Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Б.Батнасан

Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А-д холбогдох 1816000130019 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  Ж овогт Т-ийн А

Шүүгдэгч Т.Адарсүрэн нь Говь-Алтай аймгийн ****** сумын төв **********-н ар талд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Б-ы биед баруун зулайд шарх, толгойн орой, эрүүний оочинд зулгаралт гэмтэл үүсгэн, Н.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Т.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...*********-н ард талд явж байгаад Б-тай таараад Б намайг цохиж авсан. Би араас нь очоод нэг л цохисон... гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Н.Б-ы “...Би Н-ыг дагуулаад засмал дагаад алхаж явтал араас А гэх хүн ирээд миний толгойн баруун дээд хэсэгт чулуу атгасан гараараа 2 удаа цохичихсон. Би эргээд харахад эрүү рүү чулуугаар хальт цохичихсон юм...Намайг  эмэгтэй  хүн  зодлоо  гэж  хэлсний  төлөө  цохисон  байх. Би А-тэй  маргалдаж муудалцсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ19/,

Гэрч О.М-ын “...Бид нар алхаад эмнэлгийн ард очтол гадаа нь Н-ыг хүн дээрлэхээд байх шиг байсан. Б түрүүлж очоод салгаад бид нар нийлээд буцаад алхаад явж байтал араас хүн чулуу шидэхээр нь зугтсан. Тэгээд Б толгойгоо хагалуулсан байсан... Б-ыг цагдаа дээр ирсний дараа бид эмнэлэг дээр очиж толгойд нь оёо тавиулсан. Б-ы толгойг хагалсан А гэх хүнийг цагдаа нар авч ирэн эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг /ХХ25-26/,

Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 23 дугаартай “... 1. Н.Б-ы биед баруун зулайд шарх, толгойн орой, эрүүний оочинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.

4. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт  /ХХ36-37/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл  журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.А-ийн Говь-Алтай аймгийн ********* сумын төв *******-н ар талд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Б-ы биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай гомдол, хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.А согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөлгүйгээр торгох ял  оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж ялыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулахаар хугацаа тогтоон шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Н.Б нь хохирол нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Т.А нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Т-ийн А-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж овогт Т-ийн А-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны дотор биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Т.А-д сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Т.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА