| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 102/2024/07580/И |
| Дугаар | 305/ШШ2025/00121 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 305/ШШ2025/00121
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ******** оршин суух Шн овгийн Б.Б-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 3,781,664.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: үндсэн зээл 3,199,900 төгрөг, зээлийн хүү 557,308.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,455.81 төгрөг, бусад 15,000 төгрөг, нийт 3,781,664.38 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Б нь “И ББСБ” ХХК-тай 2024 оны 06 сарын 12-ны өдөр №ЗГ2024/06/*** дугаартай зээлийн гэрээ байгуулж, 3,199,900 / гурван сая нэг зуун ерэн есөн мянга есөн зуун төгрөг/-ийг 24 сарын хугацаатай, 1 жилийн 39 хувийн хүүтэй, бараа бүтээгдэхүүн худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт 2024 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн 2026 оны 06 сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгах үүрэгтэй байсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний хэсэгчилсэн хугацаанд зээл болон хүүгийн төлбөрт нэг ч төгрөгийг төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр байсан. Манай байгууллагын зүгээс зээлдэгчээс зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл зээлээ төлөөгүй байгаа нь манай байгууллагыг хохироож байна. Зээлдэгч Б.Б нь 2024 оны 11 сарын 22-ны өдрийн байдлаар №ЗГ2024/06/*** тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 3,199,900 төгрөг, хүүгийн төлбөр 557,308.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9,455.81 төгрөг буюу нийт 3,766,664.38 төгрөгийг “И ББСБ” ХХК-д төлөх тооцоо байна. “И ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 451.1 дэх хэсэгт, Зээлийн гэрээний 5.1.10-т заалтад тус тус заасны дагуу зээлдэгчээс шаардах эрхтэй юм. Мөн манай байгууллага нь Иргэний хуулийн 219.1 дэх хэсэг буюу “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирасан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, Зээлийн гэрээний 4.2.13 дэх заалт буюу “Зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөний улмаас нотариатын зардлыг зээлдүүлэгчид учирсан хохиролд тооцож нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох нотариатын зардал 15,000 төтрөгийг зээлдэгчээс шаардах эрхтэй юм. Иймд зээлдэгч Б.Б-с 2024 оны 06 сарын 12-ны өдрийн №ЗГ2024/06/*** тоот зээлийн гэрээний үүрэгт 3,766,664.38 төгрөг, учирсан хохиролд 15,000 төгрөг буюу нийт 3,781,664.38 /гурван сая долоон зууп наян нэгэн мянга зургаан зуун жаран дөрвөн төгрөг гучин найман мөнгө/-ийг гаргуулж, “И ББСБ” ХХК-д олгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие “И ББСБ” ХХК-иас 2024 оны 06 сарын 12-ны өдөр 3,100,000 төгрөгтэй тэнцэх утас зээлээр худалдан авсан нь үнэн болно. Төлөлт хийхгүй 7 сар болсонд уучлалт хүсэж байна. 2024 оны 03 сарын 10-нд 500,000 төгрөг, 03 сарын 25-нд 500,000 төгрөг, 04 сарын 10-нд 500,000 төгрөг, 04 сарын 25-нд 500,000 төгрөг, 05 сарын 10-нд 500,000 төгрөг, 05 сарын 25-нд 500,000 төгрөг, 06 сарын 10-нд 500,000 төгрөг, 06 сарын 25-нд 382,000 төгрөг хийж бүрэн төлж дуусгах болно гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Б.Б-с тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцсан бөгөөд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,781,664.38 төгрөгийг 4 сарын хугацаанд, сард 2 удаа хувааж төлөх тайлбарыг нь зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох үндсэн зээл 3,199,900 төгрөг, зээлийн хүү 557,308.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,455.81 төгрөг, бусад 15,000 төгрөг, нийт 3,781,664.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүрэгт 3,781,664.38 төгрөгийг 2024 оны 03 сарын 10-нд 500,000 төгрөг, 03 сарын 25-нд 500,000 төгрөг, 04 сарын 10-нд 500,000 төгрөг, 04 сарын 25-нд 500,000 төгрөг, 05 сарын 10-нд 500,000 төгрөг, 05 сарын 25-нд 500,000 төгрөг, 06 сарын 10-нд 500,000 төгрөг, 06 сарын 25-нд 382,000 төгрөг хийж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нь төлөх хуваарийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг ирүүлж, харилцан тохиролцож эвлэрчээ.
“И ББСБ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11/879 дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-д иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эвлэрэх эрх олгосон байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн боловч төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,456 төгрөгнөөс 37,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 37,728 төгрөгийг улсын орлогоос, 37,728 төгрөгийг хариуцагч Б.Б-с тус тус гаргуулан нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох үндсэн зээл 3,199,900 төгрөг, зээлийн хүү 557,308.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,455.81 төгрөг, бусад 15,000 төгрөг, нийт 3,781,664.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 2024 оны 03 сарын 10-нд 500,000 төгрөг, 03 сарын 25-нд 500,000 төгрөг, 04 сарын 10-нд 500,000 төгрөг, 04 сарын 25-нд 500,000 төгрөг, 05 сарын 10-нд 500,000 төгрөг, 05 сарын 25-нд 500,000 төгрөг, 06 сарын 10-нд 500,000 төгрөг, 06 сарын 25-нд 382,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,456 төгрөгнөөс 37,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 37,728 төгрөгийг улсын орлогоос, 37,728 төгрөгийг хариуцагч Б.Б-с тус тус гаргуулан нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА