Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 202/МА2021/00004

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2021          03           22                                       202/МА2021/0004                                           

 

 

 

П.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн 137/ШШ2021/00019 дүгээр шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: П овогт П-ийн О-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: П овогт Д-ийн Г,

 

Хариуцагч: Х овогт Б-ын Д,

 

Хариуцагч: Б овогт Д-ын Б нарт холбогдох,

 

Тээвэрлэлтийн гэрээний үүрэг, гэм хорын хохиролд барааны үнэ 2730000 төгрөг, замын зардал 134000 төгрөг, нийт 2860000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг;

 

Хариуцагч Б.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.О /цахимаар/, хариуцагч Д.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, хариуцагч Д.Г, хариуцагч Б.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч миний бие 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос 17 нэр төрлийн 2730000 төгрөгийн үнэ бүхий барааг худалдан авч, Замын-Үүд сумын 69-ийн жолооч Д.Б уг барааг Улаанбаатар хот руу хүргүүлэх каргоны ажилтан Б.Дт хүлээлгэн өгч, Б.Д нь 84-87 ДГА улсын дугаартай “Волво” маркийн машины жолооч Д.Г-д барааг хүлээлгэн өгч, ачуулсан бөгөөд Улаанбаатар хот руу ирж явах замдаа автомашины чиргүүлд гал гарч бараа шатаж надад 2,860,000 төгрөгийн хохирол учруулсан. Иймд хариуцагч Б.Д, Д.Г нараас барааны үнэ 2,730,000 төгрөг, барааны тээврийн зардал 134,000 төгрөг, нийт 2,860,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч П.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би машины жижиг гоёл чимэглэл, бусад хэрэглэлийг зардаг юм. Би 2018 оны 12 сарын 22-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын 2 дэлгүүр рүү утсаар ярьж, 1,866,000 төгрөгийн машины гоёл чимэглэл захисан юм. Ингээд Б руу утсаар ярьж нийт 7 хэсэг юм байгаа оруулж ирээд каргонд өгчих гэж хэлээд 134,000 төгрөг данс руу нь шилжүүлсэн юм. Ингээд 12 сарын 23-нд Б каргонд өгсөн байсан. Тэгээд 12 сарын 25-ны өдөр байх Монгол гэр гэсэн байхаа, каргоноос таны барааг ачиж явсан машин шатсан байна гэж хэлсэн, дараа нь Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч М над руу утсаар яриад ачаа чинь шатсан байна, ирээрэй гэж хэлсэн. Би Эрээнд байх 2 дэлгүүр рүү 2 удаагийн гүйлгээгээр нийт 1,866,000 төгрөг шилжүүлсэн, бараагаа утсаар ярьж захисан учраас надад падаан, баримт байхгүй. Ямар ч байсан барааг оруулж ирж каргонд өгсөн гэдгийг Б гэрчилж байгаа, мөн Дын хөтөлсөн тэмдэглэлийн дэвтэрт миний 7 хэсэг ачааг хүлээн авснаар тэмдэглэсэн байсан учраас цагдаагийн байгууллага болон Монгол гэр каргоноос над руу ярьсан. 1,866,000 төгрөгийг 3 удаа тасалж шилжүүлсэн нь шүүхэд өгсөн ХААН банкны хуулгаар нотлогдож байгаа. 2018 оны 12 сарын 28-нд шилжүүлсэн 687,360 төгрөг шилжүүлсэн нь бараагаа авахдаа 7 хоногийн дараа мөнгөө өгөхөөр тохирсон байснаа шилжүүлсэн. Би уг барааг монголд зарсан бол нийтдээ 2,730,000 төгрөг болох байсан учраас анх худалдан авсан дүнгээр биш олох байсан орлогоо нэмж нэхэмжилсэн. Ер нь бол цагдаа, шүүх гээд нааш, цаашаагаа их явсан шүү дээ. Иймд барааны үнэ 2,730,000 төгрөг, ачааны тээврийн хөлс 134,000 төгрөг, нийтдээ 2,860,00 төгрөгийг нэхэмжилж байна. Би шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа Д, Г нарт холбогдуулсан. Бийн хувьд гэрч гэж үзэж байгаа” гэжээ.

 

Хариуцагч Д.Г анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Дын каргоноос өөрийн эзэмшлийн 84-87 ДГА улсын дугаартай Волво маркийн машинаар ачаа ачаад 1 сар гаруй хугацаа болж байсан юм. Хамт ажиллах хөлсөө 1,700,000 төгрөгөөр тохирсон байсан. Д хүмүүсийн ачааг хүлээж аваад дэвтэрт тэмдэглээд машинд ачдаг, тэгээд би машинаа авч яваад хотод очоод ачааг тараах хүнд дэвтрийн хамт хүлээлгэн өгдөг байсан. 2018 оны 12 сарын 23-нд ачаагаа авч яваад Төв аймгийн нутагт Багахангай орчимд машин шатсан юм. ...Миний ачааны машинд гал гарсан нь тээвэрлэгч буюу жолоочийн буруутай үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн бүрэн бус ажиллагаа эвдрэл доголдол дутагдлаас болж гараагүй, харин бараа илгээгч талууд ... галын аюултай тэсэрч дэлбэрэх тусгай зориулалт, тусгай тээвэрлэлт шаардсан ... ачаануудыг огт хэлж тэмдэглүүлээгүй тээвэрлүүлснээс болж гал гарсан гэж үзэж байна. ... Би О гэдэг хүний ачаа бараа миний машинд ачигдсан байсан эсэхийг мэдэхгүй, тэр дэвтэрт ямар хүмүүсийн хэдэн ширхэг, ямар төрлийн бараа бичигдсэн талаар мэдэхгүй, хотод очоод л ачааг тараах хүн нь тараах байсан. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

 

Хариуцагч Б.Дын төлөөлөгч Н.Б анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хариуцагч Б.Д нь уг нэхэмжлэлийн хариуцагч биш. ... Доржготов нь Гтой тээвэрлэлтийн гэрээг бичгээр байгуулаагүй, амаар ярилцан тохирч Замын-Үүд боомтоор хилийн болон гаалийн байгууллагын хяналт шалгалт хийгдсэн ачаа барааг жолооч нараас хүлээн авч Гын машинд ачиж, хүлээлгэж, өгөх, Г нь тээвэрлэлтийн бүрэн бүтэн байдлыг хангаж, Улаанбаатар хүргэж өгөх ажлыг хийдэг байсан. Энэ үедээ хүмүүсийг ачаа бараа, утасны дугаарыг тэмдэглэсэн дэвтрийг Гд хүлээлгэн өгдөг байсан. 2018 оны 12 сарын 23-нд Гын жолоодож явсан машин шатсан байдаг бөгөөд Д нь тухайн ачаанд шатах бараа өгч явуулаагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог юм. Нэхэмжлэгч Оын хувьд 2,730,000 төгрөгийн ачаа бараа өгч явуулсан гэх боловч тухайн үед ийм ачаа барааг хүлээж авсан нь нотлогдохгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Гэтэл О нь яг 2,730,000 төгрөгийн бараа байснаа нотлоогүй. 1,866,000 төгрөг бараа авсан газраа шилжүүлсэн гэх боловч энэ нь ямар хүний данс болох нь тогтоогдохгүй байна. Мөн 3 удаа мөнгө шилжүүлж авсан гэх боловч эхний 2 шилжүүлэлт нь 12 сарын 22-нд байна. Нэг хэсэг мөнгийг сүүлд шилжүүлсэн. Энийг тодруулахаар зээлээр бараагаа худалдан авдаг уу гэхэд эхлээд үгүй гэж хариулсан, дараа нь дахиад асуухад 7 хоногийн дараа мөнгөө өгөхөөр бараа авсан байсан гэж 2 янзаар хариулж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлоогүй, мөн Г ачаа бараа бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Замын-Үүд сум, БНХАУ-ын Эрээн хотын хооронд ачаа бараа тээвэрлэдэг байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 22-нд П.Отай утсаар ярьж Эрээн хотоос Замын-Үүд сум хүртэл ачаа барааг нь тээвэрлэхээр тохиролцон, тээврийн хөлсөнд 134,000 төгрөгийг өөрийн данс руугаа шилжүүлэн авсан. Тухайн өдрөө нийт 7 ширхэг ачааг Замын-Үүд суманд оруулж ирээд Оын хэлснээр Дын каргонд хүлээлгэн өгөөд О-т хэлсэн. Ачааг каргонд өгснөөс хойш 5,6 хоногийн дараа эхнэрийн дүү рүү миний ачааг шатсан байна гэж каргоноос ярилаа гэж хэлсэн байсан. Би бол Эрээнээс Замын-Үүд сум хүртэл тээвэрлэж каргоны жолооч Д-т хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байсан. Хүргэх ёстой газраа каргоны жолоочид нь хүлээлгэн өгөөд тэр даруйд эзэнд нь мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй.” гэжээ.

 

Хариуцагч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б-ийг хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Хуульд зааснаар хариуцагчийг нэхэмжлэгч тодорхойлдог. Оын хувьд Бийг анхнаасаа хариуцагчаар татаагүй. Б нь О-ын 7 ширхэг ачааг Эрээн хотоос тээвэрлэж орж ирсэн, О-ын хэлсний дагуу каргонд хүлээлгэн өгсөн, 134,000 авсан байдаг, энийг гэрчийнхээ үүднээс нотолсон байдаг. Тэгэхээр О нь Б руу зардал шилжүүлснээр хариуцагч болоод байгаа юм уу, Б ямар үүрэг гүйцэтгэсэн, ямар үүргийг гүйцэтгээгүй гэдгийг тодорхойлоогүй, Б-оос болж О-т хохирол учраагүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 380 дугаар зүйлийн 380.1, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагч Б.Д, хариуцагч Д.Г нараас барааны үнэ 1,865,000 төгрөг, мөн замын зардалд төлсөн 134,000 төгрөг, нийт 1,999,810 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч П.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 860,190 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г, Б.Д нараас 46,947 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг дурдаж,

 

Хариуцагч Б.Д, Д.Г нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,

           

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч П.О нь ачаа бараа худалдан авсан газраа БНХАУ-ын бараа бүтээгдэхүүн борлуулдаг Хятад улсын иргэнээс худалдаж авсан, мөн автомашины гоёл чимэглэлийг 2018 оны 07 дугаар сараас эхлэн эрхэлж байгаа, бараа бүтээгдэхүүнийг Хятад улсын иргэнээс зээлээр авч байгаагүй тухайгаа, мөн ачаа, бараа худалдан авч төлбөрийг шилжүүлж буй Хаан банкны 5377031962 тоот данс нь Монгол улсын иргэний нэр дээр байдаг данс болохыг шүүх хуралдаан дээр мэдүүлдэг. Дээрх дансаар дамжиж бараа бүтээгдэхүүн худалдан авсан дэлгүүрийн Хятад эзэнд барааны мөнгө очсон болохыг нотолсон нотлох баримт, мөн барааны төлбөрийг хүлээн авч байгаа Хаан банкны 5377031962 тоот дансны эзэн мөнгө авч Хятад дэлгүүрийн эзэнд өгдөг болохыг тус тус нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй. Ганцхан хариуцагч Д.Б-гийн Хятад дэлгүүр дээрээс 7 хайрцагтай барааг очиж авсан гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгчид учир хохирлыг банкны хуулгаар тогтоож дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч П.О-ын 1,999,810 төгрөгөөр худалдан авсан ачаа бараа Д.Г-ын тээврийн хэрэгсэлд ачигдаж яваад шатсан гэдэг нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа юм. Үнэхээр ачаа бараа нь Д.Г-ын тээврийн хэрэгсэлд ачигдаж яваад шатсан бол нэхэмжлэгчид хүлээж аваагүй барааны эрэлт байгаа учир дахин бараа захиалан авч 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр барааны төлбөрийг төлсөн байхыг үгүйсгэхгүй юм. Гэтэл нэхэмжлэгчийн хэргийн материал шинжлэн судлахаас өмнө мэдүүлсэн ачаа барааг зээлээр авч байгаагүй гэсэн мэдүүлгийг үнэлэлгүй, хэргийн материал шинжлэн судалсны дараа хариулсан “төлбөрийг 7 хоногийн дараа төлөхөөр тохирч бараа авсан” гэж мэдүүлгээ өөрчлөн мэдүүлж байгааг үнэлж 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн 637,360 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэж чадаагүй болохыг харуулж байна.

 

Нэхэмжлэгч П.О, хариуцагч Д.Б нарын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, Д.Б нь тээвэрлэлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч хавтаст хэргийн 55-57 хуудсанд авагдсан хариуцагч Д.Б-ийн гэрчээр өгсөн “тээврийн хөлс гэж шилжүүлсэн 134,000 төгрөг нь Эрээнээс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийн хөлс” гэсэн мэдүүлгээр Д.Б-ийн тээвэрлэлтийн үүрэг ачаа барааг Б.Д-т хүлээлгэж өгснөөр дуусгавар болоогүй болохыг харуулж байна.

 

Хариуцагч Б.Д, Д.Г нар нь нэхэмжлэгч П.О-тай эрх зүйн харилцаанд ороогүй боловч түүний ачаа, барааг Д.Б-оос хүлээн авч үрэгдүүлсэн нөхцөл байдал нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар үүрэг үүссэн байна гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан Онцгой байдлын газрын, гал түймрийн улсын хяналтын байцаагч А.Б-ын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06/02 дугаар шинжээчийн дүгнэлт, шинжээч А.Б-ын гэрчийн мэдүүлэг, Гамшиг судлалын хүрээлэн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 9/07 дугаар шинжээчийн дүгнэлт, Онцгой байдлын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргээр хариуцагч Д.Г-ын жолоодон явсан тээврийн хэрэгслийн чиргүүлийн дугуй нь ачаа тээвэрлэх явцад чиргүүлийн модон тавцанд шүргэх үрэлт үүсгэсэн дулааны үйлчлэл нь модон материалын авалцан асах температурт хүрч гал түймэр гарсан байна гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үнэлээгүй. Дээрх маргаж буй үйл явдал нь хэний буруутай үйлдлээс болж үүссэн болохыг дүгнэлгүй хариуцагч Б.Д-оос гэм хор учруулсан хариуцлагыг Д.Г-той адилтган үзэж нэхэмжлэлийн шаардлагын 1,999,810 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр болж чадсангүй.

 

2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Д.Г-ын 84-78 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачигдсан ачаа бараа хариуцагч Д.Г тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, гал гарч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж чадаагүйгээс гал гарч нэхэмжлэгч П.О-ыг хохироосон. Тээврийн хэрэгслийн чиргүүл шатсан нөхцөл байдлыг удаа дараа шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна.” гэж заасан байх тул тээврийн хэрэгслийн жолооч буюу хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч П.О-т учирсан хохирлыг бүрэн хариуцан төлөх ёстой. Иймд нэхэмжлэгч П.О-ын нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Д-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Дорноговь аймгийн Замын-үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 137/ШШ2021/00019 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Нэхэмжлэгч П.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ийн Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Яагаад гэвэл Замын-Үүд сумын Сум дундын шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан судалж хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэл бүхий эргэлзээгүй дүгнэлт хийж хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь хариуцагчийн эрх, үүргийг зөрчөөгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байгаа. Хариуцагч Д.Б миний байнгын ачдаг барааг Эрээн хотоос бүрэн бүтэн, тоо ширхгээр нь хүлээн авч хариуцагч Б.Д-т хүлээлгэн өгсөн нь хэрэгт байгаа мэдүүлгээр нотлогдсон байдаг. Мөн Хаан банкны 5377011962 гэсэн Монгол иргэний данс байна гэдэг нь Эрээн хотод наймаа хийдэг бүх хүмүүс Хятад дансандаа мөнгө хүлээж авдаггүй. Тэд Эрээн хотод байрладаг бэлэн мөнгөний ченжүүдийн дансаар дамжуулан мөнгөө авдаг. Ингэхдээ бидэнд шилжүүлэх бололцоог өгдөг. Иймд хариуцагч Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...

 

Хариуцагч Д.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Б.Д нь миний машинд ачаа ачдаг. Би түүнийг нь аваад Улаанбаатар хот руу явдаг. Гэхдээ нэхэмжлэгч П.О-ын ачаа тухайн үед миний машинд байсан уу, байгаагүй юу гэдгийг би мэддэггүй юм. Надад утасны дугаар болон хэдэн ширхэг бараа гэсэн тэмдэглэгээ хийсэн дэвтэр өгдөг, түүнийг нь би Улаанбаатарт хүргэж ирснээр хариуцагч Б.Д-ын ачааг нь тараадаг хүнд хүлээлгэж өгдөг. Тиймээс би нэхэмжлэгч П.О-ын ачааг миний машинд байсан эсэхийг мэдэхгүй. Мөн галын шинжээчийн дүгнэлттэй огт санал нийлэхгүй байна. Учир нь машины дугуй нь шалны тавцантай үрэлт үүссэнээр цөмрөөд, шатсан гэдэг. Гэтэл ёроол нь цоороод, цөмөрчихсөн байхад доошоо юу ч гараагүй, зам дээр ямар ч мөр гараагүй, 10 минутын өмнө Багахангайн постоор дамжин өнгөрсөн. Тухайн үеийн камерын бичлэгийг шүүж үзэх гэтэл Өвөл байсан тул камер нь хөлдөөд ажиллаагүй. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан  Б гэх цагдаа харсан байдаг. Багахангайгаас 10 минут явахад шал цөмрөөд,  цоорсон тохиолдолд хөө, үнс гэх мэт ямар нэгэн зүйл унах байсан болов уу гэж бодож байна. Галын шинжээчид галыг хамт унтраалцсан гэрчийн мэдүүлгийг ойшоож үзээгүй байсан. Тэр хүн дугуйн дор эвүүр тавиад чиргүүлийг толгойноос нь салгасан. Тэгэхэд ачааны арын дунд хэсгээс гал гарч байсан. Дугуйн доор эвүүр тавихад шал цөмөрсөн бол цог юм уу ямарваа нэгэн юм унах байсан...” гэв.

 

Хариуцагч Д.Гантогтохын өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Б.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бийн гаргасан гомдолтой уншиж танилцсан. Энэ дээр санал нийлж байгаа зүйл нь анхан шатны шүүхээс нэхэмжлэгч П.Оын хайрцагтай барааг 1 865 810 төгрөгийн үнэтэй бараа байна гэж тогтоосон. Энэ нь банкны гүйлгээ хийсэн шилжүүлгээр үндэслэлгүй болсон. Хариуцагч Д.Гын өмгөөлөгчийн хувьд энэ нэр төрлийн бараа нь ийм үнэтэй  байсан гэдгийг нэхэмжлэгч П.О нотолж чадаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 380 дүгээр зүйлд заасны дагуу тээвэрлэлтийн гэрээг хийсэн гэж үзсэн. Өмгөөлөгчийн хувьд Иргэний хуулийн 380 дүгээр зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээ нь нэхэмжлэгч П.О болон хариуцагч Б.Д, Д.Б нарын хооронд үүссэн байна. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт  зааснаар “тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ “ гэсэн байна. Хэрэв тээвэрлэлтийн гэрээ хийгдсэн гэж үзэх юм бол хариуцагч Б.Д, Д.Г хоёрын хооронд гэрээ байгуулагдсан байх үндэслэлтэй. Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч П.Отгонбаяр, хариуцагч Б.Д нарын хооронд байгуулсан тээвэрлэлтийн гэрээний хариуцагч биш гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч П.О болон хариуцагч Д.Бийн өмнө Д.Г үүрэг хүлээгээгүй байна гэж өмгөөлөгч үзэж байна. Хариуцагч Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь дамжуулан гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэж байна. Би дамжуулан гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 396 дугаар зүйл заалтыг  ойлгомжтой хэлбэрээр тайлбарлавал Чойр хүртэл нэг нь тээвэрлээд, Чойроос цааш нөгөө нь дагалдах ачааг аваад Улаанбаатар хот орж байгаа, тухайн тээвэрлэх үйл явцад хоёр тээвэрлэгч оролцохыг хэлнэ. Мөн нэхэмжлэгч П.О нь өөрөө бараа бүтээгдэхүүнээ нотлоод, бараа бүтээгдэхүүн нь үрэгдсэн, мөн хариуцагч Б.Д, Д.Б нарын хооронд байгуулсан тээвэрлэлтийн гэрээний хариуцагч нь тодорхой энэ хүн байна гээд шийдэх юм бол цаашлаад гэм хорын асуудал, тээвэрлэлтийн гэрээг яривал хариуцагч Б.Д, Д.Г нарын хооронд яригдах асуудал юм. Хэнд гэм хор учруулсан бэ гэхээр хариуцагч Б.Доржготов нь нэхэмжлэгч П.О-т гэм хор учруулсан юм уу, эсвэл хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Б.Д-т гэм хор учруулсан юм уу гэдэг асуудал тусдаа шийдэгдэх юм. Тэгэхээр нэхэмжлэгч П.О-ын нэхэмжлэлийн хариуцагч нь Д.Г биш гэж үзэж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч П.О нь хариуцагч Д.Г, Б.Д нарт холбогдуулан гэм хорын хохиролд нийт 2860000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч хариуцагч Д.Г анхан шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “...автомашинд гал гарсан нь тээвэрлэгч буюу жолоочийн буруутай үйл ажиллагаа болон тээврийн хэрэгслийн бүрэн бус ажиллагаа эвдрэл доголдол дутагдлаас болж гараагүй ... илгээгч тал тэсэрч дэлбэрэх тусгай зориулалт тусгай тээвэрлэлт шаардсан ... ачааг хэлж тэмдэглүүлээгүйгээс болж гал гарсан...” гэж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... миний машинд ачаа байсан эсэхийг яг сайн мэдэхгүй байна...” гэж, хариуцагч Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б анхан шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “... хариуцагч Б.Д нь ... жинхэнэ хариуцагч биш ... “ гэж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Б.Д бүрэн бүтэн ачааг Д.Г-д хүлээлгэж өгсөн учраас тээвэрлэх явцад гэмтээсэн, шатаасан тохиолдолд жолооч хариуцна. ...7 боодол, 17 нэр төрлийн бараа Г-ын тээврийн хэрэгсэлд ... ачигдсан үгүйг  мэдэхгүй, ... нэхэмжлэгч 2864000 төгрөгөөр хохирсон гэдгээ нотлоогүй ... “ гэж тус тус маргажээ.

 

            Харин анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 137/ШТ2020/00010 дугаартай шүүхийн тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Батзоригийг хамтран хариуцагчаар татан оролцуулж, хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “ ... хүргэх ёстой каргоны жолоочид нь хүлээлгэн өгөөд тэр даруй эзэнд нь мэдэгдсэн, нэхэмжлэгч надаас мөнгө төгрөг нэхээгүй ...” гэж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... нэхэмжлэгч өөрөө Д.Б-т холбогдуулж ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй, ... шүүх санаачилгаараа хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл байхгүй. ...” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 380 дугаар зүйлийн 380.1, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг тус тус хэрэглэж,  хариуцагч Б.Д, хариуцагч Д.Г нараас барааны үнэ 1865000 төгрөг, мөн замын зардалд төлсөн 134000 төгрөг, нийт 1999810 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч П.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 860190 төгрөгийг болон хариуцагч Д.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Харин хариуцагч Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...нэхэмжлэгчид учирсан хохирлыг банкны хуулгаар тогтоож дүгнэсэн нь үндэслэлгүй, ... 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шилжүүлсэн 637360 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэж чадаагүй, ... маргаж буй үйл явдал  хэний буруутай үйлдлээс болж үүссэн болохыг дүгнэлгүй хариуцагч Б.Д-оос гэм хор учруулсан хариуцлагыг Д.Г-той адилтган үзэж ... хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй, ... тээврийн хэрэгслийн жолооч буюу хариуцагч Д.Г учирсан хохирлыг бүрэн хариуцан төлөх ёстой ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байгааг анхаараагүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч П.О-ын БНХАУ-ын Эрээн хотоос худалдаж авсан барааг хариуцагч Д.Б БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл тээвэрлэн авчирч Улаанбаатар хот руу хүргүүлэхээр хариуцагч Б.Д-т хүлээлгэн өгч, Б.Д нь ачааг хүлээн авч хариуцагч Д.Г-ын эзэмшлийн 84-87 ДГА улсын дугаартай Волво загварын ачааны автомашинд ачааг ачиж, тээвэрлүүлэхээр явуулсан, улмаар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хайрхан зөрлөг” гэх газар Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд ачааг тээвэрлэж явсан 84-87 ДГА улсын дугаартай Волво загварын ачааны автомашин шатсаны улмаас нэхэмжлэгч П.О-ын эд хөрөнгө устаж үгүй болсон, энэхүү асуудалд Төв аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлт явуулсан боловч гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухай үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

Харин талууд гэм буруугийн асуудлаар маргасан байх ба дээрх үйл баримтаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч П.О-ын эд хөрөнгө нь тухайн ачааг тээвэрлэн явсан тээврийн хэрэгсэлд гал гарсны улмаас шатаж устаж үгүй болсон, хэрэгт авагдсан Төв аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолоор томилогдсон шинжээчийн дүгнэлт /хх-105/-ээр “... уг гал түймэр автомашины дугуй модон тэвшинд шүргэж халалт өгсний улмаас гал гарсан ...” гэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор томилогдсон шинжээчийн дүгнэлт /хх-107/-ээр “...тээврийн хэрэгслийн чиргүүлийн дугуй нь ачаа тээвэрлэх явцад чиргүүлийн модон тавцанд шүргэж үрэлт үүсгэсэн дулааны үйлчлэл нь модон материалын авалцан асах температурт хүрч гал түймэр гарсан...” гэж  тус тус гал гарсан шалтгааныг тогтоожээ.

 

Энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба өөрөөр хэлбэл учирсан хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдлээс болсон буюу үйлдэл, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх нь гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээлгэх үндэслэл болно.

 

Тодруулбал нэхэмжлэгч П.О-ын эд хөрөнгө устаж үгүй болсон үйлдэлд буюу ачааг тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэлд гал гарч шатсан явдалд хариуцагч нар  гэм буруутай нь тогтоогдсон нөхцөлд гэм буруугийн хэр хэмжээгээр хариуцлага хүлээж хохирлыг нөхөн төлөх үүрэг үүснэ.

 

            Нэхэмжлэгч хариуцагчаар хэд хэдэн этгээдийг заасан ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т зааснаар гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь гэм хорыг хамтран хариуцах хэдий ч гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэж гэм хор учруулсны хариуцлагыг хүлээлгэх учиртай.

 

Ийнхүү гэм буруугийн хэр хэмжээг тогтоохын тулд зохигчдын оролцсон эрх зүйн харилцаа буюу тэдний хооронд байгуулагдсан гэрээ болон хуульд заасан үүрэг хариуцлагыг  тодорхойлох зайлшгүй шаардлагатай ба үүнийг зөв тодорхойлсноор тэдгээрийн хууль болон гэрээгээр хүлээх үүрэг тодорхойлогдож, энэ нь гэм хор учруулахад оролцсон гэм буруугийн хэр хэмжээг  тодорхойлоход ач холбогдолтой гэж үзнэ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч П.Отгонбаяр БНХАУ-ын иргэнд бараа захиалсныг  хариуцагч Д.Б БНХАУ-ын Эрээн хотоос тээвэрлэн авчирч хариуцагч Б.Д-т ачааг хүлээлгэн өгсөн, уг ачааг Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хариуцагч Б.Д хариуцан тухайн тээврийн хэрэгсэлд ачсан, ачаа ачсан автомашиныг хариуцагч Д.Г жолоодон явсан байх ба  энэхүү үйл баримтыг анхан шатны шүүх хариуцагч Д.Г, хариуцагч Б.Д нарын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн бөгөөд энэ тохиолдолд хуулийн 380 дугаар зүйлийн 380.2-т “... ачаа тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогдоно” гэжээ.

 

Харин нэхэмжлэгчийн хувьд хариуцагч Б.Д, хариуцагч Д.Г нартай гэрээний харилцаанд ороогүй, тэдэнтэй ямар нэг хэлэлцээ тохиролцоо хийгээгүй боловч тэрээр Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.1-д заасан илгээмжийн гэрээгээр илгээмжээ хүлээн аваагүй, илгээмжийг хүлээн авах боломжгүй болсон байх ба энэ тохиолдолд Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.5-д зааснаар мөн илгээгчийн эрх, үүргийг тээвэрлэлтийн дүрмээр тодорхойлно гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Г, хариуцагч Б.Д нар нь бие биенийхээ өмнө тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн хариуцлага хүлээх, харин тэдгээр нь нэхэмжлэгч П.О-ын хувьд тээвэрлэгч, илгээгчийн хариуцлага хүлээхээр тэдний эрх зүйн харилцааг тодорхойлж болохоор байна.  

 

Улмаар Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д тээвэрлэгчийн хариуцлагыг “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна” гэж, харин хуулийн 393 дугаар зүйлийн 393.4, 393.6, 393.8-д тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл, нөхцлийг зохицуулжээ.

 

Мөн Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.3-т “... тээврийн хэрэгслийн жолооч ... ын үйл ажиллагааны дутагдал,тээврийн хэрэгслийн бүрэн бус ажиллагаа, эвдрэл, эд материалын доголдол, дутагдал зэргээс ... хохирол учирсан нь тээвэрлэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заажээ.

 

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 201 дүгээр тушаалаар /ЗТХС-ийн 2020 оны А/24 дүгээр тушаалаар хүчингүй болсон/ батлагдсан “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.4, 5.5, 5.6, 5.7-д ачаа тээвэрлэлтийн явцад тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийг хариуцлага, хүлээх үүргийг тодорхойлжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх дээрх хуульд заасан үндэслэл, нөхцөлд дүгнэлт хийлгүйгээр буюу гэм буруугийн хэр хэмжээг тогтоолгүйгээр хариуцагч Д.Г, Б.Д нарт гэм хор учруулснаас үүсэх хариуцлагыг хувь тэнцүүлэн хүлээлгэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3-т нийцээгүй байна.

 

            Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд ачаа ачиж явсан тээврийн хэрэгсэлд гал гарснаас нэхэмжлэгчийн ачаа устаж үгүй болсон, энэ нь  тээврийн хэрэгслийн чиргүүлийн дугуй чиргүүлийн модон тавцанд шүргэж үрэлт үүсгэсэн дулааны үйлчлэл нь гал түймэр гарсан шалтгаан болсон ба энэхүү нөхцөл байдал юунаас болсон гэдэг нь тогтоогдоогүй нөхцөлд гэм буруугийн хэр хэмжээний талаар дүгнэлт хийх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Тодруулбал автомашины дугуй модон тавцан тэвшинд шүргэж үрэлт үүсэх нөхцөл юунаас болсон байх магадлалтайг тогтоосноор тээвэрлэгч, тээвэрлүүлэгч хууль болон дүрэмд заасан үүргээ хэрхэн биелүүлснийг дүгнэх, улмаар гэм бурууг тогтоох боломжтой болно гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл автомашины дугуй модон тавцан тэвшинд шүргэж үрэлт үүсэх нөхцөл нь жолооч тухайлбал дүрмийн 5.4-т заасан тээвэрлэгч ачааны шинж чанар, овор хэмжээ, тээвэрлэлтийн нөхцөл, тээвэрлэлтэд тавих шаардлага, тоо хэмжээ зэргээс хамааруулж тухайн төрөл ангиллын ачаанд тохирсон хөдлөх бүрэлдэхүүний зориулалт, төрлийг сонгож тээвэрлэлтийг гүйцэтгэсэн эсэх буюу түүний тээврийн хэрэгслийн эд ангийн эвдрэл гэмтэл, элэгдлээс үүссэн эсэх, эсхүл түүний тээврийн хэрэгслийг жолоодох ур чадвар, туршлага, хариуцлагаас шалтгаалсан эсэх, жингийн зөвшөөрөгдөх хэмжээ хэтэрсэн эсэх,

 

харин тээвэрлүүлэгчийн хувьд дүрмийн 5.7.4-т заасан ачааг ачихдаа сайтар бэхлэх, задгай ачаа тээвэрлэхэд унаж, гээгдэхээс хамгаалсан бүтээлэг хэрэглэх, мөн хөдөлгөөний аюулгүй байдал болон ачааны бүрэн бүтэн байдалд нөлөөлөхгүй, авто тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учруулахгүй байх шаардлагыг хангасан эсэх буюу ачааг ачихдаа жин  хэмжээг баримталсан эсэх, зөв байрлуулж ачсан эсэх, ачаа ачсан байдал нь тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учруулахгүй байж чадахаар байсан эсэх, гал гарахад ачааны нэр төрөл шалтгаалсан эсэх, энэ тохиолдолд ачааны нэр төрлийн талаар жолоочид мэдэгдсэн эсэх зэрэг гал гарахад нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоохгүйгээр тэдний гэм буруугийн хэр хэмжээг тодорхойлох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн  хэрэгт авагдсан гал гарсан шалтгааны талаарх 2 удаагийн шинжээчийн дүгнэлтэд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан фото зургийг үндэслэсэн атал тухайн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх” тухай нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй.

 

Нэхэмжлэгч П.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар Д.Г, Б.Д нарыг зааж, тэдэнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байхад анхан шатны шүүх өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Б-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчсөн буюу хамтран хариуцагчаар оролцуулах эсэх асуудлыг шүүх зөвхөн нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэдэг болохыг анхаараагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг зөрчсөн.

 

Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд хуудсыг дугаарласнаас үзэхэд тэмдэглэлийн 19 дүгээр хуудас хэрэгт хавсаргагдаагүйгээс шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт бүрэн дүүрэн тэмдэглэлд тусгагдаагүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан шүүх хуралдааны тэмдэглэл бичих журамд нийцээгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.1-д заасан “шүүх ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй...”  үндэслэл тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хариуцагч Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ийн “... хариуцагч Б.Д-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ... шийдвэрт өөрчлөлт оруулах...” агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 137/ШШ2021/00019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ийн давж заалдсан гомдол гарахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

 

                                                     ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ