| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2308001140866 |
| Дугаар | 2023/ДШМ/910 |
| Огноо | 2023-09-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2023/ДШМ/910
2023 9 07 2023/ДШМ/910
Б.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ундрах,
яллагдагч Б.М-ийн өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/1648 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ундрахын бичсэн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 41 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Б.М-т холбогдох эрүүгийн 2308001140866 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.М-
Яллагдагч Б.М нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “******” нэртэй интернэт тоглоомын газарт байхдаа урьд танилын харилцаатай байсан Т.Г-д зарсан IPhone 13 pro max загварын гар утаснаасаа өөрийн хэрэгтэй зүйлсээ аваад буцаагаад өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан авч улмаар тухайн гар утсыг бусдад зарж борлуулан 3.540.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Тус хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалган ажиллагааг хийлгэх дараах үндэслэл тогтоогдсон болно.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн,
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан тогтоогоогүй,
3. Яллах дүгнэлтэд “Т.Г” гэж хохирогчийн нэрийг буруу бичсэн.
Дээрх эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхэд ач холбогдолтой гэж үзлээ.
-Хохирогч, яллагдагч хоёрын дунд худалдах худалдан авах гэрээ хийгдээгүйгээс гадна хохирогч тухайн утсыг хараагүй, гартаа бариагүй байхад яллах дүгнэлтэд “...Яллагдагч Б.М нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй интернэт тоглоомын газарт байхдаа урьд танилын харилцаатай байсан хохирогч Гантулгад /гэж хохирогчийн нэрийг буруу бичсэн/ зарсан IPhone 13 рго mах гар утаснаасаа “Өөрийн хэрэгтэй зүйлсээ аваад буцаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авч улмаар гар утсыг бусдад зарж борлуулан 3.540.000 төгрөгийн хохирол учруулж залилсан..." гэж байгаа нь гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн гэдгийг зөв тодорхойлоогүй гэж үзэв.
-Яллагдагч Б.М нь хохирогчийн итгэлийг хүлээсэн түүний найз болох Т-ыг төөрөгдүүлэн хохирогчид өгөх ёстой байсан гар утсаа дам байдлаар зувчуулан авсан үйлдлийг гаргасан эсэх, эсхүл хохирогчийг хуурч мэхлэн барьцаанд тавьсан утсаа авахын тулд барьцааны мөнгийг гаргуулан авч залилсан аль нь болох ач холбогдол бүхий нөхцөл байдлыг зөв тогтоох ёстой. Яллагдагч Б.М нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр IPhone 13 рго mах загварын гар утсаа “Баялаг хишиг” ломбардад 7 хоногийн хугацаатай 6%-ийн хүүтэй 2.000.000 төгрөг авч барьцаанд тавьсан. Тус гар утсыг барьцаанаас авахад хохирогч Т.Г 2.100.000 төгрөгийг өөрийн найз Т-ын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Гэтэл прокуророос хохирогчид IPhone 13 рго mах гар утасны үнэ 3.540.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх нь бодит хохирлыг зөв тогтоосон эсэх нь эргэлзээтэй байна. Мөн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд яллагдагч Б.М нь Т.Г-гаас 880.000 төгрөг авсан дансны хуулга хэрэгт авагдсан. /хх-ийн 10-11 хуудас/ Гэтэл энэ мөнгийг оролцуулан мөн барьцааны мөнгийг нэмж IPhone 13 рго mах гар утастай болох гэсэн хохирогчийн санаа зорилгын дагуу хохирлыг тогтоох нь зохимжгүй.
- Яллах дүгнэлтэд “...Яллагдагч Б.М нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй интернэт тоглоомын газарт байхдаа урьд танилын харилцаатай байсан хохирогч “Гантулга”-д зарсан IPhone 13 рго mах гар утаснаасаа “Өөрийн хэрэгтэй зүйлсээ аваад буцаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авч улмаар тухайн гар утсыг бусдад зарж борлуулан 3.540.000 төгрөгийн хохирол учруулж залилсан...” гэж хохирогч Т.Г нэрийг “Гантулга” гэж буруу бичсэн. Дээрх алдаатай яллах дүгнэлтийг гардан авсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч болон түүний өмгөөлөгч хэлсэн. Шүүхээс дахин яллах дүгнэлт үйлдэж яллагдагчид гардуулан, хуульд заасан зохих ажиллагааг хийсний эцэст шүүхэд ирүүлэх нь зүйтэй. Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг, халдлагын зүйл, хохирлын хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул тэдгээрийг заавал тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Б.М-т холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад захирамжид заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Хавтас хэрэгт хохирогч цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хохирогч Т.Г, гэрч Д.Т нарын мэдүүлэг, “Баялаг хишиг” ломбардын барьцаат зээлийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Б.М нь өөрийн эзэмшлийн IPhone 13 рго mах загварын гар утсаа хохирогч Г.Г зарахаар тохирч хохирогчийн эзэмшил, өмчлөлд бүрэн шилжүүлсэн, улмаар “********” интернэт тоглоомын газарт байхдаа гар утаснаасаа өөрийн хэрэгтэй зүйлсээ аваад буцаагаад өгье гэж хуурч гар утсыг хууль бусаар шилжүүлэн авч залилсан нөхцөл байдал тогтоогдсон тул прокуророос гэмт хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*****” нэртэй интернэт тоглоомын газарт үйлдэгдэж, төгссөн гэж тодорхойлж, дүгнэсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангаар тухайн IPhone 13 рго mах загварын гар утсыг гэмт хэрэг гарсан цаг хугацааны зах зээлийн ханшаар 3.540.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд эрх бүхий байгууллагаас гаргасан дээрх үнэлгээ нь залилах гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлтэй байна. Яллах дүгнэлтэд яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга хэсэгт хохирогчийн нэрийг Т.Гантулга гэж бичиг, техникийн алдаа гаргасан байгаа боловч дээрх бичиг, техникийн алдааг гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж хохирогчийн нэрийг зөвтгөх боломжтой. Анхан шатны шүүхээс дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч Б.Мягмарпүрэвийн өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гарсан. Шүүгчийн захирамжийн 4 дэх заалтад “Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш талууд ажлын 5 өдрийн дотор гомдол гаргаж, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж заасан байхад прокурор 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр эсэргүүцэл бичсэн учир эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн энэ гэмт хэрэг нь цахим тоглоомоос үүдэлтэй гэмт хэрэг байхад прокуророос гар утас наймаалсан гэмт хэрэг гэж үздэг. Бидний хувьд хохирогчид хохирлыг төлж барагдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд бичсэн асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын талаар Б.М нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” нэртэй интернэт тоглоомын газарт байхдаа Т.Гантулгад зарсан “IPhone 13 pro max” загварын гар утаснаасаа өөрийн хэрэгтэй зүйлсээ аваад буцаагаад өгье гэж хуурч аван гар утсыг бусдад зарж борлуулан 3.540.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэж гэмт хэрэг гарсан байдлыг тодорхойлжээ.
Тодруулбал, прокуророос гэмт хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй интернэт тоглоомын газарт үйлдэгдсэн гэж тодорхойлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээг үндэслэн 3.540.000 гэж гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоожээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хангалттай цугларсан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн Б.М-ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурор Б.Ундрахын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Хохирогч Т.Г-ийн нэрийг буруу бичсэн гэх асуудлын тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т заасны дагуу оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх замаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/1648 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН