| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00064/И |
| Дугаар | 305/ШШ2025/00132 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 305/ШШ2025/00132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* оршин суух Ж овгийн С.Ц-н нэхэмжлэлтэй,
Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сэргэлэнтөгс оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Нэхэмлжлэгч С.Ц нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд **** аймгийн ***** сумын ***** багт мал маллаж байсныг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1974 оны 08 сарын 13-ны өдөр ***** сумд төрсөн. Би 1992 онд 10-р анги төгсөөд мал дээр гарч 1992-1994 онд аавтайгаа мал маллаж байсан. Аав маань 1994 онд нас барсан бөгөөд ах Н өрх толгойлж 1994-1999 онуудад ахтайгаа мал малласан. 2000 оны 06 сарын 06-нд нөхөр Д.А-тай гэрлэж өрх тусгаарласан. Тэр цагаас хойш одоог хүртэл мал маллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл малын А данс аав С, ах Н, нөхөр Д.А нарын нэр дээр байгаа мал маллаж байснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн баримтыг үндэслэн 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-****** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 50, 51, 52 дугаар лавлагаанууд,
-мөн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 62 дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,
-А.С-н 1992-1993 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ***** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-С.Н-н 1994-1999 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ****** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Д.А-н 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ***** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Үндэсний архивын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03-04/666, 03-04/667, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03-02/698 дугаар лавлагаанууд,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн CVL****** дугаар А.С-н нас барсны бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн CVL****** дугаар С.Н-н гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-***** аймгийн Ерөнхий боловсролын ***** сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тодорхойлолт.
4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
-Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 305/ШШ2025/00131 дугаар шийдвэр.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч С.Ц нь 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** сумын **** багт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Малчнаар ажилласан хугацааг шүүхийн журмаар тогтоолгох нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4. С.Ц нь 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** сумын **** багт мал маллаж байсан болох нь:
-****** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 50 дугаар “Тус аймгийн ***** сумын ***** багийн малчин, өрхийн тэргүүлэгч Д.А-н мал маллаж байсан хугацаа /2000 он хүртэлх/ гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-Мөн архивын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 51 дугаар “Тус аймгийн ***** сумын ****** багийн малчин, өрхийн тэргүүлэгч А.С-н мал маллаж байсан хугацаа /1992-1993 он хүртэлх/ гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-мөн архивын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаар “Тус аймгийн ***** сумын ***** багийн малчин, өрхийн тэргүүлэгч С.Н-н мал маллаж байсан хугацаа /1994-1999 он хүртэлх/ гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-А.С-н 1992-1993 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ***** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-С.Н-н 1994-1999 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ***** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Д.А-н 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны **** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Үндэсний архивын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03-04/667 дугаар “1989 оны хүн амын тооллогод ***** аймгийн ***** сум, А.С тэргүүлэгч өөрөө, 48 настай, эрэгтэй, С.Ц, охин 14 настай, эмэгтэй, С.Н, охин, 19 настай, эмэгтэй, С.Г хүү, 12 настай, эмэгтэй, С.Э хүү, 8 настай, эмэгтэй, С.Б хүү, 3 настай, эрэгтэй” гэж бүртгэгдсэн лавлагаа,
-мөн архивын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03-04/666 дугаар “2000 оны хүн амын тооллогод ***** аймгийн ***** сум, С.Н тэргүүлэгч өөрөө, 1970 оны 09 сард төрсөн, 29 настай, эрэгтэй, С.Ц дүү, 1972 оны 09 сард төрсөн 27 настай, эмэгтэй, С.Ц, дүү, 1974 оны 08 сард төрсөн, 25 настай, эмэгтэй, С.Б дүү, 1982 оны 05 сард төрсөн, 17 настай, эрэгтэй” гэж бүртгэгдсэн лавлагаа,
-мөн архивын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03-02/698 дугаар “2000 оны хүн ам орон сууцны тооллогод ***** аймгийн ***** сум **** баг, Д.А тэргүүлэгч өөрөө, 1975 оны 06 сард төрсөн, 24 настай, эрэгтэй, Р.Ц, эх, 1932 оны 08 сард төрсөн, 67 настай” гэж бүртгэгдсэн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн CVL***** дугаар А.С-г 1994 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нас барсныг **** аймгийн ***** сумын 19-рт 1998 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэсэн нас барсны бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн CVL****** дугаар С.Н, Г.А нарын **** аймгийн ***** сумын 0042-рт 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 305/ШШ2025/00131 дугаар Д.А, С.Ц 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байгааг тогтоож шийдвэрлэсэн шийдвэр,
-***** аймгийн Ерөнхий боловсролын **** сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар “С.Ц тус сургуулийг 1992 онд Ү багштай 10б ангийг төгссөн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
5. Иймд Ж овгийн С.Ц-г 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд **** аймгийн ***** сумын **** багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ж овгийн С.Ц-г 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд **** аймгийн ***** сумын ***** багт мал маллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА