| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00014/И |
| Дугаар | 305/ШШ2025/00144 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 305/ШШ2025/00144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ****** оршин суух А овгийн Б.Г-н нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1982 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** комбинатын ******* үйлдвэрт машинастаар ажиллаж байсныг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1982 онд 18 нас хүрч ********* үйлдвэрт 1982 оны 01 сарын 28-нд 12 дугаартай тушаалаар техникийн цехэд машинистаар ажилд орсон. 1983 оны 06 сарын 05-нд цэргийн албанд татагдаж Хилийн цэргийн тусгай хороо 05 дугаар ангид алба хааж, 1986 оны 06 сарын 09-нд Б/390 тушаалаар халагдаж ирсэн. ***** үйлдвэрийн даргын 1986 оны 07 сарын 15-ны өдрийн 82 дугаартай тушаалаар тус үйлдвэрийн суурь машины машинистаар ажилд томилогдож ажилласан. Тус үйлдвэрт 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ****** аймгийн төрийн архивт 1974, 1980-1983 онуудаас өөр оны баримт байхгүй, зарим оны архивын лавлагаа дутуу гарч ирэхгүй бөгөөд тухайн үед бичигдэж байсан хөдөлмөрийн дэвтэрт нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, ажлаас чөлөөлөгдсөн тушаал шийдвэр тэмдэглээгүй байгаа тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1982 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ****** комбинатын ******* үйлдвэрт машинастаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-***** аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 34 дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбарууд,
-****** комбинатын ****** үйлдвэрийн даргын 1982 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаар тушаал,
-мөн үйлдвэрийн даргын 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 82 дугаар тушаал,
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08/164 дугаар лавлагаа,
-***** аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 98 дугаар лавлагаа,
-Б.Г-н ***** дугаар хөдөлмөрийн дэвтэр,
-гэрэл зургууд.
4. шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 15/185 дугаар албан бичиг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б.Г нь 1982 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ****** комбинатын ***** үйлдвэрт машинастаар ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Б.Г нь 1982 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ***** комбинатын ***** үйлдвэрт машинастаар ажиллаж байсан болох нь:
-****** аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 34 дугаар “Мөн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад ***** үйлдвэрийн 1982 он, 1984 он, 1986-1994 оны цалингийн баримт шилжиж ирээгүй, 1983 оны 7-12 сар, 1985 оны цалингийн баримтыг шүүж үзэхэд Б.Г-д холбогдох баримт байхгүй болно. Тус аймаг дахь ***** үйлдвэрт ажилчин байсан Б.Г нь 1983 оны 01 сард 324,63, 02 сард 313,32, 03 сард 301,69, 04 сард 378,46, 05 сард 684,59, 06 сард 190,16 төгрөгний цалин авч байсан байна” гэх лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбарууд,
-****** комбинатын **** үйлдвэрийн даргын 1982 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаар “Ажилд орохоор ХНХ-ын хэлтсийн шийдвэрээр шилжиж ирсэн ... Б овогтой Г-г 1 сарын 15-наас эхлэн техикийн цехэд машинистаар тус тус авч ажиллуулсугай...” гэх тушаал,
-мөн үйлдвэрийн даргын 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 82 дугаар “Тус үйлдвэрт ажиллаж байгаад цэрэгт яваад халагдаж ирсэн Ц-г I ээлжинд, Б.Г-г II ээлжинд машинистаар 1986 оны 07 сарын 15-ны өдрөөс эхлэн тус тус авч ажиллуулсугай...” гэх тушаал,
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08/164 дугаар “Б.Г нь **** аймгаас НАХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 05 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн б/390 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 26-ны өдөр цэргийн албанаас халагджээ” гэх лавлагаа,
-**** аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 98 дугаар “Б.Г-н ажиллаж байсан **** үйлдвэр нь 1991 оны 1-р улирал, 1992 оны 1, 2-р улирал, 1993 оны 1-р улирал, 1994 оны 1, 2, 3, 4-р улиралд тус тус НДШ төлж байсан ба 1995-1996 оны НДШ төлсөн баримт ирүүлээгүй байх тул лавлагаа гаргах боломжгүй болно” гэх лавлагаа,
-Б.Г-н ***** дугаар хөдөлмөрийн дэвтэрт 1982 оны 01 сарын 15-ны өдөр ***** үйлдвэрт машинистаар авч ажиллуулав, үйлдвэрийн даргын 1982 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаар тушаалаар, 1986 оны 07 сарын 20-ны өдөр Цэргийн алба хаагаад ирсэн тул ***** үйлдвэрт суурь машины машинистаар авч ажиллуулав, ****** үйлдвэрийн даргын 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 82 тоот тушаалаар гэх бичилт хийгдэж, тамга дарагдсан,
-***** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 15/185 дугаар “Тус хэлтсийн Хуулийн этгээдийн бүртгэлийн архивт ***** үйлдвэрийн үүсгэн байгуулагдсан болон татан буугдсан тухай мэдээлэл байхгүй болно” гэх албан бичиг,
-Гэрч Р.Ч-н “…Би 1983 онд цэргээс халагдаж ирээд, **** үйлдвэрт ажиллаж байсан. Түүний дараа Г цэргээс халагдаж ирээд мөн **** үйлдвэрт ажилд орсон. Үйлдвэр хаагдтал ажилласан. Г машинист, засвар машин дээр гэр бүлийнхээ хүний хамт ажиллаж байсан, гэр бүлийн хүн нь суурь машин будгийн цех дээр дамжиж ажиллаж байсан. 1992 он хүртэл ажилласан…” гэх мэдүүлэг,
-Гэрч Д.Б-н “…1982 онд Б.Г надтай хамт ***** үйлдвэрт ажилд орж ажилласан. Тэгээд 1983 онд Б.Г цэрэгт яваад 1986 онд эргэж ирээд *** үйлдвэрт 1992 онд үйлдвэр тарах хүртэл хамт ажилласан. Г машинист хийж байсан. 1992 онд үйлдвэр хувьд шилжээд бид нар бүгдээрээ гарсан…” гэх мэдүүлэг, гэрэл зургууд зэргээр тогтоогдож байна.
4. Дээрх хөдөлмөрийн дэвтэр, тушаал, лавлагаа, гэрчийн мэдүүлгүүд зэрэг бичмэл болон бусад нотлох баримтыг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэгч А овгийн Б.Г-г 1982 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус **** комбинатын ***** үйлдвэрт машинастаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Харин 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар А овгийн Б.Г-г 1982 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус **** комбинатын ****** үйлдвэрт машинастаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ