Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/1020

 

                                                       

      2023         10            19                                         2023/ДШМ/1020

 

Э.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Э.М,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/705 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.М, хохирогч С.Д нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Э.Мд холбогдох 2305016431327 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.М, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, 00-000 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/;

Шүүгдэгч Э.Мнь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 05 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сентоза” автобусны буудлын түргэн үйлчилгээний цэгт “хаалга савлаа” гэсэн шалтгааны улмаас хохирогч С.Дтай маргалдаж, улмаар хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мг 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг түүнд анхааруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Мнь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч С.Д давж заалдах гомдолдоо: “...шүүхээс намайг хохирол төлбөр нэхэмжлээгүй гэх үндэслэлээр шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед цагдаагаас хохирлын баримтаа авчраарай гэсэн цагт ажил, хичээл давхцаж хохирлын баримтаа аваачиж өгч амжаагүй болно. Миний хохирол барагдаагүй, гомдолтой байгаа тул дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Э.Мдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч С.Д хохирол төлбөр нэхэмжлээгүй, миний бие Э.МХан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Органик маркет” худалдааны төвд хүнсний лангуу ажиллуудаг, хувьдаа Lexus HS250 маркийн машин эзэмшдэг тул мөнгөн торгуулийн ялыг төлөх бүрэн чадамжтай. Эхнэр Э.Цацрал 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрөх тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. Өмнөх шүүх хурал дээр би эрх зүйн мэдлэг дутмаг байсан тул ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэж хэлсэн болно. ... Яллах дүгнэлтийг надад өгөөгүй. Шийтгэх тогтоол авсан” гэв.

Прокурор Б.Тэгшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч С.Дын гаргасан давж заалдах гомдлын тухайд, хохирогч С.Д нь мөрдөн шалгах ажиллагаагаар хохирол нэхэмжлээгүй, өөрт учирсан хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгөх талаар хэлсэн боловч авчирч өгөөгүй. Түүнд ямар хохирол учирсан болохыг хүлээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахгүйгээр зогсоох боломжгүй учраас хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Э.Мгийн хувьд ажил хөдөлмөр эрхэлдэггүй, торгох ял оногдуулах боломжгүй байсан хэдий ч прокурорын зүгээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруудаа маргадаггүй, бусдад төлөх төлбөргүй гэж үзэж 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргаж байсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Мд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Мгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 503 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу шүүхэд шилжүүлэхдээ яллагдагч Э.Мд яллах дүгнэлтийг гардуулаагүй талаар тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан, хавтас хэрэгт энэ талаар баримт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.” гэж заасныг прокурор зөрчсөн байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж,

мөн зүйлийн 6.4“прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт” гэж,

мөн зүйлийн 6.8“яллах дүгнэлт албан ёсоор гардуулаагүй тухай гомдол” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Э.Мд холбогдох хэрэгт энэ асуудлууд хэлэлцэгдээгүй байна.

Яллах дүгнэлтийг гардан авч, уг баримттай танилцаагүй байдал нь яллагдагчийг тухайн гэмт хэрэгт ямар нотлох баримтаар яллаж байгааг болон хохирол, хор уршгийн талаарх мэдээлэлээр хангаагүй гэж үзэхэд хүргэх бөгөөд өөрийгөө өмгөөлж оролцсон шүүгдэгч Э.Мгийн хувьд шүүх хуралдаанд эрх тэгш мэтгэлцэх боломжоор хангагдаагүй байна.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу “Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд” яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг нэг бүрчлэн хуульчилсан байдаг бөгөөд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг хэрэгжүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул түүнийг эс зөвшөөрч шүүгдэгч Э.М, хохирогч С.Д нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Мөн шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/705 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАТЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР