Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/880

 

 

 

 

         2023           8            31                                    2023/ДШМ/880

 

Б.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ,

яллагдагч Б.О-н өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/1304 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор У.Анхжаргалын бичсэн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.О-д холбогдох эрүүгийн 2302002820221 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.О-,

 

Яллагдагч Б.О нь Баянгол дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” нэртэй зочид буудлын *** тоотод 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “Метафитамин”-ын агууламжтай “мөс” гэх, 0,1408 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тул мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан. Гэтэл дээрх хуулийн заалтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Тодруулбал, хэргийн 6 дахь талд авагдсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “...ТТИ нэртэй зочид буудлын 801 тоотод мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хадгалж байж болзошгүй гэх мэдээлэл амаар ирүүлсэн. ...” гэж, 8 дахь талд авагдсан мөрдөгчийн тэмдэглэлд “...тус зочид буудлын 801 тоотод шалгалтын ажиллагаа явуулах үед Б.О нь өөрийн өмсөж явсан өмдний халааснаас цагаан өнгийн нунтаг зүйл газар шидсэн. ...” гэж, 12 дахь талд авагдсан нэгжлэг хийсэн тэмдэглэлд “...Б.О-г байлцуулан нэгжлэгийг явуулав. ...нэгжлэгээр тогтоогдсон нөхцөл байдал ...хувцасны шүүгээнд байх хувцаснууд эмэгтэй хүний хувцас байх ба цагаан өнгийн цүнх дотроос хуйлсан зуун төгрөг гарав. Тухайн шүүгээний урд газар эссэ чэйнж тамхины хайрцаг байсныг нээж үзэхэд 7 ширхэг тамхи байх ба жижиг гялгар ууттай цагаан өнгийн нунтаг бодис байсныг №1 гэж дугаарлан эд мөрийн баримтаар тооцож хураав, жинлэж үзэхэд 0,3 грамм заав. ...” гэж, 18 дахь талд авагдсан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд “...Б.О-ын биед үзлэг хийх явц байдлыг гэрэл зураг, дүрс бичлэгээр бэхжүүлэн авч байгааг мэдэгдэв. ...Хувцас эд зүйлд хийсэн үзлэг Б.О-оос “Танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн “эд зүйл байна уу” гэж асуухад “Миний биед ямар нэгэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байхгүй" гэснээр үзлэгийг түүний хувцас болон биед гараар тэмтрэх байдлаар нэг бүрчлэн явуулахад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй. Түүний гар утсанд үзлэгийг явуулахад хэрэгт ач холбогдолтой зүйлс илрээгүй болно. ...” гэж тусгасан. Мөн 32 дахь талд авагдсан гэрч Б.Ш-хийн “...зочид буудалд үйл ажиллагаа хариуцсан менежер хийгээд 1 жил болж байна. Б.О гэгч 2023 оны 2 дугаар сарын 25-ны үед манай зочид буудлын 8 давхарт байрлах 803 тоотод өөрийн найз охин гэж хүнийг дагуулан орж ирж байрласан. 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дүү нь гэх хүн хүрч ирээд төлбөрийг нь хийгээд гарсан. Үүнээс хойш 5 хоногийн дараа 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр манай 801 тоот өрөөнд Б.О гэгч орчихсон байж байсан. 801 тоотод А.Н гэж эмэгтэй 2023 оны 2 сараас эхлээд байрлаж байсан юм. Ингээд 801 тоотод очиж Б.О-той уулзах үед “Н гэдэг нь миний унтаж, хэвтэж явдаг хүүхэн байгаа юм, өнөөдөр ээж нь нас барсан ажил явдалтай гээд яваад өгсөн, харин намайг энэ өрөөнд өрөөний төлбөрийн оронд барьцаанд байгаад өгөөч гэж гуйсан юм” гэж хэлсэн. ...801 тоотод цагдаа нарын хамт орох үед Б.О өмсөж явсан өмдний халааснаас цагаан өнгийн тортой нунтаг зүйл гаргаад шидчихсэн. Энэ үед цагдаа нар Б.О-ыг бариад үзлэг хийгээд цагдаагийн хэлтэс рүү авч явсан. ...801 тоотод байсан 1 сая 200 мянган төгрөгийн үнэлгээтэй буйдан эвдэрч ашиглах боломжгүй болсон. Мөн тус тоотын үлдэгдэл төлбөр болох 1 сая 200 мянган төгрөгийн хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. ...” гэжээ. Дээрх байдлаас үзвэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэргийн халдлагын зүйл болох 0,3 грамм метамфетамин, 100-тын мөнгөн дэвсгэрт зэргийг хэзээ, хаана, яаж хадгалж байсан байдлын талаар зөрүүтэй нөхцөл бий болсон байх ба тухайн гэмт хэргийг үйлдэхэд бусад этгээдийн үйлдэл оролцоо бий эсэхийг бүрэн шалгаж тогтоох ажиллагааг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч мэдүүлэхдээ “...тухайн өдөр Н намайг 801 тоот өрөөнд дуудсан, Н надад жаахан юм байна, мөс гэж хэлээд гаргаж ирээд бид хоёр тэр мөсийг нь хэрэглээд дуусгасан, Намуун намайг буудалд үлдээгээд өөрөө ээжийн 49 хоногт явна гээд гараад явсан, тэгээд буцаж ирээгүй. ...” гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлгийн эх сурвалж тус буудлын менежер Б.Ш-хийн дээр өгсөн мэдүүлэг болон Н гэгчээс гэрчээр авсан мэдүүлэг, 801 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл зэргээр үгүйсгэгдээгүй, харин Н гэгч этгээд 801 тоот өрөөнд 2023 оны 2 сараас хойш байрлаж байсан, түүний хувцас байсан шүүгээнд байх цагаан өнгийн цүнх дотроос хуйлсан зуун төгрөг гарсан, шүүгээний урд газар байх тамхины хайрцаг дотроос жижиг гялгар ууттай 0.3 грамм цагаан өнгийн нунтаг бодис байсан үйл баримт тодорхой тогтоогджээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан шинжтэй байхаас гадна бусдад өгсөн буюу тухайн эм, бодисыг худалдах зорилгогүйгээр бусдад дамжуулсан, бэлэглэсэн, хэрэглүүлсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг. Иймээс тухайн хэргийн эд мөрийн баримт Б.О-н өмсөж явсан өмдний халааснаас шидсэн гэх цагаан өнгийн тортой нунтаг зүйл үү, 801 тоот өрөөний шүүгээний урд тамхины хайрцагт байсан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг бодис аль нь болохыг эргэлзээгүй тогтоох, тус эрүүгийн хэрэгт Н гэгчийн үйлдэл, оролцоо бий эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай гэх үндэслэлээр Б.О-д холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.О-д өмнө авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор У.Анхцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор У.Анхжаргал би, яллагдагч Б.О-д холбогдох эрүүгийн 2302002820221 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 237 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хянан хэлэлцээд 2023/ШЗ/1304 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн.

Шүүхийн тогтоолын “тодорхойлох" хэсэгт:

"...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул эс зөвшөөрч эсэргүүцэл бичлээ.

Нэг.Шүүгчийн захирамжийг 1, 2 дахь заалтын тухайд:

Тухайлбал хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэргийн халдлагын зүйл болох 0,3 грамм метамфетамин, 100-тын мөнгөн дэвсгэрт зэргийг хэзээ, хаана, яаж хадгалж байсан байдлын талаар зөрүүтэй нөхцөл бий болсон байх ба тухайн гэмт хэргийг үйлдэхэд бусад этгээдийн үйлдэл оролцоо бий эсэхийг бүрэн шалгаж тогтоох ажиллагааг хангалтгүй хэрэгжүүлсэн. ...Н гэгч этгээд 801 тоот өрөөнд 2023 оны 2 сараас хойш байрлаж байсан, түүний хувцас байсан шүүгээнд байх цагаан өнгийн цүнх дотроос хуйлсан зуун төгрөг гарсан, шүүгээний урд газар байх тамхины хайрцаг дотроос жижиг гялгар ууттай 0,3 грамм цагаан өнгийн нунтаг бодис байсан. ...Иймээс тухайн хэргийн эд мөрийн баримт Б.О-ын өмсөж явсан өмдний халааснаас шидсэн гэх цагаан өнгийн тортой нунтаг зүйл үү, 801 тоот өрөөний шүүгээний урд тамхины хайрцагт байсан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг бодис аль нь болохыг эргэлзээгүй тогтоох, тус эрүүгийн хэрэгт Намуун гэгчийн үйлдэл, оролцоо бий эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай гэжээ. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Б.О нь Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* зочид буудлын 801 өрөөнд байхдаа өөрийн дотуур өмдний халаасанд “бодис”-ыг хадгалж байсан. Тодруулбал, Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч А.Барсболд нь тус буудлын 6 давхар 602 тоотод мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл хэрэглэж байж болзошгүй гэх гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгах явцад тус буудлын ажилтан Б.Шижирмөнхөөс "801 тоотод сэжиг бүхий иргэн байна” гэсэн мэдээллийг өгч, түүний дагуу мөрдөгч 801 тоот өрөөг тус буудлын ажилтны хамт шалгахад Б.Оргил нь өрөөнд өмдний халааснаас ууттай зүйлийг гаргаж, шидсэн болох нь гэрч Б.Шижирмөнхийн мэдүүлэг болон мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тухайн ....бодисыг хадгалсан.... зэрэг үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, үйлдэгдсэн цаг хугацааг хөтөлбөргүй тогтоосон байхад шүүхээс мөрдөн байцаалтаар тогтоогдсон үйл баримтыг дахин шалгуулахаар буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгчийн захирамжийг 3 дахь заалтын тухайд, яллагдагч, түүний өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрүү, шүүлт тулгаж хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдлыг зохих журмын дагуу шалгаж, албан ёсоор хариу өгч шийдвэрлэвэл зохихыг тэмдэглэх шаардлагатай гэжээ. Яллагдагч, түүний өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрүү шүүлт тулгаж хэрэг хүлээлгэсэн талаар хүсэлтийг гаргасан боловч яллагдагч Б.О-д холбогдох эрүүгийн 2302002820221 дугаартай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь яллагдагч Б.О-д холбогдох эрүүгийн 2302002820221 дугаартай хэргийг шалгах ажиллагааны хүрээнд түүнд эрүү шүүлт тулгасан, энэ хэргийг хүлээлгэсэн талаар бичгийн нотлох баримт байхгүй, энэ талаар яллагдагч Б.О гомдол гаргаагүй, урьд нь түүнд 2020 онд цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд эрүү, шүүлт тулгасан гэх гомдлын агуулгатай адилаар мөрдөн шалгах ажиллагааг явуулахад мөн адил эрүү, шүүл тулгасан гэж үзэж хийсвэрлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод үл нийцнэ.

Нөгөөтэйгүүр яллагдагч Б.О-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг "прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлах, нотлох баримтаар тооцох саналыг гаргаагүй бөгөөд бусад мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтууд хууль ёсны дагуу явагдсан, энэ талаар яллагдагч Б.О-ын хувьд тодорхой санал гаргаагүй болно. Өөрөөр хэлбэл шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх боломж, эрх хэмжээ байсаар байхад шийдвэрлэхгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасанчлан хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж, тогтоосон, хавтас хэрэгт тусгагдсан баримтын хүрээнд яллагдагчийн гэм буруугүй асуудлыг шүүх бүрэн шийдвэрлэх боломжтой юм.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/1304 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан  прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...У.Анхцэцэг прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч Б.О-ын өмгөөлөгч Г.Цолмонгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Тодруулбал, прокурорын эсэргүүцэлд “0,1 болон 0,3 грамм бодисыг дотуур өмднөөсөө гаргаж шидсэн” гэж байна. Тийм зүйл байхгүй гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй. “******” гэдэг зочид буудлын 801 тоот өрөөнд хадгалсан үйлдэлтэй холбогдуулж тайлбар хэлэхэд Н гэх хүний цүнхнээс 100 төгрөгийн дэвсгэрт гарч ирсэн. Мөн Н-ны хувцасны шүүгээний урд талаас “Эссэ” гэх тамхины хайрцаг дотроос тамхи болон гялгар ууттай зүйл гарч ирсэн. Түүнийг шалгаж үзэхэд мансууруулах бодис байсан гэж хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд дурдсан. Цагдаа болон буудлын ресейпшн “Б.О гэх хүн халааснаасаа гаргаж шидсэн” гэж хэлдэг боловч энэ нь тогтоогдох боломжгүй. Учир нь, тухайн буудалд гүйцэтгэх ажиллагаа явуулж нэг болон түүнээс дээш хүнийг баривчилсан. Буудлын ресейпшн тухайн ажиллагаанд дэмжлэг үзүүлэн оролцсон. Мөн цагдаагийн албан хаагч тухайн ажиллагааг удирдаж явуулсан хэрнээ ийм байдлаар мэдүүлэг өгч болохгүй. Гэтэл хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэлээс үзэхэд өөр нөхцөл байдал тогтоогддог. Өмгөөлөгчийн зүгээс яагаад эрүүдэн шүүсэн гэж үзэж байна гэхээр яллагдагч Б.О “Н гэх хүн намайг дуудаж надад өгчихөөд гараад явсны араас цагдаа ороод ирсэн. Миний биед ямар нэгэн зүйл байгаагүй, би тэнд байгаагүй” гэж мэдүүлэг өгч байсан боловч яллагдагчаар татах тогтоол танилцуулахад “Би буруутай” гэж хэлж гарын үсэг зурсан. Миний үйлчлүүлэгчид яллагдагчаар татах тогтоол танилцуулахынхаа өмнө Хар тамхитай тэмцэх газрын 4 давхрын өрөөнд н.Тулга мөрдөгч цахилгаан бороохойныхоо цэнэгийг дуустал миний үйлчлүүлэгчийг цохиулж, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсан. Мөн прокурор өөрийн биеэр яллах дүгнэлтээ гардуулалгүй хэргийг шүүхэд шилжүүлэх өдрөө гардуулсан. Урьд нь хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөгч нар Б.О-ын машины цонхыг хагалах зэрэг үйлдлүүд гаргаж байсан. Тухайн үед Б.О Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргаж алба хаагч нарт сахилгын арга хэмжээ авсан гэж хэлсэн. Иймд миний үйлчлүүлэгчийг зодож шөнийн 22 цагт дуудаж гаргаж ирсэн үйлдлүүдийг шалгуулах хүсэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд бичсэн асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хангалттай цугларсан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн Б.О-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж 0,3 грамм метамфетамин, 100-тын мөнгөн дэвсгэрт зэргийг хэзээ, хаана, яаж хадгалж байсан, мөн тухайн гэмт хэргийг үйлдэхэд бусад этгээдийн үйлдэл оролцоо бий эсэхийг дахин шалгуулах шаардлагагүй талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Мөн шүүгчийн захирамжид заасан “...эрүүдэн шүүсэн гэх” асуудлын тухайд, хэрэгт авагдсан 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газар болон 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсаар Б.О-ын 2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн мөрдөгч А.Хүдэр-Эрдэнэ, Ц.Хишигбаяр нарт холбогдуулж гаргасан гомдлын хариуг өгсөн байх бөгөөд харин энэ хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүсэн гэх гомдлоо зохих байгууллагад нь гарган  шийдвэрлүүлэх боломжтой.

 

Иймд прокурор У.Анхцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/1304 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН