Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 318/ШШ2025/00062

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                              баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн ....... сумын ......... дугаар багийн .......... тоотод оршин суух, регистрийн дугаар .........., Б ургийн овогт Дгийн Нэгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 19... онд төрсөн. Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байгаад амьдралын шаардлагаар шилжиж Увс аймгийн Барилга угсралтын трестэд орж ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний 1986 оноос 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Н.Ш, Г.Д нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ. 
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Н нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан “Миний бие ажилласан жил тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүхээр ажилласан жил тогтоолгох шаардлагагүй тул нэхэмжлэлээ буцааж авах хүсэлтэй байна” гэх тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.   
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2. дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Н ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.  


ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ