Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 305/шш2025/00153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ***-ын хүсэлттэй,

Мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *** овгийн ***-гийн *** миний бие 1970 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн. Одоо 55 настай. Би 1986 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 16 нас хүрч 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багт ээжтэйгээ 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мал малласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт ээжтэй хамт мал маллаж байсан зарим оны архивын лавлагаа дутуу гарч ирэхгүй бөгөөд ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Мөн одоогийн лавлагаан дээр ***-ийн *** гэснийг ***-оор залруулж өгнө үү. 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багт ээж ***-гийн хамт мал маллаж байсныг, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Мон-Агар ХХК-д ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 187 дугаартай архивын лавлагаа, ***-гийн 1991-1993 онуудын А дансны лавлагаа,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаартай архивын лавлагаа,

-***ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

-***-оос ***-д олгосон итгэмжлэл,

-***-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,

-***-ын төрсний бүртгэлийн лавлагаа,

-***-ын иргэний үнэмлэхийн хуулбар,

-***-ын иргэний үнэмлэхийн хуулбар,

-Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03-07/1058 дугаартай архивын лавлагаа,

-Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03-07/1057 дугаартай архивын лавлагаа,

-***-ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ***-ын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ***-гийн *** нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багт ээж ***-гийн хамт мал маллаж байсныг, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Мон-Агар ХХК-д ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

2.1 ***-гийн *** нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багт мал маллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 187 дугаартай тус аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн малчин, өрхийн тэргүүлэгч ***-гийн мал маллаж байсан хугацаа 1991-1993 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа, тухайн онуудын А дансны хуулбар зэргээр тогтоогдож байна.

Учир нь 1991-1993 онуудад хүсэлт гаргагч *** нь эх ***-гийн хамт маллаж байсан болох нь Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03-07/1058 дугаартай 1989 оны хүн амын тооллогод эх ***-ын ***, ах дүү нарын хамт ам бүл 4-лээ Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын хөдөөд бүртгэгдсэн байгаагаар болон 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ***-ын ***-тай гэрлэснийг бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Харин хүсэлтээс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багт мал маллаж байсныг нотолсон баримтыг ирүүлээгүй байх тул уг хугацааг шүүх тогтоож шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Хэдийгээр хэрэгт нотлох баримтаар Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай тус аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн Алтангадас бригадад малчин байсан ээж ***-гийн 1986 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар, 1987 оны 01 дүгээр сараас 1987 оны 12 дугаар сар, 1989 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн баримтыг ирүүлсэн байх боловч уг хугацаанд хүсэлт гаргагч нэгдэлд малчнаар ажиллаж байсан бол түүний нэрээр бүртгэгдсэн цалингийн баримтыг ирүүлж тухайн хугацааны ажилласан жилийг тогтоолгох нь зүйтэй юм. Учир нь нэгдэлд ажиллаж байсан бол тухайн хугацааны цалинг өрхийн тэргүүлэгчид бус хүн тус бүрт цалин олгож, цалингийн баримтад бүртгэдэг байсан тул уг хугацааг өрхийн тэргүүлэгч С.Сономцэрэнгийн ажилласан хугацааны цалингийн баримтаар түүнийг нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлгүй байна.

Мөн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Мон-Агар ХХК-д ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргасан байх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод Мон-Агар ХХК-д ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул уг хугацааг шүүх давхцуулан тогтоох шаардлагагүй байх тул уг хугацааг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Иймд *** овгийн ***-гийн ***-ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багт мал маллаж байсныг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *** овгийн ***-гийн ***-ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас багт мал маллаж байсныг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР