| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0043/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2018-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 1710 0103 60025 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47-07 тоотод иргэн М.Т-ийн хөлийг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх уг эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
1. Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн байцаалтын шатанд болсон хэрэг явдлын талаар мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр, тодорхой мэдүүлсэн. Хэрэг болсон тухайн өдөр ахын төрсөн өдөр болоод эхнэр бид хоёрыг гэртээ урьсан. Би архи ууж чаддаггүй, хааяа пиво уудаг байсан. Би тухайн үед баярлаад архи уусан байсан. Бид нар 2 пиво, 1 шил архи уусан, 1 шил архинаас нь жаахан үлдсэн байсан. Гэртээ ирээд намайг гэрээс гарч явах гэхээр эхнэрийн дүү явуулахгүй гээд зууралдаж, гэрт оруулаад миний дээр дарж суусан байхад нь би эсэргүүцэж ноцолдож байхдаа зүүн талын хөлийн шилбэ, гуя хэсэгт хазаж гэмтэл учруулсан. Зүүн мөрөнд зулгаралт, бугалга, шуунд цус хуралт зэрэг нь ноцолдож байхад учирсан гэмтэл байх. Болсон асуудлын талаар мэдэж байгаа. Хийсэн хэрэгтээ харамсаж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй.
Хохирогч Т хохирол төлбөр мөнгөөр нэхэмжлээгүй. Манай эхнэрийн дүү цагдаад дуудлага өгсөн. Би тухайн үед цагдаагийн байгууллагад эрүүлжүүлэгдсэн. Өглөө эрүүлжүүлэхээс гарах гэтэл гомдлоор эрүүлжүүлэгдсэн гээд хэрэг үүсгэж шалгасан. Ийм асуудал болсон. Хадам дүү Т нь гомдол саналгүй гэсэн. Гэр бүлийн доторх харилцаа, уур амьсгал хэвийн байгаа. Манай хүүхэд одоо 9 сартай. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дүүгээс уучлалт гуйсан. Прокурорын гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1710010360025 дугаартай хэргээс:
1. Хохирогч М.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр амралтын өдөр гээд гэртээ амарч байхад манай хүргэн ах Г-ийн ах болох Ч-ийн төрсөн өдөр болж байна гээд манай ах Г, эгч Э хоёр нь тэднийх рүү 16:00 цагийн орчим явсан. Тэгээд 21:00 цагийн үед Э эгч, Г ах болон Ч-ийн ах, эхнэрийнхээ хамт дөрөвүүлээ орж ирсэн. Тэгээд энэ хэд бүгд нэг шил архи болон хэдэн пиво уугаад байсан. Тэгээд унтаж байтал хаалга дуугарах чимээ гарахаар нь харсан чинь Ч-ийн ах, эхнэртэйгээ явж байсан.
Явсаных нь дараа араас Г ах согтуу, хаачих гэж байгаа нь мэдэхгүй, гарах гээд байхаар нь би “хаачих гэж байгаа юм бэ, хувцасаа тайл” гээд хувцасыг нь тайлуулаад оронд нь хэвтүүлсэн чинь босох гээд дайраад байсан. Тэгэхээр нь би цээжин дээр нь гараад сууж байтал тийчигнээд ноцолдож байснаа миний шилбэнээс хазчихаар нь яаж байна аа гээд үсдэж салгатал дахиад гуянаас хазчихсан. Тэгэхэд манай эгч Эгшиглэн сэрээд шууд цагдаа дуудчихсан юм. Тэр дөрөв нэг шил архи хувааж уугаад, 2 пиво уусан байсан.
Г ах нилээн согтсон байсан. Өөр байдлаар намайг цохиж зодсон асуудал байхгүй. Ер нь цохиж зодож байсан удаа байхгүй. Би Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Надад гомдол байхгүй. Би ахыгаа шүүхээр оруулна гэж бодоогүй. Би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-5х/,
2. Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
“...Би нөхөр Б.Г, хүүхдийн хамт болон өөрийн төрсөн хоёр дүүгийн хамт тавуулаа ХУД-ийн 11 дүгээр хороо 47-7 тоотод амьдардаг юм. 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нөхрийн ах Ч-ийн төрсөн өдөр болоод бид хоёрыг гэртээ урихаар нь бид хоёр 16:00 цагийн орчим очоод төрсөн өдрийг нь тэмдэглэж байгаад гэр бүлээрээ манайх руу очьё гээд явсан. Тэгээд хүүхдүүдээ дагуулаад манай нөхөр, нөхрийн ах Ч-ийн, мөн түүний эхнэр, бид дөрөв дөрвүүлээ цугтаа манайд ирсэн. Ирээд бид нар 1 шил архи, хүний хоёр пиво уугаад нилээн орой болсон болохоор Ч-ийн ах, эхнэрийн хамт харихаар болсон. Тухайн үед манай дүү нар ч гэсэн унтаж амраад, маргааш нь хичээлдээ явах гэж байсан.
Тэгээд Ч-ийн ах болон эхнэрийг нь гарсаны дараа нөхөр Г нь согтоод гарч явах гээд байсан. Тэр үед манай дүү Т нь унтах гээд уурлаад, дараад унтуулах гэхэд босож гарах гээд энэ хоёр нэлээн ноцолдсон. Т дээр нь дарчихсан хэвтэж байхад баруун гуя, шилбэ хоёроос нь хазчихсан. Тэгтэл манай охин дүү Эгшиглэн цагдаа дуудаад өгчихсөн юм.
Г нь архи согтууруулах ундааны зүйлийг баяр ёслолын үеэр л бага зэрэг хэрэглэдэг. Тамхи бол татдаг. Манай нөхөр Б.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэзээ ч агсам согтуу тавьж байгаагүй. Архи уугаад хүнтэй хэрэлдэж маргалдсан ч уучлалт гуйгаад өөрийн буруугаа дор нь ойлгодог. Хараалын үг хэрэглэдэггүй. Цэргийн алба хаагаагүй. Одоо манай нөхөр нь ХААИС-ийн 4 курсын оюутан. Өмнө нь бас ХААИС-ийн кадастрийн анги төгсөж бакалаврын дипломоо авсан. Зан аашийн хувьд эвдрээгүй, хүүхдээрээ зантай. Тухайн өдөр юу болсон юм мэдэхгүй анх удаагаа л ийм зан гаргаж байна.
Б.Г нь ар гэрийнхэндээ гар хүрч ямар нэгэн цохиж зодож байсан зүйл огт байхгүй. Нэг ч удаа тийм асуудал гаргаж байгаагүй бөгөөд манай хамаатан садан, дүү нартай нэг ч удаа өндөр дуугаар ярьж үзээгүй. Гэртээ хамаг ажилд туслаад явж байдаг болохоос биш нэг ч хүнийг ингэ, тэг гэж зардаггүй. Б.Г нь М.Тг өөр цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Маргааш нь сонсоход Гийн цээжин дээр нь суугаад амьсгалж чадахгүй болохоороо хазчихсан гэж байх шиг байсан. Тэрнээс хазаж гэмтээе гэсэн бодол байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х /,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14768 тоот актын:
1. М.Т-ийн биед баруун гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн мөрөнд зулгаралт, бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 13х /,
4. Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ХУД-ийн 11 дүгээр хороо 47-7 тоот гэртээ байж байхад манай ах Ч-ийн нь залгаад намайг “эхнэрийнхээ хамт хүрээд ир” гэж төрсөн өдөртөө урьсан. Тэгээд 16:00 цагийн орчим бид хоёр очоод, гэрт нь байж байгаад хоол унд идээд бид дөрөв хүүхдүүдээ аваад манайх руу явахаар болсон. 21:00 цагийн орчим манайд бүгдээрээ ирсэн. Орж ирэхдээ хүний 2 пиво, 1 шил 0.75 литрийн Ивок архи аваад орсон. Ороод хоол, унд бас хийгээд юм ярьж сууж байгаад орой болсон болохоор ах, эхнэртэйгээ хамт харьлаа гэсэн.
Тухайн үед би нилээн согтсон байсан болохоор тодорхой санахгүй байна. Миний хувцсыг манай дүү тайлаад байх шиг байсан. Тэгээд нэг мэдэхэд миний цээжин дээр дараад суучихсан амьсгалж чадахгүй болохоор нь хазчих шиг болсон. Тэгтэл удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. Саатуулах байранд хоноод өглөө нь гарах гэсэн чинь “өргөдөлтэй хүн байна, байцаагчтайгаа уулз” гэсэн. Надад бол учирсан гэмтэл шарх байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Манай эхнэр намайг “чи өчигдөр М.Т-ийн хөлнөөс нь хазсан байна” гэж над руу мессеж бичсэн байсан. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Уг гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Уг асуудалд үнэхээр их гэмшиж байна. Би хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 16х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч М.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд болон шүүхийн шатанд илэрхийлсэн, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор хүлээн авч хангаж шийдвэрлэн Б.Г-т холбогдох эрүүгийн 17100 1036 0025 дугаартай хэргийг яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн №14768 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч М.Т, гэрч Б.Э нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн үндэслэн тогтоогдоогүй, хэргийн талаар нотолвол зохих байдлууд шалгагдаж тогтоогдсон, нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаархи хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудыг шүүх хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэн, холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
1.1. Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47-07 тоот дахь гэртээ “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа гэрээсээ гарч явах гэхэд нь саатуулан хориглож, унтуулах гэсэн иргэн М.Тг эсэргүүцэж, түүнтэй зууралдан ноцолдох явцдаа хөлийн гуя, шилбийг хазах зэргээр түүний биед “...баруун гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн мөрөнд зулгаралт, бугалга, шуунд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14768 дугаартай дүгнэлт, гэрч Б.Э, хохирогч М.Т нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч Б.Г үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч М.Т-ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Г хохирогчтой ноцолдож зууралдах явцад болон хохирогчийн хөлнөөс хазсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, тодруулбал Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.
Шүүгдэгч Б.Г “бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан” дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан ба Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Б.Г нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргасан хууль зөрчөөгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Г гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх эрх зүйн үндэслэлтэй.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Хохирогч М.Т-ийн эрүүл мэндэд учирсан “хөнгөн гэмтэл” энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд үр дагавар буюу хохиролд тооцогдох бөгөөд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаатай холбоотой болон бусад гарсан буюу гарах зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх хор уршиг болно.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч М.Т нь гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл шаардлага гаргаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мэдүүлж, шүүгдэгч Б.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорын хяналтын шатанд /хэргийн 27х, 28х/ болон шүүхэд гаргасан байх тул түүнийг шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Г хохирол, хор уршигт тооцон гаргуулвал зохих баримт бүхий хохирол төлбөргүй байна.
1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:
Шүүгдэгч Б.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 16х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн “хөнгөн” ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч Б.Г нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд тус тус нийцүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэх үндэслэлтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч М.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Г-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Б.Г нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч М.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин Т болох хүртэлх хугацаанд ялтан Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД