Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 305/ШШ2025/00102

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: ***** аймгийн ***** сумын *******-н нэхэмжлэлтэй

хариуцагч: ***** аймгийн ***** сумын **** оршин суух **** овгийн Б.М-д холбогдох

5,163,600 (таван сая нэг зуун жаран гурван мянга зургаан зуун) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ***** аймгийн ****** сумын ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус сумын *******, аймгийн Төрийн аудитын газрын 2023 оны 02 сарын 25-ны өдрийн 02/74 дугаар актаар иргэн Б.М-д сумын Засаг даргын орлогчийн сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж 5,163,600 (таван сая нэг зуун жаран гурван мянга зургаан зуун) төгрөгийг үндэслэлгүй олгосон хэмээн акт тавигдсан. Иргэн Б.М-д актын төлбөрийн талаар албан ёсоор танилцуулж, төлбөрийг барагдуулаагүй учир Төрийн сангийн ******* тоот дансанд төвлөрүүлж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ***** аймгийн ***** сумын *******-н дарга Н.Б-тай иргэн Б.М нар нь төрийн аудитын газраас тавигдсан актын дагуу ажлаас чөлөөлөгдсөн тэтгэмж болох 5,163,600 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. ***** аймгийн ***** сумын *******-н нэхэмжлэлтэй, Б.М-д холбогдох 5,163,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

2. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн “... ***** аймгийн ***** сумын *******-н дарга Н.Б-тай иргэн Б.М нар нь төрийн аудитын газраас тавигдсан актын дагуу ажлаас чөлөөлөгдсөн тэтгэмж болох 5,163,600 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов …” гэх эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрэх эрхтэй бөгөөд дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрснйг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 5,163,600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 97,568 төгрөгийн тал хувь 48,784 төгрөгийг хариуцагч Б.М-с гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. ***** аймгийн ***** сумын *******-н нэхэмжлэлтэй, Б.М-д холбогдох 5,163,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Б.М нь 5,163,600 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 5,163,600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 97,568 төгрөгийн тал хувь 48,784 төгрөгийг хариуцагч Б.М-с гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА