Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/848

 

 

 

 

 

 

       2023             08            22                                      2023/ДШМ/848

                                                       

 

Д.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Хонгорзул,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/561 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Энхбаатарын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2305000000749 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Д.Э-,

 

          Нийслэлийн шүүхийн 1985 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 192 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн б-д зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлсэн гэх,

 

            Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 04өөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хороо, **** хороолол, ** дугаар байрны ** тоотод амь хохирогч Б.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний цээжин тус газарт 1 удаа, зүүн гуянд 1 удаа, зүүн шилбэний ар хэсэгт 1 удаа, нийт 3 удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

           

            Баянголын дүүргийн прокурорын газраас: Д.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Э-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 84 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Д.Э-аас 6.045.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-т олгож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.

             Шүүгдэгч Д.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар зүйлчлэгдэн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн анхан шатны шүүхээр орж нээлттэй хорих ангид 9 жилийн хорих ял авсан. Би хэрэг үйлдэх үедээ найз Б-г шууд алъя гэсэн санаагүй байсан. Миний хийсэн хэргийн улмаас найз минь цус алдаж нас барсан. Би энэ хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Хийсэн хэргээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байна. Би урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд ижил  овог, нэртэй өөр хаяг дээр оршин суудаг 1985-1990 онд 88б зүйл ангиар ял эдэлж байсан хүний хэрэг миний нэр дээр гарч ирсэн. Би 1985 онд цэргээс халагдаж ирээд Телефон радио ашиглалтын хороонд /АТС-4/-т радио шугамын засварчнаар ажилд орсон. 1987 онд Орон сууц ашиглалтын 4 дүгээр конторт уурын галч, 1988 оноос Талхны үйлдвэрт нормчин, гурил юүлэгч зэрэг ажлуудыг хийж байгаад 1991 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдсан. Эдгээр байгууллагуудад ажиллаж байсан боловсон хүчний тушаалуудыг нотариатаар баталгаажуулсан. Мөн талийгаачийн дүү Ш, гэрч Б нартай Талхны үйлдвэрт цуг ажиллаж байсан. Би дараах зүйлд гомдолтой байна. Намайг урьдчилсан хэлэлцүүлэгт оруулаагүй, хөдөлмөрийн дэвтрийг нягталж үзээгүй, гэрч болох хүмүүсийг шүүх хуралд оролцуулаагүй, намайг урьд нь ял шийтгэл эдэлж байсан гэж үзсэн зэрэгт гомдолтой байна. Одоо би өндөр настай, түрүү булчирхайны шохойжилт, хавдар, чихрийн шижин зэрэг өвчтэй. Энэ байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү гэв. ...”

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ шударгаар хүлээж, чин санаанаасаа гэмшиж, хохиролд 500.000 төгрөг төлж оролцсон учраас шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял оногдуулсан. Цагдан хоригдож байх хугацаандаа хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Өгөх ёстой мөнгөнөөс үлдсэн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “авахгүй, төлбөр барагдсанаар тооцъё” гэсэн бичиг хийж өгсөн. Мөн амь хохирогч, шүүгдэгч нар нь багын найзууд бөгөөд нэг эмэгтэйгээс болж хоорондоо маргалдсанаар энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. Өмгөөлөгчийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-тай хэд хэдэн удаа уулзахад “миний ахын багын найз, нас өндөр, түрүү булчирхайн хавдартай, ходоодны шархтай тул эдгээр байдлыг харгалзаж үзээд ялыг хасаж өгөхийг зөвшөөрч байна” гэсэн хүсэлтийг бичгээр хийж өгсөн. Ийм учраас шүүгдэгчийн насны байдал, биеийн байдал, хохирол төлбөрөө төлсөн болон хохирогчийн сайхан сэтгэл гаргаж байгаа хүсэлт зэргийг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хэргийг хүлээж авснаас хойш хурлаа хурдан товлон зарласан, мөн миний бие муу байгаагаас шалтгаалан үйлчлүүлэгчийнхээ эмчилгээ хийлгэж байгаа талаарх баримтыг цуглуулах ажлаа хийж чадсангүй. Нэгэнт хохирогч шүүх хуралдаанд биечлэн оролцож байгаа учраас өөрөө хүсэлт, тайлбараа хэлэх байх. Д.Э нь бүрэн дунд боловсролтой боловч өргөдлөө хүнээр бичүүлэхдээ “Урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй, гэрч оролцуулаагүй” талаар давж заалдах гомдолдоо бичсэн байсан. Үүнийг засуулахаар надтай уулзаж тайлбар бичиж хорих ангийн тоо бүртгэлээр уламжлуулан тэмдэг даруулж авчирсан 1 хуудас баримтыг гаргаж өгч байна.  Шүүгдэгч нь өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд шүүхээр шийтгүүлсэн гэх цаг хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байсан нь баримтаар тогтоогддог, овог, нэр адилхан хүнтэй андуурал явагдсан гэдгийг хэлмээр байна. ...” гэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Э-ыг би сайн мэднэ. Талийаагчтай багын найзууд, бид нар нэг байранд өссөн. Нэгэнт ийм асуудал болсноос хойш өндөр нас, биеийн байдлыг нь харгалзан оногдуулсан шийтгэлээс багасгаж өгөхөд татгалзах зүйлгүй. ...” гэв.

          Прокурор Д.Хонгорзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч амь хохирогчтой 14 наснаасаа хойш өдийг хүртэл найзалж, нөхөрлөж ирсэн байдаг. Шүүгдэгч амь хохирогчийг хутгалсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэвч найзыгаа хутгалчихаад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бүрэн боломж, цаг хугацаа байхад амь насанд нь эрсдэлтэй байдал үүсгэчихээд тусламж үзүүлээгүй. Хэрвээ тусламж үйлчилгээ үзүүлсэн бол амь хохирогч амьд байхыг үгүйсгэхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол бүрэн төлөгдсөн, гомдол санал байхгүй гэж байгаа боловч хүний амь насыг юугаар ч сольшгүй үнэт зүйл. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Д.Э-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

          Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 04өөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** хороолол, ** дугаар байрны ** тоотод амь хохирогч Б.Б-Тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний цээжин тус газар, зүүн гуя, зүүн шилбэний ар хэсэгт хутгалж зүүн хөлийн шилбэний гадна дээд хэсгээс зүүн өвдөгний дотор ар хэсэг хүртэл нэвт сүлбэж тахимны хураагуур судсыг бүрэн бус гэмтээсэн шарх, цээжний зүүн доод хэсгээр хавж. хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, зүүн гуяны гадна дээд, дунд хэсгийн гүн хатгагдсан шарх, шарх орчмын булчин зөөлөн эд дэх цус хуралт, баруун гарын дунд хурууны өндөгний зүсэгдсэн шарх, баруун хөмсөг, дух, эрүү, баруун болон зүүн өвдөг, зүүн гуя, шилбэ, бүсэлхийн нурууны зулгаралт бүхий гэмтэл учруулж, зүүн хөлийн шилбэний гадна дээд хэсгээс зүүн өвдөгний дотор ар хэсэг хүртэл нэвт сүлбэж тахимны хураагуур судсыг бүрэн бус гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас барсан буюу хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-ын “...Д.Э манай ах Б.Б нар нь бага залуу байхын найзууд. ...Манай ахын амь насыг хохироосон хүнд гомдолгүй байна гэж юу байх вэ гомдолтой байна. ...” /1хх 51-52/,

 

гэрч Г.Б-хийн “...18 цагийн үед Энхбаатар луу залгаж, бараагаа хүргэж өгсөн үү гэж асуухад Энь Б гэдэг багын найзынхаа бичилд байдаг гэрт нь архи ууж байна гэхээр нь би утсаа таслаад, тухайн өдөр дахиж холбогдоогүй. ...2023 оны 4 дүгээр сарын 05-ны өглөө 11 цаг өнгөрч байхад Э бид хоёр уулзаж, тухайн өдрийнхөө хүргэлтийнхээ ажлыг хийгээд явж байтал Э надад “...Б гэдэг залуу нь дагуулж ирсэн эмэгтэйтэйгээ маргалдаж нөгөө эмэгтэй нь хаалгыг нь саваад гэрээс нь гараад явтал Б гартаа хутга бариад Э-ын хэвтэж байсан өрөө рүү ороод ирэхээр нь Э орноосоо босоод хутгыг нь тавиулах гэж ноцолдож байгаад, хутгыг нь булааж аваад, булааж авсан хутгаараа Б-аа бие рүү 2-3 удаа хатгачихаад тэр хоёр тухайн шөнөдөө унтаж амарчихаад, маргааш өглөө нь Э сэрээд хартал Б гэдэг залуугийнх нь нөмөрсөн хөнжил нь цус болчихсон байсан” гэж хэлэхээр нь би Э-аас тэгээд хутгыг нь яасан юм гэхэд “...хутгалсан хутгаа усаар угаачихаад Б-г сэрээж уучлалт гуйчихаад цус болсон зүйлсээ угаагаарай гэж хэлчихээд гараад ирсэн” гэж хэлж байсан. ...2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн үед уулзаж хүргэлтийн бараагаа аваад явж байхдаа миний санаа зовоод Э-ыг хутгалсан найзынхаа гэр лүү нь очъё гээд Э-аар заалгуулаад Э ганцаараа ороод, удалгй гарч ирснээ хаалгаа тайлахгүй байна гээд хүрээд ирэхээр нь би Э-ыг дагуулаад хаалгыг тогшиход дотроос нь нохой хуцах чимээ гарч байсан боловч хаалгаа тайлаагүй. ...19 цагийн үед дахиад очсон боловч хаалгаа тайлахгүй байна гэж хэлээд гарч ирэхээр нь би цагдаа дуудах уу? гэхэд Э “маргааш дахиад гэрт нь ирж үзээд болохгүй бол цагдаад мэдэгдье” гэж хэлээд бид хоёр гэр, гэртээ харьж амарсан. ...2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ...12 цагийн үед Б гэдэг залуугийн гэрийнх нь гадаа ирээд, гаднаас нь хартал цонхных нь хөшиг энэ тэр өмнөх өдөр нь ирэхэд байсан шигээ байдалтай байсан чинь Э “за, за Б нас барчихсан юм шиг байна, ер нь тодорхой болчихлоо, цагдаад мэдэгдчихээд ирье” гээд удалгүй цагдаагийн ажилтнуудтай хамт ирээд, хаалга онгойлгодог хүмүүс дуудаж хаалгыг нь онгойлгуулаад үхсэн гэдгийг нь мэдчихээд, гэртээ харихаар яваад өгсөн. ...” /1хх 57-58/,

 

гэрч Д.Э-гийн “...бид хоёр машинтай явж байгаа чи зам дагуу буучих гээд би хамт явсан. ...гурвуулаа манайд очъё л доо чамтай сайхан танилцсаных чамайг хоолоор дайлъя гэхээр нь би зөвшөөрөөд бид гурав Б-д очсон.  ...Б за би нэг гараад ирье гээд удалгүй 0.75 литрийн “Хараа” архи авч орж ирээд тэр архийг гурвуулаа хувааж уусан. Тэр архи дуусах үед ...Б гараад удалгүй дахиад 0.75 литрийн “Хараа“ архи аваад ирсэн. ...тэр архийг гурвуулаа уугаад бараг дуусгасан. ...намайг 00-н өрөө орсон чинь тэр хоёр гал тогооны өрөөнд муудалцаад үгийг нь сайн мэдэхгүй байна, чанга, чанга дуугараад орилоод байсан. ...удалгүй урд талын унтлагын өрөөнд ороод зодолдоод байгаа юм уу түс, тас гээд дуугараад юм өшиглөөд байгаа юм шиг байсан. Тэгэхээр нь 00-н өрөөнөөс нь гарч ирээд шууд гадагшаа гараад коридорт цагдаа дуудаад өгөөч гээд орилоход цагдаа ирээд, гэрийнх нь хаалгыг нүдсэн чинь тайлж өгөхгүй байсан. ...би утсаа авмаар байна миний утас солигдсон байна гээд хаалгыг нь нилээн удаан нүдсэн, 10 минут орчим болсон, ер тайлахгүй байсан, тэр хоёр цагдаа ч бас ирээд зөндөө нүдсэн хаалгаа тайлаагүй, Тэгээд тэр хоёр цагдаа таныг тонгойгоод байж байх үед чинь гараад явсан юм биш үү гээд намайг авч явсан. ...” /1хх 61-63/,

 

Д.Э-н яллагдагчаар “...Б.Б-ыг хутга бариад ороод ирэхээр нь би орон дээрээ суухад над руу бүр ойртоод ирэхээр нь би босоод ард нь гарч тэвэрч байгаад унагаагаад хутгыг нь булааж аваад “чи хүн хутгалахаар тийм сайхан байдаг юм уу” гэж хэлээд айлгах санаатай 2-3 удаа хутгалчихаад барьж байсан хутгаа цааш нь шидээд Б-ыг наанаа унт гэж хэлээд би орон дээр хэвтээд Б-ын дээр нь хөнжил шидсэн. ...Өглөө сэрэхэд хамаг юм нь цус болсон байдалтай байхаар нь нөмрүүлсэн байсан хөнжлийн даавууг нь угаалгын өрөөний ванн дотор хийсэн. ...Бие засах өрөөний шал цус болсон байхаар нь үүдний өрөөнд байсан тааран алчуураар угаасан. Хивсэн дээрх цусыг шалны алчуур норгож байгаад арчиж байгаад больсон, Б.Б-ыг сэрээгээд “бос хувцсаа соль, чи над руу орой хутга бариад дайрсан аа мэдэж байна уу” гэхэд Б “Санахгүй байна” гэж хэлсэн. Бид хоёрын унтаж байсан өрөөний хивсний хажууд байсан зузаан модон иштэй хутга цус болсон байхаар нь аваад гал тогооны угаалтуур дотор цусыг нь угаагаад шургуулга руу хийсэн. Б хар өмдөө тайлаад бэлтгэлийн цэнхэр өмд өмсөөд орон дээрээ хэвтсэн. Би явлаа гэдгээ хэлээд явсан. Би гарахдаа хаалгаа түгж гэж хэлэхэд Б гаднаас нь хаачих гэж хэлсэн. Би гэрээс нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 08 цагийн орчимд гарсан. ...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ явдлын талаар дахин, дахин ярихаар би өөрийгөө яахаа мэдэхгүй юм. ...” /1хх 227-229, 231/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1049 дугаартай “...талийгаач Б.Б-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр зүүн хөлийн шилбэний гадна дээд хэсгээс зүүн өвдөгний дотор ар хэсэг хүртэл нэвт сүлбэж тахимны хураагуур судсыг бүрэн бус гэмтээсэн шарх, цээжний зүүн доод хэсгээр хавж. хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, зүүн гуяны гадна дээд дунд хэсгийн гүн хатгагдсан шарх, шарх орчмын булчин зөөлөн эд дэх цус хуралт, баруун гарын дунд хурууны өндөгний зүсэгдсэн шарх, баруун хөмсөг, дух, эрүү, баруун болон зүүн өвдөг, зүүн гуя, шилбэ, бүсэлхийн нурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь бүгд талийгаачийг амьд үед үүссэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач нь зүүн хөлийн шилбэний гадна дээд хэсгээс зүүн өвдөгний дотор ар хэсэг хүртэл нэвт сүлбэж тахимны хураагуур судсыг бүрэн бус гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 0,7 промилли спиртийн зүйл илэрсэн согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн цус нь 01-р бүлгийн харьяалалтай байна. ...” /1хх 93-97/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 344 дугаартай “...Д.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн байдал нь өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан. Д.Э нь болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгөх, сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээн чадвартай байна. ...” /1хх 120-121/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,  шуурхай удирдлагын тасаг Дуудлагын лавлагааны хуудас /1хх 5/, дуудлага мэдээлэл шалгасан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1хх 6-7/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 10-17/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 98-103/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Д.Э ямар буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Д.Э-ын амь хохирогч Б.Б-ыг хутгалсны улмаас зүүн хөлийн шилбэний гадна дээд хэсгээс зүүн өвдөгний дотор ар хэсэг хүртэл нэвт сүлбэж тахимны хураагуур судсыг бүрэн бус гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Э-т хүнийг алах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 9 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.

 

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э-ыг 1985 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн б-д зааснаар 5 жил хорих ял шийтгэгдэж байсан гэж хувийн байдлыг буруу тогтоосон байна.

 

            Тодруулбал, хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Д.Э нь 1985 оны 7 дугаар сарын 07-ны өдөр цэргээс халагдаж 1985 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны хооронд Холбооны яамны телефон радио ашиглалтын хороонд радио шугамыг засварчнаар, Талхны үйлдвэрт нормчин, гурил юүлэгч зэргээр ажиллаж байсан болох нь 1988 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн Ажилчны районы орон сууц нийтийн аж ахуйн трестийн даргын 59 дүгээр тушаал, 1981 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Барилга, барилгын материалын үйлдвэрийн яам, зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргааны даргын 260 дугаар тушаал,  1982 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Барилга, барилгын материалын үйлдвэрийн яам, зөвлөлтийн барилгын 3 дугаар трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргааны даргын 191 дүгээр тушаал, 1985 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Холбооны яамны телефон радио ашиглалтын хорооны даргын 81 дүгээр тушаал, 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Холбооны яамны телефон радио ашиглалтын хорооны даргын 78 дугаар тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /2хх-39, 58-62/ зэргээр нотлогдож байна.

 

          Өөрөөр хэлбэл тэрээр ял шийтгэгдэж байсан гэх цаг хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж байснаас гадна 1965 онд төрсөн Доржийн Энхбаатар ял шийтгүүлсэн болох нь Нийслэлийн шүүхийн 1985 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 192 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, 1989 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан магадлал, суллагдсан хүмүүст олгох справка, ялтны засрал хүмүүжлийн тодорхойлолт /2хх-20-23/  зэргээр тогтоогдож байх тул Д.Э-ыг 1985 онд хорих ялаар шийтгүүлж байсан гэж дүгнэх боломжгүй байна.

         

          Хэдийгээр шүүгдэгч Д.Э-г өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэж шүүх дүгнэж байгаа боловч энэ нь түүнийг энэ гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэлээс хөнгөрүүлэх үндэслэл болохгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э-ын ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Д.Э шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 50 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/561 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч Д.Э-ын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-н 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 50 /тавь/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.МӨНХӨӨ

 

 

                        ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН