| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 220502373030133 |
| Дугаар | 2023/ДШМ/990 |
| Огноо | 2023-10-12 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2023/ДШМ/990
2023 10 12 2023/ДШМ/990
Д.Дид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Билгүүн,
хохирогч Х.Нын өмгөөлөгч Б.Ч,
шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ц.Б,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/662 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Дид холбогдох эрүүгийн 220502373030133 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш овгийн Д.Д, 1964 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа, .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/;
Д.Д нь 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран хэсгийн 18 дугаар гудамжны 91 тоот хашаанд хохирогч Х.Нтай “Хогоо аваад зайл” гэж хэлсэн үгнээс болж маргалдан улмаар түүний толгойн тус газар төмрөөр цохиж биеийн эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Дийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дид 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Н нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би иргэн Нын толгойд хүнд гэмтэл учруулсандаа чин сэтгэлээсээ гэмшиж, маш их зүйлийг ухаарч ойлгож байна. Миний энэ том алдааг уучилж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү гэж хүсэж байна. Би 59 настай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ам бүл 6, 3 хүүхэд, эхийн хамт амьдардаг. Одоо миний ээж 85 настай, манай гэрт, миний асрамжинд амьдардаг. Одоо бие нь маш муу байгаа, би одоо амьдад нь уулзаж чадахгүй юм шиг байна. Миний эхнэр Ариунтунгалаг бид 2 16 жил хамт амьдарч байгаа. Бид 2 гэрлэлтийн баталгаагүй, эхнэр хувиараа дэлгүүр ажиллуулдаг, би өөрөө хувийн 2 машинтай, хот дотор чингэлэг зөөдөг. Иргэн Нын эмчилгээний зардал мөнгийг цаг тухайд нь өгч байсан. Цаашид гарах зардал мөнгийг бүрэн төлөх боломжтой. Би сахартай, ходоодны шархтай тул хөгшин надад хэцүү байна. Миний орлого, зарлага эхнэр Ариунтунгалагийн дансаар орж гардаг. Би өөрөө харааны бэрхшээлтэй, миний орон байр, үл хөдлөх хөрөнгө, машин тэрэгний бичиг баримтыг хэргийн материалд хавсаргасан болно. ...” гэв.
Шүүгдэгч Д.Дийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр 4 дэх хэсэгт зааснаар “... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно”, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” эрхтэй учир Д.Дид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өөрчилж, торгох ял оногдуулж өгөхийг шүүхээс хүсэж байгаа болно. Миний үйлчлүүлэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь сонгох санкцитай бөгөөд “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” эрүүгийн хариуцлага оногдуулах боломжтой хэрэг байдаг. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн хувьд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар огт маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, шүүхийн хэлэлцүүлэгт гэмшиж байгаагаа илэрхийлсэн байдаг. Мөн мөрдөн байцаалтын шатнаас хохирогчид учруулсан хохирлоос тодорхой хэмжээг барагдуулсан, цаашлаад шүүхийн шатанд үлдсэн хохирлоо бүрэн төлсөн, шүүх бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэр гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасан нөхцөл байдал байдаг. Шүүгдэгч Д.Д нь хувийн байдлын хувьд эрүүл мэндийн байдал маш муу байгаа өндөр настай эхийгээ асарч халамжилж хамт амьдардаг бөгөөд өөрийн өмч хөрөнгөтэй. Хамтран амьдрагчийн нэр дээр бүртгэлтэй ачааны тээврийн хэрэгслээр ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж орлого олдог, торгуулийн ялыг төлөх бүрэн боломжтой. Харамсалтай нь мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчөөс шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг дутуу шалгаж бэхжүүлсэн, хувийн байдлыг тодруулах ажиллагаа хийгээгүйгээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудалд бүрэн дүүрэн зөв дүгнэлт өгөх боломжийг шүүхэд олгоогүй байдаг. Тодруулбал, шүүгдэгчээс гэрчээр болон яллагдагчаар удаа дараа мэдүүлэг авахдаа хувийн байдалтай холбоотой буюу намтар, ажил байдлын талаар, санхүүгийн талаар, өмч хөрөнгийн талаар зэрэг асуудлыг огт асууж тодруулаагүй байдаг. Шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулах зорилгоор бусад хамаарал бүхий гэрч нараас огт мэдүүлэг аваагүй. Төрсөн ах Дсамбуугаас нэг удаа мэдүүлэг авсан боловч шүүгдэгчийн хувийн байдлыг бас л тодруулаагүй байдаг. Хэдийгээр энэ асуудал нь мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагааг дутуу гүйцэтгэсэн гэж үзэх хуулийн үндэслэлийг бүрдүүлж байгаа боловч өмгөөлчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “... ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно” гэсэн эрхээ хэрэгжүүлж уг алдааг засах боломжтой, энэ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдолтой нийцэж байгаа тул холбогдох баримтыг гомдолтойгоо хавсаргаж шүүхэд гаргаж байгаа болно. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний дотор буюу торгох ял оногдуулах бүрэн боломжтой байгаа болно. Иймд Д.Дид анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүсье. ...” гэв.
Хохирогч Х.Нын өмгөөлөгч Б.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч нь өөрт учирсан хохирлын хүрээнд тодорхой хэмжээний хохирлыг авсан гэдгийг илэрхийлдэг бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тусгаж өгсөн. Түүнчлэн миний үйлчлүүлэгчийн зүгээс цаашид гарах эмчилгээний зардалаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хүлээн авч шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид торгуулийн ял оногдуулж өгнө үү, эсхүл оногдуулсын ялыг багасгаж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна. Хохирогчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд “шүүгдэгч нь өндөр настай хүн учир хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Миний хувьд шүүгдэгчид хөнгөн ял оногдуулахад татгалзах зүйлгүй” гэсэн саналыг хэлсэн. Иймд давж заалдах шатны шүүхээс магадлал гаргахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болох үед хэрэгт хохирогчид хохирол төлсөн баримт авагдсан байснаас биш цаашид гарах эмчилгээний зардалыг төлөх болон торгуулийн ял оногдуулахад хэрхэн төлж барагдуулах, өндөр настай эхийнх нь биеийн байдалтай холбоотой баримтууд авагдаагүй байсан. Тийм учраас улсын яллагчийн зүгээс түүний хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулах саналыг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Д.Дийн төрсөн дүү “Миний дансанд 20.000.000 төгрөг байгаа. Хэрэв шүүхээс миний ах Д.Дид торгуулийн ял оногдуулсан тохиолдолд төлж барагдуулахад бэлэн байна. Мөн миний ах хувиар бизнес эрхэлдэг гэсэн баримт болон түүний нэр дээрх газар эзэмших гэрчилгээ” зэргийг гаргаж өгч байна. Иймд хэдийгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа боловч шүүгдэгчийн сүүлд гаргаж өгсөн баримтуудад үндэслэж түүний хувийн байдлыг харгалзаж торгуулийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй гэж дүгнэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран хэсгийн 18 дугаар гудамжны 91 тоот хашаанд хохирогч Х.Нтай “Хогоо аваад зайл” гэж хэлсэн үгнээс болж маргалдан улмаар түүний толгойн тус газар төмрөөр цохиж биеийн эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Х.Нын “... 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр би бэлтгэлээ тараад 14 цагийн үед Бын гэрт очиход гэртээ байгаагүй. Б руу ярихад “очиж байна, хүлээж байгаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хашаанд машинаа оруулаад угааж байхад Ганболд ирсэн. Ганболд бид хоёр юм яриад сууж байхад Б ирээд гаражаа онгойлгоод миний машины хажуугаар портер оруулж тавьсан. Бид 3 гараж дотор юм яриад сууж байхад гаднаас Д орж ирж байгаа нь камерт харагдсан. Б машин дээр хроп байгаа очоод буулгалцаад өг гээд бид нар гараад очтол газарт хропны тос гоожчихсон Д ганцаараа хроп буулгачихсан зогсож байсан. Тэгээд Б энэ хропыг гагнах гэж байгаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би энийг гагнаж яадаг юм бэ, хуучин хроп худалдаад аваач энийг гагнаад найдваргүй гэхэд Д гэнэтхэн хажуунаас чи ямар баян пизда вэ бэ, энэ хропыг чинь авч чадахгүй, хоёулаа үзчих үү гээд гартаа хропныхоо хагархайг барьчихаад далайгаад байсан. Тэгээд миний зүүн талын шанаа руу хропны хагархайгаар 1 удаа цохисон. Би тонгойлгоод толгойг нь уургалаад хавчтал миний зүүн өвдөг рүү хропны хагархайгаараа 1 удаа цохисон. Би ноцолдож байгаад хропны хагархайг нь салгаж автал цаанаас Б, Ганболд 2 ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд салсныхаа дараа Д над руу хүрз бариад дайрхаар нь би арагш болтол Дгийн араас Б татахад Д намайг цохих гэж байсан хүрзээ газарт хий цохиод алдсан. Д намайг тэвэрч авахаар нь би Дг доошоо дарахад Д миний 2 гуяны дотор тал болон төмсөгнөөс базсан. Би за больё гээд бид 2 хоёр тийшээ салаад цаашаа хараад алхтал Д төмрөөр миний толгойн дагз хэсэг рүү 1 удаа цохиод би тэр дороо ухаан алдаад унасан. Тэгээд би нэг сэрэхэд портерт суучихсан эмнэлэг рүү явж байсан бөгөөд миний хажууд Ганболд, Б 2 байсан. Би өвдгөндөө 5 оёдол, толгойндоо 5 оёдол тавиулж, гавлын яс 7 мм цөмөрсөн гэх оноштойгоор эмнэлэгт хэвтсэн. 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хагалгаанд орж толгойндоо төмөр тавиулсан. Тэгээд эмнэлэгт хэвтэж байгаад 6 дугаар сарын 19-ний өдөр Д руу залгаад чи намайг дэндүүлсэн байна гэтэл Д би харин уурлахаараа хүн алчих гээд байдаг болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаатай учраа олоорой гээд уурлаад утсаа тасалсан. ...” /1хх 18-19/,
гэрч Д.Бын “... 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Д над руу 12 цагийн үед залгаад хроп гагнуулах гэсэн юм үзээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би Гурвалжингийн гүүрний орчимд тухайн хропыг нь очиж үзээд гагнаж болохоор байхаар нь өөрийнхөө портер дээр ачаад гэр лүүгээ явж байх хооронд над руу Н залгаад би танайх руу явж байна, чи хаана байгаа юм бэ гэсэн. Би за одоо очлоо гээд утсаа тасалсан. Гурвалжингийн гүүрнээс гарахад Д бид 2 тусдаа машинтай явсан. Тэгээд гэртээ удалгүй очиход манай хашаанд Ганболд, Н, Д нар ирсэн байсан. Би хашааны хаалгаа онгойлгож ороод хропоо буулгаад байж байхад Н чи ийм юм гагнуулж байхаар шинийг аваад тавьчих гэсэн. Гэтэл Д чамд ямар хамаатай юм гээд тэр 2 хэрэлдэж эхэлсэн. Тэр үед би цех рүүгээ ороод гагнуурын аппратаа аваад гараад ирэхэд Д, Н 2 нэгнийхээ дээр доор ороод петонон шалан дээр ноцолдчихсон байж байсан. Тэгэхээр нь Ганболд бид 2 тэр хоёрыг хоёр тийш нь салгаад би маскаа авах гээд буцаад цех рүү ороод гараад ирэхэд Н толгойгоо барьчихсан толгойноос нь цус гарчихсан Дд төмрөөр цохиулчихлаа гээд байж байсан. Тэгээд Нын толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь хүүхдийн памперсаар дарж цусыг нь тогтоогоод Ганболд бид 2 Ныг аваад Гэмтлийн эмнэлэг явсан. Тэгээд эмнэлэг дээр очоод Над анхны тусламж, эмчилгээ хийлгээд орой нь Гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Тэр үед Д Н-ад зурагны мөнгө гээд мөнгө шилжүүлсэн...” /1хх 40/,
гэрч Р.Гын “... 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед Н над руу утасдаад Бын гараж дээр хүрээд ирээч гэхээр нь би 16 цагийн үед явж очсон. Би Нтай юм яриад сууж байтал 5 орчим минутын дараа Д хүрч ирсэн, араас нь Б бас 5 орчим минутын дараа төмөр ачсан портертой ирсэн. Тэгээд бид 4 гараж ороод юм яриад байж байтал Д Баар хроп гагнуулна, хропоо буулгая гээд гарсан. Араас нь Н бид 2 цуг буулгалцая гээд гарсан. Гараад очтол тэр 2 портерынхоо хажууд хропоо буулгаад тавьчихсан байсан. Н алийг нь гагнуулах гэж байгаа юм гэж асуухад Д хропны хажуу талд нь сэтэрцэн, энийг гагнуулна гэж хэлсэн. Гэтэл Н чи энийг гагнуулж байснаас сэлбэг дээрээс шинийг аваад тавьчихаач гэж хэлэхэд Д чи ямар баян пизда вэ гээд уурлаад байсан. Н би чиний төлөө л хэлж байна гэхэд Д чамд хамаагүй, чи яах гээд байгаа юм хоёулаа үзэх үү гээд дайраад Ныг нудраад байсан. Тэгэж байснаа Д Н 2 нэг нэгнээ тэврээд зууралдаад эхэлсэн. Тэгээд тэр хоёрыг Б бид 2 арай гэж салгатал Д модон иштэй хүрз барьж аваад Н руу далайж дайрсан, Б дундуур нь ороод Дг хий цохиулаад хүрз нь газар унасан. Тэгээд дахиад Н Д 2 зууралдсан. Тэр үед дахиад Б бид 2 салгаж холдуулсан. Тэгээд тэр 2 салаад зогсож байтал хүүе гэхийн зуургүй Д нарийхан хашааны шонгийн мод хэрээтэй нэг төмөр барьж аваад Ныг цохьчихсон. Яг хаашаа нь яаж цохисныг хараагүй намайг харахад төмөр нь газар унаж байсан. Тэгээд Н газар унаад өгсөн, газар хэдэн секунд хөдлөхгүй хэвтэж байсан, тэгээд толгойноос нь цус гараад эхэлсэн. Б бид 2 Ныг түшиж босгоод гаражид сандал дээр суулгасан. Тэр үед Д хараад зогсож байсан. Тэгээд Нын толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь би алчуур авчираад толгойн шархан дээр нь тавьсан. Б гэмтэл явцгаая гээд бид 2 Ныг портерт суулгаад Гэмтлийн эмнэлэг явсан. Тэгэхэд Д тэнд хашаагаа хараад үлдсэн. ...” /1хх 43-44, 2хх 61-64, 65/,
шинжээч эмч Б.Баяртогтохын “... Х.Нын биед учирсан зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн зулайн эдийн тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цусан хураа, зулай хэсгийн шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. Зүүн зулай хэсэгт учирсан гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Өвдөгний гэмтэл нь газар унах, цохих, өшиглөх, газар унах чирэгдэхэд үүсэх боломжтой” /1хх 51-52/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 9666 дугаартай “Х.Нын биед зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл болно. Дээрх гэмлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтад нөлөөлөх эсэх гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” /1хх 54-55/ гэсэн дүгнэлт,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 12-16/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 27-36, 42-44, 53-56/, хохирогч Х.Нын компьютер томографийн шинжилгээ /1хх 61-62/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Д.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Дийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дид 2 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ц.Б нараас “... анхан шатны шүүхээс Д.Дид оногдуулсан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Дийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн эрүүл мэнд бүрэн сайжраагүй байдал зэргийг харгалзан үзэж түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй, анхан шатны шүүхээс түүнд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хамгийн бага буюу 2 жилийн хорих ял оногдуулсан нь тохирсон байна гэж дүгнэв.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/662 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.Дийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/662 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийн цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ