| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00065/И |
| Дугаар | 305/ШШ2025/00131 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 305/ШШ2025/00131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ******* оршин суух Ж овгийн С.Ц, О овгийн Д.А нарын нэхэмжлэлтэй
хамтын амьдралтай болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Нэхэмжлэгч С.Ц, Д.А нар нь өөрсдийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг тогтоолгох тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Д.А, С.Ц бид хоёр 1994 онд танилцаж, 2000 оны 06 сарын 06-нд хурим найраа хийж хамтран амьдрах болсон. Тухайн үед албан ёсоор гэрлэлтээ батлуулж амжаагүй учир гэрлэлтийн гэрчилгээ аваагүй юм. 2002 онд хүү М, 2003 онд охин М, 2009 онд охин А нарыг төрүүлж одоог хүртэл **** сумын ***** багтаа мал маллаж амьдарч байна. Иймд биднийг 2000 оны 06 сарын 06-ны өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байгааг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч нараас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны 03-02/698 дугаар лавлагаа,
-мөн архивын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03-08/798 дугаар лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн CVL*****, CVL2*****, CVL**** дугаар төрсний бүртгэлийн лавлагаанууд,
-***** аймгийн **** сумын **** багийн Засаг даргын Б/406 дугаар тодорхойлолт,
-Д.А-н 2000, 2021, 2022, 2023, 2024 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбарууд,
-зээлийн гэрээний хуулбарууд,
-гэр бүлийн гэрэл зургууд.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч С.Ц, Д.А нар нь 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
3.1. С.Ц, Д.А нар нь 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байгаа болох нь:
-Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03-08/798 дугаар “Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 73 дугаар хуудсанд: ***** аймгийн *****сумын **** багийн Хөдөөд оршин суугч өрхийн тэргүүн О ургийн овогтой Д.А, эрэгтэй, 1974 оны 04 дүгээр сард төрсөн, 36 настай, малчин, эхнэр С.Ц, 1974 оны 08 дугаар сард төрсөн, 36 настай, малчин, хүү А.М, 2002 оны 01 дүгээр сард төрсөн, 8 настай, охин А.М 2003 оны 05 дугаар сард төрсөн, 7 настай, охин А.А 2009 оны 03 дугаар сард төрсөн 1 настай гэж бүртгэгдсэн” лавлагаа,
-мөн архивын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны 03-02/698 дугаар “2000 оны хүн ам орон сууцны тооллогод **** аймгийн *****сум **** баг, Д.А тэргүүлэгч өөрөө, 1975 оны 06 сард төрсөн, 24 настай, эрэгтэй, Р.Ц, эх, 1932 оны 08 сард төрсөн, 67 настай” гэж бүртгэгдсэн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн CVL***** дугаар “эцгийн овог нэр Д.А, эхийн овог нэр С.Ц, хүүхдийн овог нэр А.М эрэгтэй, 2002 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрснийг ***** аймгийн **** сумын 29-рт 2002 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр” бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
-мөн газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн CVL***** дугаар “эцгийн овог нэр Д.А, эхийн овог нэр С.Ц, хүүхдийн овог нэр А.М эмэгтэй, 2003 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрснийг **** аймгийн **** сумын 158-рт 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр” бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
-мөн газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн CVL***** дугаар “эцгийн овог нэр Д.А, эхийн овог нэр С.Ц, хүүхдийн овог нэр А.А эмэгтэй, 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрснийг **** аймгийн *****сумын 0020-рт 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр” бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
-Д.А-н 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд ам бүл 2, 16-34 насны малчин 2 гэж бүртгэгдсэн,
-Д.А-н 2021, 2022, 2023 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбаруудад Малчдын мэдээлэл: Д.А, С.Ц, М, М, А, Р.Ц гэж бүртгэгдсэн,
-Д.А-н 2024 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбарт Малчдын мэдээлэл: Д.А, С.Ц гэж бүртгэгдсэн,
-**** банкны зээлийн гэрээний хуулбаруудад Д.А-н зээлийн гэрээнд С.Ц нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан,
-2005, 2020, 2023 онуудын гэр бүлийн гэрэл зургууд зэргээр тогтоогдож байна.
3.2. Хэдийгээр Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны 03-02/698 дугаар лавлагаанд 2000 онд Д.А нь эх Р.Ц-н хамт бүртгэгдсэн боловч Д.А-н 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд ам бүл 2, 16-34 насны малчин 2 гэж бүртгэгдсэн нь Д.А, С.Ц нарын насны мэдээлэлтэй тохирч байх тул Д.А, С.Ц нарыг 2000 онд хамтын амьдралтай байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4. Иймд Ж овгийн С.Ц, О овгийн Д.А нарыг 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байгаа болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Ж овгийн С.Ц, О овгийн Д.А нарыг 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байгаа болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА