Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 20

 

2016 оны 7 сарын 19 өдөр

Дугаар 123/ШШ2016/0020

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын иргэн Д.Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад холбогдох, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, гэнэт халагдсаны тэтгэмж нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Оюундэлгэр, хариуцагч Л.Болдбаатар, өмгөөлөгч А.Мөнхтулга, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюундэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 оны 6-р сард төрийн албан хаагчийн шалгалт өгөөд 1-р байранд орж Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст ажилд орсон. 2012 онд Засгийн газрын бүтэц орон тооны өөрчлөлтийн дагуу Хөдөлмөрийн хэлтэст шилжин ирж, олон албан тушаал дээр ажиллаж байсан, туршлагатай, мэргэшсэн албан хаагч. Сумдын хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүд хангалтгүй ажиллаж байсан болохоор намайг хөдөө орон нутагт томилолтоор ажиллуулж байсан. Иймээс намайг ажилдаа мэргэшсэн биш гэж халсан нь үндэслэлгүй. Миний бие Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016оны 10 сарын 12-ны өдөр Б/49 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, уг тушаалыг хүлээн авч ажил хүлээлцэж, Төв аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсан. Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 12 сарын 22-ны өдөр 34 тогтоолын дүгнэлтийн дагуу Л.Болдбаатар тушаал гаргаж намайг дахин ажлаас чөлөөлж 2015 оны 12 сарын 22-ны өдрийн Б/67 тоот тушаалыг гаргасан. Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлтйг салбар зөвлөл анх ажилд томилохдоо буруу шийдвэр гаргасан гэж үзсэн.Төрийн жинхэнэ албан хаагч би ажлаа хийж байгаад гэнэт халагдан олон талын эрхээрээ зөрчигдсөн.Ажлаас халагдах үед манай аав маань хүнд өвчтэй байсан болохоор өдөр болгон нойргүй сахисан, үүний улмаас миний бие өвдөж эмнэлэгт хэвтэж, хүнд хагалгаанд орсон. Би оюутан хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, мөн нас барсан эгчийнхээ 2 хүүхдийг асран халамжилдаг, миний нөхцөл байдлыг мэдэж байсан хэрнээ, ажилгүй байсан хугацааны цалин, гэнэт халагдсаны тэтгэмжийг хүртэл өгөөгүй. Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалингаа бүрэн гаргахыг даалгуулж, гэнэт халагдсаны тэтгэмжийг нөхөн гаргахыгдаалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөдөлмөрийн хэлтсийн дарга Л.Болдбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Оюундэлгэр төрийн байгууллагад олон жил ажилласан, өөр газраас шилжиж ирсэн, сэтгүүлч мэргэжилтэй хүн. Ажлын байранд сэтгүүлч мэргэжилтэй хүн таарахгүй байсан учраас өөр мэргэжлийн ажил хийлгэж, сумдад хүртэл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэнгээр ажиллуулж байсан. Д.Оюундэлгэр өрх толгойлсон эмэгтэй, оюутан хүүхэдтэй гээд амьдралыг нь харсан. Миний гол баримталж байсан зүйл бол нөөцөөс шинэ хүн авахгүй, өмнө нь төрийн албанд олон жил ажиллаж байсан, туршлагатай хүн гэдэг үүднээс албан тушаалд томилсон. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Оюундэлгэрийн эрхэлж байсан ажлын байранд сул орон тооны захиалгаа 2015 оны 3 сард хүргүүлж, тус зөвлөлөөс төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт зарласан боловч шалгалт болох өдрийн урд өдөр нь шалгалтыг түр хойшлуулсан байсан. Энэ талаар салбар зөвлөлөөс асуухад Д.Оюундэлгэр нар бид зүгээр ажлаа хийж байхад ажлын байрны орон тоон дээр төрийн албан хаагчийн шалгалт зарласан байна гэж гомдол гаргасан байсан, түр хойшлуулсан гэсэн болохоос хугацаа заагаагүй. 2016 оны эхэнд салбарын сайд солигдоод бүх Хөдөлмөрийн хэлтсийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулаагүй, тийм учраас ажилтануудтай үр дүнгийн гэрээ байгуулаагүй байсан. Миний хувьд тухайн үед ажлаас чөлөөлөгдөөд буцаад ажилдаа орохдоо 2015 оны 8 сард бүх мэргэжилтнүүдтэй үр дүнгийн гэрээ байгуулсан. Д.Оюундэлгэр ээлжийн амралтаа авсан байсан учраас гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн сайд бүтэц орон тоог өөрчилж Д.Оюундэлгэрийн эрхэлж байсан албан тушаал 3 орон тоотой байсныг 2 болгосон. Одоо ажиллаж байгаа хүн нь тухайн үед жирэмсний амралтаа авсан байсан учраас эргээд ажилдаа орсон. Д.Оюундэлгэр, Дэлгэрсүрэн, Буянхишиг нар байсан. Одоо Дэлгэрсүрэн, Буянхишиг хоёр нь бүх төсөл хөтөлбөрөө хариуцаад ажиллаж байгаа. Буянхишиг, Дэлгэрсүрэн, Алтанзул нарын мэргэжил нь бүгд таарч байгаа. 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 тоот тушаал зохих хууль тогтоомжийн дагуу гаргасан. Д.Оюундэлгэрийг ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй байхад томилж Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийг зөрчсөн болохыг Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 34-р тогтоолоор тогтоосон учир ажлаас нь чөлөөлсөн. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, тэтгэмжийг Б/67 тоот тушаалаар олгохоор заасан болохоор эхнээсээ олгогдоод явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.4 заалт,Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 34 тоот тогтоолыг үндэслэсэн тул Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар 22-ны Б/67 тоот тушаал хуулийн дагуу гарсан. Төрийн албаны зөвлөлөөс Д.Оюундэлгэрийн гаргасан өргөдлийг хянаж үзээд өгсөн хариуд Д.Оюундэлгэрийг тус байгууллагын мэргэжилтний албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй байхад ажилд авсан байна гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн хэлтэстТөв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс Д.Оюундэлгэр нь сэтгүүлч мэргэжилтэй тул цаашид ажиллуулах боломжгүй гэсэн албан бичиг ирсэн байдаг. Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээ, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлтод шаардлагатай мэргэжил эрх зүйч, багш мэргэжилтэй байх шаардлагатай учраас Д.Оюундэлгэрийг ажлаас нь чөлөөлсөн.Д.Оюундэлгэрт гэнэт халагдсаны тэмтгэмж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргаж өгөхөөр тушаалд заасан, энэ тушаал хүчин төгөлдөр байгаа, тус тушаалыг үндэслэн цалинг олгож байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл 106.14 хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюундэлгэр Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, гэнэт халагдсаны тэтгэмж нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ төрийн албанд 2009 оноос эхэлж ажилласан, туршлагатай, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчийг мэргэжлийн бус гэж гэнэт ажлаас халсан нь үндэслэлгүй гэж тодорхойлжээ.

Хариуцагч тал Д.Оюундэлгэрийг ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй байхад томилж Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийг зөрчсөн болохыг Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл тогтоосон учир түүнийг ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарласан байна.

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Д.Оюундэлгэр 2009 онд төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад орж тэнцэн, Төв аймгийн Архуст сумын ЗДТГ-ын хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн, мөн аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2012 оны 10 дугаар сард Хөдөлмөрийн хэлтэст шилжиж ажил олгогчийг дэмжих арга хэмжээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан мэргэжилтэн, Баянчандмань сум хариуцсан мэргэжилтэн, Хөдөлмөрийн хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж, 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээ, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилогдон 2015 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд ажил үүргээ зохих хэмжээнд гүйцэтгэж байсан болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн хэлтсийн төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, ёс зүйг дүгнэсэн байдал зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Д.Оюундэлгэрийг тухайн үед нийтэд зарласан албан тушаалын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж, улмаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад орж тэнцэн, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон байна гэж дүгнэлээ.

Хөдөлмөрийн хэлтсийн дарга Д.Оюундэлгэрийг түр ажиллаж байгаа гэх үндэслэлээр түүний эрхэлж байсан албан тушаалын ажлын байрыг нийтэд зарлуулахаар сул орон тооны захиалгаа 2015 оны 3-р сарын 20-ны өдөр Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсэн боловч сонгон шалгаруулалт зарлагдаж, түүнийг түр хойшлуулсан хугацаанд Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн А/127 дугаартай аймаг, нийслэлийн Хөдөлмөрийн хэлтсийн дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай тушаалыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар батлагдсан бүтэц орон тооны хүрээнд ажлын давхардлыг арилгах үндэслэлээр Д.Оюундэлгэрийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэжээ. Уг тушаалыг Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 34-р тогтоолоор хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн бөгөөд Д.Оюундэлгэрийг ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй байхад албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийг зөрчсөн байна гэж тус тус дүгнэсэн байна.

Хөдөлмөрийн хэлтсийн дарга 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б/67 дугаар тушаалаар дээрх дүгнэлт болон Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтуудыг үндэслэн Д.Оюундэлгэрийг үүрэгт ажлаас нь дахин чөлөөлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2007 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам-ын 2 дугаар хавсралтын 5-д тайлант жилийн дундуур албан хаагч өөр ажилд шилжих, чөлөөлөгдөх тохиолдолд тэдний ажилласан хугацааны үр дүн, мэргэшлийн түвшин /үр дүнгийн гэрээний биелэлт/-г үнэлж дүгнэнэ гэж заасан.

Дээрх хууль, журамд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцэх эсэхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан холбогдох журмын дагуу үнэлж дүгнэсний үндсэн дээр түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байх боловч Д.Оюундэлгэрийг мэргэжил, ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэх эсэхийг хариуцагч болонТөв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл үнэлж дүгнээгүй, 2016 онд түүнтэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул түүнийг ажил мэргэжлийн хувьд үүрэгт ажилдаа тэнцээгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна. Нөгөө талаар хариуцагч өөрийн 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар Д.Оюундэлгэрийг хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээ, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон тул тухайн албан тушаалд томилогдож ажилласан иргэнийг буруутгах үндэслэлгүй болно.

Д.Оюундэлгэрийн эрхэлж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөн баталсан байх ба төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй болсон тохиолдолд сул орон тоо гарсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар төрийн байгууллагад ажиллаж байгаа жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах хүсэлтээ Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргах, мөн уг албан хаагчдаас нөхөх боломжгүй гэж үзвэл хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдээс шалгаруулж авах хүсэлтээ тус салбар зөвлөлд тус тус гаргаж зохих журмын дагуу шалгарсан иргэнийг томилж сул орон тоог нөхөх үүрэгтэй. Ийнхүү сонгон шалгаруулалт явуулж, тухайн албан тушаалд ажиллах иргэн шалгарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-д зааснаар уг албан тушаалд ажиллаж байсан албан хаагчийг албан тушаал бууруулах буюу чөлөөлөх зохицуулалттай байна.

Хариуцагч Д.Оюундэлгэр сэтгүүлч мэргэжилтэй тул ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байсан, сул орон тооны захиалгаа хүргүүлсэн, сонгон шалгаруулалтыг түр хойшлуулсан гэж тайлбарласан боловч Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2015 оны 3 дугаар сард сул орон тооны захиалга өгч тус зөвлөл сонгон шалгаруулалт зарлаж, түүнийг хойшлуулсан хугацаанд Д.Оюундэлгэрийг өөр өөр үндэслэлээр хоёр удаа албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэр гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Оюундэлгэр нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11, 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан тул түүний хөдөлмөрлөх эрхийн харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулах бөгөөд жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, чөлөөлөх, төрийн албанаас халах үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, 25 дугаар зүйлүүдэд тусгайлан заасан байхад Хөдөлмөрийн хэлтсийн дарга 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй байхад томилсон зөрчлийг арилгах гэж хуульд заагаагүй үндэслэлээр Д.Оюундэлгэрийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна. Уг тушаалын 2 дугаар заалтаар Д.Оюундэлгэрт тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд ажлаас халагдсан ажилтанд тэтгэмж олгох тухай заасан тул түүнийг албан тушаалаас нь халсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар .зүйлийн 17.1, 17.4, 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасантай нийцээгүй, хууль бус шийдвэр болох нь тогтоогдож байх тул уг захиргааны актыг хүчингүй болгож, Д.Оюундэлгэрийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг ажилд нь эгүүлэн тогтоосон тул түүний ажилгүй байсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх 5.213.639 төгрөгийн олговроос /нийт 5.713.639 төгрөгийн олговроос Д.Оюундэлгэрт олгосон 500.000 төгрөгийг хасч тооцов/ холбогдох хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг тооцож төлөхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

2. Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар тушаал хууль бус болох нь тогтоогдсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Д.Оюундэлгэрийг эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэсэн тул Д.Оюундэлгэрт гэнэт халагдсаны тэтгэмжийг олгох үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Оюундэлгэрийг урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан Д.Оюундэлгэрийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 5 213 639 /таван сая хоёр зуун арван гурван мянга зургаан зуун гучин ес/ төгрөгөөс холбогдох шимтгэлийг тооцон Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулан Д.Оюундэлгэрт олгосугай.
  3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гэнэт халагдсаны тэтгэмж нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
  5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН