| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00528/И |
| Дугаар | 318/ШШ2025/00066 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 318/ШШ2025/00066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Л сум байрны 02 тоотод оршин суух, регистрийн дугаар , Б ургийн овогт Г.С,
Нэхэмжлэгч: Б аймгийн Л сум байрны 1 тоотод оршин суух, регистрийн дугаар , З ургийн овогт Т.Ч,
Нэхэмжлэгч: Б аймгийн Л сум байрны 24 тоотод оршин суух, регистрийн дугаар , Ц ургийн овогт Л.Г,
Нэхэмжлэгч: Б аймгийн Л сум 410 тоотод оршин суух, регистрийн дугаар , Т ургийн овогт Д.У,
Нэхэмжлэгч: Б аймгийн Л сум 3-7 тоот оршин суух, регистрийн дугаар , Харлаг морьт ургийн овогт Аптангинжийн Отгонцэцэг нарын,
Хариуцагч: Б аймгийн Л сум 3 дугаар баг, 9А байрны 12 тоотод оршин суух, регистрийн дугаар, Б ургийн овогт Г.Г холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт байгааг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н, А, М, С, А нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Ж, хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянга, гэрч Н.Цэрэндолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н, А, М, С, А нар хариуцагч Жд холбогдуулан хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт байгааг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1. Ж нь Ф нөхөрлөл ББН-ийн даргаар ажиллаж байхдаа 2023 оны 10 дугаар сараас эхлэн байгууллагын өрөө тасалгааг зориуд өөрчилж ажлын байран дээрх ялгаварлан гадуурхал үүсгэж эхэлсэн ба энэ нь 2024 оны 8 дугаар сар хүртэл үргэлжлэн явсан. Байгууллагын хурлыг 7 хоногт ажлын бус цагаар өглөөний 7 цагт зарлаад хурлын мэдээ, мэдэгдлийг хааж боогдуулж хуралддаг /Бидэнд мэдэгдэхгүйгээр хуралддаг/. Хурлын процесс болон ямар асуудал хэлэлцэж хуралдсан талаар мэдээлэл далд нуугдмал байдаг. 2. Ж нь байгууллагын хуучин одоог хүртэл ашиглаж байгаа групп чатаас тусдаа Ф ӨЭМТ-ИЙН ХАМТ ОЛОН гэсэн чат нээж Н, А нарыг нэмсэн боловч буцаад хассан, бусад нэхэмжлэгч нарыг анхнаасаа групп чатад оруулаагүй. Тухайн чатад байгууллагын бүх мэдээ мэдээлэл бичигддэг, биднийг мэдээлэл авах боломжийг хааж, ялгаварласан. 3. Ж нь үйлчлүүлэгч нарын дэргэд болон хамт олны хажууд бид нарыг өндөр дуугаар загнаж дайрч давшилж, уурлаж харьцдаг. Мөн ажилласан жил, нас, албан тушаал, шууд бусаар ялгаварлан гадуурхах эрхийг нь хязгаарлах зэргээр ажлын байрны дарамт учруулж байгаа нь бидэнд ажил хийхэд хэцүү, сэтгэл зүйд хүндээр нөлөөлж маш их дарамттай байна. 4. Ж нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж их эмч Н, ахлах сувилагч М, багийн эмч Ж нарт сануулах арга хэмжээ аван гэж аман хэлбэрээр сүрдүүлж сэтгэл зүйд нөлөөлж дарамт учруулсан, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан. Биднээс асуухгүйгээр ажлын байрыг сольсон, цалин удаа дараа хассан, урамшуулал олгоогүй. 5. 7 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын сангаас Ф өрхийн эрүүл мэндийг төвийг шалгасан. Үүнд 2, 4 дүгээр баг хариуцаж байсан сувилагч Д.Удвал миний бие гэрийн эргэлтийн тусламж үйлчилгээ үзүүлсэн нь үнэн, анхан шатны маягт дээр бүртгэлтэй хүмүүс байхад үзүүлээгүй байна гэж надад мэдэгдэхгүйгээр цалингаас 400,000 төгрөг хасаж, суутгаж авсан байсан ба цалин оруулсны дараа надад 2024 оны 7 дугаар сарын 25-нд сахилгын арга хэмжээ авч байна гэж албан тоот өгч, сэтгэл зүйд маш хүндээр нөлөөлсөн. 6. Мын хүүхдүүдэд хүүхдийн баяраар бэлэг өгөөгүй, мөн өнчин өрөөсөн, хөдөлмөр хийх чадваргүй хөгшин, шар авгай гэх мэтээр гаднах төрхөөр нь доромжилсон. А нөхрийн бие муудаад өрхийн эмнэлэг дээр ирэхэд яаралтай тусламжийн шүүгээг цоожилчихоод түлхүүрийг нь өгөхгүй, яаралтай тусламж үзүүлээгүй. Ж 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хүлээж авсан. Ж нь бензин олгох тушаалын дагуу Жт 02-03 дугаар сарын бензинийг өгсөн, 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх бензинийг өгөөгүй. Ж нь 2024 оны 02 дугаар сар буюу ажлаа хүлээж аваад цагаан сарын өмнө бүх ажилчдад урьдчилгаа өгчихөөд бидэнд урьдчилгаа өгөөгүй. Хөдөлмөрийн дотоод журамтай танилцуулаагүй. Энэ мэтээр хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт үүсгэдэг. Жг яагаад биднийг ялгаварлан гадуурхаж байгаа вэ гэхээр байгууллагын дарга болоход бидний зүгээс эсрэг санал өгсөн. Тиймээс биднийг ялгаварлан гадуурхаж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ф өрхийн эмнэлэгт 2015 оноос хойш ажиллаж байгаа. 2017 оноос хойш тухайн эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2022 оны 3 дугаар сард Улаангом сумын Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн учраас шүүхэд гомдол гаргаж 2022 оны 5 дугаар сард шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлтээ өгсөн. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй явсаар 2 жилийн хугацаа өнгөрсөн. Улмаар М аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Алимаа 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр албан тушаалд томилсон тушаал гарсан. Тухайн тушаалыг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ахлах сувилагч М файлаар хүлээж авсан. Миний бие 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тушаалаа хүлээж авсан боловч 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 шийдвэр гүйцэтгэгчтэй очиж ажлаа хүлээлцэж авсан. Шүүхийн шийдвэр 2022 оны 5 дугаар сард гарахад нэхэмжлэгч нар надтай хамтарч ажиллах хүсэлгүй байсан. Намайг даргын ажлаа хүлээж авахад надтай ажиллах сонирхолгүй байгаагаа илэрхийлж холбогдох газруудаар миний эсрэг гомдол гаргаж явсан. Нэхэмжлэгч нар холбогдох байгууллагад гомдол гаргах бүрд би шалгагдаж 2024 онд 3 удаа ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд одоо Ф өрхийн эрүүл мэндийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж шүүхээр асуудлаа шийдүүлэх гээд явж байгаа. Миний зүгээс удирдлагын чиг үүргийн хүрээнд ажлаа хийхээр нэхэмжлэгч нар тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, өөдөөс тайлбар тавьдаг, бид чамайг дэмжихгүй, чи дахин ажлаасаа халагдана гэх зэргээр хэл амаар доромжилж, ажлын цагаар гараад явдаг байсан. Цагийн бүртгэлийг өөр хүн хариуцдаг байсан. Ажилчид ажил дээр 3-4 цаг тасалсан ч цагийн бүртгэл бүрэн ажилласнаар бүртгэж байсан. Тиймээс миний зүгээс ажлын бүтээмжийг чанаржуулах зорилгоор ажлын цагийг үнэн зөв бүртгээд тооцогдсон ажлын цагаар цалинг олгохоор бодож цагийн бүртгэлийн хуудастай тулгаж цалинг олгож, тасалсан цагийн цалинг хасаж тооцсон. Ажлын бус цагаар хуралддаг гэх тайлбарын тухайд зуны улирал болж байгаа тул өглөө 7 цагт хуралдаад 16:00 цагт ажил тарахаар хуралдаад шийдсэн ба 1 сар гаруй хугацаанд л ингэж хуралдсан. Нэхэмжлэгч Мын тухайд миний хүмүүжилд хүнийг өнчин өрөөсөн, хөгшин шар авгай гэж дуудах эрх, сэтгэл байхгүй. А хувьд миний бие Эрүүл мэндийн даатгалд нэхэмжлэгч нартай холбогдуулж санаатайгаар хүний регистр ашиглаж даатгалаас мөнгө авсан гэх агуулгатай гомдол гаргасан ба тухайн гомдолтой холбогдуулж Эрүүл мэндийн даатгалын газраас 3 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж манай байгууллагад шалгалт хийсэн. Тухайн шалгалтын хүрээнд манай байгууллагад 4,570,000 төгрөгийн акт тавигдсан байсан ба Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчаас 2024 оны 6 дугаар сард хугацаатай бичиг ирүүлсэн. Тухайн бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор холбогдох хүмүүст сануулах арга хэмжээ авч, тухайн мөнгийг нь гаргуулж авсан. Байгууллагын групп чатын тухайд миний бие анх ажил хүлээж авснаасаа хойш хуучин группт мэдээ мэдээлэл оруулахад хэл амаар доромжилж, удирдлагын зүгээс шаардлага тавьж, ажил санаачлахад сөрөг утгатай зүйл бичиж, эможи дарах зэрэг хандлага гаргадаг байсан тул 2024 оны 4 дүгээр сард өөр уур амьсгалтай, нэг нэгнээ доромжилдоггүй, групп чат нээж үзье гэж бодож би шинэ групп чат нээж, тухайн группт ажилтай холбоотой зүйлс бичнэ, хэн нэгнийгээ хэл амаар доромжлохгүй шүү гэж хэлж сануулж, цөөхөн хүнийг нэмээд бусад хүмүүсээ нэмээрэй гэж хэлсэн. Тухайн үед Н, А нарыг группт нэмсэн ба миний бие бусад нэхэмжлэгч 3 хүнтэй найз биш байсан учраас нэмээгүй. Тухайн группт байсан 2 хүн группт байгаагүй хүмүүсээ нэмэх боломж нь байсан. Нд эрт илрүүлэгт яваагүй гэдэг үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан. Урамшууллын тухайд миний зүгээс ажил дүгнэх ажлын хэсэг байгуулж комисст Ж оролцуулсан боловч орохоос татгалзсан. Ажил дүгнэх 2 ажилтан орой хүртэл сууж ажил дүгнэсэн ба бүх ажилчид өрөөнд нь орж ажлаа дүгнүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нар ажлаа дүгнүүлэхээс татгалзсан учраас урамшуулал авч чадаагүй гэж үзэж байна. Эх үрсийн баярын тухайд манай байгууллагын нийт 24 хүнд хүүхдүүдийнх нь тоогоор бэлэг авсан. 2024 оны 5 дугаар сарын сүүлээр миний бие акттай байсан бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үдээс хойш очиж бэлгээ тараана бүх ажилчдаа бэлэн байлгаарай гэж ажилчиндаа хэлсэн. Ажил дээрээ очиж хүмүүстээ бэлгээ тараагаад 4 хүний бэлэг үлдэхээр нь сахиул, үйлчлэгчид 4 хүний бэлэг үлдсэн ажилдаа ирэхээр нь өгөөрэй гэж хэлээд явсан. Орой нь жолооч Сарангоо эмч ирж бэлгээ авсан, үлдсэн 3 хүн бэлгээ аваагүй гэхэд нь үлдээчихвэл өөрсдөө авах байхаа гэж хэлсэн. Түүнээс биш би хүн ялгаж бэлэг өгөлгүй үлдээгээгүй. Өөрсдөө ч бэлэг авахаас татгалзсан байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Нэхэмжлэгч нараас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ажилд томилох тухай тушаалын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03/46 дугаар зөвлөмж, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны даргад болон дэд захиралд хандаж гаргаж байсан нэхэмжлэгч нарын гомдол, гомдолд хавсаргасан баримтууд, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гаргасан нэхэмжлэгч нарын гомдол, Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс хороонд хандаж гаргасан нэхэмжлэгч нарын гомдол, хөдөлмөрийн гэрээ, ажлын цагийн тооцоо, Ф нөхөрлөл ББН-ийн даргын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/12 дугаар тушаал, хавсралт, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/33 дугаар тушаал, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/22 дугаар тушаал, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дүгээр албан бичиг, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар албан бичиг, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдэл, 02 дугаартай мэдэгдэх хуудас, 14 хуудас фото зургийн үзүүлэлт, 3 хуудас чат, А бакалаврын диплом, хавсралт, Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн захирлын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 85 дугаар албан бичиг, 1 ширхэг сиди дууны бичлэг, цалингийн хүснэгт бензиний тооцоо гэх баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас М аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 дугаар тушаал, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
6. Шүүхийн журмаар нэхэмжлэгч нарын хүсэлтээр Н, А нарыг чат группээс хэн хассан үйл баримтыг тодруулах зорилгоор Gerlee Ganbold нэртэй фэйсбүүк мессенжерт байрлах Ф ӨЭМТ-ийн хамт олон гэсэн групп чатад үзлэг хийсэн тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгч Н, А нарын хүсэлтээр Ф өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон гэсэн групп чатаас Н, А нарыг хэн хассан талаарх үйл баримтыг тодруулах зорилгоор Sainzaya Zaya, Алтангинж Отгонцэцэг гэх фэйсбүүк хаягийн мессенжер чатад үзлэг хийсэн тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр Ф өрхийн эрүүл мэндийн төвөөс тус төвийн хөдөлмөрийн дотоод журмыг батлахдаа нэхэмжлэгч нарыг байлцуулсан болон танилцуулж гарын үсэг зуруулсан эсэх талаарх баримтыг гаргуулсан, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар Ф өрхийн эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгч Н, А, М, С, А нарын хөдөлмөрийн гэрээнүүд, Ф ӨЭМТ-ийн дотоод журам, 2024 оны 6 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчаас тогтоосон актыг нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Нэхэмжлэгч Н, А, М, С, А нарын хариуцагч хариуцагч Жд холбогдуулан гаргасан хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт байгааг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч нараас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Өрөө тасалгааг зориуд өөрчилж ажлын байран дээрх ялгаварлан гадуурхал үүсгэж эхэлсэн. Байгууллагын хурлыг 7 хоногт ажлын бус цагаар өглөөний 7 цагт зарлаад хурлын мэдээ, мэдэгдлийг хааж боогдуулж хуралддаг.
2.2. Ж тусдаа групп чат нээж Н, А нарыг нэмсэн боловч буцаад хассан, бусад нэхэмжлэгч нарыг анхнаасаа групп чатад оруулаагүй.
2.3. Ж нь үйлчлүүлэгч нарын дэргэд болон хамт олны хажууд бид нарыг өндөр дуугаар загнаж дайрч давшилж, уурлаж харьцдаг
2.4. Ж нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж их эмч Н, ахлах сувилагч М, багийн эмч Ж нарт сануулах арга хэмжээ аван гэж аман хэлбэрээр сүрдүүлж сэтгэл зүйд нөлөөлж дарамт учруулсан, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан. Биднээс асуухгүйгээр ажлын байр сольсон, цалин удаа дараа хассан, урамшуулал олгоогүй, сахилгын шийтгэл ногдуулсан.
2.5. Мын хүүхдүүдэд хүүхдийн баяраар бэлэг өгөөгүй, мөн өнчин өрөөсөн, хөдөлмөр хийх чадваргүй хөгшин, шар авгай гэх мэтээр гаднах төрхөөр нь доромжилсон. А нөхрийн бие муудаад өрхийн эмнэлэг дээр ирэхэд яаралтай тусламжийн шүүгээг цоожилчихоод түлхүүрийг нь өгөхгүй, яаралтай тусламж үзүүлээгүй. Ж нь Жт бензин олгох тушаалын дагуу 02-03 дугаар сарын бензинийг өгсөн, 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх бензинийг өгөөгүй. Ж нь 2024 оны 02 дугаар сар буюу ажлаа хүлээж аваад цагаан сарын өмнө бүх ажилчдад урьдчилгаа өгчихөөд бидэнд урьдчилгаа өгөөгүй. Хөдөлмөрийн дотоод журамтай танилцуулаагүй.
2.6. Энэ мэтээр хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт үүсгэдэг. Жг яагаад биднийг ялгаварлан гадуурхаж байгаа вэ гэхээр байгууллагын дарга болоход бидний зүгээс эсрэг санал өгсөн. Тиймээс биднийг ялгаварлан гадуурхаж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Миний зүгээс удирдлагын чиг үүргийн хүрээнд ажлаа хийхээр нэхэмжлэгч нар тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, өөдөөс тайлбар тавьдаг, бид чамайг дэмжихгүй, чи дахин ажлаасаа халагдана гэх зэргээр хэл амаар доромжилж, ажлын цагаар гараад явдаг байсан.
3.2. Цалин хассан талаар цагийн бүртгэлийн хуудастай тулгаж цалинг олгож, тасалсан цагийн цалинг хасаж тооцсон. Нд эрт илрүүлэгт яваагүй гэдэг үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан. Урамшууллын тухайд миний зүгээс ажил дүгнэх ажлын хэсэг байгуулж комисст Ж оролцуулсан боловч орохоос татгалзсан. Ажил дүгнэх 2 ажилтан орой хүртэл сууж ажил дүгнэсэн ба бүх ажилчид өрөөнд нь орж ажлаа дүгнүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нар ажлаа дүгнүүлэхээс татгалзсан учраас урамшуулал авч чадаагүй гэж үзэж байна.
3.3. Ажлын бус цагаар хуралддаг гэх тайлбарын тухайд зуны улирал болж байгаа тул өглөө 7 цагт хуралдаад 16:00 цагт ажил тарахаар хуралдаад шийдсэн ба 1 сар гаруй хугацаанд л ингэж хуралдсан.
3.4. Нэхэмжлэгч Мын тухайд миний хүмүүжилд хүнийг өнчин өрөөсөн, хөгшин шар авгай гэж дуудах эрх, сэтгэл байхгүй.
3.5. Тухайн үед Н, А нарыг групп чатад нэмсэн ба миний бие бусад нэхэмжлэгч 3 хүнтэй найз биш байсан учраас нэмээгүй. Тухайн групп чатад байсан 2 хүн группт байгаагүй хүмүүсээ нэмэх боломж нь байсан.
3.6. Нэхэмжлэгч нарт дотоод журамтай танилцах тухай албан бичиг хүргүүлэхэд танилцаагүй.
3.7. Эх үрсийн баярын тухайд манай байгууллагын нийт 24 хүнд хүүхдүүдийнх нь тоогоор бэлэг авсан. 2024 оны 5 дугаар сарын сүүлээр миний бие акттай байсан бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үдээс хойш очиж бэлгээ тараана бүх ажилчдаа бэлэн байлгаарай гэж ажилчиндаа хэлсэн. Ажил дээрээ очиж хүмүүстээ бэлгээ тараагаад 4 хүний бэлэг үлдэхээр нь сахиул, үйлчлэгчид 4 хүний бэлэг үлдсэн ажилдаа ирэхээр нь өгөөрэй гэж хэлээд явсан. Орой нь жолооч Сарангоо эмч ирж бэлгээ авсан, үлдсэн 3 хүн бэлгээ аваагүй гэхэд нь үлдээчихвэл өөрсдөө авах байхаа гэж хэлсэн. Түүнээс биш би хүн ялгаж бэлэг өгөлгүй үлдээгээгүй. Өөрсдөө ч бэлэг авахаас татгалзсан байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч нар ажлын байрны дарамт үзүүлж, цалин хассан талаарх гомдлыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны дарга болон дэд захирал, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс хороонд тус тус хандаж гаргасан байх Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03/46 дугаар зөвлөмжөөр 1. Тус төвийн удирдах албан тушаалтнууд хоорондын, удирдах албан тушаалтан ба ажилтан хоорондын үүссэн үл ойлголцол, зөрчилдөөниийг байгууллагын дотоод хэм хэмжээг баримтлан, эрх хэмжээний хүрээнд хянан шийдвэрлэх, цаашид холбогдох хуулийн заалтыг мөрдөж ажиллаагүй албан тушаалтанд хариуцлага тооцож байх, 2. Хөдөлмөрийн дотоод журамд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох, ажил олгогчийн үндсэн эрх, үүрэг, ажлын байранд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг нарийвчлан тусгах, 3. Ажил эрхлэлт, хедөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын талаарх ойлголт, хүний эрхийн боловсрол, мэдрэмж, соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, 4. Тус өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг хэвийн болгох, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, үр дүнтэй ажил зохион байгуулах, 5. Ф өрхийн эрүүл мэндийн төвийн ёс зүйн дэд хороог шинэчлэн байгуулж, идзвхтэй, тасралтгүй үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангах, тус эрүүл мэндийн төвийн ажилтнуудын гаргасан ёс зүйн зөрчлийг тухай бүр хянан шийдвэрлэж хэвших, байгууллагын ажилтнуудад ёс зүйн сургалтыг тогтмол зохион байгуулж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангуулж ажиллах гэх агуулгатай зөвлөмжийг хүргүүлсэн байна.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагдсан гэж үзсэн хүн, ажилтан, ажилтны төлөөлөгч гомдлоо тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, дээд шатных нь албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхэд тус тус гаргаж болно... гэж зааснаар нэхэмжлэгч нар хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагдсан гэх гомдлыг тус шүүхэд гаргажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно гэж тус тус заасан байна.
6. Ф нөхөрлөл ББН-ийн дарга болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.4-т ажил олгогч хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах ... эрхтэй гэж, 3.2.5-д ажил олгогчийн санаачилгаар болон талууд харилцан тохиролцсоноор өөр ажил түр орлон гүйцэтгүүлэх буюу хослон ажиллуулж болно... гэж тус тус харилцан тохиролцсон байна. Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан, өөр ажилд шилжүүлсэн, урамшуулал олгоогүй гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй тул нэхэмжлэгч нарын Ж үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан. Биднээс асуухгүйгээр ажлын байрыг сольсон, цалин удаа дараа хассан, урамшуулал олгоогүй тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
7. Тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр Ф ӨЭМТ-ийн хамт олон гэх нэртэй групп чатад нэхэмжлэгч Н, А нарыг нэмсэн ба хариуцагч Ж нь тухайн чатаас нэхэмжлэгч Нг хасаад, дараа нь өөрөө тухайн чатаас гарсан, харин нэхэмжлэгч А.Отгонцэцэгийг тухайн групп чатаас хассан үйл баримт тогтоогдоогүй. Зохигчид үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон үйл баримтын талаар маргаагүй, харин тухайн групп чатад оруулаагүйгээс мэдээлэл авах боломжийг хааж, ялгаварласан гэж маргасан. Тухайн Ф ӨЭМТ-ийн хамт олон гэх нэртэй групп чат нь Ф ӨЭМТ-ийн ажилтнуудын хоорондох мэдээлэл хүлээн авах, цуглуулах, илгээх, дамжуулах талаар ажил хэргийн зориулалтаар ашиглагдах албан ёсны хэрэгсэл гэж үзэхээр тус төвийн хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулаагүй байх тул нэхэмжлэгч нарын дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
8. Ф нөхөрлөл ББН-ийн даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/22 дугаар Эх үрсийн баярын өдөр-ийг тохиолдуулан гарын бэлэг олгох тухай тушаалаар тус төвийн эмч, ажилтнуудад эх үрсийн баярт зориулан гарын бэлэг олгохоор шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч М Эх үрсийн баяраар манай 5 хүүхэд манай ажлын гарын бэлгийг хүлээж надаас асуусан. Ажлаас ямар нэгэн байдлаар эх үрсийн баярын бэлэг өгөх төлөөр мэдэгдээгүй. 18:00 цаг хүртэл хүлээгээд холбогдохгүй байсан учраас нөхөртэйгөө гарч бэлэг авсан гэж, хариуцагч Ж 2024 оны 5 дугаар сарын сүүлээр миний бие акттай байсан бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үдээс хойш очиж бэлгээ тараана бүх ажилтнуудаа бэлэн байлгаарай гэж хэлсэн. Ажил дээрээ очиж хүмүүстээ бэлгээ тараагаад 4 хүний бэлэг үлдэхээр нь сахиул, үйлчлэгчид 4 хүний бэлэг үлдсэн ажилдаа ирэхээр нь өгөөрэй гэж хэлээд явсан. Орой нь жолоочоос Сарангоо эмч ирж бэлгээ авсан үлдсэн 3 хүн бэлгээ аваагүй гэхэд нь үлдээчихвэл өөрсдөө авах байхаа гэж хэлсэн тэрнээс биш би хүн ялгаж бэлэг өгөхгүй үлдээгээгүй. Өөрсдөө ч бэлэг авахаас татгалзсан байх гэж, гэрч П.Цэрэндолгор Эр үрсийн баярын бэлгийг тараах зарыг байгууллагын групп чатад тавьсан. Тухайн чатыг уншсан ажилчид ирж бэлгээ авсан. Эх үрсийн баярын үлдсэн 5 ширхэг бэлэг ширээний доор байсан гэх мэдүүлснээс дүгнэхэд Мд тухайн өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудаас ялгаварлан бэлэг өгөөгүй бус удирдах албан тушаалтан болон ажилтнуудын хоорондын үл ойлголцол, таарамжгүй харилцааны улмаас нэхэмжлэгч М нь одоог хүртэл бэлгийг аваагүй байна.
9. Нэхэмжлэгч Мын өнчин өрөөсөн, хөдөлмөр хийх чадваргүй хөгшин, шар авгай гэх мэтээр доромжилсон гэх тайлбарын тухайд гэрч С тухайн үйл баримтын талаар нэхэмжлэгч талаас тодруулахад Намайг ажиллах хугацаанд нэр бүхий 5 хүн Ф өрхийн эрүүл мэндийн төвийн 2 номерын өрөөнөөс гардаггүй байсан. Ж нэхэмжлэгч нарыг уурлаж, загнадаг, гадуурхдаг, байнгын хэрүүлтэй байдаг байсан. Ж нь Мыг хөгшин, шар авгай гэж хэлэхийг сонсож байсан гэж, хариуцагч талаас тодруулахад Би үүдэнд суудаг байсан. Ж болон нэхэмжлэгч нар хоорондоо харилцан хэрэлддэг байсан. Юу гэж хэрэлддэг байсныг нь сонсоогүй гэж зөрүүтэй мэдүүлсэн байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д төрийн албан хаагч бусдын бие эрхтний онцлогийг зохисгүй үг, үйлдлээр илэрхийлэхийг цээрлэх, ... , ёс бус үг, хэллэг хэрэглэхгүй байх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь энэ үүргээ биелүүлбэл зохино.
10. Нэхэмжлэгч Д.Удвал Нөхрийн бие муудаад өрхийн эмнэлэг дээр ирэхэд яаралтай тусламжийн шүүгээг цоожилчихоод түлхүүрийг нь өгөхгүй, яаралтай тусламж үзүүлээгүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгч А тайлбарт дурдсан үйл баримтыг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхсан гэж үзэх боломжгүй, харин нэхэмжлэгч нь тус өрхийн эрүүл мэндийн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлээгүй гэж үзсэн тохиолдолд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд зааснаар холбогдох байгууллагад хандан гомдлоо шийдвэрлүүлэх нь зүйтэй.
11. Нэхэмжлэгч Ж Ж 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хүлээн авсан. Ж нь бензин олгох тушаалын дагуу надад 02-03 дугаар сарын бензинийг өгсөн, 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх бензинийг өгөөгүй гэх тайлбарын тухайд хариуцагч Ж 2024 оны 3 дугаар сараас өмнө бензинээ авч байсан. Харин 2024 оны 3 дугаар сарын сүүлээр 3-4 хоногийн зөрүүтэй дахин 30 литр бензин авна гэж ирсэн. Миний зүгээс тухайн хугацаанд дуудлага хийгдээгүй байсан. Би та өмнөх сарын авсан бензиний хуудас, дуудлагад явсан баримтаа гаргаад өгсөн тохиолдолд бензин өгнө гэхэд яахаараа чамд гаргаж өгдөг юм гэх мэт удирдлагын зүгээс тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй. Урдаас хэл амаар доромжилсон тул тухайн замын хуудсыг өгөөгүй, дахин бензин асууж ирэхээ больсон гэж няцааснаас дүгнэхэд удирдах албан тушаалтан болон ажилтнуудын хоорондын үл ойлголцлын улмаас дээрх нөхцөл байдал үүссэн байх тул энэ байдлыг Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ялгаварлан гадуурхсан гэж үзэх үндэслэлгүй.
12. Нэхэмжлэгч нарын Ж нь үйлчлүүлэгч нарын дэргэд болон хамт олны хажууд бид нарыг өндөр дуугаар загнаж дайрч давшилж, уурлаж харьцдаг гэх тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
13. Нэхэмжлэгч нар Хөдөлмөрийн дотоод журам хэлэлцэхэд оролцуулаагүй, танилцуулаагүй гэж тайлбарласан ба хариуцагч талаас тухайн үйл баримтыг тодруулахад нэхэмжлэгч Ж 2024 оны 6 дугаар сард танилцсан гэж, нэхэмжлэгч Д.Удвал Тухайн дотоод журмыг бидний ширээн дээр тавьсан байсан. Би танилцаж, гарын үсэг зураагүй гэж, нэхэмжлэгч А.Отгонцэцэг, Н, М нар Танилцаагүй гэж тус тус хариулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.6-д зааснаар ажил олгогч нь ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг тогтоож мөрдүүлэх эрхтэй гэж, 122 дугаар зүйлийн 122.1-д Ажил олгогч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ гэж, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.1-д ажилтан байгууллагын хөдөлмөрийн дотоод журам ажлын байрны тодорхойлолт болон баталсан журам, тушаал шийдвэрийг мөрдөж, ажил үүрэг үүргээ мэргэжлийн өндөр түвшинд бүрэн шударга хариуцлагатайгаар тодорхой хугацаанд гүйцэтгэж, эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй санаачилгатай ажиллах үүрэгтэй гэж тус тус заасан байна. Хариуцагч Жгаас нэхэмжлэгч нарт хөдөлмөрийн дотоод журам танилцуулах арга хэмжээг авах зорилгоор албан бичиг хүргүүлсэн боловч одоог хүртэл хөдөлмөрийн дотоод журамтай танилцаагүй байх тул нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн дотоод журамтай танилцуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
14. Түүнчлэн хөдөлмөрийн дотоод журмын 2.2.2-т цалин хөлс, урамшуулан шагнах нөхцөл, нэмэгдэл хөлсний талаар зохицуулсан бөгөөд 2.2.2.1-д хөдөлмөрийн хөлсийг сар бүрийн 20-ны өдрөөс хойш нэг удаа олгоно гэж заасан байх ба цалин хөлсийг урьдчилан олгох талаар зохицуулаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.5-д Ажилтны хүсэлтээр цалин хөлсийг нь урьдчилан олгож болно гэж заасан. Нэхэмжлэгч нар цалин хөлсөө урьдчилан авах талаар хүсэлт гаргаагүй байх тул нэхэмжлэгч нарын Ж цагаан сарын өмнө бүх ажилтнуудад урьдчилгаа өгчихөөд бидэнд урьдчилгаа өгөөгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
15. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол гэх мэт хүчин зүйлсээр ялгаварлан гадуурхах гэдэг нь тухайн хүнийг эрхээ эдлэх тэгш боломж олгохгүй байхыг хэлдэг.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлд дурдсан үйл явдлуудыг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан аль хүчин зүйлсээр нь ялгаварлан гадуурхаад байгааг тодорхойлоогүй, нэхэмжлэгч нарын Ж нь Мыг хөгшин, шар авгай гэж нас, хүйс, гадаад төрх байдлаар ялгаварлан гадуурхаж доромжилсон гэж маргасныг хүлээн авах боломжгүйг тайлбарласан.
Ийнхүү хариуцагч Ж нь нэхэмжлэгч Н, А, М, С, А нарыг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
16. Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны дарга Ш.Хажидмаа ялгаварлан гадуурхалт байгааг тогтоосон 1 ширхэг сиди дууны бичлэгийг шинжлэн судлахад хэн, хэний дууны бичлэг гэдэг нь тодорхой бус, нэхэмжлэгч талаас шинжлэн судлах шаардлагагүй гэсэн тул сиди-г нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж, мөн зүйлийн 44.4-т Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч талаас ирүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны даргад болон дэд захирал, Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс хороонд хандаж гаргаж байсан гомдолд хавсаргасан баримтууд болох тайлбар, гар утас болон компьютерээс хуулбарласан фото зургууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
17. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, тэдний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н, А, М, С, А нарын хариуцагч Жд холбогдох хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт байгааг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н, А, М, С, А нарын шүхүэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг М аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор М аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ