Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/991

 

 

 

 

      2023          10            12                                        2023/ДШМ/991

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтмагнай,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Э.У,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/836 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2309005180674 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Б.М, 1983 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “.............”-нд эдийн засагч ажилтай ба одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................/;

Б.М нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Гэрэгэ тауэр”-ын хажуу талын байрны гадна хардалтын улмаас буюу өөрийн нөхөр Ц.Атэй гэр бүлээс гадуур үүсгэсэн эр эмийн харилцаагаа салгасангүй гэх шалтгаанаар хохирогч  тай маргалдан улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 471.405 төгрөг гаргуулж хохирогчид олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.М.Гийн мэдүүлэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт зэргийг үнэлж буруутгасан. Би шүүх хуралдаанд хэрэг болсон талаар дэлгэрэнгүй мэдүүлэхдээ “...хохирогчийн биед халдсан, нуруу руу нь хоёр цохисон, хүзүүний зүүн хэсэгт цохисон” талаар мэдүүлсэн, хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө өмнө нь хэрэгт мэдүүлсэн мэдүүлгээсээ зөрүүтэй, намайг өвдгөлдсөн, өшиглөсөн гэж худлаа хэлсэн ба миний өгсөн мэдүүлгийг үгүйсгээгүй өөрийнхөө өгсөн мэдүүлгийг ч нотолж тайлбарлаж чадахгүй байсан. Шүүх хуралдааны бичлэг дээр ч байгаа. Хохирогчийн баруун нүдэнд учирсан зөөлөн эдийн гэмтлийг би учруулаагүй, тухайн үед нүдэнд нь огт хүрээгүй байхад яагаад ийм дүгнэлт гарсан талаар ч хурал дээр хэлсэн. Нөгөөтэйгүүр миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д “Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй буюу 1 хувь гэж шинжлүүлэгчийн гарын алгатай адил хэмжээг ойлгоно/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно.” заасныг үндэслэн хохирогчийн нүдэнд 1,5x0,9 см хэмжээтэй үүссэн зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох жүрмын 2.4.2-д заасан “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан.” хэмжээнд хүрэхгүй гэдгийг мөн журмын 13 дугаар зүйлийн 60, 61 заасан хэмжээ, тайлбартай үл нийцнэ гэж маргасныг шийтгэх тогтоолдоо бүрэн няцааж дүгнээгүй. Би хохирогчийн нүдрүү цохиогүй, нүдний гэмтлийг намайг учруулсан гэдгийг тогтоогоогүй байтал яагаад намайг учруулсан гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй, ойлгомжгүй байгаа болохоор гомдол гаргасныг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хянаж, миний эрх зүй байдлыг дээрдүүлэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Э.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.М нь гэмтлийн зэрэг тогтоох журмыг зөв хэрэглэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүхэд мэтгэлцэж оролцсон үйл баримтад бүхэлд нь дүгнэлт хийсэн эсэхийг бүхэлд нь тогтоолгохоор давж заалдах гомдол гаргасан. Яллагдагч нь өөрийнхөө мэдүүлгийг нотлох үүрэг хүлээдэггүй. Харин ял хүлээлгэж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын бие мах бодид хөнгөн гэмт учруулсан гэх үйлдлийг нотлож байгаа үйл баримт нь дутуу авагдсан. Анхан шатны шүүхээс эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгийн хэмжээнд авч үздэг. Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний биед санаатай үйлдлээр хөнгөн гэмтэл учруулсан байхыг шаардана. Миний үйлчлүүлэгч нь хохирогчийг малгай өмссөн байхад нь “хүзүү рүү нь нэг, нуруу руу нь хоёр удаа цохисон” гэж мэдүүлдэг. Хохирогч үнэхээр өөрийг хохирсон гэж үзэж байгаа бол эмнэлгийн баримт, нүдний хөхөрлийн зураг зэргийг хавсаргах ёстой. Иймд хохирогчийн биед учирсан гээд байгаа бага хэмжээний хөхрөлт гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах эсэхийг магадлаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.М нь хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь бүрэн тогтоогдог. Хохирогч нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцох үедээ хэрхэн хохирсон талаараа мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн гомдол гаргаагүй. Одоо энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.М нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Гэрэгэ тауэр”-ын хажуу талын байрны гадна хардалтын улмаас буюу өөрийн нөхөр Ц.Атэй гэр бүлээс гадуур үүсгэсэн эр эмийн харилцаагаа салгасангүй гэх шалтгаанаар хохирогч Б.Мтай маргалдан улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Мын “... Би өмнө нь Ц.А гэх эрэгтэйтэй хувийн харилцаатай байсан бөгөөд 2022 оны 3 дугаар сард түүний эхнэр Б.М энэ тухай мэдэж дахин Ц.Атэй харилцаагүй. Тэгтэл 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэж Б.М нь гар утсаар залгаж, мессеж бичиж “танай гэрт ирчихлээ, гадаа чинь байна, орцоо нээж өг, бид хоёрын нэг нь үхнэ, чамайг алж байж сална, хараарай” гэх мэтээр хэлж эхэлсэн. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Эн Си Пи плаза буюу манай ажлын гадаа ирчихсэн байна гэхээр нь гараад уулзсан. Тэгсэн Б.М “чи манай нөхрөөс харилцаагаа салгасангүй, чи уулзаад байна” гэж  хэлсэн. Тэгээд  би Эн Си Плазагаас баруун урд талд байх байранд очоод уулзахад юм ярихгүй дагуулж яваад миний цүнхнээс зулгааж, куртикнээс татаад, газар унагааж чирээд хөлөөрөө баруун гар луу 2 удаа өшиглөж, нүүр хэсэгт 2 удаа баруун хөлийн өвдгөөрөө өвдөглөсөн. Тэгээд намайг чирээд гэр лүүгээ явах гээд байсан. Би амьсгалахад хэцүү байна, эмнэлэг явна гэхэд “чи тэгэж чадахгүй, би 3 хүүхэдтэй хүн, одоо энд асуудлаа дуусгая, би чам руу дахиж залгахгүй, харин чи дагаад яв” гэж хэлсэн. Би эмнэлэг явна гэж хэлээд найз М.Гтэй уулзсан. ... миний баруун нүд хавдаж, хөхөрсөн, хамаг бие хөндүүрлэж байна. Энэ гэмтлийг Б.М ганцаараа зодож цохиж учруулсан. ...” /хх 9/,

гэрч М.Гийн “... тухайн өдөр гэртээ байж байхад миний найз Б.М 19 цагийн үед залгаад “нөгөө хүүхэн надтай уулзахаар ажил дээр ирсэн байна” гээд нилээн санаа зовонгуй байсан. Өмнө нь уулзаж алгадуулж байсан гэж надад хэлж байсан. Тэр хэрэг болохын өмнөх шөнө гэрийнх нь гадаа хутгатай ирсэн талаараа Б.Мд хэлсэн гэж ярьж байсан. Тэгээд Б.М руу залгаад гэрийн чинь гадаа байна, өнөө шөнө чи бид хоёрын нэг нь амьд үлдэнэ гэх зэргээр хэлсэн байсан. Би энэ талаар өмнө нь сонссон учраас Б.Мд санаа зовоод залгаснаас нь хойш 15 минутын дараа залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд нилээн байж байгаад утсаа аваад амьсгалж чадахгүй байна гэж хэлээд олигтой ярьж чадахгүй байсан. Хаана байгаа талаар асуухад ажлынхаа гадаа байна гэж хэлсэн. Намайг яваад очиход Б.М ажлынхаа гадаа машин дотроо ганцаараа сууж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад нөгөө хүүхэн дуудаад байрнуудын завсраар ороод дагуулж яваад баахан зодсон, өшиглөсөн гэж хэлсэн. Тэр үед Б.Мын уушиг өвдсөн байсан. Б.Мыг зодож байхад нь би залгаж таараад амьсгалж чадахгүй байна гэж хэлэхэд нь нөгөө хүүхэн “битгий жүжиглээд бай” гэж хэлээд дахин зодоод байсан гэсэн. ...” /хх 26-27/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1570 дугаар “Б.Мын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 11-12/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Б.М нь “... надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Мын үйлдлээр хохирогч Б.Мын биед хөнгөн хохирол учирсан болох нь хохирогч болон гэрчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдон тогтоогдсон байх бөгөөд нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээлэл байна.

Мөн шүүгдэгч Б.Мын хохирогчийг газарт унагааж чирээд хөлөөрөө баруун гар луу нь 2 удаа өшиглөж, нүүр хэсэгт баруун хөлийн өвдгөөрөө 2 удаа өвдөглөсөн үйлдэл нь хохирогч Б.Мд учирсан хөнгөн гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/836 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мын хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/836 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                       ШҮҮГЧ                                         Д.ОЧМАНДАХ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ