| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00013/И |
| Дугаар | 305/ШШ2025/00123 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 305/ШШ2025/00123
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгон Атар 5-2 тоотод оршин суух Харнууд овгийн Жовжидын Туяагийн нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Туяа нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1969 оны 10 сарын 11-нд төрсөн. Одоо 55 настай. Би 1987 оы 07 сарын 01-ний өдрөөс Гуулингийн Тэжээлийн аж ахуйд барилгачнаар ажилласан. Энэ хугацаанд 1989 оны 11 сарын 19-нд том хүү Цэдэвсүрэн, 1991 оны 12 сарын 12-нд бага хүү төрсөн. 1996 онд Гуулингийн ерөнхий боловсролын сургуульд ажилд орсон. Үүнээс хойш тасралтгүй ажиллаж байгаад 2024 онд тэтгэвэрт гарсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1987-1994 оны баримт байхгүй, зарим оны архивын лавлагаа дутуу гарч ирэхгүй бөгөөд тухайн үед бичигдэж байсан хөдөлмөрийн дэвтэр, бусад нотлох баримтуудыг сумын тоо бүртгэгч аваад алга хийсэн тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Тэжээлийн аж ахуй нь 1993 онд Гуулин тал ХХК болсон гэжээ.
2. Нэхэмжлэгч Ж.Туяа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь шүүхэд гаргасан материал шаардлага хангахгүй, олдохгүй байсан учраас ажилласан жил тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ж.Туяагийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний ...Миний бие нь шүүхэд гаргасан материал шаардлага хангахгүй, олдохгүй байсан учраас ажилласан жил тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна гэх хүсэлтээр нотлогдож байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.
3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Ж.Туяад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ж.Туяагийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Ж.Туяад буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ