цор ганц санхүүгийн эх үүсвэр, ажиллагсдын амьдрал, иргэний шүүхийн журмаар хохирогчийн төлбөр нэхэмжлэх буюу цаашид нэмэгдэн гарч болзошгүй эмчилгээний зардал зэргийг төлөх ямар ч боломжгүй болгосон шийдвэр байна. Хэрэгт компанийн дансны хуулга, ямар үйл ажиллагааны чиглэлээс санхүүжилт ирдэг талаар баримт авагдаагүй бөгөөд энэ талаар нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолд: “Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Ч.Б нь “А О Б” ХХК-тай амаар хийсэн хэлцлийн дагуу барилгын заслын ажил хийж гүйцэтгэж байхдаа өндрөөс унаж, эрүүл мэндэд нь гэмтэл учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон, хохирогчид учирсан хүнд гэмтэл нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй шүүгдэгчийн эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна гэж үзэв.” гэжээ. Өмгөөлөгч миний зүгээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудтай танилцаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл, 16.14 дүгээр зүйл, 28.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг буюу хуулийг ноцтой зөрчин цуглуулж, бэхжүүлсэн баримтуудыг нотлох баримтаар үнэлсэн, өөрөөр хэлбэл доорх баримтууд нь нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Тухайлбал:

1. 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн байх боловч хэдэн цаг, минутанд эхэлж дууссан нь тодорхойгүй, үзлэгийн явцад хэдэн кадр зураг бэхжүүлсэн зэргийг тэмдэглэлд тусгаагүй. /11-12-рт/

2. 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ч.Бг хохирогчоор тооцож мэдүүлэг авсан цаг, минут тодорхойгүй буюу мэдүүлгийг хэдэн цаг, минутанд эхэлж хэдэн цаг, минутанд дуусгасан нь тэмдэглэлд тусгагдаагүй. /18-19-рт/

3. Тухайн осол нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болсон байхад гэрчээр иргэн Б.Гаас мэдүүлэг авахдаа “гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа” нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бичигджээ.

4. Иргэн Б.Гаас мэдүүлэг авсан өдөр, цаг хугацаа тодорхойгүй, тэмдэглэлд 2022 оны 10 дугаар сар гэж тусгагдсанаас бусад мэдээллүүд бүрэн тэмдэглэгдээгүй. /31-32-рт/

Хоёр. Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг дутуу шалгасан байна.

1. Хохирогчоор Ч.Бгаас мэдүүлэг авсан тэмдэглэлд “...Би өнөөдөр Х гэж хүнтэй уулзаж, “Скай гарден” хотхоны В1 давхарт заслын ажил хийх болсон. Би “А О Б” ХХК-ийн ажлыг хийсэн. Ямар нэг гэрээ байгуулааагүй бөгөөд цахим фэйсбүүк дээр заслын ажилтан авна гэсний дагуу Х гэх хүнтэй уулзаж ажилласан” гэжээ. /18-19-рт/

2. Гэрчээр иргэн Б.Гаас хууль зөрчиж авсан мэдүүлэгт “...Тухайн өдөр очоод Х гэх хүнтэй уулзаад ажлаа ярчихсан болохоор шууд ажилдаа орсон. Болормаа бид 2 хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга аваад ажилдаа орсон. Болормаа бид 2 тус тусдаа баганы замаск татах ажил хийж, би баганы доод хэсгийг, Болормаа шатан дээр зогсож баганы дээд хэсгийг замаскдаж байсан” гэжээ. /31-32-рт/

3. 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “А О Б” ХХК-ийн барилга хариуцсан захирал Н.Хийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Болормаа гэдэг хүн надтай уулзаад багажаа ажлын байран дээрээ үлдээгээд 05-ны өдрөөс эхэлж ажилд гарсан байгаа. Болормаагийн хувьд ажлын эхний өдөр байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, яагаад гэхээр амралтын өдөр учраас гэрээ байгуулаагүй. Ажлын өдөр буюу 1 дэх өдөр гэрээ байгуулна гэж хоорондоо ярилцсан байсан. Туршилтаар ажиллууж байсан. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер О зааварчилга өгсөн байсан” гэжээ. /37-39-рт/

4. 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “А О Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Дгээс мэдүүлэг авахад “...2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би ажил дээрээ байгаагүй, гэртээ амарч байсан чинь орой 15 цагийн орчимд миний ажиллаж байгаа “А О Б” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн инженер О утсаар яриад хүн бэртсэн, яаралтай түргэн тусламж дуудсан байгаа, бас нөхөр Хийг дуудсан гэж хэлж байсан. Би 2021 оны 12 дугаар сард төрөөд нөхөртөө тамга тэмдэгээ өгөөд барилга дээр очих боломжгүй болоод нөхөр маань хариуцан ажиллуулж байсан. Нөхрийн маань нэр компани дээр ямар нэг бүртгэл байхгүй. Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн инженер маань 2022 оны 08 дугаар сараас хойш ажиллаж байгаа, О гэж залуу байсан, тухайн хэрэг гарах цаг хугацаанд О өөрөө байсан. О бид нарт хэлэхдээ зуруулж зааварчилгаа өгсөн. Хохирогч Болормаа болохоор өөрөө зураагүй, найзаараа зуруулсан гэж хэлж байсан” гэжээ. /42-44-рт/

5. 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “А О Б” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн инженер Б.О мэдүүлэг өгөхдөө “...В1 давхарт байрлах Болормаа болон түүний найз дээр очсон чинь явган шат угсраад дугуй хийсэн байхаар нь би “хаанаас ямар учиртай дугуй аваад ирсэн юм бэ?” гэж асуусан чинь Болормаа найзынхаа хамтаар энэ дугуйг бид 2 авчирсан юм, түрээд явж байхад амар байдаг юм” гэхээр нь “энэ түгжээ байгаа юу?, болгоомжтой байгаарай” гэж хэлсэн. ...Тэгээд би “энэ зааварчилгаатай уншиж танилцаад гарын үсэг зураарай” гэж хэлээд улаан дэвтэр болон 2 цаас өгөөд “тодорхой бүх зүйлийг бичсэн байгаа” гэж хэлсэн чинь “за” гэж хэлээд миний өгсөн зааварчилгааг уншаад Болормаагийн найз гарын үзэг зурснаа “би Болормаагийн өмнөөс зурчих уу” гэж хэлэхээр нь би “Та өмнөөс нь хариуцлага хүлээх юм уу” гэж асуусан чинь инээгээд ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр гарын үсэг зурсан” гэжээ. /47-49-рт/

Дээрх хохирогч, гэрчийн мэдүүлгээс үзвэл доорх нөхцөл байдал тогтоогдож байна.

1. “А О Б” ХХК-ийн захирал Э.Д нь хохирогч Ч.Бтай биечлэн уулзаж ажиллуулах талаар огт тохиролцсон үйлдэл хийгээгүй.

2. Түүнийг эзгүйд буюу амаржсаны дараах амралттай байх хугацаанд түүний нөхөр Н.Х нь “А О Б” ХХК-ийн барилга хариуцсан захирлаар ажиллаж байсан нь тогтоогдсон, түүнчлэн ослын улмаас эрүүл мэндээрээ хохирсон Ч.Бтай биечлэн уулзаж, ажил гүйцэтгүүлэх тохиролцоог хийсэн болох нь тогтоогдож байхад мөрдөн шалгах ажиллагаагаар Э.Д нь Н.Хтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх, түүнийг “А О Б” ХХК-ийн барилга хариуцсан захирлаар томилсон тушаал шийдвэр зэргийг гаргуулан авч нотлох баримтаар хавтаст хэрэгт тусгаагүй.

3. “А О Б” ХХК-ийн хувьд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн инженерээр Б.Оыг 2022 оны 08 дугаар сараас томилон ажиллуулж байсан талаар Э.Д нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн, мөн Б.О нь ажиллаж байсан болох нь хангалттай тогтоогдож байхад түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тушаал зэргийг хавтаст хэргийн материалд нотлох баримтаар тусгаагүй.

4. Э.Дгийн хувьд Н.Х, Б.О нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тушаалыг нотлох баримтаар авч шалгалгүйгээр зөвхөн Э.Дг ажил олгогч гэдэг байдлаар шинжээчээр дүгнэлт гаргуулан буруутгаж буй нь үндэслэлгүй байна.

5. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээч Б.Чулуунчимэгийн гаргасан 411/01 дугаартай дүгнэлтийн хариулт 1-д: Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1, 4.1.3, 4.1.15 дахь хэсэгт заасныг удирдлага болгон тусгаад ...осолдогч Ч.Бгийн хувьд “Азбаяр Од” ХХК-ийн ажилтан буюу захирал Ц.Батхүү ажил олгогч гэж үзэх үндэслэлтэй гэжээ.

Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр олгогдсон 00259046 дугаартай гэрчилгээ, хуулийн этгээдийн /регистрийн дугаар” 6389287/ бүртгэлээр “Азбаяр Од” ХХК нь биш “А О Б” нэрийн бүртгэлтэй /хх-ийн 138-рт/, мөн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, захирал нь Эрдэнэсүрэнгийн Э.Д нэрээр бүртгэлтэй байхад шинжээчийн дүгнэлтэнд захирал Ц.Батхүүг ажил олгогч гэж үзсэн зэрэг нь ойлгомжгүй, дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэт нэг талыг баримтлан Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар компани нэг үүсгэн байгуулагчтай байж болно. Мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт зааснаар “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна” гэсэн хуулийн зохицуулалтыг зөвхөн үндэслэлээ болгож “А О Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгүүлсэн Э.Дг эрүүгийн хариуцлагад татаж шалгасан нь буруу гэж үзэж байгаа болно.

Учир нь, “А О Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Э.Д боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15. дахь хэсэгт зааснаар “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг авч үзэхээр тодорхойлсон бөгөөд тэрээр ажил олгогчийн эрх, үүргийг хэрэгжүүлэн мөн хуульд зааснаар Н.Х, Б.О нартай хөдөлмөрийн гэрээ байгуулан, тушаал гаргаж үүрэгжүүлсэн байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх хэсэгт зааснаар ажилтан нь “ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах”, 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх хэсэгт зааснаар “ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх”, 42 дугаар зүйлийн 42.2.2 дахь хэсэгт зааснаар “хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах” үүрэгтэй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь “ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах” эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу Э.Д нь компанийн захирлын хувьд тодорхой ажилтан, албан тушаалтнуудыг томилж ажиллуулсан, тэдгээр нь зохих цалин хөлсийг авч байсан байна.

Өмгөөлөгч миний зүгээс өөрийн үйлчлүүлэгч Э.Дгийн хувьд ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад хохирол учруулсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хариуцахаар заасны дагуу түүнийг Э.Дг иргэний хариуцагчаар татах ёстой байсан. Харин бусад буруутай байж болзошгүй албан тушаалтны үйлдэл, холбогдол зэргийг шалгаж тогтоох ёстой байсан гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байгаа тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар ... эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргасан” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.03-ны өдрийн 2023ШЦТ/525 дугаартай шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хийсэн дүгнэлт, ТОГТООХ нь хэсгийн 8 дугаартай иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, МУ-ын Шүүхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.1 дэх хэсгийг тус тус баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох нь хэсэгт гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ: “... шүүгдэгч Э.Д нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “...хохирогч Ч.Б нь “А О Б” ХХК-тай амаар хийсэн хэлцлийн дагуу барилгын заслын ажил хийж гүйцэтгэж байхдаа өндрөөс унаж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон ...”, “... “А О Б” ХХК-ийн захирал Э.Д нь барилгын заслын ажил бусдаар гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн 13.11 дэх хэсэгт тус тус заалтыг хэрэгжүүлэх, хяналт тавих, хариуцах үүрэг бүхий субъект нь захирал болох нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. ...”. Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар дүгнэлт хийхдээ: “.... Хэргийн үйл баримтаас үзэхэд хохирогч Ч.Б нь барилгын ажил хийх талаар хэлцэл хийсэн, хэлцлийн агуулгаас үзэхэд хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал, дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хуульд тавигдсан шаардлага, нөхцөл хангагдаагүй, ажил олгогч, ажилтны харилцаа үүссэн гэх нөхцөл байдал буюу тушаал, шийдвэр, гэрээ, цалин хөлсний хэмжээг тохиролцсон гэх бодит нөхцөл байдал тогтоогдоогүй. ... Иймд шүүхэд ирүүлсэн баримтын хүрээнд нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд нотлох баримт хангалтгүй байх бөгөөд хохирогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 125.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжилсэн 29,700,000 төгрөгийн нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт хамт шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэсэн.

Өмгөөлөгчийн давах гомдлын агуулга, хууль зүйн дүгнэлт: Анхан шатны шүүх дээрх байдлаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” буюу хохирогчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхол, эрүүл мэндэд учирсан хохирлыг сэргээн тогтоож чадсангүй хэмээн үзэж байна.

Өмгөөлөгчийн зүгээс прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн дүгнэлтийг болон гэмт хэргийг үйлдсэн субъектэд хийсэн дүгнэлтийг дэмжиж байгаа.

Харин хохирогч Ч.Б нь “А О Б” ХХК-тай амаар хийсэн хэлцлийн дагуу барилгын заслын ажил хийж гүйцэтгэж байхдаа өндрөөс унаж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсан нь, хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй гэж шүүхийн шийтгэх тогтоолд заасан ил үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Шүүх эрх мэдлийн үндсэн зорилго нь хүний эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээн тогтоохын тулд нийгмийн харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэж, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд оршдог.

Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байдаг. Энэ нь шүүх эрх мэдэлд шүүгч гагцхүү хуульд захирагдана гэсэн зарчмаар илэрдэг. Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2-т “шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан бөгөөд эрүүгийн шүүхийн хувьд үйл ажиллагааны эрх зүйн үндсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулдаг.

Анхан шатны шүүх эрх зүйн ухамсрыг удирдлага болгож дор дурдсан нотлох баримтыг хэрэгт бодит байдлаар хянаж, үнэлээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар эрх үүргээ хэрэгжүүлээгүйгээс хохирогч хуулиар олгогдсон Үйлдвэрийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо нөхөн төлүүлж чадахгүй байдалд хүрээд байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар дараах үйл баримт нотлогдоно.

1. “А О Б” ХХК-ийн захирал Э.Д барилга дээр буюу ажлын байран дээр очоогүй үед инженер албан тушаалтай түүний нөхөр Н.Х нь барилга дээр Э.Дг орлож хяналт тавьж, эрх, үүргийг хэрэгжүүлдэг болох нь хавтаст хэргийн 92-95 дахь талд авагдсан Э.Дгийн яллагдагчаар татагдсаны дараа буюу 2023.05.11-ний өдөр өгсөн: “ ... би өөрөө ажил дээрээ очоогүй. ... нөхөр Х тухайн барилга дээр байсан. Нөхөр Х инженер албан тушаалтай, намайг хүүхдээ харж байхад намайг орлож барилга дээр очиж, хяналт тавьдаг” гэх мэдүүлгээр нотлогдоно.

2. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “А О Б” ХХК-ийн захирал Э.Дгийн нөхөр, захирлыг төлөөлөх эрх, үүрэгтэй ажиллаж байсан Н.Хтэй очиж уулзан удаан хугацаагаар ажиллахаар тохиролцож, байнгын шинжтэй барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэхээр ярилцаж, тэд ажлын өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахаар тохиролцсон байсан нь хавтаст хэргийн 37-39 дэх талд авагдсан гэрч Н.Хийн 2022.11.08-ны өдөр өгсөн “...2022.11.04-ний өдөр Ч.Б гэдэг хүн надтай уулзаад багажаа ажлын байран дээр үлдээгээд 05-ны өдрөөс эхэлж ажилд гарсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Яагаад гэхээр амралтын өдөр учраас гэрээ байгуулаагүй. Ажлын өдөр буюу 1 дэх өдөр гэрээ байгуулна гэж хоорондоо ярилцсан байсан. Туршилтаар ажиллуулж байсан” гэх мэдүүлэг, мөн 92-95 дахь талд авагдсан Э.Дгийн яллагдагчаар татагдсаны дараа буюу 2023.05.11-ний өдөр өгсөн: “... Амралтын өдөр байсан учраас ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ хийж чадаагүй, ... хэрэг гарахын өмнөх өдөр нөхөр Х надад хэлэхдээ Болормаа гэдэг хүн удаан хугацаагаар ажиллаж магадгүй гэж байна” гэх өөрийнх нь мэдүүлэг болон өөр бусад хэрэг бүртгэлтийн хэрэгт авагдсан материал үндэслэж тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлтээр осолдогч Ч.Бгийн хувьд “А О Б” ХХК-ийн ажилтан буюу захирал нь ажил олгогч гэж үзэх үндэслэлтэй гээд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, мөн хуулийн 3.1.20, 3.1.21 дэх хэсэгт заасан заалтыг дэлгэрэнгүй тайлбарлаад үйлдвэрлэлийн Ослын акт тогтоогдоно хэмээн дүгнэсэн дүгнэлт хэрэгт авагдсан.

Дээр дурдсан нотлох баримтаас дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнд гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, цалин хөлсний талаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээс өмнө танилцуулах үүрэгтэй”,

мөн хуулийн 41.2 “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ”,

41.3. “Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно” гэж хуулчилсан ба энэхүү хэргийн хувьд хэрэг учрал болохоос 1 өдрийн өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэхээр ажил олгогч, ажилтан нар тохиролцсон үйл баримт байхгүй буюу Ч.Бгийн гүйцэтгэх ажил үүрэг засал чимэглэлийн ажил байсан ба тэрээр тусгай хувцас, багаж хэрэгслээ өөрөө бэлдэж ирэхээр, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар үүрэг болгосноор нэг бүрийн хамгаалах хэрэгслийг ажил олгогч буюу түүнийг төлөөлж байсан Н.Х хангахаар талууд тохиролцоод ажлын өдөр буюу 1 дэх өдөр хөдөлмөрийн туршилтын гэрээ байгуулахаар тохиролцож, улмаар Ч.Б нь ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр тэрээр 1,7 метр өндрөөс унаж хүнд гэмтэл авсан үйл баримт тогтоогдож байхад, мөн “А О Б” ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь барилгын засвар хийх ажлыг гүйцэтгэдэг ба тус компани нь барилгын заслын ажлыг урт хугацаанд гүйцэтгэх ба энэ хугацаагаар Ч.Б ажил үүргийг гүйцэтгэх буюу байнга удаан хугацаагаар ажлыг тасралтгүй гүйцэтгэх ёстой байснаар Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээнээс ялгагдаж байгаа. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулах гэж байсан гэрээ нь Даалгаврын гэрээ байсан гэж дүгнэсэн нь нотлох баримтын эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь, тус гэрээг шүүгдэгч нөхөн хийж шүүхэд гаргаж өгөх бүрэн боломжтой. Тухайн цаг хугацаанд энэ гэрээний асуудал огт яригдаагүй болох нь шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, нөхөр болох Н.Хын мэдүүлгээс харагддаг.

Анхан шатны шүүх үйл баримтын хамаарал, үйл баримтыг тогтоож буй байдал буюу хэрэгт хамааралтай нотлох баримтыг үнэлэхгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан. Мөн дээрх нотлох баримтыг үнэлээгүй, хэрхэн үнэлэхгүй байгаа болон тус баримтуудыг няцаах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэлд тусгаагүй, энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарч чадаагүй.

Нөгөөтэйгүүр, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж зааснаас үзвэл хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн, “А О Б” ХХК-ийн захирлыг төлөөлж байсан Н.Х нь тухайн цаг хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь буруу боловч амаар тохиролцож, ажил үүрэг гүйцэтгүүлж байсныг “хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй байсан, хэлцэл байгуулсан” гэж дүгнэсэн шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл бодит байдалтай нийцээгүй.

Дээрх хуульд заасан эрх, үүргээ биелүүлж ажиллаагүй Э.Дгийн үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл байхгүй. Мөн амралтын өдөр байсан гэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг байгуулж чадаагүй байсан болохыг нь ашиглан тус компанийн захирал Э.Д хариуцлагаас мултрах оролдлого хийж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэмээн мэдүүлэг өгдөг хэр нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал ярихаар хүлээн зөвшөөрөхгүй байгаагаар бүрэн илэрхийлэгдэж байгаа. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэлийг хамтад нь шийдвэрлэх бүрэн боломж байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжыг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна ” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт ажил олгогчийн дараах үүрэгтэй гээд 28.1.15 дахъ хэсэгт “үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжын дагуу нөхөн төлбөр олгох” үүргийг хуульчилсан.

Иргэн Ч.Бгийн хувьд хөдөлмөрийн чадвар 50 хувь алдсан бөгөөд одоогийн байдлаар ажил, хөдөлмөр эрхэлж чадахгүй байнгын эмчийн хяналтад, гадуур гарахдаа заавал нэг хүний асаргаанд, хараа хяналттайгаар явж байгаа.

Э.Д нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэмд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хяналт тавиагүйгээс иргэн Ч.Б хүнд гэмтсэн, эрүүл мэндээрээ насаараа хохирсон. Түүнд зөвхөн эмчлүүлсэн зардлыг өгснөөр түүний зөрчигдсөн эрх болох эрүүл мэнд шууд сэргэхгүй, зөвхөн эрүүл мэндээ одоо байгаагаас дордуулахгүй байж чадах уу, үгүй юу гэдэг зүйл байгаа. Шүүгдэгч үнэн санаанаасаа гэмшиж байгаа бол анхны хөдөлмөрийн харилцаа үүсгэхээр ярилцаж тохиролцсон мэдүүлгээсээ яагаад буцаж, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй манай ажилтан биш гэж хэлэхэд хүрэв. Энэ ч мөн уг цаад санаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар маргавал хохирлын мөнгийг төлөхгүй гэсэн санаа цухалзаж байгааг шүүх анхааран үзээрэй.

Хохирогч Ч.Бгийн хувьд, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу мөнгө нэхээгүй, хүн ёсны сэтгэлээр хандаж ийм хүсэлтийг мөрдөгчид гаргаж тавиагүй юм.

Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/525 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 8 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Хохирогч Ч.Б тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Э.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би захирлынхаа хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан О, барилга хариуцсан захирал Х нарыг томилж ажиллуулсан. Хохирогч Ч.Б нь ажилд орсон эхний өдрөө бэртсэн бөгөөд би хүүхдээ хараад тухайн үед гэртээ байсан. Анх хэрэг гарсны дараа барилга хариуцсан захирал Х мэдүүлэг өгсөн. Мөн тухайн үед Х “Би барилга хариуцсан захирал учир хариуцлага хүлээнэ” гэж надад хэлсэн. Хэрэг гарснаас хойш 4 сарын хугацаанд хохирогч Ч.Б эгчийн дугаарыг мэддэггүй байсан бөгөөд Х “би ярина” гэж хэлдэг байсан. Миний хувьд хуулийн этгээдийн эзэмшигч гэдгээр намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Мөрдөгчөөс манай байгууллагын дүрэм болон холбогдох бичиг баримт, хөдөлмөрийн гэрээ зэргийг хураан авсан бол шинжээчийн дүгнэлт өөрөөр гарах байсан. Хэрэг гарснаас 4 сарын дараа мөрдөгч намайг дуудаад мэдүүлэг авахдаа “компанийн захирал нь чи юм чинь яллагдагчаар татагдана” гэж хэлсэн. Мөн тухайн үед надад хохирогчид бодит гарсан эмчилгээний зардлыг төлнө гэсэн ойлголт байсан. Гэтэл шүүхээр хэрэг хэлэлцэгдэх үед төлбөр төлөөгүй гэсэн зүйл яригдсан. Үнэнийг хэлэхэд анхан шатны шүүх хуралдаанд 15.000.000 төгрөгийг хохирогчид төлнө гэсэн бодолтой байсан боловч сандарсан учир хэлж чадаагүй. Иймд өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Миний бие хохирогчид хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэв.

Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Дгийн өмгөөлөгч А.Ариунболдоос “А О Б” ХХК-ийн зөвлөлийн хариуцах асуудлыг Э.Д хариуцах нь үндэслэлгүй гэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зөвлөлийн хэрэгжүүлэх үүргийг тусгасан. Мөн өмгөөлөгч нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой зөрчлүүдийн талаар дурдаж байна. Хэргийн үйл баримттай холбоотой нотлох баримтуудыг хууль бусаар олж авч бэхжүүлээгүй учир хэргийн үйл баримт үгүйсгэгдэхгүй. Өмгөөлөгч Оын хэлсэн тайлбартай холбогдуулж нэг зүйлийг залруулж хэлэхэд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж байгаа боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлсийг 9 дахин нэмэгдүүлэн олгоно гэж заасан учир нэхэмжлэх нь үндэслэлгүй учир энэ асуудлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг прокуророос гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Шүүгдэгч Э.Д барилга хариуцсан захирлаар Х, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтанаар О гэдэг хүнийг томилсон гэж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар захирал нь Э.Д. Энэ нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд хуульд захирал хариуцна гэж зааснаас биш зөвлөл хариуцна гэж заагаагүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хэлж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Эрүүгийн хариуцлагын тухайд, гэм буруугийн асуудалтай холбогдуулан зорчих эрхийг хязгаарлаж, барилгын тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар хасаж байгаа нь хохирогчид хохирол төлөх боломжийг хөндсөн гэж байна. Эрүүгийн хариуцлага нь гэм буруугийн зарчимд нийцсэн байх ёстой. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос “А О Б” ХХК-ийн захирал Э.Дг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.5-д заасан ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих заалтыг, мөн Барилга хот байгуулалтын сайдын 2006 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар тушаалаар баталсан БНбД 12-04-06 “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 13. Заслын ажил 13.11-д /Шавардлага ба хуурай шавардлага, дүүжин тааз хийх, төрөл бүрийн хавтанцраар өнгөлгөөний ажил гүйцэтгэхэд ажиллагсдын зогсох түвшин нь газрын гадаргаас дээш 1.3 метрээс өндөр болмогц шат, вандангийн гадна хүрээгээр 1 метрээс багагүй өндөртэй хашлага тоноглох ба ажилчдыг хамгаалах бүстэй ажиллуулна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Ч.Б өндөрөөс унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд нотлох баримтууд нь хэрэгт холбогдсон хүний гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байх шаардлагыг хангаагүй, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байгаа нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийж чадаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Б “...би өнөөдөр Х гэх хүнтэй уулзаж “Скай гарден” хотхоны Б1 давхарт заслын ажил хийх болсон. ... Заслын ажилтан авна гэсний дагуу Х гэх хүнтэй уулзаж ажилласан. ... тухайн барилга дээр очиж хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны инженер залуутай уулзсан.” /1хх 18, 23/, гэрч Б.Г “...найз Болормаа цахим фэйсбүүк дээр заслын ажилтан авна гэж байна, хамт явах уу гэхээр нь зөвшөөрч ...Скай гарден очсон. Тухайн газар очоод Х гэх хүнтэй уулзаад ажлаа ярьчихсан болохоор шууд ажилдаа орсон. ... бид 2 хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын зааварчилгаа авсан. ...” /1хх 31/, гэрч Н.Х “...Болормаа гэдэг хүн надтай уулзаад ... ажилд гарсан ..., хөдөлмөр хамгааллын инженер нь О гэдэг хүн байдаг. ...” /1хх 43/, Э.Д гэрчээр “...би 2021 оны 2 дугаар сард төрөөд нөхөртөө тамга тэмдгээ өгөөд, ... нөхөр маань хариуцан ажиллуулж байсан. ... хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн инженер маань 2022 оны 8 дугаар сараас хойш ажиллаж байгаа О гэж залуу байсан. ...” /1хх 43/, мөн яллагдагчаар “...намайг гэртээ хүүхдээ харж байхад нөхөр намайг орлож барилга дээр ажилладаг. ...” /1хх 94/ гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд, “А О Б” ХХК-ийн захирал Э.Д хүүхэд асрах чөлөөтэй байсан, тэрээр уг хугацаанд Н.Х гэдэг хүнийг компанийн гүйцэтгэх захирлаар ажиллууж байсан, тухайн хэрэг учрал болсон гэх 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Ч.Б нь Н.Хтэй уулзаж, улмаар ажилахаар болсон, “А О Б” ХХК-ийн хөдөлмөр хамгааллын инженер нь Б.О байх бөгөөд тэрээр ажил үүргийн хүрээнд хохирогч Ч.Бтай уулзсан нөхцөл байдлууд тусгагджээ.

Хохирогч, гэрч нарын мэдүүлэгт тусгагдсан нөхцөл байдлыг тодорхой болгох мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хсэгт заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад тогтоох асуудлуудын талаар бүрэн дүүрэн шалгах ажиллагааг хэрэгжүүлээгүй байна.

Үүнд: “А О Б” ХХК-ийн захирал Э.Д нь ямар хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байсан эсэх, түүнийг чөлөөтэй байх хугацаанд тухайн компанийн үйл ажиллагааг хэн удирдаж, эрх үүргийг хэрэгжүүлж байсан эсэхийг;

Н.Х гэдэг хүнийг “А О Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллууж байсан эсэх, тухайн хэрэг учрал болсон гэх 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Ч.Б нь “А О Б” ХХК-ийн ямар албан тушаалын хэн гэдэг хүнтэй уулзаж, тус компанид ямар ажлыг хэдий хугацаанд, ямар цалин хөлстэйгээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон талаарх нөхцөл байдлыг;

“А О Б” ХХК-ийн хөдөлмөр хамгааллын инженер нь Б.О нь ажил үүргийн хувьд ямар чиг үүрэгтэй эсэхийг шалгаж, түүний ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт цуглуулж, бэхжүүлэх шаардлагатай байх бөгөөд тэрээр ажил үүргийн хүрээнд хохирогч Ч.Бтай уулзаж дүрэм, журмыг мөрдөж ажиллах талаар буюу хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, аюулгүй ажиллагааны хувцас, багаж хэрэгслээр хангасан эсэх талаар тус тус шалгах нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулсны эцэст “А О Б” ХХК-ийн ямар албан тушаалтны хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Ч.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болохыг үндэслэл бүхий тодорхойлсны эцэст тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 138/-н дээр “А О Б” гэсэн нэртэй байхад 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №411/01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тус компанийн нэрийг “Азбаяр Од”, “захирал Ц.Батхүү” гэж тус тус бичсэн нь өөр компани, хүнд холбогдох хэргийн дүгнэлт эсэх, эсхүл “А О Б” ХХК, уг компанийн захирал Э.Дд хамааралтай дүгнэлт мөн эсэхийг шинжээчээс мэдүүлэг авах байдлаар тодруулах, уг байдлыг шинжээчээс мэдүүлэг авах байдлаар тодруулах боломжгүй, хуульд нийцэхгүй байгаа тохиолдолд дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах эсэхэд анхаарвал зохино.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, нотлох баримтын хүрэлцээтэй байдлыг хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Э.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Ийнхүү шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “нотолвол зохих байдлыг бүрэн авч үзээгүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, харин давж заалдах шатны шүүх хуралдаанаас магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан хохирогчийн өмгөөлөгч Ж.Оын давж заалдах журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/525 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Э.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

 

                     ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР