Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0447/З |
Дугаар | 221/МА2017/0118 |
Огноо | 2017-01-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2017/0118
2017 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 221/МА2017/0118 | Улаанбаатар хот |
С.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, Б.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 984 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлоор С.Д-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч С.Д 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Худалдан авах ажиллагааны газрын дэд даргын албан тушаалд эргүүлэн томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажил, албан тушаалд эргүүлэн томилуулахыг даалгах, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн гаргуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 894 дүгээр шийдвэрээр:
“1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг баримтлан С.Д-ийн “Худалдан авах ажиллагааны газрын дэд даргын албан тушаалд эргүүлэн томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажил, албан тушаалд эргүүлэн томилуулахыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2.Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасныг баримтлан С.Д-ийн “2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган, С.Д-т 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасан журмын дагуу тооцон гаргахыг хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайдад даалгаж” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч С.Д дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн боломж, цаг хугацаа байсан боловч шүүх хурлыг ямар нэг аргаар олон дахин хойшлуулсаар дараачийн шинэ парламент болон Засгийн газар бий болж миний ажиллаж байсан Худалдан авах ажиллагааны газар Төрийн өмчийн хороотой нэгдэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон өөрчлөгдөхөд хүрсэн.
...1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоосон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийг Худалдан авах ажиллагааны газрын дэд даргын албан тушаалд томилсон шийдвэр хэвээр үлдэж, эрх зүйн байдлын хувьд нэхэмжлэгч төрийн албан хаагч гэж үзэхээр байна. Ийнхүү нэхэмжлэгчийг төрийн захиргааны албанд томилсон шийдвэр хэвээр хадгалагдаж, хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд нэхэмжлэгч хүрсэн байтал төрийн албанаас чөлөөлөх аливаа шийдвэр хариуцагч захиргааны байгууллагаас өнөөдрийг хүртэл гараагүй байна.
Энэ байдлаас шалтгаалж нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаа, тэтгэврээ тогтоолгох эрх зүйн байдлын хувьд ойлгомжгүй байдал бий болж улмаар нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл тэтгэврээ тогтоолгож чадаагүй, аливаа төрлийн тэтгэвэр, тэтгэмж, цалин, хөлс аваагүйгээс шалтгаалж түүний эрх зүйн байдал дорджээ” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа “Нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлж, тэтгэвэрт нь гаргах, тэтгэмж олгох ёстой” гэсэн дүгнэлтээ шийдвэрийн тогтоох хэсэгтээ бичихгүй орхигдуулж, хариуцлагагүй хандаж, миний тавиад байгаа асуудал /тэтгэврээ тогтоолгох, төрийн алба хаасны тэтгэмжээ авах/ шийдэгдэхгүй хэвээр үлдлээ.
2.Үүний улмаас би тэтгэврээ тогтоолгож чадахгүй, хуулийн дагуу авах ёстой 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ авч чадахгүй миний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байна. Иймд дээр дурдсан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Нэхэмжлэгч С.Д-ийг /тэтгэвэр тогтоолгох болзол хангасан үндэслэлээр/ Худалдан авах ажиллагааны газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлж, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, ажлаас чөлөөлөх шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг олгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах” нэмэлт заалт оруулж өгөхийг хүсье.
Хариуцагчид ингэж даалгахгүй бол миний асуудал яг л урьдынх шиг хэвээр байх ба хариуцагч ч ийм шийдвэр гарахыг хүсэхгүй. Шүүгч өөрөө маш тодорхой зөв дүгнэлт хийсэн атлаа түүнийгээ баталгаажуулж, хариуцагчид даалгасангүй орхиж, хариуцлага алдлаа. Миний бие шүүхийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлэх гэж олон cap жил болж, мэдлэг чадвар, хариуцлага муутай шүүгчийн буруугаас шалтгаалан асуудлаа нэг мөр шийдвэрлүүлж чадахгүй он удаан жил боллоо.
Асуудал тов тодорхой байхад асуудлыг нэг мөр шийдвэрлэхгүй өөх ч биш, булчирхай ч биш бөөрөнхий шийдвэр гаргаж намайг асар ихээр хохироож байна. Хуулиа биелүүлдэггүй дур зоргоороо авирладаг албан тушаалтнууд шүүхэд нөлөөлж, аль болох асуудлыг сунжруулах, хариуцлага хүлээхгүй байхыг хичээж, тийм шийдвэр гаргуулж чадаж байгаад харамсаж байна” гэжээ.
Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар иргэн С.Д-ийн өмнө нь ажил, албан тушаал эрхэлж байсан байгууллага болох Худалдан авах ажиллагааны газар татан буугдсан, одоо худалдан авах ажиллагааны чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан дэд даргын албан тушаал байхгүй тул өмнөх ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Гэтэл уг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтад С.Д-ийн өмнөх шүүхийн шийдвэр гарснаас хойших буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нөхөн олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичихийг Монгол Улсын Ерөнхий сайдад даалгасан шийдвэрийг гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон дээрх заалттай зөрчилдөж байна. Нэгэнт нэхэмжлэгчийг өмнөх ажил, албан тушаалд нь эргүүлэн томилоогүй тохиолдолд цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг олгох асуудал яригдахгүй гэдэг нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл “ажил хийгээгүй хүнд цалин өгөх” нь шударга бус юм.
С.Д- урьд нь Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор “Худалдан авах ажиллагааны газрын дэд дарга”-ын албан тушаал 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн байхгүй болсны дараа буюу Шадар сайдад 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийг нь үндэслэн С.Д-т ажлаас чөлөөлөгдсөний тэтгэлэгт албан тушаалын сүүлийн 6 сарын цалингийн дунджаар тооцон нийт 5.165.985 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр өөрт нь олгосон.
Ийнхүү хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ албан ёсоор бичгээр гарган, хуульд заасан тэтгэмжээ авсан хүнд ажиллаагүй хугацааны цалин нөхөж олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс нөхөн төлөх тухай шийдвэрийг гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч, хариуцагч талаас аль аль нь давж заалдах гомдол гаргасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хоёр ба түүнээс дээш оролцогч гомдол гаргасан тохиолдолд хэргийг гомдлын хүрээнд бус бүхэлд нь хянахаар заасны дагуу шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэл гаргах үед Худалдан авах ажиллагааны газар татан буугдаагүй, харин анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаас өмнө буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор уг газрыг татан буулгасан, гэтэл энэхүү үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр “тус газрын дэд даргын албан тушаалд эргүүлэн томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажил, албан тушаалд эргүүлэн томилуулахыг даалгах” шаардлагыг зөвхөн албан тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 455 дугаар шийдвэрээр С.Д-ийг 1953 оны 12 дугаар сарын 1-ний өдөр төрсөн болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хувьд тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан, түүнчлэн Худалдан авах ажиллагааны газрын дэд даргаар ажиллаж байх үед нь Шадар сайдын 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 881 дүгээр хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч шүүхийн шийдвэрийн дагуу үүрэгт ажилдаа эргэж ажиллаж чадаагүйгээс гадна одоог хүртэл тэтгэврээ тогтоолгож чадахгүй нөхцөл байдалд хүрчээ.
Учир нь, чөлөөлсөн тушаалыг шүүхээс илт хууль бусад тооцсоноор нэхэмжлэгчийн тухайд үүрэгт ажлаа гүйцэтгэж буй мэт, гэтэл бодит байдалд дээр шүүхийн шийдвэр хэрэгжээгүйгээс шалтгаалан тэтгэврийн насанд хүрсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ямар нэгэн шийдвэр гараагүй, мөн тэтгэмж олгох асуудал ч шийдвэрлэгдээгүй байна.
Давж заалдах гомдлын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч тэтгэврээ тогтоолгох, тэтгэмж авахыг хүссэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь захиргааны хууль бус шийдвэрийн улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгдсэн байдаг.
Мөн гомдолд “…нэхэмжлэгч С.Д-ийг тэтгэвэр тогтоолгох болзол хангасан үндэслэлээр Худалдан авах ажиллагааны газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлж, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, …-ыг хариуцагчид даалгах” гэсэн нэмэлт заалт анхан шатны шүүхийн шийдвэрт оруулахыг хүссэн байдаг ч шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэлийн шаардлагаа багасгах байдлаар “36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгуулахыг даалгах” шаардлагаа шийдвэрлүүлээгүй, мөн дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргахгүй байгаатай холбогдуулж ямар ч нэхэмжлэлийн шаардлага анхан шатны шүүхэд гаргаагүй, ийм шаардлага бүхий захиргааны хэрэг шийдвэрлэгдээгүй байна.
Нэгэнт анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шаардлагын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах болон түүнийг нэмэгдүүлэх, өөрчлөх эрх зөвхөн анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэж шийдвэр гаргахаас өмнө хэрэгжих боломжтой.
Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс “...тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүслээ, Нийгмийн даатгалын газраас Таныг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг шүүх хууль бус гэж үзсэн учраас Та чөлөөлөгдөөгүй байна. Чөлөөлсөн тушаалаа гаргуулаад ир гэдэг. 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгогдоогүй учраас шүүхэд хандах болсон...” гэсэн агуулга бүхий тайлбарыг удаа дараа гаргаж байсан, шүүгчийн зүгээс ч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгох шаардлагатай талаар хэлж байсан нь тусгагджээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 894 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.Д-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН