Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛС НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Н-т холбогдох эрүүгийн 201726030593 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: УлС яллагч С.Болорчулуун, хохирогч Х.С, шүүгдэгч Л.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг, шинжээч эмч Т.А нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

богдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Л.Н нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим Х.С “архи авч өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохин, тус хорооны 24 дүгээр байранд мөн түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад 

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Хохирогч Х.С хутга барьсан байсан эсэхийг анзаараагүй, мэдэхгүй байна. Би автобусны буудлын орчимд хохирогч Х.С гадаа нэг удаа, мөн Мын гэрт хоёроос гурван удаа гараараа цохисон нь үнэн. Гадаа цохиход хохирогч Х.С амнаас цус гараагүй. Хэрэг гарсан 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн урьд өдөр нь би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би хохирогч Х.С эмчилгээний зардалд 650.000 төгрөг төлсөн. Үлдсэн хохирлыг бүрэн нөхөн төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг, 

 

2. Хохирогч Х.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүрэг, Шувуун фабрикт би хүнтэй уулзахаар очсон байсан. Тэгээд найз Мтай тааралдсан. Мын гэрт нь нэг шил архи хувааж уучихаад харихаар автобусны буудлын тэнд явж байтал Нтай таарадсан. Н найз М-д нэг удаа харсан. Сайн танихгүй. Н нь намайг автобусны буудлын ойролцоо тааралдаад “намайг өөртөө архи авч өг” гэсэн. Тэгэхэд нь би “яахаараа чамд архи авч өгөх ёстой юм” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргасан. Тэгтэл Н нь намайг барьж аваад нүүр лүү гараараа цохисон. Тэр үед миний дээд талын үүдэн нэг шүд унасан. Би тэндээс зугатаад, буцаад Мын гэр лүү очсон. Мын гэрт байхад араас хөөж ирээд намайг орон дээр дарж унаган хэд хэдэн удаа нүүрэн тус газарт цохисон. Энэ үед үүдэн доод 3 шүд унасан. Мөн миний гарын чигчий хуруунд гэмтэл үүссэн байсан. Тухайн үед хутгатай хүн байгаагүй, зүүн гарын 5-р хурууны зүсэгдсэн шарх юунаас үүссэнийг мэдэхгүй байна. Н нь намайг гараараа нүүрэн тус газарт гадаа гудманд нэг удаа, М-д 2-3 удаа цохисон.

Түүнтэй хамт явж байсан бусад хүмүүс намайг зодож цохиогүй. Би тэр хүмүүсийг танихгүй. Н нь намайг Мын байхад нэг удаа орж ирээд гарсан. Нэг удаа харсан, зүс таних төдий, сайн танихгүй. Би нийтийн тээврийн Г ХХК-д автобусны жолоочоор ажилладаг, гэмтэл авсны улмаас 2 сар хиртэй ажилгүй байсан. Унасан шүдээ одоо болтол хийлгэж чадаагүй байна. Н нь эмчилгээний зардал, төлбөрт 1.500.000 төгрөг төлөхөөс мөрдөн байцаалтын шатанд 350.000 төгрөг төлсөн. Үлдсэн 1.150.000 төгрөгийг тодорхой хугацааны дараа төлж барагдуулахаар гэрээ байгуулсан байсан. Шүүхийн шатанд 300.000 төгрөг, нийт 650.000 төгрөг төлсөн. Үлдсэн хохирол нь 850.000 төгрөг болж байгаа боловч одоо би түүнээс 750.000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Хохирлоо барагдуулаад авчихвал өөр гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

3. Шинжээч эмч Т.А-гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ахлах зэргийн шинжээч эмчээр ажилладаг. Хохирогч С биед үзлэг хийж, дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд бичвэрийн алдаа гаргаж хохирогчийн нэрийг засварлаж, хувийн тэмдэгээ дарсан нь үнэн. Гэхдээ энэ нь үзлэгийн дүгнэлтэд хамааралгүй юм. С биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор 2017 оны 05 сарын 01-ний өдөр үзлэг хийсэн. Үзлэгээр хохирогч Х.С үүдэн дээд баруун 3-р шүд, үүдэн доод баруун 1, 2-р шүд, зүүн 1-р шүдний булгарал, зүүн гарын 5-р хурууны шарх, доод уруулын сорви, баруун чихний зүүн зулгаралт гэмтэл тогтоогдсон. Үүнээс доод уруулын сорви, баруун чихний зүүн зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, зүүн гарын 5-р хурууны шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба үүдэн дээд баруун 3-р шүд, үүдэн доод баруун 1, 2-р шүд, зүүн 1-р шүдний булгарал нь гэмтлийн хүндэвтэр зарагт хамаарах юм. Эдгээр гэмтлүүд нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчилэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд юм. Мохоо зүйл гэдэгт нь ир үзүүргүй, хязгаарлагдмал зүйл орно. Ир үзүүртэй зүйлд шил хутга гэх мэт хатгагч багаж орно. Гараар цохих нь мохоо зүйлийн үйлчлэл болно.” гэсэн мэдүүлэг,   

 

Эрүүгийн 2017 2603 0593 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Х.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Надад учирсан “дээд баруун 3 дугаар шүд, доод баруун 1, 2 дугаар шүд зүүн 1 дүгээр шүдний булгарал, зүүн гарын 5 дугаар хурууны шарх, доод уруулын сорви, баруун чихний зүүн зулгаралт” гэмтлүүдийг Н учруулсан. Эхлээд автобусны буудал дээр Н миний нүүрэн тус газар гараараа цохисон ба энэ үед миний дээд баруун 3 дугаар шүд унасан. Харин Мын гэрт Н намайг орон дээр дарж унагаж байгаад гараараа нүүрэн тус газар цохиход доод баруун 1, 2 дугаар шүд зүүн 1 дүгээр шүд болон доод уруулын сорви баруун чихний зулгаралт зэрэг гэмтлүүд учирсан. Мөн Н гартаа хутга барьсан байсан ба уг хутгаараа миний зүүн гарын 5 дугаар хурууг зүсэж гэмтээсэн. Би өмнөх мэдүүлэгтээ Н намайг орлуу унагаах гээд ноцолдож байх үед П хажууд байсан ба бид хоёрыг салгах гэж байсН нь хамт унагаачихлаа гэж бодсон юм. Тухайн үед согтуу байсан учраас болсон зүйлийн талаар буруу санаад байсан байна. Одоо сайн бодоод байхад П гэдэг нь намайг цохиж зодсон асуудал байхгүй. Миний биед гэмтэл бэртэл учруулаагүй. Надад учирсан эдгээр гэмтлүүдийг Н ганцаараа учруулсан. Мын байрны гадаа тааралдаад архи нэхсэнээс болж л хоорондоо маргалдсан юм. Өөр шалтаг шалтгаан байхгүй. Н надад эмчилгээний зардал гэж 350.000 төгрөг өгсөн. Одоо дахин 1.150.000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулна гэсэн. Миний хохирлыг барагдуулчихвал надад ямар нэг гомдол санал байхгүй. Миний биеийн байдал одоо хэвийн сайн байгаа. Зав гарвал би шүүх хуралд сууна. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 57-58х/,

 

2. Гэрч Ж.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр яг хэдэн цаг гэдгийг санахгүй байна Шувууны автобусны буудлын харалдаа зогсож байхад зүс таних дампуу Нтай тааралдсан. Тухайн үед дампуу Н архи уусан байдалтай согтуу явж байсан юм. Тэгээд Ц бид хоёр дампуу Нтай юм яриад зогсож байхад С хажуугаар явж өнгөрсөн ба дампуу Н түүнийг дуудаад “архи аваад өгчих” гэж хэлснээс болж хоорондоо маргалдаад байсан. Тэгсэнээ дампуу Н гэнэт л С нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь С цааш гүйгээд Мын гэрлүү гүйсэн. Араас нь дампуу Н, Ц гурав явж Мын гэрлүү орсон. Тэгсэн чинь Мын орцонд С зогсож байсан ба Н, С хоёр хоорондоо заамдалцаад ноцолдолдож эхэлсэн. Тэгээд С Нын гарыг тавиулаад М гэрлүү орсон чинь Н араас нь ороод С том өрөөний орон дээр дарж унагаад гараараа цохиод байсан.

С өөр хүн цохиж зодоогүй. Н л нүүрэн тус газар нь гадаа байхад нэг удаа, Мын гэрт хоёроос гурван удаа цохисон. Хэрэг гардаг өдөр С нь Мын гэрт хаанаас авсаН нь мэдэхгүй гэнэт л хутга бариад Н луу дайраад байсан ба тэр үед би түүнээс хутгыг нь булааж авсан юм. Тэр үед л С баруун гарынхаа 5 дугаар хурууг зүссэн байх. Намайг харж байх хугацаанд Н гартаа хутга барьсан асуудал байхгүй. Ц, М нар С цохиж зодоогүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 73-74х/,

 

3. Гэрч Ж.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 25-ны өдөр ХУД-ийн 13 дугаар хороо 6-19 тоот манай гэрт найз С, Н бид гурав хамт архи уусан. Тэгээд цагийг нь сайн санахгүй байна Н түрүүлээд гараад явсан. Тэгээд удалгүй Нын араас С “хот явлаа” гээд гарсан ба удалгүй буцаад манай гэрт орж ирсэн. Орж ирэхдээ “танай байрны гадаа би Нт цохиулчихлаа” гэж хэлсэн ба манай гэрийн гал тогооны өрөөнд ширээн дээр байсан цэнхэр иштэй жижиг хутга авсан.

Тэр үед Н гаднаас Ц, П хоёртой орж ирсэн ба Н, С хоёр хоорондоо барьцалдаж аваад ноцолдсон. Ноцолдож байх үед С гартаа хутга барьсан, Н “хутгална, ална” гэх зэргээр хэлж байсан ба Н С том өрөөний орон дээр дарж унагаад нүүрэн тус газар нь гараараа хоёроос гурван удаа цохисон. Тэр үед би “гэрт зодоон хийхээ боль, би цагдаа дуудлаа” гэж хэлээд утсаараа цагдаа дуудсан чинь С, Н нар зодоон хийхээ болиод Н, Ц, П нар гэрээс гараад явсан.

Ц, П нар том өрөөний хаалган дээр хараад зогсож байсан. Зодоонд тэр хоёр оролцоогүй. С биед учирсан гэмтлүүдийг Н том өрөөний орон дээр түүнийг цохиж байхдаа учруулсан. Яагаад гэвэл намайг цагдаа дуудсаны дараа Н, С нар салахад С амнаас цус гарсан шүднүүд нь унасан байсан.

Манай байрны гадна юу болсон талаар би мэдэхгүй байна. С, Н хоёр манай гэрт архи ууж байхад маргалдсан зүйл байхгүй. С гаднаас орж ирэхдээ “Н намайг гадаа зодох гэж байна” гэж хэлж байсан. Тэгээд хутга авсан ба Н орж ирэхэд ална гээд хутгай барьсан чигтээ дайраад, ...тэгээд л зодоон болсон. Хэрэв С хутга барьж дайраагүй бол Н С том өрөөний орон дээр дарж унагаан зодолдохгүй байсан гэж бодож байна. Н тухайн үед хутгалуулахгүй гэж биеэ л хамгаалсан. Гэхдээ бас Н гаднаас орж ирээгүй бол манай гэрт зодоон болохгүй байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 75х /,

 

4. Гэрч Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн эцэст найз Птой уулзаад 24 дүгээр байрны хажуудах дэлгүүрийн хажууд зогсож байхад дампуу Н уг 24 дүгээр байрнаас согтуу хүнд зодуулчихлаа гээд гараад ирсэн тэгтэл хойноос нь нэг залуу гарч ирээд дампуу Нг дуудаад оруулсан тэгэхлээр нь П бид хоёр хойноос нь ортол хоорондоо муудалцаж байсан тэгсэн чинь С гэх залуу гэнэт хутга бариад дампуу Н руу дайрсан тэгсэн чинь П гарнаас нь хутгыг булаагаад авсан. Тэгтэл нөгөө дампуу Нтай зууралдан орон дээр ноцолдоод бие биенээ цохиод байсан. Тэгтэл М “цагдаа дуудлаа” гэсэн чинь нөгөө хоёр салсан, дампуу Н гараад явсан. Араас нь П, бид хоёр гарсан. Өөр асуудал мэдэхгүй. П С гараас хутга булааж авахдаа цохиж зодсон асуудал байхгүй. Харин гарынх нь буглага хэсгээр нь мушигсан байж магадгүй. Тиймээс зодож цохисон юм байхгүй. С өөрөө дампууруу эхэлж хэл амаар өдөж, орилж хашигран дампуу Н руу хутга барьж дайрсан. С Н нар хоёулаа согтуу байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5898 тоот дүгнэлтэд:

1. Х.С биед үүдэн дээд баруун 3-р шүд, үүдэн доод баруун 1, 2-р шүд, зүүн 1-р шүдний булгарал, зүүн гарын 5-р хурууны шарх, доод уруулын сорви, баруун чихний зүүн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Х.С 4-р шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 15 хувь нөлөөлнө.” гэсэн дүгнэлт /хэргийн 31х/,

 

6. Шинжээч Т.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Х.С 2017 оны 05 сарын 01-ний өдөр ирж үзүүлсэн ба түүнд учирсан эдгээр гэмтлүүд нь өөрийнх нь ярьж байсан өдөр буюу хэрэг гарсан өдөр үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Үзлэгийн явц байдлыг дүгнэлтэн дээр тодорхой тусгасан байгаа. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Миний хэлсэн бүгд үнэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 66х/

 

7. Шүүгдэгч Л.Н-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгтээ хийсэн хэргийнхээ талаар бүгдийг үнэн зөв тодорхой ярьсан байгаа. Одоо дахин давтаж ярьмааргүй байна. Гудамжинд би Саас “архи аваад өг” гэж гуйхад “чамд би архи авч өгдөг хэн бэ пизда минь” гэх зэргээр томроод байсан учраас би түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон.

Үүний дараа Мын гэрт С гартаа хутга барьчихсан “намайг ална” гээд байсан учраас биеэ хамгаалах зорилготой түүнийг том өрөөний орон дээр дарж унагааж байгаад нүүрэн тус газар нь хоёр  удаа цохисон. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 77х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 44х/, гэрч Л.Гармаагийн мэдүүлэг /хэргийн 63х/, хохирол нөхөн төлсөн болон төлбөр барагдуулах гэрээ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч Нс мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Н-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой хэмээн дүгнэсэн болно.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

  1. Гэм буруугийн хувьд:

 

Шүүгдэгч Л.Н нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчим Х.С “архи авч өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа, мөн тус хорооны 24 дүгээр байранд тус тус зодож, биед нь “үүдэн дээд баруун 3-р шүд, үүдэн доод баруун 1, 2-р шүд, зүүн 1-р шүдний булгарал, ...” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах  хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хохирогч Х.С өгсөн мэдүүлэг /хэргийн 57-58х/, гэрч Ж.П /хэргийн 73-74х/, Ж.М /хэргийн 75х/, Ц /хэргийн 22-24х/ нарын мэдүүлгүүд, ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5898 тоот дүгнэлт /хэргийн 31х/, шүүгдэгч Л.Н-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсН гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Х.С биед учирсан “үүдэн дээд баруун 3-р шүд, үүдэн доод баруун 1, 2-р шүд, зүүн 1-р шүдний булгарал” бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Л.Н түүний нүүрэн тус газарт гараар цохиж зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Н-ын бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэлээ.   

 

Тухайн гэмт хэрэг нь 2017 оны 04 сарын 25-ны өдөр гарсан, уг гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан /Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах/ гэмт хэрэгт холбогдуулан Л.Н-т эрүүгийн хэрэг үүсгэн, ял сонсгон, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байх хугацаанд буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан /2015 оны/ Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болж дагаж мөрдсөнтэй холбоотойгоор Прокуророос түүнд сонсгосон ялыг өөрчлөн, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг тус шүүхэд ирүүлсэн нь “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх” талаархи Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журамд нийцсэн байна.

 Учир нь: Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлага нь хөнгөрсөн, хорих ялыг хассан нь Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хуульд заасан үндэслэл болно.

 

Хэргийн баримт болоод шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн гэрч Ж.П, Ж.М, Ц нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд заасан хохирогчийн биед учирсан гэх “зүүн гарын 5-р хурууны шарх” гэмтлийг шүүгдэгч Л.Н учруулсан гэх байдал тогтоогдоогүй бөгөөд доод уруулын сорви, баруун чихний зүүн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар шинжээч эмч Т.А шүүх хуралдаанд мэдүүлсэн.

 

Шүүгдэгч Л.Н нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргааүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Л.Н хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.    

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд хохирогч Х.С эрүүл мэндэд учирсан “хүндэвтэр гэмтэл” гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар буюу хохирол, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан зайлшгүй бүх зардал нь хохирол учирсны улмаас шууд үүссэн хор уршиг болно. 

 

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд энэ хэргийн хохирогч Х.С гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож шүүгдэгч Л.Н 1.500.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 650.000 төгрөг төлсөн ба үлдэх 850.000 төгрөг нэхэмжлэхээс 100.000 төгрөг хасч шаардлагаа багасган 750.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч, маргаагүй бөгөөд уг төлбөрийг бүрэн хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн, талууд хохирол төлбөр нөхөн төлөх талаар хэлэлцэн тохирч төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй байна.  

 

Иймд шүүгдэгч Л.Н гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон 750.000 төгрөг гаргуулж, хохирогч Х.С нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.   

 

1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Шүүгдэгч Л.Н нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 44/ байгаа нь тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирол, хор уршигт нэхэмжилсэн 1.500.000 төгрөгөөс тодорхой хэсгийг буюу 650.000 төгрөг нөхөн төлсөн, үлдэх хохирол 750.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн нөхцөл байдал болж байна.

 

Мөн шүүгдэгч нь Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй тул эрүүгийн хариуцлага нь гарцаагүй байх эрүүгийн хариуцлагын зорилго, , эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Ингэхдээ шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч, гэм хорын хохиролд тооцон хохирогчид 650.000 төгрөг нөхөн төлсөн, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага 750.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж, төлбөр барагдуулах талаар хохирогчтой хэлэлцэн тохирч гэрээг бичгээр байгуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй түүний  хувийн байдал зэргийг шүүх харгалзан, Л.Н-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан ялын төрөл хэмжээний дотор 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт Л.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Х.С гомдол саналгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасН удирдлага болгон                                              

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Л.Н-ыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Н-ыг 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Н нь нийтэд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Н гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцон 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулж, хохирогч Х.С-т олгосугай.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Х.С гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улС яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД