Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 1821000000052 дугаартай хэргийг 2018 оны 3 сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1989 оны 12 сарын 01-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 2-8 насны 3 хүүхдийн хамт амьдрах, ************** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, *******. регистрийн дугаартай, Ш  овогт *******.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 сарын 20-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн гаднах биеийн тамирын талбай дээр 5 дугаар ангийн сурагч 10 нас тай Х.Х-ийг зодож, биед нь гавлын зулай ясны цууралт, тархи доргилт, нүүрний болон толгойн үстэй хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Насанд хүрээгүй хохирогч Х.Х мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 сарын 20-ны өдрийн 12 цагийн орчимд сургуулийн гаднах биеийн тамирын талбай дээр ангийн найз Б-ын хамтаар гүйлтийн бэлтгэл хийж байхад гүйлтийн талбайн дотор талын ногоон талбай дээр 2 дугаар ангийн хүүхдүүд болох бүтэн нэрийг нь мэдэхгүй С болон өөр хоёр хүүхдийн хамтаар хоорондоо зодолдоод байхаар нь Б бид хоёр очиж салгасан юм. Тэр үед С-ын аав С нь сургуулийн хашаа даваад гүйж ирээд миний куртканээс зулгааж газарт унагахад нь би та намайг андуураад байна гэж хэлэхийн завдалгүй намайг алгадсан юм. Тэгээд би зодуулсныхаа дараа газраас босч гэр рүүгээ очиж өөрийн эмээ Энхцэцэгт болсон хэргийн талаар хэлж эмнэлэгт очиж үзүүлж анхны үзлэгийн тодорхойлолт авсан юм. Тэгээд хэд хоногийн дараа эмээ Э-ийн хамтаар Улаанбаатар хот руу явж тархины зураг авахуулаад ирсэн. Одоо харин намайг зодсон С нь эмчилгээний зардлыг бүрэн өгсөн. Тухайн үед иргэн С-аас ямар нэг согтууруулах ундааны зүйл үнэртэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

 Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний том хүү болох Х.Х нь 2017 оны 12 сарын 20-ны өдөр сургууль дээрээ хүнд зодуулсан талаар 2018 оны 01 сарын сүүлээр одоо өдөр хоногийг нь сайн санахгүй байна, өөрийн эмээ Т.Ж-ээс сонсож мэдсэн. Тухайн үед миний ээж болох Энхцэцэг надад хандан хэлэхдээ би зодсон хүнтэй уулзчихсан байгаа гэж хэлэхээр нь тоохгүй өнгөрөөсөн бөгөөд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан талаар ээжийн хамтран амьдрагч Ж.Ч-аас сонсож мэдсэн. Мөн манай ээж надад хэлэлгүй хүү Х.Х-ийг дагуулаад Улаанбаатар хот руу явж толгойны зураг авахуулсан байсан бөгөөд миний хувьд мэдэх зүйл бага байна. Надад гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа иргэн ******* нь эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан тул хүү Х.Х бид хоёрын зүгээс гаргах ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 161 тоот дүгнэлтэд: “1. Х.Х-ийн биед гавлын зулай ясны цууралт, тархи доргилт, нүүрний болон толгойн үстэй хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна“/хх-ийн 32-33/ гэжээ.

          - Насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 7/

  - Насанд хүрээгүй гэрч С.С-ын мэдүүлэг /хх-ийн 18-19/

  - Насанд хүрээгүй гэрч -ийн мэдүүлэг /хх-ийн 20-21/

  - Насанд хүрээгүй гэрч -ын мэдүүлэг /хх-ийн 22-23/

-Шүүгдэгч *******-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

     Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 сарын 20-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн гаднах биеийн тамирын талбай дээр 5 дугаар ангийн сурагч 10 нас 6 сар 28 хоногтой насанд хүрээгүй хохирогч Х.Х-ийг зодож, биед нь гавлын зулай ясны цууралт, тархи доргилт, нүүрний болон толгойн үстэй хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Миний хүү С.С-ыг Х  гэдэг 5 дугаар ангийн хүүхэд шилэн хүзүүнээс нь тэврээд уйлуулаад зогсож байхаар нь би араас нь очиж Х-ийг баруун хөлөөрөө хавсарч газарт унагаагаад чи яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гэж хэлээд баруун гараараа 2 удаа алгадаад хүүгээ дагуулаад гэр рүүгээ шууд явсан...“ гэж /хх-ийн 41-42/, түүнийг давхар нотолсон насанд хүрээгүй хохирогч Х.Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр үед С-ын аав С нь сургуулийн хашаа даваад гүйж ирээд миний куртканээс зулгааж газарт унагахад нь би та намайг андуураад байна гэж хэлэхийн завдалгүй намайг алгадсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, насанд хүрээгүй гэрч С.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 сарын 20-ны өдөр хичээлээ тараад ангийн найз Т болон нэрийг нь мэдэхгүй нэг хүүхдийн хамтаар гурвуулаа сургуулийн гаднах биеийн тамирын талбай дээр тоглож байгаад манай найз Т нь хамт тоглож байсан хүүхдийг тоглож байгаад өшиглөчихсөн чинь уйлчихсан, тэр үед талбай дээр тоглож байсан манай сургуулийн 5 дугаар ангийн 2 ах ирээд Т-г газарт унагаад намайг хүүхэд зодлоо гэж андуураад миний нуруу руу цохисон. Тэр үед миний аав С хаанаас ч юм гарч ирээд намайг өмөөрч миний нурууг цохисон ахыг хүүхэд зодлоо гээд нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, насанд хүрээгүй гэрч -ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би ангийн найз Х.Х-ийн хамтаар гүйлтийн бэлтгэл хийж байхад гүйлтийн талбайн дотор талын ногоон талбай дээр 2 дугаар ангийн хүүхдүүд хоорондоо зодолдож тоглоод байхаар нь Х бид хоёр очиж салгахад Х,  С гэх 2 дугаар ангийн хүүхдийг шилэн хүзүүнээс нь хүзүүдэж татаж байгаад уйлуулсан юм. Тэр үед С-ын аав нь хаанаас ч юм гарч ирээд хүүхдээ өмөөрч Х-ийг газарт унагаад босч байхад нь гараараа алгадаад намайг гэр рүүгээ харь гээд миний зүүн мөр рүү алгадаад хүүгээ дагуулаад ...явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 2 сарын 13-ны өдрийн 161 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

     Насанд хүрээгүй хохирогч Х.Х-ийн биед учирсан хөнгөн хохирол  нь шүүгдэгч *******-ийн хохирогчийг газарт унаган нүүр рүү гараараа цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч *******-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.    

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.  

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******-ийн ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Ш овогт *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийн цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******-ийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгосугай

 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР