Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 205/МА2021/00005

 

 

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 205/МА2021/00005

 

О.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 757 дугаар шийдвэртэй,

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 12 дугаар байр ******* тоотод оршин суух ******* овгийн *******ы ******* /РД:ИЙ********/-ийн нэхэмжлэлтэй

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 12 дугаар байр ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:ИМ******/-т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч О.*******, түүний өмгөөлөгч Д.*******а, хариуцагч С.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай

Нэхэмжлэлд: Би С.*******тай 2006 оноос хойш гэр бүл болж амьдран 3 хүүхэдтэй болсон ... өнгөрсөн 14 жилийн хугацаанд миний бие С.*******ын байнгын хүчирхийлэл дарамтад амьдарсаар ирсэн ... С.*******ын надад үзүүлэх дарамт шахалт, зодуур газар авсаар байсан тул би 2008 онд Түдэвтэй сумын хэсгийн төлөөлөгчид, 2009 онд Нөмрөг сумын хэсгийн төлөөлөгчид, 2012 онд Завхан аймгийн Цагдаагийн газарт, 2017 онд Улиастай сумын Жинст багийн хэсгийн байцаагчид, 2018 онд Завхан аймгийн Цагдаагийн газарт хандаж С.*******ад хуулийн хариуцлага тооцож өгөхийг хүсэж өргөдөл гомдол гаргаж байсан ч дорвитой арга хэмжээ авдаггүй, тавиад л явуулчихдаг байсан ... гэтэл С.******* надад тэр цагдаа чинь намайг барьдаггүй л байхгүй юу гэж хэлдэг ... С.*******ын авир араншин догшин ширүүний дээр нь архи их ууна ... архи уухаараа бүр хэрцгий араатан авиртай болно ... С.******* эрүүл байсан ч согтуу байсан ч намайг байнга хардана ... миний ярьсан үг, явсан мөрийг шалгаж, мөшгөдөг ... хардаж уурлаж цухалдахаараа галзуурахаас наагуур орилж хашхирч, намайг элдэв муухай үгээр хэлдэг ... намайг зангидсан гар, гуталтай хөлөөрөө толгой руу цохиж, гэдэс цээж рүү өшиглөж, нүүр рүү цохиж, хоолой дээр хутга, буу тулгаж байнгын дарамт үзүүлж айдас түгшүүрт байлгадаг байсан ... 2018 оны 02 сард цагаан сараар зодохдоо миний толгой руу өвлийн гуталтай хөлөөрөө өшиглөсөн ... миний толгой савагдаж хана мөргөсөн энэ үед охин С.Д-ыг мөн гар хөл хоёроос нь барьж аваад өндөрт өргөж байгаад шал руу үхээд өг гээд чулуудчихсан ... хоёр бага насны хүүхдүүд маань айж орилоод миний ухаан балартсан ... маргааш өглөө нь миний охины бие хөх няц болсон ...миний толгой даагдахгүй би өндийж босож чадахгүй байсан ... хүүхдүүд ээж та аймар болчхож гээд уйлаад байсан ... хүүхдүүдээ аргадаж сургуульд нь явуулчхаад, С.*******ыг ажилдаа явсан хойгуур арайхийж босоод хартал миний нүүр толгой хүн харахын аргагүй хавдаж хөхөрсөн, нүүрний зүүн тал унжчихсан байсан ... С.******* миний утсыг байнга хурааж авдаг, тэр үед бас миний утсыг аваад, намайг цоожлоод ажилдаа явсан байсан учир би хэн нэгнээс тусламж гуйж чадахгүй 5-6 хоног гэртээ цоожлогдож, би өөрөө өтгөн цай, мөсөөр шавшиж байж нүүрээ засаж авсан ... С.*******ын хүчирхийлэл газар авч сүүлдээ надаас гадна хүүхдүүдээ зоддог, айлгадаг болсон ... том охиноо яах ийхийн зуургүй хэд хэд алгадаж, өшиглөөд авсан ... охин минь дуу нь гарахаа байгаад доошоо унаад эвхэрсэн ... би хүүхдээ аллаа гэж орилж байж С.*******ыг болиулсан ... охин минь 2 хоног бие нь өвдөж хэвтсэн ... дараа нь бас охиндоо гар хүрсэн би охиноо аргадаж байж гэрт нь оруулсан ... энэ өдрөөс хэд хоногийн өмнө миний охин том хэлхгэр хувцас өмсөөд байхаар нь би охиноо арай өөр хувцас өмсөөч гэж хэлсэн чинь миний охин ээж надад хөхөрч няцраагүй газар үлдээгүй шүү дээ, яаж өөр хувцас өмсөх юм бэ, би найз нараасаа ичиж байна гэж хэлэхэд хүүхдүүдээ хүчирхийлэлд байхад нь зогсоож чадахгүй байгаагаа бодоод миний дотор харанхуйлаад явчихсан ... С.******* хүүхдүүдийнхээ өөдөөс нь харж сууж байгаад ганцаараа нэг шил архи уучихсан байсан ... би харин ч С.*******ын зодуураас дайжиж хүүхдүүдээ чирээд олон ч шөнө гудамжинд даарч дагжиж, танихгүй айлд хүртэл гуйж хонож байсан ... би цаашид энэ хүчирхийллийг тэвчиж амьдрах чадалгүй болж цөхөрсөн тул гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан юм гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Би өөрийн энэ амьдралаа болж байгаа гэж бодож байгаа. Бид хоёр 2013 онд нэг удаа салж байсан ... тэр үед О.******* миний картаас мөнгө авснаас болоод би уурлаж өшиглөсөн чинь хавиргыг нь хугалж байсан. Түүнээс хойш би О.*******т гар хүрч байгаагүй ... тэр үед би архи уудаг байсан нь үнэн, түүнээс хойш би архи уугаагүй ... би нойр булчирхайны архаг үрэвсэлтэй, би Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэдэг ... нойр булчирхайн үрэвсэлтэй хүн архи, пиво хэрэглэх хориотой байдаг ... О.******* сална, сална л гэж байна, би амьдрал, үр хүүхдээ л бодож байна ... би одоо 47 настай, О.******* надаас 8 насаар дүү, би үүнээс хойш О.*******ийг хайрлах л дутуу, би үлдсэн нас амьдралаа эхнэр хүүхдүүдээ зориулна ... би О.*******ийг ажлаас нь ирэхэд хоол ундыг нь хийгээд сууж байдаг ... би энэ амьдралыг хаяхгүй, 3 хүүхдийн ирээдүй, эхнэрийнхээ аз жаргалын төлөө амьдарна ... би үр хүүхдийнхээ сайн төлөө л загнадаг ... би би энэ амьдралыг дуустал эхнэр 3 хүүхдийнхээ төлөө явна, би О.*******ээс салахгүй гэж бодож байна ... шүүх салгасан ч би салахгүй ... би хэзээ ч салахгүй ... би үүнээс хойш О.*******ийг жаргаана, жаргах цаг нь ирсэн л гэж бодож байна, би О.*******ийн төлөө л бүх зүйлээ зарцуулна ... надад эхнэр хүүхдүүдээ сайн сайхан явуулах сайхан цаг ирэх байх ... би эхнэр хүүхдээсээ салах бодол байхгүй байна, үүнийг дахин дахин хэлмээр байна гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 757 дугаар шийдвэрээр

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******ы ******* /РД:ИЙ*********/, ******* овгийн *******ийн ******* /РД:ИМ******/ нарын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалж,

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин *******ын Д, 2008 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү *******ын Н, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин *******ын Д нарыг эх *******ы *******ийн асрамжид үлдээж,

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар охин Г.Д, хүү Г.Н, охин Г.Д нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.*******аар тэжээн тэтгүүлж,

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж,

5. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар хариуцагч С.*******аас гаргуулах тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр гаргуулж,

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эх О.*******, эцэг С.******* нарт мэдэгдэж,

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг С.******* нь охин Г., хүү Г.аа, охин Г. нартай уулзах, хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх О.*******т даалгаж,

8. Зохигч гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдаж,

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийн шүүгчийн туслах /Т.Чулуунхүү/-д даалгаж,

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч О.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70.200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах, нэхэмжлэгч О.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212.040 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас 282.240 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгож,

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч С.*******аас нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 38.496 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж,

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлын агуулга:

Өмгөөлөгч Б.******* миний бие болон хариуцагч С.******* нар Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12-р сарын 17-ны өдрийн 757 дугаартай шийдвэрийг 2020 оны 12-р сарын 25-ны өдөр хүлээн авч бүхэлд нь эс зөвшөөрөн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12-р сарын 17-ны өдөр болсон шүүх хуралдаанд хариуцагч С.******* нэмж өмгөөлөгч авах хүсэлт, шүүх хуралдаан даргалагчаас татгалзах хүсэлтийг тус тус гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүсэлтүүдийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Мөн Завхан аймгийн Цагдаагийн газраас нэхэмжлэгч О.*******ийн гомдлоор С.*******ад холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн талаарх баримт ирүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж зааснаар хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй байсан.

Дээрх байдлаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Учир шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12-р сарын 17-ны өдрийн 757 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд нийцсэн байна.

Нэхэмжлэгч О.******* хариуцагч С.*******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлж, 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр охин *******ын.ыг, 2008 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүү *******ын ааг, 2014 оны 11 дүгээр 17-ны өдөр охин *******ын нарыг төрүүлж, өсгөсөн байна.

Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа таарамжгүй харилцааны улмаас нөхөр С.******* байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх гэрлэгчдийн таарамжгүй харилцаа болон нөхөр С.******* нь байнгын гэр бүлийн хүчирхийлэл үзүүлдэг гэх нөхцөл байдлыг үндэслэн О.*******, С.******* нарыг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан.

Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцоогүй, хүүхдийг эцэг эхийн хэн нэгний асрамжид үлдээх талаар шүүх шийдвэрлэж байгаа тохиолдолд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх учиртай.

Анхан шатны шүүх гэрлэгчдийн ёс суртахууны байдал, элдэв буруу дадал, зуршил, гэр бүлийн бусад гишүүдийнхээ эд хөрөнгийн болон сэтгэл санааны дарамтад байлгадаг, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж байсан эсэх, мөн хүүхдүүдийн аюулгүй орчинд эрүүл саруул, сурч хүмүүжих эрхээ эдлэн, инээж хөөрөн, айх айдасгүй, сэргэлэн цовоо өсөх орчин нөхцөл, төлөвших боломж зэргийг тус тус харгалзан охин Г.Д, хүү Г.Н, охин Г.Д нарыг эх О.*******ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх О.*******ийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-т заасантай нийцжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс С.******* нь анхан шатны шүүх хуралдаан дээр нэмж өмгөөлөгч авах хүсэлт , хэрэг хянан шийдвэрлэж буй шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан боловч шүүгч үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн,

мөн Завхан аймгийн Цагдаагийн газраас нэхэмжлэгч О.*******ийн гомдлоор С.*******ад холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн талаарх баримт ирүүлсэн энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй байсан. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч С.*******ад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр тайлбарлан өгсөн байх ба хариуцагч С.******* нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өмгөөлөгч Б.*******ыг сонгон авч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгч Б.*******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

Тодруулбал, шүүх С.*******ын өмгөөлүүлэх эрхийг хангасан гэж үзэх ба хариуцагч С.******* нь нэмж өмгөөлөгч авах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацаа дууссан үе буюу анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, ямар үндэслэлээр нэмж өмгөөлөгч авах гэж байгаа нь тодорхойгүй хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзсан нь хариуцагчийн хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Шүүх хариуцагчийн гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсаны дараа хариуцагч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор шүүгчийг татгалзсан гэж үзэх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйл,91 дүгээр зүйлийн 91.1, дэх хэсэгт заасан шүүгчийг татгалзан гаргах үндэслэл биш байна.

Шүүх татгалзлыг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасантай нийцсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой татгалзал гарсан гэж үзэж, шүүгч өөрөө хүсэлтийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Хариуцагч С.******* нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг эхнэр, хүүхдүүд нь байнгын сэтгэл санаа, бие мах бодийн дарамтад байдаг үйл баримт иргэний хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, анхан шатны шүүх тогтоогдсон үйл баримтад тулгуурлан гэрлэгчдийн гэрлэлт цуцлах асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд С.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй юм.

Тодруулбал, нэхэмжлэгчийн гэрлэлтээ цуцлуулах шалтгаан нь хариуцагчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг явдал байгаа бөгөөд хэрэгт авагдсан баримтаар уг үйл баримт хангалттай тогтоогдож байгаа нөхцөлд шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө уг хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн маргааны үйл баримтыг тогтоож, үйл баримтад хууль зүйн оновчтой дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож Тогтоох нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 757 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.*******ын өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212046 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ

Б.АРИУНБАЯР