| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/00389/И |
| Дугаар | 312/шш2025/00421 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 312/шш2025/00421
2025 03 11 312/ШШ2025/00421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 103 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын ******* тоотод оршин суух, Шовх овогт ******* ******* /РД:*******, утас:*******/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.*******, гэрч Ш.*******, М.*******, Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: ...Миний бие 1965 оны 03 дугаар сарын 03-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрж тус сумандаа 1980 он хүртэл эцэг эхийн хамт амьдарсан. 1981 оны 10 дугаар сарын 01-нээс 1983 оны 05 дугаар сарын 20 хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын сургуульд уурын зуухны гачигараар ажилласан бөгөөд 1983 оны 06 сард Баруунтуруун сумаас цэргийн албанд татагдаж явсан. 1986 онд цэргээс халагдаж ирэхэд гэр маань Увс аймгийн Өндөрхангай сум руу шилжсэн байсан. Аавын маань бие муудаад нутагтаа очсон байсан. Би Өндөрхангай сум очиж 1986 оны 10 дугаар сарын 19-нөөс 1987 оны 04 дүгээр сарын 25-ны хооронд сумын ахуй үйлчилгээний төвийн цагаан хэрэглэлийн угаалгын машинистаар хүний орон түр ажилласан. 1987 оноос 1988 онд Увс тээврийн удирдах газарт засварчинаар ажилласан бөгөөд энэ талаарх архивын лавлагаа, тушаал байдаг. 1988 оны 03 дугаар сарын 01-нээс 1990 оны 08 дугаар сарын 01-ний хооронд Шинэ зам нэгдэлд хашаа худгийн бригадад ажилчнаар ажилласан. Түлээ бэлтгэх, өвс хадаж бэлтгэх, өвөлжөөний бууц засах, төлчин гэх мэт ажлыг хийдэг байсан. 1990 оны 8 сараас ажлаасаа гарч Улаанбаатарт очиж, тэндээсээ Эрдэнэт хотод ирж Сууц гэж барилгын компанид 1992 оны 11 дүгээр сарын 01-нээс 1996 оны 11 сар хүртэл жолоочоор ажилласан. Би цэрэгт байхдаа жолоочийн мэргэжилтэй болсон. Сууц компанид Зил-130, Сонсмол машинууд барьж байсан. Элс, хайрга зөөдөг байсан. Ажилд орсон тушаал нь байгаад гарсан тушаал нь байхгүй байгаа юм. Дээрх ажилд орсон болон чөлөөлсөн талаарх бичилт дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч Орхон аймгийн Архивын тасаг, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас миний ажиллаж байх үеийн баримт бичиг гарах боломжгүй гэсэн хариу өгсөн бөгөөд миний бие 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд ажилд орсон боловч гарсан баримт шаардлагатай байх тул шаардлагад дурдсан жилүүдэд тус байгууллагуудад ажиллаж байсныг шүүхийн журмаар тогтоож өгнө үү. Эдгээр жилүүдэд ажиллаж байсныг тогтооход гэрчээр оролцох боломжтой хүмүүс бий. 1992 оны 11 дүгээр сарын 01-нээс 1996 он хүртэл Сууц компанид жолоочоор ажиллаж байсныг тогтооход тус компанид барилгын нормчин албан тушаалтай байсан Навааншаравын *******, Гэндэндарамын ******* нар гэрчлэх боломжтой. 1988 оны 03 дугаар сарын 01-нээс 1990 оны 08 дугаар сарын 01-ний хооронд Шинэ зам нэгдэлд хашаа худгийн бригадын ажилчинаар ажиллаж байсныг Мангын *******, Шонхорын ******* нар гэрчлэх боломжтой ба *******, Гантигболд нартай хамт авахуулсан гэрэл зургийг хавсаргасан болно... гэв.
2. Гэрч Ш.******* шүүх хуралдаанд: ...Нэг суманд хамт ажилладаг байсан, садан төрлийн холбоо байхгүй. Би 1982 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн хашаа бригадад сумын малчдын хашааг сэлбэж засдаг, өтөг бууц ховхлох, айлын мал төллүүлэх, айл нүүлгэх, мал туух гэх мэт нэгдлийн ажлыг хийдэг байсан. Г.*******тай 1988 оноос 1990 оны хооронд ажиллаж байхад нь танилцсан. Тэмээ, мал сургах, малчдад туслах, өвс тэжээл зөөх зэрэг ажлыг хийдэг байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Г.******* 2 жил гаран ажиллаад гарсан. Г.******* нь намайг ажиллаж байхад сүүлд нэгдэлд ажилд орж байсан... гэв.
3. Гэрч М.******* шүүх хуралдаанд: ...Би 1986 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөөд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд туслах нягтлангаар 1986 оноос 1989 он хүртэл ажилласан. Дараа нь өөр газар томилогдсон. Намайг ажиллаж байх хугацаанд Г.******* манай Шинэ зам нэгдлийн хашаа бригадад ажиллаж байсан. Хашаа бригад нь нэгдэлд туслах, грушик, хадлан бэлтгэх, айл нүүлгэх гэх мэт бүх төрөлийн ажлыг хийдэг байсан. 1989 онд намайг ажлаас гарахад Г.******* ажиллаад үлдсэн. Шинэ зам нэгдэл хэзээ татан буугдсан талаар сайн мэдэхгүй байна. Би зэргэлдээ сумын ерөнхий нягтлангаар ажиллахаар явсан... гэв.
4. Гэрч Н.******* шүүх хуралдаанд: ...Би 1992 онд Тосгонд байдаг Худалдаа үйлдвэрлэлийн Сууц компанид ЭБЦТСүлжээний барилгыг барьж байсан. Тэнд нормчиноор ажилд орсон. Г.******* нь 1992 оны намар намайг ажилд ороход 40-01 гэсэн жижиг машин барьдаг жолоочоор ажиллаж байсан. Дараа нь Сомсмол, Зил-130 машин барьдаг болсон. Оныг нь сайн санахгүй байна. Г.*******ыг явахад нь би грушиг ачигчаар цуг явдаг байсан. Г.*******ын хувьд 1992 оноос 1996 он хүртэл ажилласан. Би 1999 он хүртэл ажилласан. Сар өдрүүдийг нь сайн санахгүй байна. Тэгээд 1999 онд Сууц компани татан буугдсан... гэв.
5. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхний хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 221 дугаартай лавлагаа, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаартай лавлагаа, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 24 дугаартай лавлагаа, Г.*******ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 310 дугаартай цалингийн тодорхойлолт, Увс аймаг Баруунтурууны 10 жилийн дунд сургуулийн захирлын 1981 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 44 дугаартай тушаал, Увс аймаг Баруунтурууны 10 жилийн дунд сургуулийн захирлын 1981 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай тушаал, М.*******ын тодорхойлолт, М.Олонжаралын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Баттулгын тодорхойлолт, Н.Баттулгын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Г.Гантигболдын тодорхойлолт, Г.Гантигболдын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ш.*******ийн тодорхойлолт, Ш.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, фото зураг, сайшаалын үнэмлэх зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ.
2. Хүсэлт гаргагч ******* ******* нь Увс аймгийн Баруунтуруун сумын сургуульд 1981 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл уурын зуухны гачигараар, Увс аймгийн Өндөрхангай сумын Ахуй үйлчилгээний төвд 1986 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цагаан хэрэглэлийн угаалгын машинистаар, 1988 оны 03 дугаар сарын 01-нийн өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Шинэ зам нэгдэлд хашаа худгийн бригадад ажилчнаар, Эрдэнэт хотын Сууц компанид 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь түүний 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээсэн дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 310 дугаартай цалингийн тодорхойлолт,
Увс аймаг Баруунтурууны 10 жилийн дунд сургуулийн захирлын 1981 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 44 дугаартай тушаал,
Увс аймаг Баруунтурууны 10 жилийн дунд сургуулийн захирлын 1981 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай тушаал,
М.*******ын гэрчийн тодорхойлолт, М.Олонжаралын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Н.Баттулгын гэрчийн тодорхойлолт, Н.Баттулгын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Г.Гантигболдын гэрчийн тодорхойлолт, Г.Гантигболдын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Ш.*******ийн гэрчийн тодорхойлолт, Ш.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, фото зураг, сайшаалын үнэмлэх зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
3. Иймд хүсэлт гаргагч Г.*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Шовх овогт ******* ******* /РД:*******/-ыг Увс аймгийн Баруунтуруун сумын сургуульд 1981 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл уурын зуухны гачигараар, Увс аймгийн Өндөрхангай сумын Ахуй үйлчилгээний төвд 1986 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цагаан хэрэглэлийн угаалгын машинистаар, 1988 оны 03 дугаар сарын 01-нийн өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Шинэ зам нэгдэлд хашаа худгийн бригадад ажилчнаар, Эрдэнэт хотын Сууц компанид 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч нь мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ