Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгч Д.Л нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д. Л-д холбогдох эрүүгийн .......дугаартай хэргийг 2018 оны 02 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д.Л

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Л нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт иргэн Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй....”  гэв.

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л гэдэг залуутай гадаа юм яриад байж байгаад нэг мэдэхэд Л намайг цохиж зодоод байсан... Миний хамрын яс 3 хугарсан, дээд хоёр үүдэн шүд хөдөлсөн, зүүн нүд хөхөрч цус хурж хавдсан, зүүн талын чих хатгаж өвдөнө дүлийрсэн юм шиг шуугиж өвдөнө... Миний хамар луу Л гараараа цохиж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 13-17 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л чи зүгээр мэндэлж байгаа хүнийг яахаараа цохидог юм гээд Л зөрүүлээд нэг удаа цохисон... Б Л-г машины цонхоор татаад буулгасан, тэгэхэд Б доор нь Л дээр нь ойчсон байх тэгээд Л Б-г нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

 

Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...баарны ойролцоо явж байтал машины гэрэлд нэг эрээн өнгийн цэргийн хувцастай залуу энгийн хар өнгийн куртиктэй залууг нүүр орчимд нь цохитол нөгөө энгийн хувцастай залуу нь нилээн согтсон бололтой хөл дээрээ тогтож чадахгүй гуйвсан байдалтай газар унасан ба эргээд босох үед нь эрээн хувцастай залуу нь тойрч зугтааж байснаа эргэж хүрч ирээд нөгөө энгийн хар өнгийн куртиктэй залуутай барилцаад авсан... Тэр үед эрээн хувцастай байсан Л-г араас нь татаж холдуулах үед Б нь доошоо суугаад хоцорсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Л-г Б хойш чиглээд араас хөөгөөд гүйж байгаа харагдсан. Тэгээд араас нь гэрлээ тусгаад ойртож очих үед Б хамар амнаас цус нь гарсан байдалтай тууж байсан. Тухайн үед би ард нь яваа Б-г гэрэлд хараад таньсан, харин урд талд нь зугтаагаад явж байсан залууг бол таниагүй. Тэгээд урд явж байсан залуугийн хэнийг нь мэдэх гээд мотоцикльтойгоо давхиж очоод гэрэл тусгаад харахад Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ажилладаг танил Л байсан. Тэр үед Л А-н дэлгүүрийн зүүн хойд талаар нь хойшоо гардаг гудамжинд байдаг өгсүүр элсэнд бүдрээд унасан. Тэгээд би уг элсийг давж гараад зогсоод мотоциклиос бид бууж очиход Б, Л 2 уг элсэн дээр зодолдож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

          Шинжээчийн ... дугаартай “... Б.Б биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний  салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1, зүүн 1 дүгээр шүдний ганхаа гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу,мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

          Шүүгдэгч Д.Л мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “...Б-тай маргалдах үед Б түрүүлээд миний нүүрэн тус газарт 2 удаа гараараа цохихоор нь би зөрүүлээд шанаан тус газарт нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд намайг портер машины цонхоор чирч гаргах үед би боолтноос гарах гээд эрүүн тус газарт нь нэг удаа цохиж боолтноос гарсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 2-3 дугаар хуудас/,

 

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Л нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт иргэн Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч  Д.Л-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Хохирогч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд цахим хаягаар ирүүлсэн хүсэлтдээ: “...Б.Б миний бие гомдол санал байхгүй, мөн нэхэмжилсэн 294 600 төгрөгийг нэхэмжлэхээ болилоо...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа  өөрийн гэм буруугаа сайн дураа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос уучлалт гуйсан болон түүний сарын орлого, хувийн болон ар гэрийн байдал, улсын яллагч Ө.Мөнхнавчийн санал зэргийг харгалзан хуульд заасан торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д. Л-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л нь торгуулийн ялыг  5 / тав / сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 / арван тав / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Д.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                Н.АДЪЯА