Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00540

 

Ч.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/00205 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.Д-д холбогдох, 20 313 695 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, хариуцагч З.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Д- нь 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10 000 ам.доллар, 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 10 000 ам.доллар авсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж 2009 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгуулах явцад 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 4 000 ам.долларыг өгсөн. З.Д- нь үүнээс гадна 40 000 ам.доллар Э.Ганзоригтой бүлэглэн залилж авсан ба эдгээр хүмүүст холбогдох эрүүгийн хэргийг бүтэн 5 жил орчим шалгаж түүнийг гэм буруутайд тооцож, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оноосон боловч Улсын дээд шүүх 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч, түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй хуралдаж З.Д-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. 2018 оны эхээр уулзаж мөнгөө нэхэхэд уучлаарай, удахгүй өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгийг өгөөгүй. Ч.А- нь 2018 оныг дуустал хүлээгээд эрх нь зөрчигдсөн гэдгээ мэдсэн. 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10 000 ам.долларыг 14 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн тул 10 000 ам.доллар х 1 171,36 төгрөг =11 713 600 төгрөг, 14 хоногийн 5 хувийн хүү 585 680 төгрөг, нийт 12 299 280 төгрөгөөс өгсөн 4 000 ам.доллар буюу 4 685 440 төгрөгийг хасаад 7 613 840 төгрөг, 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зээлсэн 10 000 ам.доллар х 1 209,51 төгрөг =12 095 100 төгрөг, 30 хоногийн 5 хувийн хүү 604 755 төгрөг, нийт 12 699 855 төгрөг, бүгд 20 313 695 төгрөгийг З.Д-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.Д- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 100 дугаар тогтоолоор миний биеийг цагаатган, нэн даруй суллах, Э.Ганзоригоос 40 000 ам.доллар гаргуулан хохирогч Ц.Алтанцоожид олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Ч.А- нь бүх шатны шүүх намайг гэм буруутай гэж дүгнэсэн мэтээр бодит байдалд нийцээгүй үндэслэл гаргаж байна. Миний бие түүний гаргасан гомдлын дагуу хууль шүүхийн байгууллагаар 5 жилийн хугацаанд шалгагдаж, бие махбодь, сэтгэл санааны хохирол амссан, мөн тодорхой хугацаанд хоригдсон. Миний бие Ч.А-той 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш уулзаагүй. 2018 онд уулзаж мөнгөө нэхэхэд уучлаарай удахгүй өгнө гэж хэлсэн гэх тайлбар үндэслэлгүй. Миний бие Баянгол дүүргийн цагдаагийн газарт Ц.Алтанцоожийн гомдлоор 2009 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байхдаа нэхэмжлэлд дурдсан мөнгийг 34 000 ам.долларыг төлж барагдуулсан талаарх нотлох баримтыг гарган өгсөн. Гэтэл олон жилийн дараа ийм асуудал гаргаж уулзаж шаардаж байсан, өгнө гэж хойшлуулсан мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үнэнд нийцэхгүй. Иймд дээрх үндэслэлээр Ч.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Д-гээс 20 313 695 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.А-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. З.Д- нь Ч.А-оос 60 000 ам.долларыг 2008 онд 3 удаагийн үйлдлээр залилан авсан талаар эрүүгийн хэргийг 2009-2015 он хүртэл шалгах явцад З.Д-гийн дангаар авсан 60 000 ам.доллароос 40 000 ам.долларыг Э.Ганзоригтой бүлэглэн залилсан болж З.Д-д ял ногдуулаагүй. З.Д- нь 10 сартай хүүхэдтэй байсан тул Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш араас нь хөөцөлдөөгүй, ял шийтгэлгүй болсон тул өгөх байх гэж бодож байсан. 2018 онд уулзахад ...удахгүй өгнө гэж хэлсэн. Иймд 2018 онд хугацаа сунгагдсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Гэтэл шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан ба нэхэмжлэгчийн шаардах эрх 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс тооллох нь хуульд нийцнэ. Нийтлэг журмын дагуу хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдсөнийг мэдсэн үеэс эхлэн тоолно. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж заасан. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шийтгэх тогтоолд З.Д- нь Сонгинохайрхан дүүрэгт хаягийн бүртгэлтэй байсан. Хэрэв Ч.А- 2018 онд З.Д-тэй уулзаагүй бол Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. Түүнчлэн, шүүхийн хэлэлцүүлэгт З.Д- Хан-Уул дүүрэгт 2 жил амьдарсан гэж мэдүүлсэн. Улсын дээд шүүхийн тогтоолыг Ч.А- гардаж аваагүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.А- нь хариуцагч З.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20 313 695 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, З.Д-д 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10 000 ам.доллар, мөн оны 3 дугаар сарын 19-ний өдөр 10 000 ам.долларыг зээлсэн. З.Д- болон Э.Ганзориг нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 100 дугаар тогтоолоор хянан хэлэлцэж З.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн. Хариуцагч нь 2018 онд зээлийн төлбөрийг төлөх талаар тайлбарлаж байсан тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбарлан маргасан.

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 100 дугаар тогтоолоор З.Д- нь Ч.А-оос зээлсэн 20 000 ам.долларыг буцааж төлөөгүй үйлдэл Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй, иргэний эрх зүйн зээлийн гэрээнээс үүссэн үүрэг биелэгдээгүй маргаан гэж дүгнэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна. /хх-23-27/

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан. Нэхэмжлэгч Ч.А- нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч З.Д-гээс шаардах эрхийн хугацааг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолыг гардан авсан өдрөөс тоолно гэж маргасан. Талууд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар маргаж байгаа тохиолдолд Ч.А- нь уг тогтоолыг хэзээ гардаж авсаныг тодруулах шаардлагатай. Тэрээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолыг гардаж авах боломжгүй ямар нөхцөл байдал байсан, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл байгаа эсэхийг тогтоох нь хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Энэ ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/00205 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 260 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.БАЙГАЛМАА