Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 305/ШШ2025/00134

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ****** оршин суух Д.О-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 455,056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.О нь М ББСБ-тай 2021 оны 12 сарын 30-ны өдөр ***** дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн *** үүрэн телефоны **** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Д.О нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 11 сарын 16-ны өдөр 560,000 төгрөгийг сарын 3,0%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. М ББСБ-ын зүгээс Д.О-с зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардахад 2024.01.02-ны өдөр 200,000 төгрөг, 2024.03.21 -ний өдөр 200,000 төгрөг, 2024.07.22-ны өдөр 150,000 төгрөг төлсөн ба түүнээс хойш гэрээний үлдэгдэл төлбөрийг огт төлж барагдуулаагүй байна. 2025.01.21-ний өдрийн байдпаар Д.О-н үндсэн зээлийн үлдэгдэл 374,170 төгрөг, 2022 оны 11 сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 сарын 21-ний өдрийг хүртэлх 767 хоногийн зээлийн хүү 67,527 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,359 төгрөг нийт 455,056 төгрөг байна. Д.О нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэг 455,056 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

2. Хариуцагч Д.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М ББСБ ХХК-иас 374 мянган төгрөгийн зээл авсан. Энэ зээлээ ойрын хугацаанд төлж барагдуулах болно. Нийт хүүгийн төлөлттэй хамт 455,056 төгрөгийг төлөх болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч Д.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 455,056 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч Д.О нь ... Миний бие М ББСБ ХХК-иас 374 мянган төгрөгийн зээл авсан. Энэ зээлээ ойрын хугацаанд төлж барагдуулах болно. Нийт хүүгийн төлөлттэй хамт 455,056 төгрөгийг төлөх болно... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 455,056 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,302 төгрөгийн 7,151 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 7,151 төгрөгийг, хариуцагч Д.О-с 7,151 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 455,056 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,302 төгрөгийн 7,151 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 7,151 төгрөгийг, хариуцагч Д.О-с 7,151 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА