Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/01202

 

Б.Энхбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/04959 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1501 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Энхбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Эрдэнэбилэгт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33 300 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Даваанямын гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Давааням, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Энхбаатар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “... Миний бие Ц.Эрдэнэбилэгтэй харилцан тохиролцож, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 5 сарын хугацаатай 32 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Өнөөдрийг хүртэл хариуцагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа ба 22 200 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 22 200 000 төгрөг, алданги 11 100 000 төгрөг, нийт 33 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Ц.Эрдэнэбилэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Давааням нар шүүхэд гаргасан тайлбарт: “...2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний 4-р заалтад “... зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж гэж...” заасан байх бөгөөд зээлдүүлэгч энэхүү заалтаа биелүүлээгүй болно. Өөрөө хэлбэл, ярилцаж хэлэлцсэний дагуу мөнгө зээлүүлээгүй. Харин мөнгөний дүнгээр алданги бодож эргэн төлөхийг шаардах зэргээр өөрөө хууль бус залилангийн шинжтэй нэхэмжлэл гаргасан байна. 33 300 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.Энхбаатарын зүгээс Ц.Эрдэнэбилэгт мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. Үнэн хэрэгтээ Б.Энхбаатар, Ц.Эрдэнэбилэг нарын хооронд мах бэлтгэн нийлүүлэх асуудал үүсээд үүнтэй холбоотойгоор зээлийн гэрээ хийж, гарын үсэг шууд зуруулсан байдаг. Зээлийн гэрээний дагуу хэзээ, хаана яаж мөнгө шилжүүлсэн талаар баримт байхгүй. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/04959 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Ц.Эрдэнэбилэгээс 22 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхбаатарт олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 11 100 000 төграгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324 450 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч Ц.Эрдэнэбилэгээс 268 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхбаатарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1501 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/04959 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Эрдэнэбилэгээс 22 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхбаатарт олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 11 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Даваанямын төлсөн 324 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давааням хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй тул хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргасан. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “... хууль хэрэглээний алдаа гаргаж, харилцааг буруу тодорхойлсон” гэж дүгнэсэн боловч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Анхан шатны шүүхээс хуулийг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн талаар давж заалдах гомдолдоо тодорхой тусгасан. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1: шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, мөн хуулийн 168.1.3: хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол 168.1-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байсан ч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт бодит үнэлэлт өгөөгүй тухай: Нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргахдаа “... Би Ц.Эрдэнэбилэгтэй харилцан тохиролцож, 2014 оны 05 дугаар сарын 20 хүртэл 5 сарын хугацаатай 32 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Өнөөдрийг хүртэл хариуцагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа 22 сая 200 мянган төгрөгийг төлөөгүй тул үлдсэн зээл, алданги нийт 33 сая 300 мянган төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргуулах” шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад Б.Энхбаатар, Ц.Эрдэнэбилэг нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, мөнгө шилжүүлээгүй болох нь тогтоогдоход шүүхээс “... Б.Энхбаатар, Ц.Эрдэнэбилэг нарын хооронд даалгаврын гэрээ байгуулагдсан” гэж дүгнэн, Иргэний хуулийн 399, 400 дугаар зүйлүүдийг баримтлан шийдвэрлэсэн билээ. Давж заалдах шатны шүүхээс бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргаж, хууль буруу тайлбарлан хэрэглэснийг хүлээн зөвшөөрсөн боловч өөрчлөлт оруулах замаар шийдлийг хэвээр үлдээж байгаа нь буруу юм. Магадлалд: “... Талууд мах бэлтгэн нийлүүлэх талаар тохиролцон, нэхэмжлэгч нь хариуцагчид урьдчилгаа мөнгө өгч, хариуцагч нь мах нийлүүлж байсан уг хэлцэлтэй холбоотой үүссэн төлбөрийг тооцон, зээлийн гэрээний хэлбэрт оруулан гарын үсэг зурсан үйл баримтын талаар маргаагүй байна” гэж дүгнэсэн нь алдаатай бөгөөд хариуцагчаас иргэн Б.Энхбаатар гэдэг хүнтэй мах бэлтгэн нийлүүлэх харилцаанд ороогүй, гэрээ хэлцэл хийгээгүй гэдгээ удаа дараа тайлбарласан нь хэрэгт авагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өвчний учир шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцаагүй бөгөөд /баримт хэрэгт авагдсан/ энэ шалтгаанаа дурдан “... хэргийн материалтай бүрэн танилцаж, сөрөг нэхэмжлэл болон нотлох баримт, хүсэлт гаргах эрхээ эдлэхээр шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргахад шүүх хүсэлтийг хэлэлцэхээр завсарлаж, хүсэлтийг хангахаас татгалзсан тухай захирамж танилцуулан шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийг шийдвэрлэсэн билээ. Үүнийг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн төдийгүй уг хуулийн 4.1-д заасан Шүүхийн өмнө эрх тэгш байх, 6 дугаар зүйлд заасан Мэтгэлцэх зарчмуудыг хангалгүй, хариуцагч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэн гомдолд тусгасан билээ. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс “... хариуцагч талаас 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр явагдсан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна” гэж дүгнэсэн нь ноцтой алдаа болжээ. Учир нь шүүх хуралдаан эхлэх процесст хариуцагчаас амаар хүсэлт гаргаж, үүний дагуу шүүх хуралдааныг түр завсарлаж, шүүгчийн захирамж гарган түүнийхээ үндэслэлийг тайлбарласан баримтууд хэрэгт авагдсаар байтал ийнхүү дүгнэсэн нь буруу юм. Мөн Давж заалдах гомдолд тусгагдсан “... ИХШХШТХуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж, шүүх өөрийн санаачлагаар, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчлөн тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлж дүгнэлт гаргасан” гэдэгт давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл огноо, дугаар буруу бичигдсэнийг техникийн алдаа гэж дүгнэх зэргээр бүхэлдээ хууль бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нотлох баримтад үндэслээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлаж гаргасан шийдвэрийн үндэслэх хэсэгт өөрчлөлт оруулах замаар зөвтгөн, шийдлийг хэвээр үлдээж байгаа нь хуульд нийцэхгүй. Гомдлыг хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 32 000 000 төгрөгийн Зээлийн гэрээ хэрэгт баримтаар авагджээ.

Нэхэмжлэгч Б.Энхбаатар Ц.Эрдэнэбилэгээс дээрх зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 22 200 000 төгрөг, алданги 11 100 000 төгрөг бүгд 33 300 000 төгрөг гаргуулахаар шаардсан байгаач өмнө нь мах нийлүүлэхээр авсан мөнгөний тооцоо байсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж мөнгийг бодитойгоор хүлээлгэн өгсөн нь тогтоогдоогүй, хариуцагчийн хувьд өмнөх махны үнэ тооцоог дуусгасан гэх тайлбар болон мөнгөний дүнгээр алданги тооцсон гэх тайлбар татгалзлаа хуульд заасан журмын дагуу баримтыг бүрдүүлж нотолж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн үүргийн дүнг зөв тодорхойлж 32 200 000 төгрөгт зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, энэ мөнгөнөөс төлөгдөөгүй гэх 22 200 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагыг хангажээ.

Давж шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын сонгон хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1501 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Даваанямын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УНДРАХ

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР