| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00093/И |
| Дугаар | 305/ШШ2025/00147 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 305/ШШ2025/00147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ***** оршин суух О овгийн П.О-н нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.
Нэхэмжлэгч П.О нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсныг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие нь 1970 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ***** аймагт төрсөн. Одоо 55 настай. 1990 онд Хууль цаазын дунд сургууль төгсөж улмаар **** аймгийн шүүхийн нарийн бичгийн даргаар 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал тасралтгүй 6 жил ажиллаж байсан бөгөөд тэтгэвэрт гарах гэтэл зарим нэг баримт дутуу, ажилд орсон гарсан тушаал байхгүй нийгмийн даатгалын байцаагч нь шүүхээр шийдвэрлүүл гэсэн тул миний бүрдүүлсэн баримтуудыг үндэслэн 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн шүүхийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-****** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 79 дугаар тодорхойлолт,
-***** аймаг дахь Шүүхийн Тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар тодорхойлолт,
-***** аймгийн Шүүхийн даргын 1990 оны 11 сарын 15-ны өдрийн 78 дугаар тушаал,
-**** аймгийн Шүүхийн Тамгын хэлтсийн даргын 1995 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 29 дугаар тушаал,
-мөн Тамгын хэлтсийн даргын 1996 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаар тушаал,
-мөн Тамгын хэлтсийн даргын 1996 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 49 дугаар тушаал,
-***** аймгийн Шүүхийн захиран тушаах хурлын 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/12 дугаар магадлал,
-***** аймгийн хэсгийн ардын 5 дугаар шүүхийн 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5/1 дугаар шийдвэр,
-***** аймгийн 4-р хэсгийн шүүхийн 1992 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4/5 дугаар магадлал,
-***** аймгийн шүүхийн 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/3 дугаар таслан шийдвэрлэх тогтоол,
-***** аймгийн Давж заалдах шатны шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаар шийдвэр,
-мөн шүүхийн 1995 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар таслан шийдвэрлэх тогтоол,
-**** аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 156 дугаар шийдвэр,
-***** аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн П.О-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа,
-П.О-н ***** дугаар хөдөлмөрийн дэвтэр.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч П.О нь 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3.1. П.О нь 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд **** аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болох нь:
-**** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 79 дугаар тодорхойлолтод “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтанд Шүүхийн баримт байхгүй тул П.О-д лавлагаа олгох боломжгүй болно” гэж,
-***** аймаг дахь Шүүхийн Тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар тодорхойлолтод “Тус шүүхийн Тамгын газрын архивт 1990 оноос 1996 он хүртэлх хугацааны цалингийн цэс хадгалагдаагүй байна” гэж,
-***** аймгийн Шүүхийн даргын 1990 оны 11 сарын 15-ны өдрийн 78 дугаар тушаалд “Аймгийн шүүхийн нарийн бичгийн дарга Б овогтой С-г үүрэгт ажлаас чөлөөлж 1990 оны 11 дүгээр сарын 16-наас эхлэн … П овогтой О-г Б.С-н оронд түр хугацаагаар авч ажиллуулсугай” гэж,
-***** аймгийн Шүүхийн Тамгын хэлтсийн даргын 1995 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 29 дугаар тушаалд “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.О нь Хууль зүйн дээд сургуулийн эчнээ ангид суралцах болсон…” гэж,
-мөн Тамгын хэлтсийн даргын 1996 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаар тушаалд “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.О-д 5-р сарын 03-наас 9-р сарын 3 хүртэл 3 сарын хүүхэд асарсан тэтгэмжийг бодож олгохыг ня-бо Б.Б-д зөвшөөрсүгэй” гэж,
-мөн Тамгын хэлтсийн даргын 1996 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 49 дугаар тушаалд “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.О нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа …” гэж,
-***** аймгийн Шүүхийн захиран тушаах хурлын 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/12 дугаар магадлал, ***** аймгийн хэсгийн ардын 5 дугаар шүүхийн 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5/1 дугаар шийдвэр, ***** аймгийн 4-р хэсгийн шүүхийн 1992 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4/5 дугаар магадлал, **** аймгийн шүүхийн 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/3 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, ***** аймгийн Давж заалдах шатны шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаар шийдвэр, мөн шүүхийн 1995 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, **** аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 156 дугаар шийдвэрүүдэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.О оролцсон гэж,
-***** аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд “**** аймгийн шүүхээс П.О-н 1995 оны 01-03 сар, 1996 оны 01-06 сар, 1997 оны 06 сард нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн” гэж,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанд “П.О нь 1996 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.Т-г төрүүлсэн” гэж бүртгэгдсэн,
-П.О-н ***** дугаар хөдөлмөрийн дэвтэрт “1991 оны 11 сарын 15-ны өдөр Аймгийн шүүхийн нарийн бичгийн даргаар түр авч ажиллуулав, аймгийн Шүүхийн даргын 1990 оны 11-р сарын 15-ны өдрийн 78 тоот тушаалаар, 1991 оны 03 сарын 16 өдөр Аймгийн шүүхийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөв, аймгийн Шүүхийн даргын 1991 оны -р сарын 16-ны өдрийн 19 тоот тушаалаар, 1991 оны 03 сарын 16 өдөр Аймгийн шүүхийн нарийн бичгийн даргаар томилон ажиллуулав, аймгийн Шүүхийн даргын 1991 оны 3-р сарын 16-ны өдрийн 20 тоот тушаалаар, 1996 оны 10 сарын 12-ны өдөр, аймгийн шүүхийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөв, аймгийн Шүүхийн хэлтсийн даргын 1996.10.12-ны өдрийн 43 тоот тушаалаар” гэх бичилт хийгдэж, тамга тэмдэг дарагдсан зэргээр тогтоогдож байна.
3.2. Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэр, тушаал, шүүхийн шийдвэр, магадлал, таслан шийдвэрлэх тогтоол зэрэг бичмэл нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэгч П.О-н ажиллаж байсан байдлыг дээрх байдлаар тогтоосон болно
4. Иймд О овгийн П.О-г 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд **** аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар О овгийн П.О-г 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ