Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/942

 

 

 

 

 

 

         2023           9            21                                    2023/ДШМ/942

 

С.А, Т.О, Ц.И нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Алтанцэцэг,

шүүгдэгч С.А, Т.О, Ц.И нарын өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/452 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Алтанцэцэгийн бичсэн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлийг үндэслэн С.А, Т.О, Ц.И нарт холбогдох эрүүгийн 2310003670269 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            1-,

            2-,

            3-,

 

Шүүгдэгч С.А, Т.О нар бүлэглэн гар утас худалдаж авна гэж хуурч, гүйлгээ амжилттай хийгдлээ гэх хуулга үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан:

1. 2022 оны 12 дугаар сарын 17-ны  шөнө 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэр “**” худалдааны төвийн ойролцоо Б.Т-ийн “IPhone13” загварын гар утсыг авч 2.550.000 төгрөгийн,

2. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт *** хорооллын *** дугаар байрны гадна  Э.Д-гийн “Iphone 14 pro max” загварын гар утсыг авч 4.538.750 төгрөгийн,

3. 2023 оны 01 дүгээр сарын 24-ний орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт *** төвийн ойролцоо Г.А-гийн “Iphone 14 рго” загварын гар утсыг авч 3.450.000 төгрөгийн,

4. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр ** дугаар байрны гадна Т.С-гийн  “Iphone 14 pro max” загварын гар утсыг авч 4.500.000 төгрөгийн,

5. 2022 оны 12 дугаар сарын 29-ний шөнийн 22 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Ханбогд хорооллын *** дугаар байрны орчимд Ц.О-гийн “IPhone 14 prо” загварын гар утсыг авч 2.700.000 төгрөгийн,

6. 2022 оны 12 дугаар сарын 11-ний шөнийн 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, “****” төвийн гадаа Б.Б-ын “IPhone 14 рго mах” загварын гар утсыг авч 1.425.000 төгрөгийн,

7. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр байрны гадаа М.А-гийн “IPhone 14 рго mах” загварын гар утсыг авч 3.000.000 төгрөгийн,

8. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн үед Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, “****” хотхоны гадаа О.М-гийн “Iphone X” загварын гар утсыг авч 635.000 төгрөгийн,

9. 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт “*****” худалдааны төвийн ойролцоо М.Ж-тын “Iphone 12 рго mах” загварын гар утсыг авч 2.250.000 төгрөгийн,

10. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо Хууль сахиулагч хотхоны *** байрны гадна У.М-аас “Iphone 11 pro mаx” загварын гар утсыг авч 1.480.000 төгрөгийн хохирол тус тус учруулж залилсан гэмт хэрэгт,

 

шүүгдэгч С.А нь ганцаараа гар утас худалдан авна гэж хуурч, гүйлгээ амжилттай хийгдлээ гэх хуулга үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан:

1. 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, **** төвийн орчим Г.Н-ын “Iphone 13 pro” загварын гар утсыг авч, 2.475.000 төгрөгийн,

2. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Наадам центрийн хажуу талд байрлах автобусны буудал дээр А.У-н “Iphone 13” загварын гар утсыг авч 2.800.000 төгрөгийн,

3. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9а байрны гадаа Ц.М-хын “Iphone 12 pro” маркийн гар утсыг авч 1.880.000 төгрөгийн, нийт 7.155.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт,

 

шүүгдэгч С.А, Ц.И нар бүлэглэн гүйлгээ амжилттай гэх хуулгыг үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн **дүгээр хороо, Яармагын 1 дүгээр буудлын орчим Ц.Х-ын “Iphone 13” загварын гар авч 2.100.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт,

 

шүүгдэгч Ц.И нь С.А, Т.О нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилж авсан буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж:

1. Б.Т-өөс авсан “IPhone13” загварын гар утсыг 1.900.000 төгрөгөөр зарж тэнцүү хуваан авч хувьдаа зарцуулсан,

2. Ц.О-аас авсан “IPhone 14 prо” загварын гар утсыг ломбардад барьцаанд тавьж 2.500.000 төгрөгийг тэнцүү хуваан авч захиран зарцуулсан,

мөн 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 07 цагийн орчимд Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ****-*** тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу хамтран амьдрагч Т.О-г “ээжтэй таарамжгүй харилцаатай байснаас ээж маань ирэхээ больсон” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний хоолойг боох, нүүрэн тус газар нь алгадах, өшиглөх  зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.А, Т.О Нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.И-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч М овогт С-ийн Ар, Х овогт Т-гийн О, Ховогт Ц-ын И нарыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэм буруутайд, шүүгдэгч Ц.И-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэгт үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.А, Т.О нарыг 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Х овогт Ц-ын И-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.И-тыг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1.200.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт 2.000.000 төгрөгийн торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хугацаанд даалгаж, шүүгдэгч Ц.И-ыг Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ц.И-ад, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тусгай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг С.А, Т.О нарт сануулж, шүүгдэгч С.А-аас 2.269.375 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Д-д, хохирогч Ц.Х-т 1.025.000 төгрөгийг, хохирогч Г.Н-д 2.475.000 төгрөгийг, хохирогч М.О-т 1.401.500 төгрөгийг, хохирогч А.У-д 2.800.000 төгрөгийг, хохирогч Ц.М-хад 1.880.000 төгрөгийг тус тус олгож, Ц.И, С.А, Т.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Ц.И-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт 2.000.000 төгрөгийн торгох ял тогтоож шийдвэрлэсэн боловч түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэх эсхүл тусад нь эдлүүлэх эсэхийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. Улмаар шүүх шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан боловч шүүхээс оногдуулсан хэд хэдэн ялуудыг хэрхэн эдлүүлэх нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Дээрхээс гадна шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг шүүхээс оногдуулсан аль ялыг биелүүлж Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх, уг үүрэг, ялыг хэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч С.А, Т.О, Ц.И нарын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс Ц.И-д торгох, зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа ялыг тус тусад нь эдлүүлэхээр зааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож  хүрээ хязгаарыг тогтоосон гэж ойлгож байгаа. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Тодруулбал;

 Шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч С.А, Т.О, Ц.И нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ц.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах  дүгнэлт үйлдсэн гэж хэрэгт хамааралгүй “Ц.Х” гэх хүний нэрийг бичсэн, мөн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга бичээгүй,

 

-шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ц.И-д торгуулийн ял оногдуулж, уг ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “ Ц.И-д оногдуулсан торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэж зөрүүтэй бичсэн,

 

-тодорхойлох хэсэгт шүүгдэгч Т.О, С.А нарын хувийн байдлыг дүгнэхдээ “шүүгдэгч Т.О, С.А нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Ц.Идэрбатын хувийн байдал...” гэж Ц.И-н хувийн байдлыг дүгнэсэн мэтээр бичсэн,

 

- тогтоох хэсгийн 1 дэх заалтад гэм буруутайд тооцохдоо шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг тухайн зүйл хэсгийн аль шинжийг хэрхэн хангасан талаар дүгнэлт хийлгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүхэлд нь бичиж гэм буруутайд тооцсон,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан ба шүүгдэгч Ц.И-д оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэж, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарласан ялыг хэрхэн, яаж шийдвэрлэх талаар шийдвэрлэлгүй орхигдуулсан,

 

-шүүгдэгч Ц.И нь Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ****-*** тоотод оршин суудаг болох нь Ц.И-н мэдүүлэг, хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “тогтоолын биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хугацаанд даалгаж, шүүгдэгч Ц.И-ыг Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай. ...” гэж зорчих эрхийг хязгаарлах ялыг Дорнод аймгаар хязгаарлаж тогтоосон талаар дүгнэлт хийгээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам, болон шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах” тухай тогоолд  нийцээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан бөгөөд эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих” үүргээ ухамсарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн хуульд нийцүүлж, хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж байхыг онцгойлон анхааруулж тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/452 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Т.О, С.А, Ц.И нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН