Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/959

 

 

 

 

     2023           10            03                                        2023/ДШМ/959

 

Х.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Ганбаатар,

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Н,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Зын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.Бд холбогдох эрүүгийн 2307000650193 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны  өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн  Х.Б, 1995 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Налайх дүүргийн 8 дугаар хороо, Нарлаг 16-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ::::::/;

Х.Б нь ................. цагдаа, жолоочоор ажиллаж үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шөнө “Queen” баарны гадаа хүмүүс хоорондоо маргалдсан гэх дуудлага мэдээллийг аваад таслан зогсоох явцдаа зөрчлөөр эрүүлжүүлэх байранд саатуулагдах гэж ирсэн Г.Т.Зыг Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цагдаагийн хэлтсийн байрны гадаа болон эрүүлжүүлэх байрны өрөөнд 2023 оны 02 дугаар сарын 01-ний шөнө 03 цагийн үед Г.Т.Зыг хэрүүл маргаан үүсгэсэн  гэсэн шалтгаанаар маргалдан зодож зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хуралт, дух, баруун, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Т.З гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр баарны гадна хүнтэй маргалдаж байхад хажууд байсан хүмүүс дуудлага өгөхөд багын найз Х.Б биднийг зохицуулахаар ирсэн юм байна лээ. Эхэндээ би найз маань ирсэн юм чинь гээд бардам, хараа дээгүүр, дуу өндөрссөн байсан тул Х.Б “хэрүүл маргаан үүсгэсэн гэсэн дуудлага ирсэн учир заавал шалгаж тодруулах учиртай” гэсэн ба хэлтэс рүү авч явна, явахгүй гэдгээс бидний маргаан эхэлсэн. Би тухайн үед найзаараа түрий бариад өөрийн хүссэнээрээ асуудлыг зохицуулах гэж оролдсон боловч бүтэлтэй зүйл болоогүй. Ингээд машинд суулгахад би өөрийн байдаг бүхий л хараалын үгийг хэлж, Х.Б намайг цохих болсон шалтгаан болсон. Би багын найзынхаа тавьсан шаардлагыг биелүүлээд тухайн үед учир зүйгээ олсон бол миний найз цагдаагийн байгууллагад ажилласан хэвээр, ял шийтгэл авч, ялтан болж дуусахгүй байсан тул маш их харамсаж байна. Иймд миний муйхар, увайгүй зангаас болсон хэргийг нааштай шийдвэрлэж, цаашид эргээд цагдаагийн байгууллагад ажиллах боломжийг нь олгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Х.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үед албан үүргээ гүйцэтгэж яваад найзтайгаа муудалцсан. Хууль ёсны шаардлага тавихад найз маань найз гэх утгаараа намайг үл хүндэтгэж, хэл амаар доромжилж, үгээр идэж, бухимдуулж, шаардлага биелүүлээгүй. Би өөрийгөө барьж дийлэхгүй найзыгаа цохисондоо маш их харамсаж, гэмшиж байна. Миний бие цагдаагийн байгууллагад 8 жил ажиллахдаа өмнө нь асуудал гаргаж байгаагүй. Харин хүний амь нас аварч явж байсан. 8 жилийн хөдөлмөрөө найзаасаа болж, өөрийнхөө омголон занг барьж дийлээгүйгээс болж ажил, амьдралаа алдсан. Миний бие нялх хүүхэдтэй. Шүүх бүрэлдэхүүн та бүхнээс миний гаргасан мунхаг үйлдлийг харгалзаж, уучилж өгнө үү. Цаашид ажлаа хийж, амьдралаа залгуулж үлдмээр байна. Дахин алдаа, дутагдал хэзээ ч гаргахгүй. ...” гэв.

Шүүгдэгч Х.Бы өмгөөлөгч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Х.Бы өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар буюу эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг гаргаж оролцсон. Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл нь шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш боловч Х.Бы үйлдсэн гэмт хэрэг, мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хохирогч Т.Зын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Бд торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс найз нөхдийн харилцаатай байсан, өөрийн буруутай үйлдлийн улмаас найзыгаа гэмт хэрэгт холбогдууллаа, түүнийг цагдаагийн байгууллагад ажиллах нөхцөл боломжоор нь хангаж өгнө үү гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна. Уг гэмт хэргийн хувьд хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Мөн шүүгдэгч Х.Бы үйлдсэн хэрэг нь үргэлжилсэн үйлдлээр буюу цагдаагийн байгууллагын гадаа болон саатуулах байранд хохирогч Т.Зын эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон. Ийм учраас хохирогч Т.Зын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Хэдийгээр найз нөхдийн харилцаатай ч шүүгдэгч Х.Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Т.Зын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Х.Б нь Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүгийн цагдаа, жолоочоор ажиллаж үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шөнө “Queen” баарны гадаа хүмүүс хоорондоо маргалдсан гэх дуудлага мэдээллийг аваад таслан зогсоох явцдаа зөрчлөөр эрүүлжүүлэх байранд саатуулагдах гэж ирсэн Г.Т.Зыг үргэлжилсэн үйлдлээр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн хэлтсийн байрны гадаа болон эрүүлжүүлэх байрны өрөөнд 2023 оны 02 дугаар сарын 01-ний шөнө 03 цагийн үед хэрүүл маргаан үүсгэсэн гэсэн шалтгаанаар маргалдан зодож зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хуралт, дух, баруун, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Т.Зын “... 2023 оны 02 дугаар сарын 01-ний шөнө 01 цагийн үед найзуудтайгаа хамт бааранд орсон. Тэгээд 03 цагт баарнаас гарахад манай нэг найз хүнтэй муудалцахаар нь би очоод салгаж байтал 2 цагдаа ирээд манай найзыг авч явна гээд байхаар нь би очоод Х.Б гэх цагдаагийн гараас татаад “энд айхтар сүртэй юм болоогүй, найзыгаа авч яваад унтуулчихъя гэхэд хэрүүл маргаан хийсэн учраас авч явна гээд би найзтайгаа хамт цагдаагийн машинд суусан...Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн гадаа буугаад Гандан талд зогсож байтал н.Х.Б гэх цагдаа миний нүүр лүү гараараа цохиж, газар унагаж нүүр, бөгс рүү хөлөөрөө олон удаа өшиглөж зодсон. Тэр үед хамт байсан цагдаа Х.Быг чи болиоч гэхэд “чи цаашаа бай, би мэдэж байна, наад камераа унтраа” гээд үргэлжлүүлээд зодоод байсан. ...” /1хх 9-11/,

гэрч Б.П-ийн: “... Х.Б гэх цагдаа манай найз Т.Зыг машинаас буучихсан байхад шууд зодож, цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би айгаад гавтайгаа зугтаж байгаад нөгөө цагдаад нь баригдаад эрүүлжүүлэх байр луу орсон. Эрүүлжүүлэх байранд байхад Х.Б гэх цагдаа орж ирээд намайг ямар ч шалтгаангүй зодоод эхэлсэн. Үүний дараа Т.Зыг эрүүлжүүлэх байранд оруулж ирээд нэмж зодсон. Тэгж байснаа гэнэт сонин үйлдэл хөдөлгөөн гаргаж янз бүрийн хүний нэр хэлээд эрүүл бус хүн шиг аашлаад эхэлсэн. Дараа нь Т.Зыг надаас тусад нь ариун цэврийн өрөө рүү дагуулж орж зодсон гэж байсан. Тэр үед ариун цэврийн өрөөнөөс манай найзын ёолох чимээ сонсогдож байсан. ...” /1хх-13/,

гэрч Б.Б-ын: “... н.Т.З Х.Б руу “Х.Баа чи яадаг болчихсон юм бэ, хоёулаа найзууд биз дээ” гэж хэлэхэд Х.Б “та хоёр далчиганаад байгаарай, та хоёр намайг цохисон шүү, би та хоёртой эрүүл байхад чинь зодолдоно шүү” гэж хэлэхэд Зоригбаатар “зодооч дээ” гэж хэлсэн. Тэгсэн Х.Б машинаа Цагдаагийн хэлтсийн зүүн талд ирж зогсоогоод Т.З, Пүрэвдорж хоёрыг машинаас буулгаад Пүрэвдоржийн нүүр лүү гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд Т.З Х.Б ах дээр ирээд чи яагаад байгаа юм бэ гэхэд түүний нүүр лүү бас гараараа цохиод газар унагачихаад нүүр толгой руу нь өшиглөхөөр нь би Х.Бд “та болиоч ээ, яагаад хүн зодоод байгаа юм бэ” гэхэд “чи дуугай бай, би чамайг зодох юм уу чи хойшоо бай” гэж хэлсэн. Тухайн үед Пүрэвдорж гавтайгаа зугтчихаар нь би түүнийг барьж эрүүлжүүлэх байранд оруулаад гараад ирэхэд Т.З газар уйлаад хэвтэж байсан. Х.Б ах наадхаа эрүүлжүүлэх байранд хий гэж хэлсэн. Тухайн үед Пүрэвдорж, Т.З хоёрын согтолтын зэргийг шалгах гээд эрүүлжүүлэх байрны хувцас солих өрөөнд ортол Х.Б нь Т.Зыг элдэв янзаар хэлээд айлгаад байх шиг байсан. Тухайн үед цагдаагийн хошууч Эрдэнэбат Х.Быг үйлдлээ зогсоо, юу болоод байгаа юм, наад өрөөнөөсөө гар гэж хэлэхэд гарсан. Удалгүй эргэж орж ирээд Т.Зыг хоёулаа нойл оръё гэж хэлээд аваад гарсан. Тэгээд тэр хоёрын маргалдах чимээ гарч байгаад тэр хоёр нойлоос гарч ирсэн. Т.Зын эрүүлжүүлэх байр луу оруулах үед хоёр нүд нь хөхөрч хавдсан, ам нь шалбарчихсан, өөр ил харагдах ил шарх байгаагүй. ...” /1хх-15/,

гэрч Э.У-ын “... 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шиг санагдаж байна. Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Баянжаргал нь манай өрөөнд орж ирээд яг одоо эрүүлжүүлэх байрны камерыг шүүгээд бичлэгийг нь хуулбарлаж өг. Өчигдөр цагдаагийн ахлагч Х.Б хүн зодсон юм шиг байна, бичлэг нь хэрэгтэй байна гэсэн. Тэгээд эрүүлжүүлэх байрны хяналтын камерыг шүүх гэтэл оролт нь эвдэрчихсэн байсан тул жижүүр дээр байдаг төхөөрөмжөөс бичлэгийг шүүж үзэхэд ахлагч Х.Б нь эрүүлжүүлэх, саатуулах байрны хувцас солих өрөөнд нэг иргэнийг цохиж, зодож байгаа бичлэг байсан учраас бичлэгийг хадгалж үлдсэн. Түүнээс гадна Х.Б нь тухайн зодуулж байсан залууг дагуулаад 00 өрөөнд ороод нилээн удаж байгаад гарч ирсэн. 00-д хяналтын камер байхгүй учир дотор нь юу болсныг мэдэхгүй байна. ...” /1хх 56/,

гэрч Г.Э-ын “... камерын хяналтаа хараад сууж байтал Бумбаяр нэг залууг эрүүлжүүлэх, саатуулах байр луу авч орсон, хэсэг хугацааны дараа Х.Б бас нэг залууг эрүүлжүүлэх байр луу дагуулж орж ирэнгүүтээ хувцас солих өрөөний үүдэнд нөгөө залуугийнхаа цээж рүү нь цохиод байсан. Тэгэхээр нь би станцаар эрүүлжүүлэх байрны эмчтэй холбогдоод “наад Х.Б чинь яагаад цохиод байгаа юм бэ, наадахаа болиул” гэж хэлчихээд өөрөө эрүүлжүүлэх байр луу явж ороод Х.Быг гаргах үед нөгөө залуугийн нэг нүд нь хавдаад хөхөрчихсөн байсан учраас наад нүд чинь яасан юм бэ гэхэд танай энэ цагдаа чинь гадаа машиныхаа дэргэд намайг зодсон, би гомдолтой байна, гомдол гаргана гэхээр нь өргөдлийг нь бичүүлж аваад өглөө ажил цуглахаар нь даргад хэлж цохолт хийлгэсэн. ...” /1хх 58/,

гэрч Б.Д-ын “... хамт гарч байгаа Х.Б чинь хаана байгаа юм бэ гэхэд араас ороод ирнэ гэсэн. 5-6 минутын дараа ахлагч Х.Б нэг залууг хувцаснаас нь зуурсан байдалтай орж ирээд тэр залууг хувцас солих өрөө рүү авч оронгуутаа өмнө нь түс тас хийх чимээ гараад байсан ба жижүүрийн ахлахаас станцаар наад Х.Б чинь хүн цохиод байна, болиул гэж хэлэхээр нь яваад очтол Х.Б тэр залуугийн хувцаснаас нь гудчиж татаад унагасан байдалтай байсан ба битгий даварцгаагаад байгаарай гээд байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод Х.Быг “чи ингэж болохгүй” гэж хэлээд салгаж байтал жижүүрийн ахлах мөрдөгч хошууч Эрдэнэбат орж ирээд Х.Быг гадагш гаргаад, нүдээ цохиулсан залуу эмнэлэг рүү явсан. ...” /1хх 60/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 69 дүгээр “Г.Т.Зын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн дээд зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт, дух, баруун, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Дух, баруун, зүүн сарвуунд учирсан гэмтлүүд нь тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба бусад зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн дээд зовхины цус хуралт, баруун нүдний салстын цус хуралт гэмтэл нь нийлээд болон тус бүрдээ хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй." /1хх 21-22/ гэсэн дүгнэлт,

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2-2/90 тоот “Х.Бы тус төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, мэдээлэл, /1хх 66-85/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2/202 дугаар Сэтгэлзүйн шинжилгээ /1хх 93-98/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн НД-23-08 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 100-101/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 5/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Х.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Хохирогч Т.Заас “... тухайн хэрэг гарахад миний буруутай үйлдэл байсан тул Х.Бд холбогдох хэргийг хөнгөрүүлж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; ...” гэж заасан.

Шүүгдэгч Х.Бы хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ чин санаанаас гэмшиж байгаа, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, миний буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн тул шүүгдэгчид холбогдох хэргийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан зэрэг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Т.Зын гаргасан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолын хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН   

                                               ШҮҮГЧ                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ