| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2208031920360 |
| Дугаар | 2023/ДШМ/941 |
| Огноо | 2023-09-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Янжиндулам |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2023/ДШМ/941
2023 9 21 2023/ДШМ/941
Ц.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Янжиндулам,
шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Л.Цуурай
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 947 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Т-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2208031920360 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц.Т-
Шүүгдэгч Ц.Т нь үргэлжилсэн үйлдлээр “2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “Тэмүүлэн Тэмүка” гэсэн фейсбүүк хаягаас “ангилал дарна, үнэмлэх гаргана найдвартай баталгаатай, чатаар ороод ирээрэй" гэсэн хуурамч зар байршуулан хохирогч Н.Н-тэй чатаар харилцан Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхон худалдааны төв орчим уулзаж “А болон мэргэшсэн жолоочийн ангилал даруулж өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 850.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *****-*** тоотод хохирогч Т.О-д “жолооны эрх сэргээж өгнө” гэж 1.600.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт Ц-гийн Т-г үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Т нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өөрийн ухамсар дорой байдлаасаа болж “залилах” гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч ойлгон гэмшиж байна. Үйлдсэн хэргээ анхнаасаа шударгаар хэлж, мэдүүлсээр ирсэн. Хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогч нарт бүрэн төлж барагдуулсан. Миний дээрх үйлдэлд хуулийн дагуу ял шийтгэл оногдуулсан ч би ойлгон чин сэтгэлээсээ харамсаж, гэмшиж байна. Хоригдсоноос хойш олон зүйлийг тунгаан бодож гэмшиж байна. Цаашид би ямар нэг хэрэг, зөрчилд холбогдохгүй дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлж байна. Ар гэрт өрх толгойлсон ээж, оюутан дүү минь байдаг. Тэд нарыгаа тэжээж, тэтгэх хүн нь би. Хэдийгээр би цөөхөн жилийн хорих ял эдлэх ч архаг хууч өвчтэй, ажил төрөл эрхэлдэггүй ээж минь, оюутан дүүгийн маань амьдралд хүндхэн хугацаа болж байна. Иймд хорих ялыг өөр төрлийн хөнгөн ял болгон өөрчилж өгөхийг хүсье. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Т-гийн өмгөөлөгч Л.Цуурай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Ц.Т нь анхан шатны шүүх хуралдаанд өөрийн эрх ашгийг өөрөө хамгаалж өмгөөлөгчгүй оролцсон. 2022 оны 2 дугаар сарын 11, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрүүдэд Н, О гэдэг хүмүүсийг цахимаар залилж 2.450.000 хохирол учруулсан. Уг хохирлоо анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ илэрхийлсэн. Өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгчийн анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Янжиндулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзвэл шүүгдэгч нь үргэлжилсэн үйлдлээр хоёр гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн. Хувийн байдлын хувьд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан. Дээрх байдлаас үзэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн, Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Ц.Т-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ц.Т нь үргэлжилсэн үйлдлээр “2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “Тэмүүлэн Тэмүка” гэсэн фейсбүүк хаягаас “ангилал дарна, үнэмлэх гаргана найдвартай баталгаатай, чатаар ороод ирээрэй" гэсэн хуурамч зар байршуулан хохирогч Н.Н-тэй чатаар харилцан Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхон худалдааны төв орчим уулзаж “А болон мэргэшсэн жолоочийн ангилал даруулж өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 850.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, **-** тоотод хохирогч Т.О-аас “жолооны эрх сэргээж өгнө” гэж 1.600.000 төгрөг авч залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Н-гийн “...А ангилал болон мэргэшсэн жолоочийн ангилал даруулахаар ярилцаж 850.000 төгрөг шилжүүлсэн. 14-21 хоногийн дараа үнэмлэх гарна гэж хэлсэн. ...” /хх123-125, хх129-130/,
хохирогч Т.О-лын “...“жолоодох эрх сэргээнэ” гэсний дагуу утсаар нь холбогдож урьдчилгаа 800.000 төгрөг өгсөн. ...2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үлдсэн 800.000 төгрөгөө явуулчих гэж хэлэхээр шилжүүлсэн. ...” /хх13-16/,
Ц.Т-ийн яллагдагчаар өгсөн “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх74-75, хх139/ гэсэн мэдүүлгүүд,
хохирогч Т.О, Б.Н нарын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх36-37, хх116/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ц.Т ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Ц.Т-гийн “А ангилал болон мэргэшсэн жолоочийн ангилал даруулна, жолоодох эрх сэргээнэ” гэж үргэлжилсэн үйлдлээр, цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж Т.О, Б.Н нараас нийт 2.450.000 төгрөг авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ц.Т нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь нийт 48 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж (48 хоног*8 цаг =384 цаг) нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 116 цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Ц.Т-гийн “...хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/947 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-г 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3,4 дэх заалтыг хүчингүй болгосугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-гийн цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж (48 хоног*8 цаг =384 цаг), нийтэд тустай жаил хийлгэх ялын хугацааг 116 /нэг зуун арван зургаа/ цагаар тогтоосугай. ...” гэсэн,
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Т-д сануулсугай. ...” гэсэн тус тус нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Т нийт 48 /дөчин найм/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН