Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 205/МА2021/00010

 

 

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 205/МА2021/00010

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэртэй, 

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багт оршин суух Ухаа ******* овгийн *******гийн ******* /РД:ИР69021819/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1969 онд төрсөн. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд 1984 оны 6 сарын 01-ээс 1987 оны 10 сарын 10 хүртэл эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1987 оны 10 сарын 19 хүртэл цэргийн албанд татагдаж яваад 1989 оны 10 сарын 10-нд халагдсан.

Иймд 1984 оны 6 сарын 01-ээс 1987 оны 10 сарын 19 хүртэл Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд мал маллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсон тул танай шүүхэд хандаж байна. Хөдөлмөрийн дэвтрээ яаснаа мэдэхгүй байна гэжээ.

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95  дугаартай шийдвэрээр

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ухаа ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-гийн Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх

- Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Б.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.*******гийн давж заалдах гомдлын агуулга:

Миний бие нь Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иргэний хэргийн шүүх миний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Би сургуульд сурч байхдаа сургуульд алданги сууж байсан. 1984 оноос хойш сургуульд сууж байгаагүй. Харин тухайн үед би өдөр нь мал маллаж завтай үедээ даалгавар авах орой 18 цагаас хойш ирж хичээлд суудаг байсан. Гэтэл намайг өдрөөр сурсан мэтээр дүгнэлт хийсэн байна. Уг шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 140 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Нэхэмжлэгч маань нэхэмжлэлийг гаргахдаа 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мал маллаж байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Үүнээс шүүх хангаж шийдвэрлэсэн дээр нь маргахгүй байгаа. Хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд Б.******* гэдэг хүн нь 1969 онд Цагаанхайрхан суманд төрсөн. 1984 оноос хойш сургуульд суулгүй эцэг эхийн хамт байнга мал туудаг байсан. Мал тууж ирээд дараа оны 5 сар хүртэл мал маллаж байсан байдаг. Хавтаст хэрэгт байсан Нийгмийн даатгалын хэлтсээс шүүх өөрийн санаачилгаар олж авсан нотлох баримт нь 1986 онд сургууль төгсөж 8 дугаар ангийн боловсрол эзэмшсэн талаар асуудал яригдсан. Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ байгаатай маргахгүй. Хамгийн гол нь Б.******* нь өдрөөр сурсан юм уу? оройгоор сурсан юм уу гэдэг нь тодорхойгүй байдаг. Тухайн боловсролын гэрчилгээг олгохдоо он, сарын хувьд зөрүүтэй олгосон байдаг. Мөн тухайн боловсролын гэрчилгээнд өдрөөр сурсан юм уу? оройгоор сурсан юм уу? гэдэг дээр тодорхой бус байгаа. Өдрөөр сурна гэдэг нь тухайн хүүхэд өглөө хичээлдээ ирээд, сургуулиас тогтоосон цаг, хуваарийн дагуу хичээл сургуульдаа хамрагдахыг хэлнэ. Оройн ангид сурна гэдэг нь өдрийн ангид суралцаагүй, сургуулиас завсардсаныг хэлнэ. Тухайн он жилүүдэд Монгол Улсын хэмжээнд бүх ард түмнийг ерөнхий боловсролын мэдлэгтэй болгох зорилгоор тухайн үед Цагаанхайрхан сумын сургууль Улсын тэргүүний сургууль болох нөхцөл байдлыг хангахын төлөө ажиллаж байсан, улмаар Улсын тэргүүний сургууль болсон нөхцөл байдлууд байдаг. Нэхэмжлэгч Б.******* нь 1984 онд сургуульд сурч байхдаа шилжсэн тухай асуудал яригддаг. Хэзээ, хаана 8 дугаар анги төгсөөд явсан нь хавтаст хэрэгт тодорхой харагддаггүй. Шүүх нэхэмжлэл гаргахдаа ямар нэгэн сургуульд сурч байсан, мөн шүүхэд өгсөн тайлбараа үнэн зөв мэдүүлээгүй гэж үздэг. Гэрч нарын өгсөн мэдүүлэг худлаа байна гэж байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн анх гаргасан шаардлагыг бүрэн хангуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг зөв шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 01-нээс 1987 оны 10 дугаар сарын 10 хүртэл эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1987 ны 10 дугаар сарын 19-нд цэрэгт татагдаж яваад 1989 онд халагдсан. Миний 1984 оны 06 дугаар сарны 01-нээс 1987 оны 10 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.*******гийн эцэг, эх нь 1986 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Социализмын төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогджээ.

Харин нэхэмжлэгч Б.******* нь 1984 оны 6 сараас эхлэн малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч тэрээр 1969 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 1984 онд 15 настай, 6 дугаар ангийн сурагч байсан гэж үзэхээр байх тул түүнийг малчнаар ажиллаж байсан гэж үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэргийн онцлогт тохируулан нэхэмжлэгч Б.*******гийн хувийн байдлын талаар зарим нотлох баримтыг санаачилгаараа бүрдүүлэн хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2. дахь хэсгийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ

Б.АРИУНБАЯР