Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 318/ШШ2025/00069

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Н аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:             аймгийн            сумын 3 дугаар баг, 2 дугаар 36 айлын 22 тоотод оршин суух, регистрийн дугаар             ,              ургийн овогт О. Х-гийн,

Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1964 онд төрсөн. Би 1974 оноос 1982 онд Н аймгийн Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж 8 дугаар анги төгсөн. Улмаар Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар Улаанбаатар хотын Хилийн болон Дотоод цэргийн удирдах ерөнхий газрын 0119 дүгээр ангид цэргийн албанд татагдаж очсон. Улмаар тус ангид 3 жил цэргийн алба хаасан. Тус цэргийн ангиас 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдөр халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд МТХУГазрын харуулын ажилд томилогдсон. Хилийн цэргийн 0119 дүгээр ангид 1988 онд цэрэгт татагдсан талаарх лавлагаа гарсан боловч халагдсан цэргийн бүртгэл тус архивд шилжиж ирээгүй тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд Хилийн ба Дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цэргийн батлахын хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08/3182 дугаартай лавлагаа, гэрч Б, З нарын иргэний үнэмлэх болон цэргийн батлахын хуулбар, цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Б, З нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч О.Хгийн цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасан тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч О.Хгийн цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08/3182 дугаар лавлагаанд: Олчигдай /Олчигдой/-ийн Х нь Н аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 0119 дүгээр ангид цэргийн албанд татагджээ. Хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангийн 1988 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул Олчигдай /Олчигдой/-ийн Хгийн цэргийн албанаас халагдсан талаарх архивын лавлагаа гарахгүй болно гэжээ.

3.2. О.Хгийн 546845 дугаар цэргийн батлахын хуулбарт: Биеийн байцаалт хэсэгт: Олчигдойгийн Х, төрсөн он, сар, өдөр 1964.11.21, цэргийн алба хаасан байдал хэсэгт: ...Цэргийн албанд татагдсан мэдээлэл тэмдэглэгдээгүй, Цэргийн тангаргийг 1985 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 0119 дүгээр ангид өргөв, БХЯ-ны сайдын 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Д/435 дугаар тушаалаар хугацааг бүрэн хаасан учир бэлтгэлээр халж Н аймагт явуулав гэжээ.

3.3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б, З нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Н.Бакаа Миний бие 1985 оноос 1988 он хүртэл Дорнод аймгийн Сүмбэр сумын 0198 дугаар ангид цэргийн алба хаасан. О.Х бид хоёр 1985 онд хамт цэргийн албанд татагдаж байсан. Би 1988 оны 6 дугаар сард, О.Х 1988 оны 8 дугаар сард цэргийн албанаас халагдсан гэж, гэрч Б.Зоригоо Миний бие 1985 онд О.Хтэй хамт цэргийн албанд татагдаж байсан ба бид хоёр 1985 оноос 1988 он хүртэл Улаанбаатар хотын 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан. Цэргийн карентин дуусаад миний бие барилгын ангид, О.Х сантехникийн ангид хуваарилагдсан. Бид 1988 оны 8 дугаар сарын 20-ны (өдрийг сайн санахгүй байна) үеэр цэргээс халагдаж ирсэн. О.Хтэй хамт цэргийн албанд татагдаж, нэг ангид цэргийн алба хааж байсан тул түүний цэргийн алба хаасан байдлын талаар сайн мэдэж байна гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг нь тэдний цэргийн батлах, цэргийн алба хаасан архивын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08/3182 дугаартай лавлагаагаар тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

4. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08/3182 дугаар лавлагаанд нэхэмжлэгч О.Хгийн цэргийн албанд татагдсан талаарх мэдээлэл тусгагдсан байх боловч цэргээс халагдсан талаарх мэдээлэл тусгагдаагүй байна.

Гэрч Б.Зоригоо ...Бид 1988 оны 8 дугаар сарын 20-ны (өдрийг сайн санахгүй байна) үеэр цэргээс халагдаж ирсэн гэж мэдүүлсэн, мөн О.Хгийн 546845 дугаар цэргийн батлахын хуулбарт БХЯ-ны сайдын 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Д/435 дугаар тушаалаар хугацааг бүрэн хаасан учир бэлтгэлээр халж Н аймагт явуулав гэсэн бичилт хийгдсэн байх тул нэхэмжлэгч О.Хг 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдөр цэргээс халагдсан гэж үзэх үндэслэлтэй.

5. Нэхэмжлэгч О.Х нь 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Хилийн ба Дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08/3182 дугаар лавлагаа, 546845 дугаар цэргийн батлахын хуулбар, гэрч Б, З нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Шалбаг ургийн овогт Олчигдойн Хгийн 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Хилийн ба Дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч О.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Шалбаг ургийн овогт Олчигдойн Хгийн 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Хилийн ба Дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч О.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Н аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ