Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 305/ШШ2025/00122

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *********** хаягт оршин суух, Х овгийн Н.А-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********** оршин суух, Ж овгийн М.Э-д холбогдох,

5,000,000 төгрөгийг үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сэргэлэнтөгс нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.

Хариуцагч М.Э, түүний өмгөөлөгч Д.А нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлтэй байх тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: нийт 5 сая төгрөгийн үнэ бүхий таван ханатай гэр, иж бүрэн тавилга үүнд хоёр ор, мөлхөө тавилга, ширээ, хувцасны шүүгээ, хоолны шүүгээ, хөлдөөгч, угаалгын машин, 6 ширхэг хивсийг гаргуулах тухай.

2.1. Нэхэмжлэлийн үндэслэл: Н.А миний бие М.Г-тэй 2009 оны 7 дугаар сарын 17-нд гэр бүл болж, 2009 оны 08 дугаар сарын 23-нд хүү Г.Б төрсөн одоо 14 настай. Би ажил хийхээр С Улс руу 2018 оны сүүлээр явж хүү Г.Б нь эцэг М.Г-ийн хамт амьдарч байсан. Нөхөр болох М.Г нь 2022 оны 03 дугаар сарын 06-нд зуурдаар нас барсан. Талийгаачийг нас барсаны дараа түүний ах дүүс манай 5 ханатай гэр, иж бүрэн тавилга, хөлдөөгч угаалгын машин, 6 ширхэг хивс зэргийг өөрсдөө авч ашиглан миний хүү миний төрсөн ээж дээр амьдрах болсон. Дээрх эд хөрөнгийг бид хамтын амьдралын хугацаанд бий болгосон бөгөөд хүү Г.Б нь аавыгаа нас барах үед талийгаач аавтайгаа цуг амьдардаг байсан. Иймд хуулийн дагуу нийт 5 сая төгрөгийн үнэ бүхий таван ханатай гэр, иж бүрэн тавилга үүнд хоёр ор, мөлхөө тавилга, ширээ, хувцасны шүүгээ, хоолны шүүгээ, хөлдөөгч, угаалгын машин, 6 ширхэг хивс зэргийн эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулж хүү бид хоёрт олгож өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Н.А-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орсон. Н.А С улсад амьдардаг, М.Г-тэй 2009 онд гэр бүл болсон, 2009 оны 08 сарын 23-нд хүү Г.Б төрсөн, С улсад ажил хийхээр 2018 оны сүүлээр явсан, М.Г нь 2022 оны 03 сард зуурдаар нас барсан, нас барахаасаа өмнө хүү Г.Б-н хамт хоёулхнаа амьдардаг байсан. Эцгээ нас барсны дараа ээжийнхээ ээж дээр очиж амьдрах болсон. Талийгаачийг нас барсны дараа тэдний өөрийн ах дүүс нь Г.Б-н аавтайгаа цуг амьдарч байсан таван ханатай гэр, иж бүрэн тавилга, 2 ор, мөлхөө тавилга, ширээ, хувцасны шүүгээ, хоолны шүүгээ, гэрийн эд хогшлыг М.Э хариуцаж авсан байдаг. Хүүхэд болон түүний гэр бүлд нь өгөөгүй, сумын Засаг даргад өвтэй холбоотойгоор тухайн нэгдүгээр хууль ёсны өвлөгчийн хувьд Г.Б болон Н.А нар нь өвийн эд хөрөнгийн эрхлэн хамгаалалт тогтоолгох хүсэлтийг ***** сумын Засаг даргад гаргаж байсан. Засаг дарга ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсэг хуралдаж тухайн эд хөрөнгийг талийгаачтай хамт амьдарч байсан хүүхдийн гэр болон бусад эд хогшлыг батлан хамгаалаахыг М.Э-д хариуцуулсан. Өнөөдрийг хүртэл тухайн эд хөрөнгийг өгдөггүй, М.Э-ийн хувьд тайлбар гаргахдаа би энэ гэрт нь өөрийнхөө хүүхдийг гэрлүүлчихсэн, гэрийг нь бариад манай хүүхэд амьдарч байгаа, бусад эд хогшил нь байгаа гэдэг боловч эд хогшлыг нь өгдөггүй. Тэгэхээр хуульд зааснаар хууль ёсны нэгдүгээр ээлжийн өмчлөгчийн хувьд тухайн эд хөрөнгийг нэхэмжлэх эрх Н.А болон Г.Б нарт байгаа, эрхийнхээ дагуу хариуцагч нараас 5,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.А нь миний дүү М.Г-тэй 2009 онд гэр бүл болж 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаад 2017 онд С улс руу явсан. Миний дүү М.Г нь салсан цагаасаа хойш хүү Г.Б-н хамт хоёулаа амьдарч байгаад 2022 оны 03-р сарын 06-ны өдөр гэнэт нас барсан. Дүү маань энэ хүнээс салж амьдарч байгаад нас барсан бөгөөд дүүгийн маань амьдарч байсан гэр болон гэрийн эд хогшлийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь энэхүү эд хөрөнгө нь хүү Г.Б-нх нь өмч хөрөнгө гэж бид хадгалж байгаа бөгөөд насанд хүрэх үед өгөхөөр хамгаалж хадгалж байгаа билээ. 6 ширхэг хивс гэж нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Н.А-н эгч Д нь хивс болон А-н хувцас зэргийг манай дүүг амьд байхад авсан гэж яригдаж байсан. Үүнээс бусад эд хогшил нь хадгалагдаж байгаа бөгөөд бид хүүг нь 18 нас хүрэхээр нь шинэчилж сэлбэж өгье гэсэн бодолтой хадгалдаг билээ. Өмнө нь ач Г.Б нь ээжийнхээ ээжтэй хамт байгаа нэртэй манайхнаар ирж байж байдаг. Тиймээс гэртээ бай гэхэд ээж уурлана та нарт хадгалагдаж байг гээд бидэнд байдаг юм гэжээ.

4. Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-***** аймгийн ***** сумын Засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолтууд.

 

5. Хариуцагчаас иргэний хэрэгт ирүүлсэн нотлох баримт: Байхгүй.

 

6. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:

-***** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 317 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн М.Г, Н.А нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, М.Г-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Г.Б-ын төрсний бүртгэлийн лавлагаа,

-****** аймгийн ***** сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/186 дугаар лавлагаа,

-**** аймгийн ***** сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/152 дугаар захирамж, М.Г-ийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого,

- ****** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15/40 дугаар албан бичиг,

-Насанд хүрээгүй гэрч Г.Б-н мэдүүлэг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Н.А нь М.Э-д холбогдуулан нийт 5 сая төгрөгийн үнэ бүхий таван ханатай гэр, иж бүрэн тавилга үүнд хоёр ор, мөлхөө тавилга, ширээ, хувцасны шүүгээ, хоолны шүүгээ, хөлдөөгч, угаалгын машин, 6 ширхэг хивсийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…миний бие М.Г-тэй 2009 оны 7 дугаар сарын 17-нд гэр бүл болж, 2009 оны 08 дугаар сарын 23-нд хүү Г.Б төрсөн одоо 14 настай. Би ажил хийхээр С Улс руу 2018 оны сүүлээр явж хүү Г.Б нь эцэг М.Г-ийн хамт амьдарч байсан. Нөхөр болох М.Г нь 2022 оны 03 дугаар сарын 06-нд зуурдаар нас барсан. Талийгаачийг нас барсаны дараа түүний ах дүүс манай 5 ханатай гэр, иж бүрэн тавилга, хөлдөөгч угаалгын машин, 6 ширхэг хивс зэргийг өөрсдөө авч ашиглан миний хүү миний төрсөн ээж дээр амьдрах болсон. Дээрх эд хөрөнгийг бид хамтын амьдралын хугацаанд бий болгосон бөгөөд хүү Г.Б нь аавыгаа нас барах үед талийгаач аавтайгаа цуг амьдардаг байсан. тул нийт 5 сая төгрөгийн үнэ бүхий таван ханатай гэр, иж бүрэн тавилга үүнд хоёр ор, мөлхөө тавилга, ширээ, хувцасны шүүгээ, хоолны шүүгээ, хөлдөөгч, угаалгын машин, 6 ширхэг хивс зэргийн эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулж хүү бид хоёрт олгож өгнө үү…” гэж тайлбарлажээ.

4. Хариуцагч М.Э нь “…миний дүү М.Г-тай 2009 онд гэр бүл болж 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаад 2017 онд С улс явсан. Миний дүү М.Г нь салсан цагаасаа хойш хүү Г.Б-н хамт хоёулаа амьдарч байгаад 2022 оны 03-р сарын 06-ны өдөр гэнэт нас барсан. Дүү маань энэ хүнээс салж амьдарч байгаад нас барсан бөгөөд дүүгийн маань амьдарч байсан гэр болон гэрийн эд хогшлийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь энэхүү эд хөрөнгө нь хүү Г.Б-нх нь өмч хөрөнгө гэж бид хадгалж байгаа бөгөөд насанд хүрэх үед өгөхөөр хамгаалж хадгалж байгаа билээ. 6 ширхэг хивс гэж нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Н.А-н эгч Д нь хивс болон А-н хувцас зэргийг манай дүүг амьд байхад авсан гэж яригдаж байсан. Үүнээс бусад эд хогшил нь хадгалагдаж байгаа бөгөөд бид хүүг нь 18 нас хүрэхээр нь шинэчилж сэлбэж өгье гэсэн бодолтой хадгалдаг…” гэж татгалзжээ.

5. Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад:

М.Г нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нас барснаар өв нээгджээ.

Өвлүүлэгч М.Г-ийн эд хөрөнгө буюу амьдарч байсан таван ханатай гэр, иж бүрэн тавилга үүнд хоёр ор, мөлхөө тавилга, ширээ, хувцасны шүүгээ, хоолны шүүгээ, хөлдөөгч, угаалгын машин, 6 ширхэг хивсийг хуульд зааснаар хэн өвлөх эрхтэй болох нь маргааны зүйл болжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч нь өвлөгдөх эд хөрөнгийг Н.А болон хүү Г.Б нар өвлөх эрхтэй гэж, харин хариуцагч М.Э нь тухайн хөрөнгийг хүү Г.Б дангаар өвлөх эрхтэй гэж маргажээ.

6. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.4-т Гэрийн эд хогшил нь ээлж дараалал, эд хөрөнгийн өвлөгдөх хэсгийн шинж байдлаас үл шалтгаалан өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгчид шилжинэ. гэж заасан.

Мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй. гээд

520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;

520.1.2-д энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ. нь хууль ёсны өвлөгч байхаар заажээ.

7. Н.А, М.Г нар нь 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2009 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүү Г.Б төрсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн CVL**** дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа, мөн өдрийн CVL***** дугаар төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.А нь 2018 оны сүүлээр С Улс руу явсан гэж тайлбарлаж байх бөгөөд М.Г нь энэ үеэс хүү Г.Б-н хамт ***** аймгийн ****** сумд амьдарч байсан, улмаар М.Г нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нас барсныг **** аймгийн **** сумын 00003-рт 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн CVL******* дугаар нас барсны бүртгэлийн лавлагаа болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх үйл баримттай зохигчид маргаагүй.

8. Харин хариуцагч М.Э нь М.Г-г нас барахаасаа өмнө Н.А-с салсан байсан тул дүүгийн маань амьдарч байсан гэр болон гэрийн эд хогшлийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна гэж маргасан.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн CVL***** дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаанд гэрлэлт дуусгавар болсон хугацаа 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн хэлтсээс Н.А, М.Г нарын гэрлэлт дуусгавар болсон эсэх, дуусгавар болсон бол ямар үндэслэлээр дуусгавар болсон талаар тодруулахад мөн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15/40 дугаар албан бичгээр “Н.А-н 2009 оны 06 сарын 26-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтээ цуцлаагүй, нөхөр М.Г 2022 оны 03 сарын 06-ны өдөр нас барсан бүртгэл байгаа болно” гэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Гэрлэгч нас барсан болон түүнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болсонд тооцогдоно. гэж

11.2-т Гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэлт дуусгавар болно. гэж тус тус заажээ.

Н.А, М.Г нар нь гэрлэлтээ цуцлуулаагүй, харин М.Г-г нас барснаар гэрлэлт дуусгавар болсон байх тул хариуцагч М.Э-н “...Дүү маань энэ хүнээс салж амьдарч байгаад нас барсан…” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь өвлүүлэгч М.Г-г нас барах үедээ хүү Г.Б-н хамт амьдарч байсан гэж тайлбарладаг, энэ нь насанд хүрээгүй гэрч Г.Б-н мэдүүлгээр давхар нотлогддог.

Тодруулбал, Г.Б нь шүүхэд “...Ээжийг явснаас хойш аавтайгаа хоёулаа амьдарч байсан. Өөр хүн хамт байгаагүй. Аавтайгаа сумын төв дээр гэртээ амьдардаг байсан. Өвөл нь Э эгчийнд байдаг байсан. Яг гэрт нь байнга байрлаад хамт амьдардаг бол биш. Манайхтай нэг хашаанд байдаг болохоор орж гараад байдаг байсан. Э эгч гэдэг нь М.Э мөн...” гэх мэдүүлж байх тул хариуцагч М.Э-г өвлүүлэгч М.Г-г нас барах үед хамт амьдарч байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.4 дэх хэсэгт зааснаар өвийг өвлүүлэгчийн эхнэр Н.А, хүү Г.Б нар нь өвлөх эрхтэй байна.

9. Хариуцагч М.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...6 ширхэг хивс гэж нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь А-н эгч Д нь хивс болон А-н хувцас зэргийг манай дүүг амьд байхад авсан гэж яригдаж байсан. Үүнээс бусад эд хогшил нь хадгалагдаж байгаа бөгөөд бид хүүг нь 18 нас хүрэхээр нь шинэчилж сэлбэж өгье гэсэн бодолтой хадгалдаг…” гэж тайлбарлажээ.

Хариуцагч 6 ширхэг хивсийг А-н эгч Д авч явсан гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмаар явагдах ба энэ хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч талууд өөрийн шаардлага татгалзалаа нотлох баримтыг шүүхэд цуглуулж, бүрдүүлж гаргах үүрэгтэй.

10. Хүү Г.Б нь 2009 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, нэхэмжлэл гаргах үед 16 нас хүрээгүй буюу Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх тул нэхэмжлэгч Н.А нь хүү Г.Б-г төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Э-с 5 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө /таван ханатай гэр, иж бүрэн тавилга үүнд хоёр ор, мөлхөө тавилга, ширээ, хувцасны шүүгээ, хоолны шүүгээ, хөлдөөгч, угаалгын машин, 6 ширхэг хивс/-ийг гаргуулж, нэхэмжлэгч Н.А-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Э-с  94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.А-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Э-с 5 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө /таван ханатай гэр, иж бүрэн тавилга үүнд хоёр ор, мөлхөө тавилга, ширээ, хувцасны шүүгээ, хоолны шүүгээ, хөлдөөгч, угаалгын машин, 6 ширхэг хивс/-ийг гаргуулж, нэхэмжлэгч Н.А-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Э-с  94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.А-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА