Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 305/ШШ2025/00111

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: ******* аймгийн ****** газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********** тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Х” ХХК-нд холбогдох,

Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 121,381,098.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 121,381,098.46 төгрөг гаргуулах тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Х ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 32 дугаар зүйлийн 32.2.1, 32.2.2 дахь хэсгийг зөрчиж, нийгмийн даатгалын байцаагчийн зүгээс хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд шимтгэлийн өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьж, нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл хүргүүлж хуулийн хүрээнд ажиллаж ирсэн. Тус компани нь Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, улсын байцаагчийн албан шаардлагыг заасан хугацаанд барагдуулаагүй, хариу ирүүлээгүй зэрэг үйлдлийг удаа дараа гаргаж хуулийг хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрсэн. “Х” ХХК-иас Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 121,381,098.46 төгрөгийн төлбөрийг гаргуулж нийгмийн даатгалын санд төлүүлэх гэжээ.

 

3. Хариуцагч “Х” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ********* аймгийн ******** газрын нэхэмжилсэн дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 121,381,098.46 төгрөгийг доорхи хуваарийн дагуу төлөх саналтай байна. 2025 оны 01 сард 20,000,000 төгрөг, 2025 оны 02 сард 20,000,000 төгрөг, 2025 оны 03 сард 20,000,000 төгрөг, 2025 оны 04 сард 20,000,000 төгрөг, 2025 оны 05 сард 20,000,000 төгрөг, 2025 оны 06 сард 21,381,098.46 төгрөг. Иймд ******** аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. ******** аймгийн ********* газар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу “Х” ХХК-тай холбоотой нийгмийн даатгалын шимтгэл 121,381,098.46 /нэг зуун хорин нэгэн сая гурван зуун наян нэгэн мянга ерэн найман төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагчаас төлбөрийг барагдуулах график гаргасныг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.********* аймгийн ********* газрын нэхэмжлэлтэй, “Х” ХХК-нд холбогдох дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 121,381,098.46 /нэг зуун хорин нэгэн сая гурван зуун наян нэгэн мянга ерэн найман төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Х” ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/25 дугаартай албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгосон байна.

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч нь дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 121,381,098.46 төгрөгийг 2025 оны 01 сард 20,000,000 төгрөг, 2025 оны 02 сард 20,000,000 төгрөг, 2025 оны 03 сард 20,000,000 төгрөг, 2025 оны 04 сард 20,000,000 төгрөг, 2025 оны 05 сард 20,000,000 төгрөг, 2025 оны 06 сард 21,381,098.46 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч ******* аймгийн ****** газар нь дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хуваарийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг ирүүлж, харилцан тохиролцож эвлэрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн боловч төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 121,381,098.46 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 764,855 төгрөгийн тал хувь 382,427.5 төгрөгийг хариуцагч “Х” ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.******* аймгийн ********* газрын нэхэмжлэлтэй, “Х” ХХК-нд холбогдох дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 121,381,098.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 2025 оны 01 сард 20,000,000 төгрөг, 2025 оны 02 сард 20,000,000 төгрөг, 2025 оны 03 сард 20,000,000 төгрөг, 2025 оны 04 сард 20,000,000 төгрөг, 2025 оны 05 сард 20,000,000 төгрөг, 2025 оны 06 сард 21,381,098.46 төгрөгийг тус тус хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 121,381,098.46 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 764,855 төгрөгийн тал хувь 382,427.5 төгрөгийг хариуцагч “Х” ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА