| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2306000001184 |
| Дугаар | 2023/ДШМ/1021 |
| Огноо | 2023-10-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 10.1-1, |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2023/ДШМ/1021
2023 10 19 2023/ДШМ/1021
Г.Д, Г.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Очбадрах,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгсүрэн,
яллагдагч Г.Дий өмгөөлөгч Ж.Төмөрхуяг,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/2240 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Очбадрахын бичсэн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай эсэргүүцлээр яллагдагч Г.Д, Г.Б нарт холбогдох 2306000001184 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Г.Д, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, “********”-т механикч ажилтай, ам бүл 0, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00-00 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: **00000000/;
2. Г.Б, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эцгийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00-00 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;
Яллагдагч Г.Д нь 2023 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кебаб&Паб” гэх хаягтай үйлчилгээний газрын урд, явган хүний зам дээр иргэн Б.Ттай “хөл дээр гишгэлээ” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдан, улмаар түүний нүүрэн хэсэгт 1 удаа өшиглөж хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт бүхий гэмтэл үүсгэн амь насыг хохироосон гэмт хэрэгт,
яллагдагч Г.Б нь 2023 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кебаб&Паб” гэх хаягтай үйлчилгээний газрын урд, явган хүний зам дээр иргэн Б.Ттай маргалдан, улмаар нүүрэн хэсэгт 1-2 удаа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулд зулгаралт, 2 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Г.Баттулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэл тогтоогдож байх тул яллагдагч Г.Д, Г.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг/Хүний амьд явах эрхийн эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж,
мөн хуулийн 40.2.1-т “хохирогч энэ хуулийн 40.1-т заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх” гэж,
мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.6.1-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж тус тус заажээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтоор амь хохирогч Б.Т нь эх Д.Ц, эгч Б.А, дүү Б.Т, дүү Б.М нарын хамт амьдардаг байсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтаар, амь хохирогч Б.Тгийн гэр бүлийн гишүүн болох төрсөн эгч Б.А нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг байсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтаар тус тус тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
...шүүх амь хохирогчийн төрсөн эх Д.Ц, төрсөн эгч Б.А, төрсөн дүү Б.М, төрсөн дүү Б.Т нарын сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохоор гаргасан хүсэлтийг хүлээн авч шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулах мөрдөн шалгах ажиллагааг нэмэлтээр хийлгэх шаардлагатай гэж дүгнэв.
...яллагдагч Г.Д, Г.Б нарт холбогдох эрүүгийн 2306000001184 дүгээр хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, яллагдагч Г.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор М.Очбадрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Шинэчлэн найруулсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ”-ний талаар зохицуулсан ба мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус тус заажээ. Эрүүгийн 2306000001184 дугаартай Г.Д, Г.Б нарт холбогдох хэрэгт 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалт явуулж дуусган, хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж прокурорын хяналтад ирүүлсэн ба прокуророос хэргийг хянаад, 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 959 дугаартай яллах дүгнэлт үйлдэн, 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хэргийг шүүх хүлээн авсан байна. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар зөвхөн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна. Харин уг аргачлалын 3.2-т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно” гэж заажээ. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг баталсан байна. Дээрх эрүүгийн 2306000001184 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан болон прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсний дараа буюу 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Сэтгэцийн эмгэгийн зэргийг тогтоох журмыг батлан, мөрдөж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалт явуулж дуусган, прокуророос хэргийг хянаж шүүхэд шилжүүлэх үед Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ”-г хийх талаарх журам батлагдаагүй, хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байсан ба хэргийг шүүх хянаж байх явцад батлагдсан журам, аргачлалыг үндэслэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар сэтгэцийн эмгэгийн зэргийг тогтоох зорилгоор 60 хүртэл хоногоор хойшлуулах, эсхүл хохирол, хор уршигтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байна.
Энэ талаарх саналыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед прокурорын зүгээс гаргасан боловч анхан шатны шүүхээс уг саналыг хэрхэн, яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хэрэв үндэслэлгүй гэж дүгнэж байгаа бол энэ талаараа захирамждаа тодорхой дурдаж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Мөн “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам’’-ын 1.1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад энэхүү журмыг мөрдөнө” гэж, 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэж тус тус зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргаж болохоор зохицуулсан байна.
Түүнчлэн анхан шатны шүүхээс амь хохирогчийн төрсөн эх Д.Ц, төрсөн эгч Б.А, төрсөн дүү Б.М, төрсөн дүү Б.Т нарын сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохоор гаргасан хүсэлтийг хүлээн авч шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулах мөрдөн шалгах ажиллагааг нэмэлтээр хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь, “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-д “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг ...” гэж,
2.2-д “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэж заасны дагуу хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтоохоор байх тул амь хохирогчийн төрсөн эх Д.Ц, төрсөн эгч Б.А, төрсөн дүү Б.Т нарын сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохоор гаргасан хүсэлтийг хүлээн авсан нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг заасан бөгөөд дээр дурдсан нэр бүхий хүмүүсийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтоохоор шинжээч томилох бол тэдгээрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулах, гаргасан дүгнэлттэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, гомдол хүсэлт гаргах гэх мэтээр хэргийн оролцогчтой адилтган үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д “хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хохирогч Б.Т нь нас барсан тул түүний гэр бүлийн гишүүн буюу төрсөн дүү Б.Мг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан тул амь хохирогчийн төрсөн эх Д.Ц, төрсөн эгч Б.А, төрсөн дүү Б.Т нарын сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг 2023 оны 3 дугаар сард болсон хэрэг байгаа. Анхан шатны шүүх хэрэг шийдвэрлэгдээгүй байхад буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгийн өмгөөлөгч Ж.Цэцэгсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М андуураад хэлэх шиг боллоо. Прокурорын бичсэн эсэргүүцэлд 2 үндэслэл байна гэж ойлгосон. Нэгдүгээрт, хуультай уялдуулж гаргасан журам нь хожуу батлагдсан учраас юу хийхээ мэдэхгүй байсан гэх агуулгаар бичсэн байна. Энэ хэрэг анхан шатны шүүх рүү 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шилжсэн. Хууль 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Уг хууль 2022 онд батлагдсан, 7 сарын дараа хэрэгжинэ, холбогдох журмууд нь гарна гэдгийг бид бүгд мэдэж байсан бөгөөд хүлээлттэй байсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д шинжилгээ хийх эрх бүхий этгээд нь прокурор байхаар хуульчилсан. Гэтэл 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шүүх рүү хэргийг шилжүүлэх биш, холбоотой шинжилгээ хийлгэх арга хэмжээг авах боломжтой байсан. Энэ хэрэг 2023 оны 3 дугаар сард болсон. Шүүх рүү ямар хугацаанд хэрэг шилждэг, мөрдөн шалгах ажиллагаа ямар хугацаанд явагддагаас үл шалтгаалан бүх ажиллагаа явагдаж, хэрэг шүүх рүү шилжсэн байдаг. Хууль болон хуулийн үйлчлэх хугацаа, холбогдох журмууд хэзээ, хэрхэн гарснаас хамаарахгүйгээр хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж, хүлээн авахгүй гэж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр дахь үндэслэл нь зөвхөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шинжилгээ хийлгэх ёстой байсан гэж байна. Хуульд ямар гэмт хэрэгт хохирогч болсон, ямар хохирогчид шинжээч шинжилгээ хийх ёстой гэдгийг тодорхой заасан. Гэр бүлийн гишүүд гэдгийг зөвхөн хууль ёсны төлөөлөгчөөр ойлгож, хязгаарлаж болохгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хуулийг бид бүгд харж, хүлээж байсан. Хохирсон хүнийг нэмж хохироохгүйн тулд, дахин дахин явдал суудал болохгүйн тулд хэрэгжүүлж, эрүүгийн хэрэгтэй хамтад нь шийдвэрлэх утга санаатай хууль гэж ойлгож байна. Шүүгчийн захирамжид шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар ямар нэгэн гомдол гаргаагүй. Прокурор үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж, шүүх асуудлыг залруулаад байхад эсэргүүцэл бичиж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Яллагдагч Г.Дий өмгөөлөгч Ж.Төмөрхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие давж заалдах шатны шүүхийн шатнаас эхлэн оролцож байгаа. Давж заалдах шатны шүүх зөвхөн шүүгчийн захирамж, прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр дүгнэлт гаргах учраас дэлгэрэнгүй тайлбар гаргахыг хүсч байна. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй, харин Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/2240 дүгээр шүүгчийн захирамжийг үндэслэлтэй боловч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл илтэд дутуу болсон гэж үзэж, дараах 3 үндэслэлээр тайлбар гаргаж байна. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч Г.Дтэй холбогдох гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдүүдийн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж, нийгмийн хэв журам зөрчиж, бүлэглэн зодоон хийсэн, зодолдсон үйлдлийг огт шалгаагүй. Өөрөөр хэлбэл, хэт нэг талыг баримталж, хэргийг шалгасан байдал, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан процессын алдаатай ажиллагаанаас үүдэлтэй. Жишээ нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын 2 бичлэг байсныг бэхжүүлэх ажиллагааг эрүүгийн цагдаагийн дэслэгч Санждоржид даалгасан байхад ганцхан камерын бичлэгийг авч бэхжүүлсэн. Тэмдэглэлд тусгагдсан нөгөө хяналтын камерын бичлэгийг яагаад аваагүй талаар тодорхойгүй. Хэрэг болсон газрыг заан мэдүүлсэн этгээд байсан гэж ойлгогдохоор байгаа боловч хэн гэх этгээдийг хэргийн газрын үзлэгт оролцуулсан болох нь тодорхойгүй байдаг. Түүнчлэн уг тэмдэглэлд тусгагдсан, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг нь зөвхөн хүний амь насанд хохирол учруулсан үйл баримттай холбоотойгоор таслан авсан бичлэг байгаа бөгөөд зодоон болсон хэсгийг зориуд аваагүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд нэг гэмт хэргийн үйлдлээс дараагийн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл гарсан гэж үзэж байна. Амь хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр дунд зэргийн согтолттой байсан гэж тогтоогдсон байгаа” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророоос Г.Дийг 2023 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кебаб&Паб” гэх хаягтай үйлчилгээний газрын урд, явган хүний зам дээр иргэн Б.Ттай “хөл дээр гишгэлээ” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдан, улмаар түүний нүүрэн хэсэгт 1 удаа өшиглөж хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт бүхий гэмтэл үүсгэн амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Г.Б 2023 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кебаб&Паб” гэх хаягтай үйлчилгээний газрын урд, явган хүний зам дээр иргэн Б.Ттай маргалдан, улмаар нүүрэн хэсэгт 1-2 удаа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулд зулгаралт, 2 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Цэцэгсүрэнгийн хүсэлтийг үндэслэн “...амь хохирогчийн төрсөн эх Д.Ц, төрсөн эгч Б.А, төрсөн дүү Б.М, төрсөн дүү Б.Т нарын сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулах мөрдөн шалгах ажиллагааг нэмэлтээр хийлгэх шаардлагатай. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Учир нь;
2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Шинэчлэн найруулсан Шүүхийн шинжилгээний тухай хуулиар “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох...” харилцааг зохицуулсан ба үүнтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоол, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай “журам хүснэгт батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, 2 дугаар хавсралтаар “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталжээ.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шууд учирсан хохирол, тухайн хохирол учруулсанаас үүдэн гарах үр дагаврыг хохирол, хор уршигт тооцдог.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах дээрх нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой байдаг.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээний талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нь тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй тул шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 1.4-т “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн акт, энэхүү журмыг мөрдлөг болгоно” гэж,
мөн журмын 2.3-д “энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтас хэргийн материалд хавсаргана” гэж,
мөн журмын 2.6-д “Шинжилгээ хийлгэх хохирогч нь шинжилгээнд биечлэн хамрагдана. Шаардлагатай тохиолдолд хавтас хэргийн материал болон эмнэлгийн баримт бичиг, материалыг хамт ирүүлнэ” гэж,
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 1.1-д “Гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолын дээрх хэм хэмжээний агуулгаас үзэхэд гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах шинжилгээнд гэр бүлийн бүх гишүүдийг, түүнчлэн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээнд хохирогчийг биечлэн хамруулахаар зааснаас үзэхэд гэр бүлийн гишүүн бүрийг хохирогчоор, эсхүл иргэний нэхэмжлэгчээр тогтоох, тэднээс тухайн асуудлаар нь мэдүүлэг авах зэрэг ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэх зэрэгт дүгнэлт хийх шаардлагатай байна гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тогтоосны эцэст сэтгэцэд учирсан хохирлыг шаардах эрх бүхий субъект мөн эсэх, түүнчлэн амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг хэрхэн явуулах зэрэг нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулсны эцэст гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар яллах дүгнэлтэд тодорхой заавал зохино.
Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/2240 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР