Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.А-т холбогдох эрүүгийн 1710009760003 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Болорчулуун, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Н.Э нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч С.А нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хэсгийн, 3-45 тоотод байх гэртээ хамтын амьдралтай Т.О хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                   

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Миний бие холбогдсон хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн учир нэмж ярих зүйлгүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь эхнэртэйгээ маргаж байсан болохоос биш гар огт хүрч байгаагүй. О-тай гэр бүлийн хамтын амьдралаар амьдраад 2 жил болж байна. Бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Дундаасаа нэг хүүхэд байсан боловч хүүхэд маань хэдхэн хоногийн өмнө өвчний учир өөд болсон. Миний хувьд ажил хийгээд сард 800.000 төгрөгнөөс дээш цалин авдаг. Тулгуур эрхтэнийн гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 70 хувиар тогтоож, хугацааг нь 2019 оны 04 дүгээр сар хүртэл сунгасан. Хэрэг гарсан тухайн үед би эхнэрээ бусадтай хардаж, түүнд гар хүрч гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Одоо эхнэр бид хоёр бие биенээ ойлгож хэвийн харилцаатай байгаа. Манай хүүхэд тархины даралттай, толгойны өвчтэй байсан. Цаашид эмчилгээ хийлгэх боломжгүй болж нас барсан.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710009760003 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Т.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хэсгийн 3-45 тоотод дахь гэртээ байхад хамтран амьдрагч С.А нь худаг руу усанд явж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирсэн. С.А 16:00 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүрээс 200 грамм архи авч уучихаад орж ирсэн. Тэгээд намайг “урд талын гудамжинд байдаг өвгөнтэй явалддаг биздээ” гээд хэрүүл хийж эхэлсэн. Анхбаяр миний нүүрлүү нэг удаа цохисон. Бас бие рүү гараараа цохиж зодсон учир би цагдаад дуудлага өгсөн юм.  

Миний хоёр нүд хөхөрсөн. Бас баруун зүүн гарын тохой хэсэгт хөхөрч хавдсан. Өөр  ямар нэгэн гэмтэл шарх байхгүй. Хамтран амьдрагч С.А намайг 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш цохиж зодсон зүйл байхгүй. Тэр үед С.А бид хоёр гэртээ байсан ба өөр хүн байгаагүй. Хамт амьдарч байх хугацаанд С.А намайг зодож цохиж байгаагүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Хүү маань 2017 оны 1 дүгээр сард өвчний улмаас нас барсан их хэцүү байна. С.А хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-8х, 26-27х/,

 

2. Шүүгдэгч С.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...Би анх 2015 онд Т.О-тай танилцсан юм. Тэгээд дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Би дармалаар бол уншиж чадна. Нэрээ бичиж чадна. Өөр үг өгүүлбэр бичиж чадахгүй. Би 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хэсгийн 3-45 тоотод байх гэртээ байж байгаад 10:00 цагийн үед худаг руу усанд явсан. Тэгээд усанд явах замдаа манай тэр хавьд архи уугаад яваад байдаг,  нэрийг сайн мэдэхгүй байна, нэг ахтай дэлгүүрээс 0.33 литрийн Стандарт архи худалдан авч худгийн хажууд уусан юм. Тэгээд гэртээ харьсан. Гэрийнхээ ойр зуурын ажил хийж байгаад үдээс хойш болсон. Тэгээд 16:00 цагийн үед би дэлгүүр лүү ганцаараа гараад 200 граммын хуванцар савтай архи авч уугаад гэртээ орсон. Тэгээд Т.О-ыг “урд талын өвгөнтэй чи явалддаг биздээ” гэж маргалдаад нүүр болон бие рүү гараараа цохиж зодсон.  Т.О цагдаад дуудлага өгсөн. Удалгүй намайг цагдаа хүрч ирээд аваад явсан.

Т.О-ыг би урд талын гудамжинд байдаг нэг өвгөнтэй хардсаны улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодсон юм. Учир нь намайг гэртээ ирэх болгонд манайд байж байдаг байсан. Тэгээд намайг гэртээ ирэхээр зөрөөд гараад явчихдаг.  Маргалддаг өдрөөс хэд хоногийн өмнө бас Т.О бид хоёр тэр өвгөнөөс болж маргаж байсан. Тэгээд би уурлаад гэрийн гадаа сууж байхад Т.О утас руу тэр өвгөн залгаад намайг байна уу гээд асуугаад Т.О яриад байсныг сонссон юм.

 Би шинжээчийн №14442 дугаартай дүгнэлттэй уншиж танилцсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би Т.О урьд нь нэг ч удаа зодож байгаагүй. Харин гэр бүлийн маргаантай байсан асуудал байгаа. Т.О намайг 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цохиж зодсон зүйл байхгүй. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би ахиж Т.О зодож цохихгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-10х/,

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 14442 тоот дүгнэлтэд:

1. Т.О-н биед баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, духанд зулгаралт, цус хуралт, зүүн хацарт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 12х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 15х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Т.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 5 дугаартай тогтоолоор хүлээн авч хангаж шийдвэрлэн С.А-т холбогдох эрүүгийн 1710 0097 6006 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан болон зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1.1. Гэм буруугийн хувьд:

 

Шүүгдэгч С.А нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хэсгийн 3-45 тоотод байх гэртээ хамтын амьдралтай Т.О “чи урд айлын өвгөнтэй явалддаг биз дээ” гэж хардаж, улмаар түүний нүүр болон бие рүү нь гараараа цохиж, зодон биед нь “...баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, духанд зулгаралт, цус хуралт, зүүн хацарт, хамарт зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт авагдсан ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14442 дугаартай дүгнэлт, хохирогч Т.О мэдүүлэг, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгч С.А үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Т.О биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч С.А хохирогчийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй  гэмт үйлдэл болох юм. 

 

Шүүгдэгч С.А “бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан” дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан ба Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.   

 

Иймд шүүгдэгч С.А-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэх эрх зүйн үндэслэлтэй.   

 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

Хохирогч Т.О эрүүл мэндэд учирсан “хөнгөн гэмтэл” энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд үр дагавар буюу хохиролд тооцогдох бөгөөд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан буюу гарах зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх хор уршиг болох юм.   

 

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч Т.О нь гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл шаардлага гаргаагүй, шүүгдэгч С.А-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг дэмжин зөвшөөрч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа прокурорын хяналтын шатанд /хэргийн 7-8х, 18х/ илэрхийлсэн учир шүүгдэгч С.А хувьд хэргийн хамт шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.        

 

1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Шүүгдэгч С.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 15х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.        

 

Шүүгдэгч С.А нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохыг шүүх тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд тус тус нийцүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг харгалзан, шүүх 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэх үндэслэлтэй. 

 

Мөн шүүгдэгч нь хөгжлийн бэрхшээлтэй /хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 70 хувиар тогтоосон/, ар гэрийн гачигдалтай байдал /хүүхдээ өвчнөөр алдаад удаагүй байгаа/, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж, С.А-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож  шийдвэрлэв.

 

  Энэ хэрэгт шүүгдэгч С.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч Т.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. С.А-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.А-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг үүрэг болгож, ялтан шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж, биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Энэ хэрэгт С.А нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч Т.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан С.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД