Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/25

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б. овгийн Б.И-д холбогдох эрүүгийн 1717000810016 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд бус боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой аижлгүй, ам бүл 3 эцэг эхийг хамт, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дүгээр баг, Чойрын ......... тоотод оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Б. овгийн Б.И /РД:.........../

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.И. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Тээвэрчдийн байрны 11-01 тоотод иргэн С.Энхбаатартай маргалдан түүний нүүрэн тус газар өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Б.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Тээвэрчдийн байрны 11-01 тоотод хохирогч С.Э-тай маргалдан түүний нүүрэн тус газар өшиглөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай  болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.1. Шүүгдэгч Б.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй гэв.

1.2. Шүүгдэгч Б.И мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ны орой 21 цаг 40 минутын галт тэргээр Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймагт ирсэн. Манай аав ээж Говьсүмбэр аймагт амьдардаг юм. Тэгээд Чойрын 1 тоотод гэр лүүгээ харих гээд явж байсан чинь нагац эгч Б-гийн байшин нь гэрэлтэй байхаар гэр лүү нь орсон. Б-ийн гэрт Б, түүний хамтран амьдрагч С.Э, мөн Бр гэх залуу архи уусан согтуу байж байсан. Би Улаанбаатар хотоос гарахдаа архи уусан байсан халмаг орсон. Батбаяр ууж байсан архинаасаа надад нэг хундага хийж өгсөн би тэрийг нь уусан. Би Э-т хандаад чи миний гал голомтын хойморт суучихаад архины оромж болголоо гэж хэлсэн. Нэг эвгүй үг хэлсэн. Тэгэхээр нь уур хүрээд Э-ыг баруун талаас нь хөл рүү нь нэг удаа өшиглөөд зүүн гараараа нүүр орчимд нь хэд хэдэн удаа цохьсон хаана нь цохьсныг мэдэхгүй байна. Би өөрөө согтуу байсан зарим зүйлийг нь сайн санахгүй байна. Э-ын баруун шанааны хуучин шарх нь задарсан цус гараад байсан. Намайг анх орж ирэхэд Э-ын баруун шанаа дээр хуучин шар байсан юм. Тэр задарсан байсан. Тухайн үед би нэг даавуу авч өгөөд цусыг нь даруулсан чинь тогтохгүй байсан. Тэгээд эмнэлэг ирээд Э, Б хоёрыг аваад явсан. Дараа нь удаагүй цагдаагаас хүмүүс ирээд Б бид хоёрыг цагдаа дээр авчираад эрүүлжүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

1.3. Хохирогч С.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Б гэх эмэгтэйтээ хамтран амьдардаг юм. Би Б-гийн гэрт цуг амьдардаг юм. 2017 оны 11 дүгээр сарын 21-ны орой Б-гийн гэр болох Сүмбэр сумын 1-р баг Тээвэрчдийн байрны 11-1 тоотод унтахаар хэвтэж байсан чинь 21 цаг нэлээн өнгөрсөн 22 цаг бараг болж байхад Б-гийн эгчийн хүүхэд И Улаанбаатар хотоос суугаад ирлээ гэсээр архи уусан байдалтай орж ирсэн. Тухайн үед манайд Б, Б, Э нар байсан. Их намайг харчихаад чи миний голомтон дээр гэрийн хойморт хэвтэж байдаг хэн бэ гээд миний нүүр лүү өшиглөсөн. Би тухайн үед босч чадаагүй Ир миний дээрээс нэлээн хэд хэдэн удаа дэвссэн. Би баруун шанаан дээрээ урд нь гэртээ согтуу орж ирээд хальт гишгээд том өрөөний модон хаалганы хажуу талын кропыг мөргөөд язалсан байсан юм. тэр шарх анисан байсан тэр шарх задраад цус алдсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд тэр шархан дээр нь оёдол тавиулсан. Эмнэлгээс цагдаа дуудсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

...Би И-тай уулзсан. И надаас уучлалт гуйсан. И бид эвлэрсэн. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

1.4. Гэрч О.Бамөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2017 оны 11 дүгээр сарын 21-ны орой 21 цагийн үед манай эгчийн хүүхэд И, мөн Б гэх залуугийн хамт суудлаар ирлээ гэсээр орж ирсэн. Тухайн үед би нөхөр Эын хамт том өрөөнийхөө хойд орон дээр унтахаар хэвтэж байсан юм. И Э-ыг чи манай гэрийн хойморт хэвтдэг хэн бэ гээд Энхбаатарыг өшиглөөд зодож эхэлсэн. Э-ын толгой, нүүр, цээж рүү нь нэлээн олон удаа өшиглөсөн. Би хорихоор урдуур нь ороод дийлээгүй. Э-ын баруун шанаа руу өшиглөөд шанаа орчимд ялзалсан байсан. Мөн 2 нүд нь хавдаад хөхөрсөн. Баруун шанааны шархнаас нь цус гараад тогтохгүй байхаар 00 цагийн үед эмнэлэг дуудсан. Ир шар өнгийн арзгар ултай гутал өмссөн байсан. Ер нь Э-рыг Ир нүүр нүдгүй өшиглөж зодсон... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

1.5. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би өнөөдөр гэртээ байж байгаад архи уумаар санагдаад байхаар нь гэрт байсан хөргөгч, зурагт 2 аваад Б-тэй хамт үхэр Б ах Т-ийн гэрт нь очоод 100000 төгрөгний барьцаанд тавьсан юм. Тэндээс мөнгөө аваад Б эгчийн гэрт очиж архи уусан. Б хүүхдийнх нь бие өвдөөд байгаа болохоор яваад өгсөн. Би Б эгчийн гэр ирэхэд Б эгч, нөхөр нь Э, ах нь Эр нар байсан. Бид нар тэдний гэрт 3, 4 шил архи уусан байх. Нэг мэдсэн чинь манай ээж ирчихсэн загнаад байсан. Тэгээд ээж яваад өгсөн. Нэлээн орой болоод харанхуй болсон хойно Б эгчийн дүү И ороод ирсэн. И согтуу Э-тай хэрэлдээд зодоод байсан. Э-ыг газар унагаачихаад дээрээс нь өшиглөөд байсан. Э-ын үүдэн шүд нь унаад нэлээн цус алдаад байхаар нь Бэгч эмнэлэг дуудсан.

Бид нарыг архи уугаал сууж байхад И гэнэт ороод ирсэн. Улаанбаатар хотоос ирлээ гэж байсан. Бид нарыг суугаад архи ууж байтал Ир Э-рт хандаад чи муу миний эгчийг дээрэлхдэг гэх зэргээр хэрэлдээд эхэлсэн. Тэгээд нэг мэдсэн бөөн хэрүүл болоод хоорондоо зодолдоод эхэлсэн. Эхлээд И Э-ын нүүр рүү нь гараараа цохиод унасан үед нь дээрээс нь өшиглөөд дэвсээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

1.6. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 435 дугаартай дүгнэлтэд: 

- С.Э-ын биед тархи доргилт, баруун чамархайд шарх, баруун нүдний зовхи, баруун чихний дэлбээнд цус хуралт, баруун хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 22 дугаар хуудас/

1.7. Шинжээч Б.Сэргэлэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

С.Э- биед тархи доргилт, баруун чамархайд шарх, баруун нүдний зовхи, баруун чихний дэлбээнд цус хуралт, баруун хөмсөгт зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлсэн ч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун чихний дэлбээнд цус хуралт, баруун хөмсөгт зулгаралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

1.8. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/

1.9. Согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/

Иймд шүүгдэгч Б.И-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Б.И-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэрч О.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б.И миний төрсөн том хүү байгаа юм. И-тай холбоо бариагүй уулзаагүй 2 сар орчим болж байна. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны үед санаж байна гэрээрээ орж ирээд цагдаагаас ирлээ гэж хэлээд гараад явсан. Түүнээс хойш И-тай холбоо бариагүй, уулзаагүй хаана яваа талаар сайн мэдэхгүй байна. Уг нь надтай хаяа нэг утсаар яриад хаана байгаагаа хэлдэг юм. Сүүлийн хоёр сар орчим ердөөсөө холбоогүй байна. И-ын хувьд гэртээ бараг байхгүй энд тэнд хар бор ажил хийгээд явдаг. И эхнэр хүүхэд аваагүй нөхөр бид хоёрын ам бүлд явдаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

2.2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.И нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.И нь шүүх хуралдаанд “би ажилд орох гэж байгаа тул надад торгох ял оногдуулж өгнө үү ” гэх хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Б.И нь тогтмол орлоготой ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн ажил хөдөлмөр эрхлэх гэж байгаа талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул торгох ял биелэгдэх боломжгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-т оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар хийхээр тогтоох нь зөв байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

            Шүүгдэгч Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2  дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь: