| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/00375/И |
| Дугаар | 312/шш2025/00420 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 312/шш2025/00420
2025 03 11 312/ШШ2025/00420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* /РД:*******, утас:*******/-ийн хүсэлттэй,
төрсөн он сар өдрөө тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1948 оны 07 сарын 01-ний өдөр Булган аймаг Хишиг-Өндөр сумын 2 дугаар бригадын Мааньт гэдэг газар төрсөн. Би Булган аймгийн Хишиг-Өндөр суманд насаараа мал маллаж амьдарсан. 1967 оны үед хөдөө байж байтал хотоос ирсэн зурагчин гээд зургийг маань дараад явсан. Гэтэл хориод хоногийн дараа очиход иргэний үнэмлэх шинээр ирсэн гэсэн. Хуучин улаан паспортыг хурааж аваад хайчилсан. Би 1948 онд төрсөн яагаад 1949 гэж буруу бичсэн юм бэ гэхэд олон хүмүүс дунд ийм юм байх, 48, 49-ийн ялгаа юу байсан юм гэж байсан би ч тухайн үедээ бас тоогоогүй юм. Улаан паспорт олгохдоо миний төрсөн оныг 1949 он гэж буруу бичсэн. Миний бие 2009 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Одоо өөрийн төрсөн, оноо үнэн зөвөөр тогтоолгох хүсэлтэй байна. Би төрөөс тэтгэврээ авч байгаа, халамж гэдэг зүйл байхгүй. Сумын сургуулийн 100 жилийн ой болоход надаас нэг дүү ангийн хүүхэд маань л үлдсэн байсан. Хань ижил маань бурхан болоод ноднингоос хойш төрсөн оноо зөвтгөх талаар бодож байна. Улсын бүртгэлийн газарт очсон. Архивын газарт очиж уулзахад шүүхэд өргөдөл гаргаж төрсөн он сар өдрөө тогтоолгож болдог талаар мэдсэн. Үнэн гэж байдаг бол тэрийгээ тогтоолгомоор байна. Тиймээс 1948 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоолгох хүсэлттэй байна. Үндэсний архивын сан хөмрөгөөс архивын лавлагаа авч үзэхэд 1956 оны хүн амын бүртгэлээр намайг 8 настай гэж бүртгэсэн байгаа нь намайг 1948 онд төрсөн гэдгийг нотолж байгаа юм. Би 8 настай анх сургуульд орж байсан. 5 дугаар ангийн дунд хүртлээ сурч байгаад гарсан... гэв.
2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Үндэсний архивын сан хөмрөгийн архивын лавлагаа, ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.******* нь 1948 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.
2. Хүсэлт гаргагч Д.*******гийн хүсэлтийн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
3. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ: 1967 оны үед улаан паспорт олгохдоо миний төрсөн оныг 1949 он гэж буруу бичсэн байсан тэр үед буруу гарсан байна гэдгийг хэлэхэд одоо өнгөрсөн гээд тоогоогүй. Үндэсний архивын сан хөмрөгөөс архивын лавлагаа авч үзэхэд 1956 оны хүн амын бүртгэлээр намайг 8 настай гэж бүртгэсэн байгаа нь намайг 1948 онд төрсөн гэдгийг нотолж байгаа юм... гэж тодорхойлсон.
4. Хүсэлт гаргагч Д.******* нь 1948 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болох нь хэрэгт авагдсан 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03-******* дугаартай Үндэсний архивын сан хөмрөгийн архивын лавлагаагаар 1956 оны хүн амын бүртгэлээр Сэдийн Дамбадаржаа өрхийн тэргүүн, 45 настай, эрэгтэй, Сундуйн Цэндмаа эхнэр, 34 настай, эмэгтэй, ******* Содном хүүхэд, 16 настай, эмэгтэй, ******* ******* хүүхэд, 13 настай, эрэгтэй, ******* ******* хүүхэд, 10 настай, эмэгтэй, ******* ******* хүүхэд, 8 настай, эрэгтэй гэж,
...сурагч ******* ******* бол 1948 онд төрж, тус сургуульд 1956 онд ороод 1960 онд сурлагын дунд дүнтэй онц, сайн сахилга баттайгаар дөрөвдүгээр ангиа төгсөв... гэсэн ерөнхий боловсролын гэрчилгээ, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд хүсэлт гаргагч Д.*******г 1948 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Хуульд заасны дагуу хүсэлт гаргагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Боржигон овогт ******* ******* /РД:*******/-г 1948 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ