| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0039/э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2018-01-31 |
| Зүйл хэсэг | 17.7.1., 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа /тээвэр/ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-т холбогдох эрүүгийн 17030 0001 0156 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Дэлгэрмаа /тээвэр/, хохирогч Д.М, хохирогч, 16 насанд хүрээгүй хохирогч М.Х хууль ёсны төлөөлөгч Ч.Т, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны оройн 21:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Өлзийт хорооны нутаг Түргэний голын гүүрний урд замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар Toyota Prius-20 маркийн 33-95 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч К.Кгийн зөвшөөрөлгүйгээр жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
- 2.1 заалтын “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;
- 2.7 заалтын “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;...”,
- мөн дүрмийн 8.2 заалтын “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөний улмаас Beiben ND4190 GG4J 78-70 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Г.М, Д.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Х, Ч.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т-ийн өгсөн:
“...Мөрдөн байцаалтын шатанд холбогдсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн учир нэмж ярих зүйлгүй байна. Согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, өөрийн найз К автомашиныг зөвшөөрөлгүй унаж явахдаа зам тээврийн осол гаргаж, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулж, эд хөрөнгөд нь хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг байдлаар маргах зүйл байхгүй. Хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулна.
Би 2009 онд жолооч болсон. 2016 онд 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан юм. Хэрэг үйлдэх үедээ автомашин жолоодох эрхгүй байсан. Хохирогч Д.М-д хохирлоос 150.000 төгрөг өгөхөөр авчирсан. Ослын улмаас миний хөлний шагай цуурч, өсгий мултарч, толгойдоо гэмтэл авсан байсан. Тэгээд эмчилгээ хийлгэж 3 сар гэртээ, хэвтрийн дэглэм барьж, өвчтэй байсан учир ажил хөдөлмөр эрхэлж, хохирол нөхөн төлж чадахгүй, төлөх боломжгүй байсан юм. Ээж ганцаараа ажил хийдэг, аав групп-д байдаг учир надад хохирол төлөх боломж, чадвар байгаагүй. Хохирогч нараас уучлалт гуйж байна. хэрэг гардаг 2017 оны 07 дугаар сарын 27-ны орой гал авахаар Мийн хамт урд талын айл руу явж байхдаа зам тээврийн осол гаргасан. Тухайн үед К.Кгийн машиныг зөвшөөрөлгүй авч явсан нь үнэн. Би мэргэжилгүй, бүрэн дунд боловсролтой. Осолд орохоос өмнө миний бие эрүүл байсан. Би өмнө нь ажил хийдэг байсан. Надад өөрийн өмчлөлийн эд хөрөнгө байхгүй. Хохирогч а нэхэмжилж байгаа 15.162.000 төгрөгийг төлж барагдуулна, хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байна.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгаас машиныхаа чиргүүлийг аваад Улаанбаатар хот руу ирж явсан. Тэгээд Түргэний голын урд талд орой 21:00 цагийн орчимд явж байхад урд талаас саарал өнгийн Toyota Prius-20 маркийн машин урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд би тоормос гишгэхэд намайг ирээд мөргөсөн, их хурдтай явсан. Миний машин замын хажуу руу орж зогссон. Би эхнэр, хоёр хүүхэдтэйгээ хамт явж байсан. Тэгээд эхнэр, хоёр хүүхдээ буулгаад мөргөсөн Prius дээр очиход Т жолооны ард сууж байсан, хажууд нь бас нэг залуу сууж байсан. 5 орчим минутын дараа Т нь “ус байна уу, би үхлээ” гээд орилоод байсан. Хажуу талд нь сууж байсан залуу унтсан байдалтай байсан.
Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан. Гэмтлийн эмнэлэг дээр очсон. Хэрэг гарснаас хойш Т ганц ч удаа утсаар яриагүй, нэг ч удаа уулзаагүй. Би өр тавиад машинаа зассан болохоор надад хэцүү байна гэж Тт удаа дараа хэлж байсан. Т надад 3 сарын өмнө нэг зарах газар байгаа, түүнийг зараад хохирлыг барагдуулна гэж байсан боловч одоог хүртэл хохирол төлөөгүй. Сая шүүх хурлын өмнө 150.0 төгрөг төлнө гэж авчирсныг хүлээн авлаа. Миний хувьд өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой төлбөр нэхэмжлээгүй. Автомшины эвдрэл хохирлын үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг барагдуулаад өг, бусад хохирлыг нэхэмжлэхгүй гэж хэлж байсан.
Би өмнө нь 2013 онд нурууны хагалгаанд орж байсан. Миний нуруу бэхэлгээтэй хиймэл дисктэй байдаг. Ослын улмаас миний хиймэл диск хазайж, бэхэлгээ муруйсан. Эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй. Би эрүүл мэндийн хувьд байнгын эм уудаг, шарлага хийлгэж, эмчилгээ хийлгэдэг, зовиуртай, өвддөг. Осолд орохоос өмнө нурууны хагалгаанд ороод эдгэрсэн байсан. Би энэ машиныг ажил хийж орлого олох зорилгоор худалдан авсан. “Хан хангамж” ХХК-ийн нэр дээр гэрээгээр ажил гүйцэтгэдэг. Машины эзэмшигч нь Хүүхэнбархас гэдэг хүн байдаг боловч уг машиныг би худалдаж аваад нэр шилжүүлээгүй байсан. Би машин худалдан авсан үнийг бүрэн төлөөгүй, 8.0 сая төгрөгийн төлбөр дутуу байсан. Төлбөрөө бүрэн барагдуулаад нэр дээрээ бүрэн шилжүүлж авах ёстой юм. Машинаа хурдан түргэн засуулж, ажилд гаргах хэрэгтэй байсан тул хүнээс мөнгө зээлээд засвар үйлчилгээг хийлгэсэн. Тиймээс ослын улмаас машинд учирсан бүх эвдрэл гэмтлийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол 15.162.000 төгрөгөө нэхэмжилсэн. Энэ хохирлыг хурдан хугацаанд төлж өгнө үү гэж хүсэж байна. Эмчилгээний зардал энэ тэр нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг,
3. Хохирогч, 16 насанд хүрээгүй хохирогч М.Х хууль ёсны төлөөлөгч Ч.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгаас машиныхаа чиргүүлийг аваад Улаанбаатар хот руу явж байгаад Түргэний гүүр гэдэг газар осолд орсон. Prius машин урдаас ирж мөргөсөн, маш богино хугацаанд болсон. Машин дотор хоёр залуу байсан, хоёулаа согтуу байсан. Удаагүй Т нь ус нэхээд яваад байсан. Тэгээд түргэний машин ирээд бүгдийг нь авч явсан. Т ослын улмаас 3 сар хэвтсэн гэж байна, хэвтээгүй байх гэж бодож байна. Манай хүү Хүслэн, бид хоёрт хөнгөн гэмтэл учирсан.
Манай хүүхэд зөөлөн эдийн гэмтэлтэй, гарын шуу хөхрөлттэй гэсэн, миний нуруунд зөөлөн эдийн гэмтэл байна гэж гарсан. Эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний зардал гэж мөнгөөр тооцож нэхэмжлэх зүйл байхгүй. Хүү Хүслэн эмчилгээ хийлгэсэн. Хэрэгт 120.000 төгрөгийн эмчилгээний баримт гаргасан. Хүслэнгийн биеийн эрүүл мэндийн байдал одоо зүгээр байгаа. Миний биеийн байдал хэвийн, нуруу бага зэрэг өвддөг. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1703000010156 дугаартай хэргээс:
1. 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-13х/,
2. Хохирогч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2017 оны 07 дугаар сарын 27-ны оройн 21:00 цагийн орчимд 78-70 УНЭ улсын дугаартай түлшны автомашиныг жолоодоод эхнэр, хүүхдийнхээ хамтаар Дундговь аймгаас Улаанбаатар хот орохоор Түргэний голын гүүрний урд замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо 45 орчим км/цагийн хурдтай явж байхад гэнэт урдаас саарал өнгийн Т.Приус маркийн автомашин маш их хурдтай урсгал сөрөөд 2-3 метрийн зайтай тулаад ороод ирсэн. Тэгэхээр нь тоормос гишгээд баруун гар тийшээгээ жолоогоо дарсан боловч уг машин зогсоох арга хэмжээ авалгүй урдаас ирээд мөргөсөн. Миний машин мөргүүлээд замаас гарч зогссон. Манай эхнэр 102, 103 луу утсаараа дуудлага өгсөн.
Би машинаасаа буугаад мөргөсөн машин дээр явж очиход жолооны ард цустайгаа холилдчихсон 20 гаран насны залуу “ус байна уу, пизда” гээд орилоод байсан. Жолоочийн хажуу талд мөн адил насны эрэгтэй залуу ухаангүй байсан. Машинаас их архи үнэртэж байсан. Эхлээд Замын цагдаа ирсэн. Дараа нь түргэн тусламж ирээд нөгөө хоёр залууг аваад явсан. Би осол хэргийн газраа үлдсэн. Гэтэл удалгүй машины эзэн гэх нэг залуу ослын дараа ирсэн. Тухайн үед замаар машины хөдөлгөөн бага, гадаа гэгээтэй байсан.
Эсрэг урсгалд явсан машины араас гэнэт урсгал сөрөөд гараад ирсэн. Би шууд тоормос гишгээд баруун гар тийшээгээ жолоогоо дараад мөргөлдсөн. Хан хангамж ХХК-ийн нэр дээр байдаг. Уг машин миний эзэмшлийнх. Би гэрээгээр түлш ачих гэхэд хувь хүний нэр дээр байж болохгүй гээд машины эзэмшигчийг байгууллагын нэр дээр шилжүүлсэн юм. Машиндаа үнэлгээ хийлгэсэн боловч төлбөрийг нь төлөөгүй байгаа учраас үнэлгээг аваагүй байна. Одоо миний бие гайгүй байна. Эмчилгээнд надаас гарсан мөнгөө нарийн гаргаагүй байгаа. Манай эхнэр, хүүхдийн биед гэмтэл учраад хамтдаа эмнэлгээр явж байгаа. Би 2008 оноос хойш автомашин жолоодож байгаа, ВCDE ангилалын эрхтэй. Манай эхнэрийн биед хөнгөн гэмтэл учирсан болохоор манай эхнэр Хүслэнгийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, нэхэмжлэгчээр оролцоно. Гомдолтой байна. Одоо гарч байгаа болон цаашид гарах зардлыг нэхэмжлэнэ. Өмнөговь аймгийн Гурван тэс суманд түлш хүргэж өгөх гэрээ хийчихсэн байсан. Машин явахгүй болчихоор гэрээгээ цуцлах гээд байгаа учраас эртхэн машины хохирлыг бүрэн барагдуулж, машиныг ажилд гаргаж өгнө үү. Буруутай жолоочтой уулзахыг хүсэж байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,
3. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2017 оны 07 дугаар сарын 27-ны оройн 21 цагийн орчимд Улаанбаатар хот орохоор Түргэний голын гүүрний урд замаар 78-70 УНЭ улсын дугаартай түлшний автомашинд суугаад, манай нөхөр Д.М машинаа жолоодоод ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо явж байхад гэнэт урдаас саарал өнгийн Т.Приус маркийн автомашин маш их хурдтай урсгал сөрөөд өөдөөс ороод ирэхэд манай нөхөр тоормос гишгээд баруун гар тийшээгээ жолоогоо дарсан боловч урдаас ирж мөргөсөн. Машинд мөргүүлээд замаас гарч зогссон. Би 102, 103 луу утсаараа дуудлага өгсөн. Мөргөсөн машинд жолоочоос гадна бас нэг залуу байсан. Эхлээд замын цагдаа ирсэн. Дараа нь түргэн ирээд нөгөө хоёр залууг аваад явсан. Ямар ч машинаа зогсоох арга хэмжээ авалгүй мөргөсөн. Машины эзэн гэх нэг залуу ослын дараа ирчихсэн байсан. Замаар машины хөдөлгөөн бага, гадаа гэгээтэй бүрэнхий болж байсан. Бүх зүйл тод харагдаж байсан. Эхлээд эсрэг урсгалд хоёр машин зөрөөд явсан. Ард нь явсан гурав дахь машины араас мөргөсөн машин гэнэт урсгал сөрөөд гарч ирсэн.
Нөхрийн жолоодож явсан машин нь “Хан хангамж” ХХК-ийн нэр дээр байдаг. Уг машин манай нөхрийн эзэмшлийнх. Гэрээгээр түлш ачдаг болохоор хувь хүний нэр дээр байж болохгүй гээд машины эзэмшигчийг байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Манай нөхөр энэ машинаараа Өмнөговь аймгийн Гурван тэс суманд түлш хүргэж өгдөг юм. Одоо машин нь ямар ч боломжгүй болчихсон болохоор ажилгүй болчихоод байна. Иймээс буруутай жолоочоор машины хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү.
Хүүхдийн бие одоохондоо гайгүй байна. Миний нуруу, толгой өвчтэй байгаа. ...Би өөрийн эмчилгээнд томографийн шинжилгээг өгөхөд 120.000 төгрөг зарцуулсан. 20.000 төгрөгөөр эм авсан. Энэ баримтууд нь байхгүй. Манай машиныг мөргөсөн Тоёота Приус маркийн автомашин маш их хурдтай урсгал сөрж орж ирсэн. Автомашинд учирсан хохирлоо яаралтай барагдуулж авахыг хүсэж байна. Өөр нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33х, 57-59х/,
4. Хохирогч Г.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Шарын гол суманд гэртээ байж байгаад найз Төрбаттай утсаар ярихад “би хөдөө ажлаасаа бууж байна, Улаанбаатар хотод хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хот руу машинаар ороод найз Кенжетэй уулзаад гэрт нь очиж хоносон. Тэгээд маргааш өглөө буюу 2017 оны 07 дугаар сарын 27-ны өглөө Кенжээ болон түүний эхнэр, хүүхэд Т.Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотруу орсон. Бид хоёр хот ороод найз Ттэй уулзсан. Бид гурав буцаад найз Кенжээгийн гэрлүү машинтай нь явж очсон. Бид гурав Кенжээгийн гэрт 2 шил архи хувааж уусан. Түүнээс хойш ухаан байхгүй. Би нэлээд согтсон болохоор юу ч санахгүй байна.
Би Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад ангийн хүүхэд ирж байсан. Би хэн нь орж ирсэн талаар сайн санахгүй байна. Манай ангийн хүүхэд Мөнхбаярлуу утсаар яриад ах маань гэмтлийн эмнэлэгээс ирж авсан. Тэгээд Дархан-Уул аймгийн эмнэлэгт ирж хэвтүүлсэн. Зам тээврийн осол болоход зорчиж явсан 33-95 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай найз Кенжээгийн машин байх. Надад найз Баттулга утсаар яриад Кинжээгийн машин гээд зургийг нь харуулж байсан. Би яг хэний эзэмшлийн машин байсан талаар мэдэхгүй байна. Найз Кенжээгийн бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Би зам тээврийн осол болсон талаар сайн санахгүй байна. Манай ангийн хүүхэд Төрбат Дархан-Уул аймгийн эмнэлэгт хэвтэж байхад зам тээврийн осолд орсон гэж хэлсэн. Би аль эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаараа санахгүй байна. Ангийн хүүхэд Төрбат Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан гэж хэлэхээр нь тэнд хэвтэж байсан байх гэж ойлгож байна. Би Кенжетэй хамт Шарын гол сумын 2 дугаар сургуульд сурч байсан нэг үеийн хүүхдүүд байгаа юм. Би ерөөсөө санахгүй байна. Миний толгойны зүүн талд 10 гаруй оёдол тавьсан. Одоогийн байдлаар толгой өвдөж шилэн хүзүү татаж унах гээд байдаг. Би удаан сууж чадахгүй байгаа. Намайг эмч хэвтэрийн дэглэм сайн сахиж байгаарай гэж хэлсэн. Миний ой ухаан орж гараад, зарим зүйлээ мартаад байгаа юм. Би ангийнхаа хүүхдээс гомдол нэхээд яахав дээ гомдолгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр мэдүүлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-51х/,
5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч К.Кгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Т, М, манай эхнэр, 2 хүүхдийнхээ хамтаар Түргэний голын гүүрний цаана байдаг амралтын газар очиж амарсан. Тухайн үед би өөрийнхөө 33-95 УБС улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашинтай явсан. Өглөө нь хот руу орж ирчихээд буцаад амралтын газар руу явсан. Явахдаа 2 шил архи, хоол ундны зүйл авсан. 12 цаг өнгөрөөгөөд архи ууж хоол унд хийж идэж амарсан. Тэгж байгаад бүгд унтахаар болоод би унтсан.
Орой намайг манай эхнэр сэрээгээд нөгөө хоёр чинь чиний машиныг унаад явсан байна. Машин зам дээр машинтай мөргөлдсөн байна гэхээр нь би шууд осол болсон газарт явж очиход миний машин том машинтай мөргөлдсөн байдалтай жолооны ард Т сууж байсан. М жолоочийн хажуу талын урд сандалд ухаангүй байсан. Тэгэхээр нь би шууд 102, 103-т дуудлага өгсөн. Түргэн ирээд Т, М хоёрыг аваад явсан.
Тухайн үед миний машин гэрийн гадаа, түлхүүр машиндаа зоолттой байсан. Машины хаалгыг онгорхой орхисон байсан. Би Тт машины түлхүүрийг зөвшөөрч өгөөгүй. Т миний машиныг дураараа авч яваад осол гаргасан байсан. Т, М хоёр миний багын найзууд, хамт нэг ангид сурч байсан юм. Т Улаанбаатар хотод амьдардаг гэрийг нь мэдэхгүй. Хувиараа ажил хийдэг байсан. М Дархан-Уул аймгийн Шарын гол суманд амьдардаг. Ажил хийдэггүй. Ослоос хойш Ттэй дахин уулзаагүй байна. Мийг гэмтлийн эмнэлгээс гаргасан. М одоо Дархан-Уул аймагт байгаа. Тоyota prius маркийн 33-95 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй миний өөрийн өмч юм. Миний машинд ослын улмаас учирсан хохирол үнэлгээгээр 4.050.000 төгрөг гарсан байгаа. Миний хувьд машинаа өөрөө хариуцаад засварлуулна гэж бодож байна Г.Төөс нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-41х/,
6. Иргэний нэхэмжлэгч Г.Хүүхэнбархасын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
Beiben ND4190 GG4J маркийн 78-70 УНЭ улсын дугаартай автомашин нь “Хан Хангамж ХХК-ийн нэр дээр байдаг. Би ажил хийхийн тулд тус компанийн нэр дээр шилжүүлсэн байсан. 2017 оны 06 дугаар сарын 10-ны орчим 28.000.000 төгрөгөөр Мөнхбатад зарсан. Мөнхбат нь надад 8.000.000 төгрөг өгөх ёстой. Энэ мөнгийг бүрэн өгсөн үед Beiben ND4190 GG4J маркийн 78-70 УНЭ улсын дугаартай автомашины гэрчилгээг Мөнхбатын нэр дээр шилжүүлэхээр тохирсон байсан юм. Мөнхбат өөрөө машинд учирсан хохирлоо нэхэмжилж, надад үлдсэн 8.000.000 төгрөгийг өгөх болно. Би Мөнхбатаас машины үнэнд 20.000.000 төгрөгийг авсан нь үнэн болно. Beiben ND4190 GG4J маркийн 78-70 УНЭ улсын дугаартай автомашины хохирлыг би нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44-45х/,
7. Арван зургаан насанд хүрээгүй хохирогч М.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2017 оны 07 дугаар сарын 27-ны орой би аав Мөнхбат, ээж Тунгалагтуяа, дүү Номин нарын хамт хөдөөнөөс хот руу аав Мөнхбатын машинд суугаад аавын машины хойд талын суудал буюу машины орон дээр дүү Номинтой тоглож явтал түс тас хийсэн. Би урагшаа унасан. Машинаас бууж ирээд хартал манай машины урд талын дугуй салсан байсан. Ээж, аав, дүү нартайгаа эмнэлэг орж үзүүлсэн. Миний бие одоо өвдөхгүй байгаа. Өөр нэмж хэлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 61-62х/
8. ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9875 тоот дүгнэлтэд:
1. Д.М биед баруун эрхий хурууны дунд шивнүүрийн хугарал, нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 75х/,
9. ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9876 тоот дүгнэлтэд:
1. Ч.Т-н биед нурууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэж цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 80х/,
10. ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9874 тоот дүгнэлтэд:
1. М.Х-н биед нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэж цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хэргийн 84х/,
11. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн 1097 тоот дүгнэлтэд:
1. Г.М биед тархины дунд зэргийн няцрал, зүүн чамархайн, зүүн бугалга шууны шарх, зулгаралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
4. Г.Мд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хэргийн 103х/,
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11378 тоот дүгнэлт:
1. Тийн биед зулай чамархай, эрүүний яс язарсан шарх, баруун, зүүн шагайн ясны далд хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаах хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 96х/,
13. ШШҮХ-ийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 7428 тоот дүгнэлтэд:
“Шинжилгээнд ирүүлсэн Г.Т 27/эр гэж хаягласан цусанд 2,9 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2,8 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 88х/,
14. Замын Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 421 тоот:
1. Тоёота Приус маркийн 33-95 УБС улсын дугаартай автомашины жолооч Г.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн
- 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”,
-2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,
- 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Belben маркийн 78-70 УНЭ улсын дугаартай автомашины жолооч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
3. Belben маркийн 78-70 УНЭ улсын дугаартай автомашины тоормосны мөрөөр уг автомашины хурдыг тодорхойлж гаргах боломжгүй. Учир нь обьект мөргөж зогссон болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 99х/,
15. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний 3492 дугаартай тайланд:
“...Эзэмшигчийн нэр: “Хаан Хангамж” ХХК, BEIBEN ND4190 ...78-70 УНЭ улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, үнэлгээгээр тогтоогдсон нийт шууд зардлын дүн 14.207.000 төгрөг, шууд бус зардлын дүн 955.000 төгрөг, нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 15.162.000 төгрөг...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 116-119х/,
16. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний 445 дугаартай тайланд:
“...Toyota Prius-20 ...33-95 УБС улсын дугаартай, Эзэмшигчийн нэр: К.К, мөнгөлөг Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, үнэлгээгээр тогтоогдсон шууд зардлын дүн 2.760.000 төгрөг, шууд бус зардлын дүн 1.290.000 төгрөг, нийт дүн: 4.050.000 төгрөг” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 120-121х/
17. BEIBEN ND4190 ...78-70 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй тухай Нийслэлийн Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн хариу хүргүүлсэн тухай 2017 оны 09 сарын 02-ны өдрийн 142 дугаартай албан тоот, гэрэл зургийн үзүүлэлт, уг автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримт /хэргийн 25х, 124-125х/,
18. Тоёото маркийн Приус загварын 33-95 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй тухай Нийслэлийн Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн хариу хүргүүлсэн тухай 2017 оны 09 сарын 01-ны өдрийн 137 дугаартай албан тоот, уг автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримт /хэргийн 127х, 164х/,
19. “...Гончигсумлаа овогтой Т нь ... 2009 оны 09 сарын 01-нд жолооч болсон, ангилал “В”, Улаанбаатар, Баянгол, ЗХАБТХ-ийн 27.1-р 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2018 оны 01 дүгээр сарын 01 хүртэл 1 жил, 6 сар эрх хассан” талаарх Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэлд бүртгэгдсэн тухай Лицензийн төвийн тодорхойлолт /хэргийн 153х, 155х/,
20. Шүүгдэгч Г.Тийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:
“...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 18:00 цагийн орчим би Алтай кашмер ХХК-д түр ажиллаж байхад найз К өөрийнхөө эзэмшлийн Тоёота Приус маркийн 33-95 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хүрч ирээд манай гэр лүү явъя гэж ирсэн. К ажил дээр ирэхдээ эхнэр Зулаа, тэдний 2 хүүхэд, найз М нар хамт ирсэн. Бид нар манай ажлаас хөдлөөд Хан-Уул дүүргийн нутаг, Өлзийт хорооллын орчимд байрлах амралтын газарт очсон. Кгийн дүү нь амралтын газрын сахиул хийдэг гэж байсан. Бид нар нийлж юм ярьж байгаад 1-2 шил архи хувааж уусан. 2017 оны 07 дугаар сарын 27-ны өглөө 09:00 цагийн үед босоод бид нар Кгийн хүүхдийг үзүүлэхээр бүгд хот руу орж ирж үзүүлээд буцаж амралтын газар руугаа очсон. Тэндээ К, М бид нар дахин архи уусан. Орой 21:00 цагийн орчим би Кгийн Тоёота Приус маркийн 33-95 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон айлаас шүдэнз авахаар би амралтын газраас хөдлөөд Түргэний голын гүүрний урд зам руу орж ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явж байгаад эсрэг урсгал руу орж өөдөөс ирж явсан Belben маркийн 78-70 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн.
Миний хажуу талын суудал дээр найз М сууж явсан. Кгийн машины түлхүүр нь машин дотроо байхад нь машиныг шууд асаагаад хөдөлсөн. Кд би “машин унаж явлаа” гэж хэлээгүй болно. Миний машинд сууж явсан М, нөгөө машины жолооч Мөнхбат, эхнэр болон хүүхэд нь гэмтсэн гэж осол болсны дараа хэлж байсан. Түргэн ирж М бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Араас нөгөө машины хүмүүс ирсэн байсан. М бид хоёр гэмтлийн эмнэлэгт үзүүлээд маргааш өглөө нь гарч явсан. Би найз Г.М, нөгөө машины жолооч Д.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр, мөн нөгөө машины зорчигч М.Х, Ч.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа ойлгож байна. Би бусдад учруулсан хохирлоос нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байна.
Найз К, М хоёр надтай уулзаад гомдолгүй гэсэн. Хоёулаа миний багын найзууд юм. Тухайн осол болох үед би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Би шүүх эмнэлгийн болон техникийн байцаагчийн дүгнэлтүүдтэй танилцсан, санал хүсэлт байхгүй байна. Belben маркийн 78-70 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээтэй танилцсан. Хохирлыг барагдуулах болно. Гал асаах шүдэнз олохоор машин жолоодсон өөр санаа зорилго байгаагүй. Өөрийн гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 135-137х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 156х/, гэрч Д.Энхтуяа /хэргийн 69-70х/, С.Гончигсумлаа /хэргийн 72-73х/ нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.Тийн суурь боловсролын гэрчилгээ /хэргийн 157-158х/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, Шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн, хохирлын үнэлгээ дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч, үнэлгээчид гаргасан байх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Тийн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны оройн 21:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Өлзийт хорооны нутаг дэвсгэр, Түргэний голын гүүрний урд замд, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан үедээ согтуугаар, иргэн К.Кгийн эзэмшил, өмчлөлийн Toyota Prius-20 маркийн 33-95 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
- 2.1 заалтын “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;
- 2.7 заалтын “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
- мөн дүрмийн 8.2 заалтын “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөний улмаас Beiben ND4190 GG4J маркийн 78-70 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гаргасан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
- 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-13х/,
- “Шинжилгээнд ирүүлсэн Г.Т 27/эр гэж хаягласан цусанд 2,9 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2,8 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэсэн ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 7428 тоот дүгнэлт /хэргийн 88х/,
- “Тоёота Приус маркийн 33-95 УБС улсын дугаартай автомашины жолооч Г.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн
а/ 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”,
б/ 2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,
в/ 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Belben маркийн 78-70 УНЭ улсын дугаартай автомашины жолооч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Belben маркийн 78-70 УНЭ улсын дугаартай автомашины тоормосны мөрөөр уг автомашины хурдыг тодорхойлж гаргах боломжгүй. Учир нь обьект мөргөж зогссон болно.” гэсэн Замын Цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 421 тоот дүгнэлт /хэргийн 99х/,
- “...Гончигсумлаа овогтой Т нь ... 2009 оны 09 сарын 01-нд жолооч болсон, ангилал “В”, Улаанбаатар, Баянгол, ЗХАБТХ-ийн 27.1-р 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2018 оны 01 дүгээр сарын 01 хүртэл 1 жил, 6 сар эрх хассан” талаарх Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэлд бүртгэгдсэн тухай Лицензийн төвийн тодорхойлолт /хэргийн 153, 155х/,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч К.К: “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Т, М, манай эхнэр, 2 хүүхдийнхээ хамтаар Түргэний голын гүүрний цаана байдаг амралтын газар очиж амарсан. Тухайн үед би өөрийнхөө 33-95 УБС улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашинтай явсан. Өглөө нь хот руу орж ирчихээд буцаад амралтын газар руу явсан. Явахдаа 2 шил архи, хоол ундны зүйл авсан. 12 цаг өнгөрөөгөөд архи ууж хоол унд хийж идэж амарсан. Тэгж байгаад бүгд унтахаар болоод би унтсан.
Орой нь намайг манай эхнэр сэрээгээд “нөгөө хоёр чинь чиний машиныг унаад явсан байна. Машин зам дээр машинтай мөргөлдсөн байна” гэхээр нь би шууд осол болсон газарт явж очиход миний машин том машинтай мөргөлдсөн байдалтай, жолооны ард Т сууж байсан. М жолоочийн хажуу талын урд сандалд ухаангүй байсан. Тэгэхээр нь би шууд 102, 103-т дуудлага өгсөн. Түргэн ирээд Т, М хоёрыг аваад явсан. Тухайн үед миний машин амралтын гэрийн гадаа, түлхүүр нь машиндаа зоолттой байсан. Машины хаалгыг онгорхой орхисон байсан. Би Тт машины түлхүүрийг зөвшөөрч өгөөгүй. Т миний машиныг дураараа авч яваад осол гаргасан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-51х/,
- Хохирогч Д.М: “...2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгаас машиныхаа чиргүүлийг аваад Улаанбаатар хот руу ирж явсан. Тэгээд Түргэний голын урд талд орой 21:00 цагийн орчимд явж байхад урд талаас саарал өнгийн Toyota Prius-20 маркийн машин урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд би тоормос гишгэхэд намайг ирээд мөргөсөн, их хурдтай явсан. Миний машин замын хажуу руу орж зогссон. Би эхнэр, хоёр хүүхэдтэйгээ хамт явж байсан. Тэгээд эхнэр, хоёр хүүхдээ буулгаад мөргөсөн Prius дээр очиход Т жолооны ард сууж байсан, хажууд нь бас нэг залуу сууж байсан. 5 орчим минутын дараа Т нь “ус байна уу, би үхлээ” гээд орилоод байсан. Хажуу талд нь сууж байсан залуу унтсан байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг,
- Хохирогч, 16 насанд хүрээгүй хохирогч М.Х хууль ёсны төлөөлөгч Ч.Тгийн: “...2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгаас машиныхаа чиргүүлийг аваад Улаанбаатар хот руу явж байгаад Түргэний гүүр гэдэг газар осолд орсон. Prius машин урдаас ирж мөргөсөн, маш богино хугацаанд болсон. Машин дотор хоёр залуу байсан, хоёулаа согтуу байсан. Удаагүй Т нь ус нэхээд яваад байсан. Тэгээд түргэний машин ирээд бүгдийг нь авч явсан.” гэсэн мэдүүлэг,
- Хохирогч Г.М: “...Би ...2017 оны 07 дугаар сарын 27-ны өглөө Кенжээ болон түүний эхнэр, хүүхэд Т.Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотруу орсон. Бид хоёр хот ороод найз Ттэй уулзсан. Бид гурав буцаад найз Кенжээгийн гэрлүү машинтай нь явж очсон. Бид гурав Кенжээгийн гэрт 2 шил архи хувааж уусан. Түүнээс хойш ухаан байхгүй. Би нэлээд согтсон болохоор юу ч санахгүй байна. ... Би зам тээврийн осол болсон талаар сайн санахгүй байна. Манай ангийн хүүхэд Төрбат Дархан-Уул аймгийн эмнэлэгт хэвтэж байхад зам тээврийн осолд орсон гэж хэлсэн. Би аль эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаараа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-51х/,
- Арван зургаан насанд хүрээгүй хохирогч М.Х: “...2017 оны 07 дугаар сарын 27-ны орой би аав Мөнхбат, ээж Тунгалагтуяа, дүү Номин нарын хамт хөдөөнөөс хот руу аав Мөнхбатын машинд суугаад аавын машины хойд талын суудал буюу машины орон дээр дүү Номинтой тоглож явтал түс тас хийсэн. Би урагшаа унасан. Машинаас бууж ирээд хартал манай машины урд талын дугуй салсан байсан. Ээж, аав, дүү нартайгаа эмнэлэг орж үзүүлсэн. Миний бие одоо өвдөхгүй байгаа. Өөр нэмж хэлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 61-62х/
- шүүгдэгч Г.Тийн: “...2017 оны 07 дугаар сарын 27-ны өглөө 09:00 цагийн үед босоод бид нар Кгийн хүүхдийг үзүүлэхээр бүгд хот руу орж ирж үзүүлээд буцаж амралтын газар руугаа очсон. Тэндээ К, М бид нар дахин архи уусан. Орой 21:00 цагийн орчим би Кгийн Тоёота Приус маркийн 33-95 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон айлаас шүдэнз авахаар би амралтын газраас хөдлөөд Түргэний голын гүүрний урд зам руу орж ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү явж байгаад эсрэг урсгал руу орж өөдөөс ирж явсан Belben маркийн 78-70 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Миний хажуу талын суудал дээр найз М сууж явсан. Кгийн машины түлхүүр нь машин дотроо байхад нь машиныг шууд асаагаад хөдөлсөн. Кд би “машин унаж явлаа” гэж хэлээгүй болно. Миний машинд сууж явсан М, нөгөө машины жолооч Мөнхбат, эхнэр болон хүүхэд нь гэмтсэн гэж осол болсны дараа хэлж байсан. Түргэн ирж М бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Араас нөгөө машины хүмүүс ирсэн байсан. М бид хоёр гэмтлийн эмнэлэгт үзүүлээд маргааш өглөө нь гарч явсан. Би найз Г.М, нөгөө машины жолооч Д.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр, мөн нөгөө машины зорчигч М.Х, Ч.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа ойлгож байна.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас Belben маркийн 78-70 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.М биед “баруун эрхий хурууны дунд шивнүүрийн хугарал, нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл, уг машинд зорчин явсан Ч.Тгийн биед “нурууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун шагайнд цус хуралт” бүхий, М.Х биед “нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуунд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл тус тус учирсан,
- мөн шүүгдэгчийн жолоодон явсан 33-95 УБС улсын дугаартай Т.Приус 20 маркийн автомашинд зорчин явсан Т.Мийн биед “тархины дунд зэргийн няцрал, зүүн чамархайн, зүүн бугалга шууны шарх, зулгаралт” бүхий, Г.Тийн биед “зулай чамархай, эрүүний яс язарсан шарх, баруун, зүүн шагайн ясны далд хугарал” бүхий эрүүл мэндийг удаах хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл тус тус учирсан болох нь хэрэгт авагдсан ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9874, 9875, 9876 дугаартай, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11378 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн 1097 дугаартай дүгнэлт баримтаар тус тус тогтоогдсон байна.
Түүнчлэн уг зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Д.М жолоодон явсан BEIBEN ND4190 78-70 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүнгээр 14.207.000 төгрөг, шууд бус зардлын дүнгээр 955.000 төгрөгийн, нийт 15.162.000 төгрөгийн хохирол, хохирогч К.К эзэмшлийн Toyota Prius-20 маркийн 33-95 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүнгээр 2.760.000 төгрөгийн, шууд бус зардлын дүнгээр 1.290.000 төгрөг, нийт дүн 4.050.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан болох нь Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний 3492 тайлан дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 116-119х/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний 445 дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 120-121х/ баримтаар тус тус нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилж тогтоосон. /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйл/
Тоёото приус-20 маркийн 33-95 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан тухайн цаг хугацаанд /2017 оны 07 сарын 27-ны өдөр/ шүүгдэгч Г.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, хүнд зэргийн согтолттой байсан нь хэрэгт авагдсан “Замын хөдөлгөөний аюлгүй байдлын тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан зөрчлийн улмаас 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 сарын 01-ны өдрийг хүртлэх хугацаанд нэг жил зургаан сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан” талаар Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэлд бүртгэгдсэн тухай Лицензийн төвийн тодорхойлолт /хэргийн 153, 155х/ баримт, “Шинжилгээнд ирүүлсэн Г.Т 27/эр гэж хаягласан цусанд 2,9 промилли спиртийн агууламж илэрсэн, цусанд илэрсэн 2,8 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэсэн ШШҮХ-ийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 7428 тоот дүгнэлт баримтаар нотлогдсон.
Шүүгдэгч Г.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан байхдаа, согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн хүнд зэргийн согтолттойгоор автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож, улмаар эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд ...эсрэг урсгал сөрөн өөдөөс ирж явсан иргэн Д.М жолоодон явсан Belben маркийн 78-70 УНЭ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гаргаж, хохирогч Д.М, Г.М нарын биед болон өөрийн биед хүндэвтэр гэмтэл, мөн хохирогч Ч.Т, арван зургаан насанд хүрээгүй хохирогч М.Х нарын биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэм буруутай үйлдэл нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, уг гэмт хэргийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Түүнчлэн шүүгдэгч Г.Тийн уг зам тээврийн осол гаргах үедээ жолоодон явсан Тоёото приус-20 маркийн 33-95 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн К.К эзэмшил өмчлөлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн /тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримт хэргийн 164х/, осол болсон 2017 оны 07 сарын 27-ны өдрийн оройн 21:00 цагийн үед тэрээр уг автомашиныг “доод айлаас шүдэнз, гал олох гэсэн гэх” санаа зорилгоор эзэмшигч, өмчлөгч К.К зөвшөөрөлгүй жолоодон явсан нь тогтоогдсон бөгөөд тухайн автомашиныг хулгайлах, дээрэмдэх зэргээр өөртөө завших сэдэлт, санаа зорилго агуулаагүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэргийн баримтаар тогтоогдсон.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Тийн дээрх гэм буруутай үйлдэл тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус тус ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Г.Тийг
- Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг,
- Согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж, мөн эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ...гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Шүүгдэгч Г.Тийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.М, Г.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Ч.Т, арван зургаан насанд хүрээгүй хохирогч М.Х нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч, иргэний нэхэмжлэгч К.К эд хөрөнгөд /Тоёото приус-20 33-95 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл/ 4.050.000 төгрөгийн, хохирогч Д.М жолоодон явсан “Хан хангамж” ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэлтэй Beiben ND4190 GG4J маркийн 78-70 УНЭ улсын дугаартай автомашинд 15.162.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь тогтоогдсон.
Эрүүл мэндэд нь хөнгөн болон хүндэтэр хохирол учирсан нэр бүхий хохирогч Д.М, Г.Мөнхбат, Ч.Т, арван зургаан насанд хүрээгүй хохирогч М.Х хууль ёсны төлөөлөгч нар нь эрүүл мэндэд нь хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцон /эмчилгээ, сувилгаатай холбоотой гарсан зардал гэх мэт/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл шаардлага гаргаагүй, хохиролд тооцон нэхэмжлэх зүйлгүй гэж, хохирогч К.К нь эд хөрөнгөд учирсан хохирлын 4.050.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.М, Ч.Т нар нь тус тус мэдүүлсэн /хэргийн 49-50х, 38-39х, 44-45х/ бөгөөд Beiben ND4190 GG4J маркийн 78-70 УНЭ улсын дугаартай автомашинд учирсан 15.162.000 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх гомдлын шаардлагыг хохирогч Д.М гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.
Тухайн тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримтаар “Хан Хангамж” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй хэдий ч уг автомашиныг хохирогч Д.М нь бусдаас 28.0 сая төгрөгөөр үнэлж хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Г.Хүүхэнбаатараас худалдан авсан, тодруулбал 20.0 сая төгрөг төлж, үлдэх 8.0 сая төгрөгийг нь тодорхой хугацааны дараа төлөх, автомашины үнийг бүрэн төлсөн нөхцөлд өөрийн нэр дээр шилжүүлж авах нөхцөлтэйгээр Г.Хүүхэнбархасаас худалдан авсан, мөн тухайн тээврийн хэрэгсэл нь тусгай зориулалтын ачаа тээвэрлэх чингэлэгтэй учир /шатахуун тээвэрлэх/ гэрээгээр ажил гүйцэтгэхэд аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгэлтэй байх шаардлагатай үндэслэлээр “Хан хангамж” ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгэгдсэн талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар мэдүүлсэн баримттай /хэргийн 44-45х, 20-21х/ байх тул хохирогч Д.М нь уг автомашинд учирсан хохирлыг арилгуулахаар гэм буруутай этгээдээс шаардан нэхэмжилснийг буруутгах боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.
Дээрх нэхэмжилсэн 15.162.000 төгрөгийн хохирлоос 150.000 төгрөгийг шүүгдэгч нь шүүхийн шатанд нөхөн төлсөн тул үлдэх 15.012.000 төгрөгийг Г.Төөс гаргуулж хохирогч Д.М-д олгож, шүүгдэгч нь бусад нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Т нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийдгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 156х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.
Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн 15.162.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 150.000 төгрөгийг нөхөн төлж, үлдэх хохирол 15.012.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, нэр бүхий бусад хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь эрүүл мэнд болоод эд хөрөнгөд учирсан хохирол тооцож мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл шаардлага гаргаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус илэрхийлсэн баримттай байна.
Шүүгдэгч Г.Т Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Г.Тт
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоног хорих ялтай дүйцүүлэн 90 /ер/ хоног буюу 03 /гурав/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүгд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хорих ял гэж тогтоон, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч К.К, Г.М, Ч.Т, арван зургаан насанд хүрээгүй хохирогч М.Х хууль ёсны төлөөлөгч Ч.Т нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Г.Т-ийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэм буруутай,
- хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Г.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан Г.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялтай дүйцүүлж 90 хоногийн буюу 3 сарын хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг бүгд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Т-т оногдуулсан 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Т-өөс 15.012.000 /арван таван сая арван хоёр мянган/ төгрөг гаргуулж хохирогч Д.М-д олгосугай.
7. Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч К.К-тай, Ч.Т, Г.М, арван зургаан насанд насанд хүрээгүй хохирогч М.Х-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болох хүртэлх хугацаанд ялтан Г.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД