Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 37

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Хохирогч Ж.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

Шүүгдэгч Б.А нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б. А-д холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.А

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.А-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А  шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би сал гэж хэлээгүй харин түүнийг эхнэрээ зодохоор нь би боль гэж хэлээд гараад очиход намайг цохьсон. Намайг босож чадахгүй байхад тэнд мөн адил эхнэрээ ч зодож байсан. Машинд суугаад эхнэрийг нь машинд суу наад хүн чинь ер нь хүн алах юм байна, яасан аймар юм бэ гээд хаалгаа хаах гэтэл машины хаалганаас зулгааж байгаад 2 удаа өшиглөхөд 2 эмэгтэй болиоч наана чинь камертай гэж хэлэхэд цаашаа гүйгээд явсан. Бас таксины жолооч болиоч гэж хэлээгүй байсан бол тэрнээс илүү гэмтэх байсан гэж бодож байгаа. Би цагдаа сэргийлэх гэхгүй гэж бодсон ч босож чадахгүй байна гээд эхнэр лүү нь ярихад чадахгүй, надад хамаагүй гэж хэлсэн. Сум руу дүү рүүгээ ийм байдалтай байна гээд яриад хот явахаар боллоо гээд эхнэр лүү нь хэлсэн. Цуг явж үзүүлэхэд 226 000 төгрөг болсон. Надад 350 000 төгрөг өгөөгүй. Энэ талаар сүүлд өгсөн баримтанд байгаа. 9 хоногийн дараа уулчлалт гуйж, ярилцахгүй болохоор нь цагдаад өгсөн...” гэв.

 

Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А чи манай эхнэртэй яах гэж нийлдэг юм гэж хэлээд миний зүүн талын хавирган тус газарлуу гараараа цохисон би цохиулаад доошоо тонгойж өвдгөөрөө газар суугаад босож чадахгүй байтал миний толгойн тус газар луу нэг удаа цохьсон...Э-г машинд суучих гэж хэлтэл А ирээд машины хаалга нээгээд миний баруун хөлний гуян тус газар луу нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А А-н хавирган тус газарлуу гараараа нэг удаа цохисон мөн хөл рүү нь өшиглөх шиг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

 

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э бид хоёр хартал нэг эрэгтэй эмэгтэй хүнийг машины цаад талд зодоод байсан бид хоёр тухайн залууг болиоч гэж хашгирсан. Э утсаараа цагдаа дуудсан... машины цаад талд зодоод байсан толгой руу нь цохиод байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...үл таних залуу нэг эмэгтэй хүнийг зодож байсан тэгэхээр нь А бид хоёр ойртон очиж тухайн залууг болиоч гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан... Тухайн эмэгтэйгийн толгойн тус газар нь цохиж байсан бид хоёрыг гарч ирэхээс өмнө цээж юм уу хэвлий рүү цохьсон юм шиг байсан тухайн эмэгтэй нь тонгойгоод байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Шинжээчийн ... дугаартай: “...Ж.А эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд Ж.А-н биед зүүн 8, 9 дүгээр хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

Шинжээчийн...дугаартай: “... Ж.А-н биед зүүн 8,9 дүгээр хавирганы зөрөөтэй хугарал, цээжний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн нэмэлт дүгнэлт /хх-ийн 116 дугаар хуудас/,

 

Гэрч К.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ж.А-н хоёр талын эгэм яс, дал яс, нурууны нугалам яснуудад илэрхий гэмтэлгүй, өөрчлөлтгүй харин зүүн талын 9 дүгээр хавирга суганы арын шугамаар зөрөөгүй, 8 дугаар хавирга суганы арын шугамаар зөрөөтэй тус тус хугарлуудтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108 дугаар хуудас/,

 

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ж.А-н 8,9 дүгээр хавирга хугарсан гэмтэл тодорхой харагдаж байсан. Өөр гэмтэл харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би машинаас буугаад А-н хавирган тус газар нь нэг удаа цохьсон мөн толгойн тус газар луу нь нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 58 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б. А нь 2017 оны 11 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.А-г зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б. А-г бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Хавтаст хэргийн 16 дугаар хуудаст хохирогч Ж.А нь 3 700 000 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс шүүх хуралдаанд хохирогчийн гаргасан нотлох баримтаас гэмтлийн зэрэг тогтооход төлсөн 8 000 төгрөгийг дүү Ж.О-с шилжүүлэн авсан , Мөнгөн гүүр эмнэлэгт 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үзүүлсэн үзлэгийн төлбөр 20 000 төгрөг, А-н 2018 оны 01 дүгээр сарын 04-ны Сайншандаас Улаанбаатар явсан галт тэрэгний тасалбар 10 000 төгрөг, хавтаст хэргийн 53 дугаарт авагдсан эмийн үнэ 13 500 төгрөг, хавтаст хэргийн 55 дугаарт авагдсан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэний 11 700 төгрөг, хавтаст хэргийн 54 дүгээрт авагдсан эмийн үнэ 190 000 төгрөг бүгд 253 200 төгрөгний хохирлыг гаргуулах үндэстэй гэж үзлээ.

 

            Харин шүүх хуралдаанд хохирогчийн гаргасан 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн 20 000 төгрөг, цээжний зураг 120 000 төгрөгийг Б.А төлсөний баримтыг авчирсан гэх ба үүнээс гадна 2017 оны 12 сард Сайншандаас-Улаанбаатар явсан 2 хүний галт тэрэгний зардал, эргэж ирэхэд таксиний зардал 60 000 төгрөг, хоолонд орсоны зардал зэрэг 262 600 төгрөгийг А төлсөн гэж хохирогч мэдүүлсэн, энэ талаар талууд маргаагүй болно.

            Хохирогч Ж.А нь хувиараа үсчинээр ажилладаг ба энэ талаарх нотлох баримтыг Дорноговь аймгийн үсчин, гоо засалчдын холбооноос тодорхойлсон байна. Иймд Ж.А нь ажилгүй байсан хугацааны цалин 12 дугаар сард 1 500 000 төгрөг, 1 дүгээр сард 800 000 төгрөг олох байсан гэж нэхэмжилсэн ба түүний татвар төлөлтийн байдлыг бүртгэх дэвтэр нь 2017 оны 03 дугаар сарын 29-нөөс хойш бүртгэгдээгүй байх тул гэмт хэрэг гарах үед хөдөлмөр хийж орлого олж байсан нь тогтоогдохгүй байна. Иймээс хохирогч нь ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлого, замын зардал, таксины хөлс зэрэг зардал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй.

 

            Шүүх хуралдаанд хохирогч нь “Мон-Арго” Төв оффисийн 190 500 төгрөгний эмийн баримт гаргасан нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бичигдсэн нь хууль ёсны нотлох баримт гэхэд эргэлзээтэй, огноо нь буруу бичигдсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.А нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлөх талаар илэрхийлээгүй, хохирол төлөх бодит боломжийн талаар  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй тул ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.А-г бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г  240 / хоёр зуун дөчин / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-с 253 200 төгрөг гаргуулж хохирогч Ж.А-д олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар хохирлын 253 200 төгрөгийг 3 / гурван / сарын хугацаанд хохирогчид төлж барагдуулахыг шүүгдэгч Б.А-д үүрэг болгосугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.А нь олох байсан орлого, цалин хөлс, бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Н.АДЪЯА