Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00411

 

 

 

 

 

 

 

 

                            АК ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/03251 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч АК ХХК-ийн хариуцагч СТТ ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 198 359 730 төгрөг гаргуулах үндсэн, гүйцэтгэсэн ажлаа бүрэн хүлээлцэхийг даалгах, гэрээний үүрэг болон хохиролд 91 200 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Очбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Байгальмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: АК ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр СТТ ХХК-тай БУ2017323 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээгээр АК ХХК ...15 давхар барилгын суурийн давхраас техникийн давхар хүртэлх барилгын карказ угсралтын ажлыг 1 м.кв талбайг 75 000 төгрөгөөр тооцож, барилгын суурь 25x16 харьцаатай 83 691 м.кв-ийг 629 325 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. СТТ ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай арматур, бетоныг өөрийн санхүүжилтээр нийлүүлэх үүрэг хүлээсэн ба гүйцэтгэгч компанийн зүгээс бусад цалин хөлс, хэв хашмал, помп, ХАБ-ын материал зэрэг бусад шаардлагатай материал, ажиллах хүчээ ашиглан барилгын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээт ажлын төлбөр 629 325 000 төгрөгийн 50 хувь болох 327 460 000 төгрөгийг захиалагч тал бартераар тооцон төлөхөөр тохиролцсон ба үүнд Бенз 8550 автомашиныг 112 000 000 төгрөгөөр тооцон үлдсэн 215 460 000 төгрөгт Хангай хотхоны 517 дугаар байрны 96, 102, 108 тоот байрыг 1 м.кв-ыг 1 800 000 төгрөгт тооцон шилжүүлэхээр болсон. Захиалагчийн зүгээс Бенз 8550 автомашиныг 112 000 000 төгрөгт тооцож өгсөн боловч зах зээлийн ханшнаас хэт өндрөөр тооцсоны улмаас худалдан борлуулж чадаагүй тул машиныг буцааж өгсөн. Барилга угсралтын ажлыг 11 давхар хүртэл нийт 424 730 250 төгрөгийн ажил гүйцэтгэсэн боловч захиалагч нь ажлын хөлсний үлдэгдэл 132 239 820 төгрөгт гэрээгээр тохирсон бартерын байрыг шилжүүлэн өгөхгүй, хөрөнгө оруулалт байхгүй гэсэн шалтгаанаар санхүүжилтээ зогсоосон. Иймд нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын эхээр санхүүжилт байхгүйн улмаас барилгын ажлыг зогсоосон. Ажлын хөлсний үлдэгдлийг гэрээнд заасны дагуу төлөхийг шаардсан боловч төлөөгүй. Бараа материал, ажиллах хүчээ ашиглан хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг өнөөдрийг хүртэл авч чадахгүй маш их хохирч байна. Хангай хотхоны 517 дугаар байрны 102 тоот, 108 тоот, 96 тоот байрнууд нь хариуцагчийн өмчлөлийнх бус өөр этгээдийн өмчлөлийн байр болохыг мэдсэн. Анхнаасаа залилан мэхэлж, хуурч гэрээ байгуулсан. Иймд СТТ ХХК-аас ажлын хөлсний төлбөрт 132 239 820 төгрөг, алданги 66 119 910 төгрөг, нийт 198 359 730 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: СТТ ХХК нь АК ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр БУ2017323 тоот барилга угсралтын гэрээ байгуулж ...оффис үйлчилгээний зориулалттай барилгын угсралтын ажил хийлгэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч 424 730 250 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэсэн нь үндэслэлгүй. Талуудын эрх бүхий төлөөлөл гэрээний дагуу гүйцэтгэсэн бүх ажлыг нэг бүрчлэн шалгаж, ажлыг хүлээлгэн өгч, хүлээн авсан гэсэн акт үйлдэж гарын үсэг зурж, тэмдэг дарж ажил хүлээлцдэг. Гэвч АК ХХК өнөөдрийг хүртэл гэрээгээр тохиролцсон хийж гүйцэтгэсэн ажлын талбайн хэмжээ бүхий ажлын тайлан, ажил хүлээлцсэн акт, материалын зарцуулалтын тайланг өгөөгүй бөгөөд ажлыг харилцан хүлээлцээгүй. Гэрээгээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талд санхүүжилт олгох үндсэн баримт нь ажил хүлээлцэх акт, хийж гүйцэтгэсэн ажлын талбайн хэмжээ, тоо баримт бүхий ажлын тайлан байна. Гэтэл санхүүжилт олгох үндэслэл болох ажлаа хүлээлцээгүй, тайлан, материалын зарцуулалтын тайлан өгөөгүй нь захиалагч тал төлбөр төлөхгүй байх үндэслэл болно. Гэрээгээр 1 м.кв-ын карказ угсралтын ажлын хөлсийг 75 000 төгрөг, нэг давхрын угсралтын ажлыг нийт 30 000 000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нэг давхрыг 38 611 840 төгрөгөөр тооцож 1 м.кв талбайн ажлаас 8 611 840 төгрөгийг илүү нэхэмжлэн, тусгай зөвшөөрлийн зөвшөөрөгдөх хүрээнд гүйцэтгэсэн давхар буюу 9 давхраар тооцвол 77 505 560 төгрөгийг илүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй. АК ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 112 000 000 төгрөгийн бартерын автомашин болон бэлнээр 285 101 430 төгрөгийн санхүүжилт олгож, үүнээс бартерын автомашиныг буцаасан. Хариуцагч нь АК ХХК-ийн туслан гүйцэтгэгч Н.Б2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хүсэлтийг үндэслэн тус объектод хэв хашмал, сапуд зэргийг буулгасан 5 000 000 төгрөгийн ажлын хөлсийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкны 5035309750 тоот дансанд АК ХХК-ийн өмнөөс төлсөн бөгөөд уг дүн нь ажлын төлбөрөөс хасаж тооцогдох төлбөр мөн. АК ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас 2017 оны 8 дугаар сарын 29-ний шөнө барилгын объектод помп бөглөрч, 3 удаагийн труба задарснаас барилгын талбай дээр ирсэн 6 машин 40 м.куб бетон асгарч 6 400 000 төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар албан мэдэгдлийг 2017 оны 08 сарын 30-ны өдөр АК ХХК-нд хүргүүлж байсан. АК ХХК-нд бэлнээр 285 101 430 төгрөг, туслан гүйцэтгэгч Н.Бд 5 000 000 төгрөг, нийт 290 101 430 төгрөг төлсөн. АК ХХК нь барилга угсралтын ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй бөгөөд захиалагч байгууллага болон төрийн эрх бүхий байгууллагын тавьсан ажлын дутагдлыг засан сайжруулах шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, ажиллах хүч болон инженер техникийн ажилчдын нөөц байхгүй, санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон. Мэргэжлийн хяналтын газраас зөрчил арилгуулах зорилгоор барилга угсралтын ажлыг зогсоосон нь гүйцэтгэгч байгууллагын буруутай үйлдэлтэй салшгүй холбоотой. Мөн АК ХХК нь анх гэрээ байгуулахад 1-5 давхар хүртэл барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, 1-16 давхар болгохоор хүсэлтээ өгсөн удахгүй хурлаар дэмжигдэнэ гэж гэрээ байгуулсан ч тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, эх хувийг одоо хүртэл үзүүлээгүй, хуульд заасан хэлбэрийг зөрчиж гэрээ байгуулан хариуцагч компанийг хууран мэхэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд: Гэрээний 5.5 дах хэсэгт Гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн талбайн хэмжилтийн тоо баримт болон гүйцэтгэсэн ажлын тайлан, ажил хүлээлцсэн акт, бараа материалын зарцуулалтын тайлан нь гэрээнд дурдсан төлбөрийг төлөх санхүүгийн үндсэн баримт байна" гэж заасан боловч гүйцэтгэгч  нь хийж гүйцэтгэсэн ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, ажлын акт үйлдээгүй, бараа материалын зарцуулалтын тайланг ирүүлээгүй нь гэрээний 2.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд АК ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гүйцэтгэсэн ажлын тайланг гаргаж, ажлаа бүрэн хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү.

Хариуцагч нь гэрээгээр тохиролцсоны дагуу бетон арматурыг барилгад нийлүүлж байсан. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 29-ний шөнө 9 дүгээр давхрын цутгалтыг авах үед гүйцэтгэгч талын бэхэлсэн труба задарч, барилгын талбай дээр 40 м.куб бетон зуурмаг асгарч, манай компанид 6 400 000 төгрөгийн бодит хохирол учирсан. 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр АК ХХК-нд учирсан хохирлыг барагдуулахыг шаардаж албан мэдэгдэл хүргүүлэхэд тус барилга дээрх гүйцэтгэгч талын талбайн инженер н.Шаравдорж хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж мэдэгдлийг хүлээн авсан байдаг. Гүйцэтгэгч тал хууль болон гэрээний үүргээ зөрчснөөс захиалагчид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй. Мөн АК ХХК-ийн бетон арматур угсралтын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Бд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтийг нь үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр түүний Хаан банкны 5035309750 тоот дансанд 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Уг төлбөр нь АК ХХК-нд олгох төлбөрөөс хасаж тооцогдох төлбөр болохыг тус компанийн гүйцэтгэх захирал н.Ялалттай харилцан тохирч, зөвшөөрсний үндсэн дээр төлсөн. Барилгын В1 давхраас 9 давхар хүртэл ажлыг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд гүйцэтгэх байсан боловч далд ажлын актаар барилгын В1 давхраас 9 давхрыг дуустал ажлыг 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл нийт 72 хоног хугацаа хэтрүүлж, ажилд хүндрэл учруулсан. Энэ нь гүйцэтгэгчийн гаргаж өгсөн ажил гүйцэтгэх графикт дурдсан 40 хүн барилгын талбайд ирэхгүй, цөөхөн хүн ажиллаж ажил их удааширч байсантай холбоотой. Иймд гэрээний 8.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн алдангийг тооцоход ажлын графикаар 9 дүгээр давхрыг дуусах хугацаа 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэхэд гүйцэтгэгч тал суурийн давхраас 3 хүртэл давхрын угсралтыг хийсэн байсан ба 4-9 дүгээр давхруудын нийт 6 давхрын ажлыг гүйцэтгээгүй гэж үзвэл гэрээний дагуу нийт 180 000 000 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй үүрэгт тооцон, хугацаа хэтрүүлсэн 72 хоногоор тооцоход 64 800 000 төгрөгийг алдангид төлөх үүрэг үүссэн.  Гүйцэтгэгч тал гэрээ байгуулах үед барилгын ажил гүйцэтгэхэд тусгай зөвшөөрлийн тал дээр ямар ч асуудалгүй гэж итгэж үнэмшүүлэн гэрээ байгуулсан. Гэрээнд дурдсан БУ19-1347/13 гэх дугаар нь хуурамч бөгөөд ийм дугаартай тусгай зөвшөөрлийг АК ХХК эзэмшиж байгаагүй нь Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/3308 тоот албан тоотоор нотлогддог. Нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.6, Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 10 дугаар зүйлийн 10.1.4, Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж гэрээ байгуулсан. Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар БУ17-754/15 дугаартай тусгай зөвшөөрлийн 2.1.3 дахь заалтаар АК ХХК нь 1-9 давхрын барилга угсралт хийх тусгай зөвшөөрөлтэй. Барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд туслан гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөл шаардсан ажлыг тусгай зөвшөөрөлгүй гүйцэтгүүлсэн гэж ирээдүйд хүндрэл үүсэх, мөн тусгай зөвшөөрөлгүй гүйцэтгэсэн 10 дугаар давхрын ажлыг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй учир энэ ажилд төлбөр төлөхгүй байх үндэслэлтэй. Гэрээний 5.4 дэх хэсэгт зааснаар гэрээт ажлын 300 000 000 төгрөгийн үнийн дүнгийн 5 хувь болох 15 000 000 төгрөгийг гүйцэтгэгчид олгосон төлбөрөөс суутгаж аваагүй шилжүүлсэн тул гүйцэтгэгчээс энэхүү төлбөрийг гаргуулах нь барилгыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажилтай холбогдон гарах зөрчил доголдлыг арилгуулах баталгаа болно. Иймд хариуцагчаас нийт 91 200 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлаа бүрэн хүлээлгэж өгсөн. Барилгын далд ажлын тайланг үндэслэж улсын комисс хүлээж авдаг. Хариуцагч тал шүүх хуралдаанд энэ бичиг баримт манайд байгаа, танилцсан гэж шүүх хуралдаан даргалагчид хариулж байсан. Мөн ил ажлын тайлан хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Талууд гэрээгээр ажлаа хүлээж авсны дараа тооцоо хийхээр тохиролцсон. Хариуцагч тал ажлаа хүлээж авсан, тооцоо нийлсэн тул ажил бүрэн хүлээлцэхийг даалгах шаардлага нь үндэслэлгүй, ажил хүлээлцээд 3 жил гаруй хугацаа өнгөрсөн. 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээг байгуулсан ч арматур цагтаа нийлүүлэхгүй байсан учраас барилгын ажил 5 сарын эхний долоо хоногт эхэлсэн. Талуудын хоорондын гэрээгээр захиалагч нь арматур, бетон зуурмаг, бараа материалыг нийлүүлэх, АК ХХК цан цахиур, хэв хашмал зэргийг хариуцах үүрэг хүлээсэн. Барилгын ажил эхлээд удаагүй байхад арматур болон бетон зуурмагийг СТТ ХХК нийлүүлж чадахаа больсноор гэрээ байгуулагдсан барилга байгууламжийн төлөвлөгөө хэрэгжих нөхцөл боломж үүсээгүй. Өдрийн 12 цагаар ажиллах, ажлын бүтээмж гэсэн төлөвлөгөө байсан боловч өдөр ажиллах ямар ч нөхцөл боломжгүй байсан. Захиалагч нь гүйцэтгэгчийг өдрийн цагаар ажиллуулах боломжоор хангах үүрэгтэй байсан. Бетон зуурмаг, арматурын ажлыг шөнийн цагаар чимээгүй нөхцөлд гүйцэтгэх боломжгүй. АК ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан н.Ялалт Цагдаагийн ерөнхий газар болон бусад газруудад олон удаа гомдол санал гаргаж, хөөцөлдсөний үр дүнд СТТ ХХК-ийн өмнөөс барилгын материалыг шөнө нийлүүлэх боломжтой болгосон. Гэтэл Нийслэлийн засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/302 дугаартай захирамж гарч, талуудын хэн алинаас шалтгаалахгүй ажил саатсан. СТТ ХХК нь газрын эзэн н.Байгалмаатай 2017 оны 02 сараас маргаантай байсан бөгөөд энэ дунд барилга барьж байгаа компани, туслан гүйцэтгэгчээр ажилласан АК ХХК хохирсон. Бетон зуурмаг захиалагч буюу СТТ ХХК нь нийлүүлэгч компанид төлбөрөө төлдөггүй, маш их хэмжээний өр авлага үүсгэсэн байсан. 2017 оны 9 сард 11 давхар барилгыг АК ХХК өөрийн санаачилгаар СТТ ХХК-ийн өмнөөс барьж гүйцэтгэсэн. Н.Бд төлсөн 5 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5, 238 дугаар зүйлийн 238.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч СТТ ХХК-аас 117 955 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АК ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80 404 480 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч СТТ ХХК-ийн нэхэмжлэгч АК ХХК-ийг гүйцэтгэсэн ажлаа бүрэн хүлээлцэхийг даалгах, гэрээний үүрэг болон хохиролд 86 200 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 149 749 төгрөг, хариуцагчаас төлсөн 684 150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 747 726 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч ажлыг дутуу гүйцэтгэсэн, захиалагч ажлын хөлс төлөх үүргээ тус тус биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар гэрээний нөгөө талаас алданги шаардах эрхээ хэн аль нь алджээ’' гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Ажил гүйцэтгэгч ажлыг дутуу гүйцэтгэсэн шалтгаан нь санхүүжилт байхгүйн улмаас барилгын ажил зогсож санхүүжилт олгохыг хүлээсээр гэрээг цуцлаж шүүхэд хандсан. Захиалагч бетон, арматур нийлүүлээгүйн улмаас барилгын ажил зогссон нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагддаг. Иймд барилгын ажил дутуу хийгдсэн нь ажил гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул алданги шаардах эрхтэй. Мөн гэрээгээр ажлын хөлсийг үе шаттайгаар төлөхөөр тохиролцсон тул нэхэмжлэгчийн зүгээс ажил хүлээлгэж, тооцоо нийлсэн үеэс алданги шаардах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх алданги үндсэн үүргийн 50 хувиас хэтэрч байгаа тул хуульд нийцүүлэн 58 977 625 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүй. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон маргааны үйл баримтыг сайн ойлгоогүй дүгнэлт хийсэн. Талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр БУ2017323 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”- г гэрээний чөлөөт байдлыг эрхэмлэн, сайн дураараа байгуулсан ба тус бичгээр байгуулсан гэрээний 2.9, 5.5, 7.1.1, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3-т заасныг  үндэслэж нэхэмжлэгчийг хийж гүйцэтгэсэн ажлаа бүрэн хүлээлгэн өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Далд ажлын акт гэдэг нь ажлыг бүрэн хүлээлгэн өгсөн баримт биш бөгөөд зөвхөн улсын комисст барилгыг хулээлгэн өгөхөд шаардлагатай баримтуудын нэг бүрдэл хэсэг юм. Энэ нь гэрч нь н.Отгонсайханы мэдүүлгээр нотлогддог бөгөөд далд ажлын актын талаар гэрээний 7.1.5-д тодорхой заасан. Харин гэрээний 4.5, 5.5, 7.1.1-д зааснаар гэрээт ажлын гүйцэтгэлийг баримт үйлдэн хүлээлгэн өгөх үүрэгтэй, тухайн баримтанд яг хэдэн м.кв талбай бүхий ажлыг хийсэн болохыг батлах ажлын хэмжээ, огноотой, хариуцагч компанийн ерөнхий инженер Мгарын үсэг зурж хүлээж авсан байх ёстой. Мбол СТТ ХХК-ийн ерөнхий инженер бөгөөд зохигчдын хооронд байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-нд гарын үсэг зурсан байдаг. Энэ хүн тус барилгын хувьд томилогдсон ерөнхий инженер бөгөөд барилгыг улсын комисст ашиглалтанд хүлээлгэн өгөхөд Ерөнхий инженер гарын үсэг зурснаар ажил гүйцэтгэлийн тайлан, далд ажлын акт хүчин төгөлдөр болно. Гэтэл далд ажлын актанд зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр тохирсон ажлын хэмжээ огт тавигдаагүй, мөн н.Адъяа гэх дадлагажигч инженерийн гарын үсэгтэй далд ажлын актаар ажлыг хүлээлцсэн гэж үзсэн нь учир дутагдалтай байна. н.Адъяа нь СТТ ХХК-ийн орон тооны хяналтын инженер биш болох нь гэрч н.Бүжингийн мэдүүлгээр нотлогддог. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдолтой бичмэл нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг үнэн зөв үнэлээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх “2017 оны 7 дугаар сарын 6, 7 дугаар сарын 30, 8 дугаар сарын 17-ны өдрийн барилгын ажлын гүйцэтгэл, барилгын гүйцэтгэлийн хавсралт гэх баримтуудад гүйцэтгэлийг зөвшөөрч хариуцагч СТТ ХХК-ийн инженер гарын үсэг зурж баталгаажуулжээ” гэсэн ба энэхүү нотлох баримтуудыг шүүх эргэлзээгүй, үнэн зөвөөр үнэлээгүйд гомдолтой байна. Шүүхийн дурьдсан тус баримтад хариуцагч компанийн Ерөнхий инженер Мгарын үсэг зурсан байх ба үүнд барилгын карказ угсралтын хувьд зөвхөн сууриас 5 давхар хүртэл далд ажлын актууд хамт хийгдсэн гэсэн тэмдэглэгээ байх боловч үүнд ажлын хэмжээ тавигдаагүй, мөн барилга угсралтын хэсэгт угсарсан гэсэн тэмдэглэгээ бичилт хийгдээгүй байгаа. Мнь уг маргаан бүхий объектын хувьд Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэж байсан ба зохигчдын хооронд байгуулсан гэрээнд албан тушаалыг нь тодорхой дурьдаж, гэрээнд гарын үсгээ зурсан байдаг. Иймд ажил хүлээлгэн өгсөн гэх нэг хуудас баримт нь барилгын бетон карказ угсралтын ажлыг хүлээлцсэн гэж үзэх хангалттай нотлох баримт болохгүй.

 Шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй. 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр АК ХХК-нд 17/008 тоот албан тоотоор “нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй, гүйцэтгэсэн ажил нь зөрчилтэй байсан учир ажлаа сайжруулах” талаар шаардлага хүргүүлсэн. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр нэхэмжлэгч талд хүргүүлсэн 17/122 тоот албан бичгээр ажлын үе шат бүрийн ажлын тайлан, ажлын тоо хэмжээ бүхий баримт, материалын зарцуулалтын тайлан ирүүлэхийг шаардаж албан тоот хүргүүлж байсан. Гэтэл шүүх захиалагч талыг огт ийм үйлдэл хийгээгүй мэтээр тайлбар үндэслэлээ гаргаж байгаад гомдолтой байна. Шүүх гүйцэтгэсэн ажлын тооцоог нэхэмжлэгч талын гаргаснаар 424 730 250 төгрөг гэж үзэн шийдвэрлэсэн нь шударга бус болсон. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1.3, 5.1-т 1 м.кв талбайн угсралтын ажлыг нэг давхарт ногдох талбай 25x16 буюу 400 м.кв талбайд угсралтын ажлыг 75 000 төгрөг байхаар тохирч, давхар тутамд 30 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохирсон. Гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн гэх ажлыг зоорийн давхарыг оруулан газрын төвшинөөс ил хэсэг болох 1-10 дугаар давхрын угсралтын ажлыг гэрээгээр тохирсон дүнгээр тооцоход нийт 330 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзвэл 94 730 250 төгрөг илүү нэхэмжилсэн байна. Гэтэл шүүхээс зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1.3, 5.1-т заасныг үндэслэлээ болгоогүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дүнг баримтлан шийдсэн нь хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасныг нотолж байна. Шүүхийн шийдвэрийн СТТ ХХК-аас АК ХХК-нд 122 955 250 төгрөгийг биелүүлбэл зохих үүрэг гэж үзсэн нь үндэслэлгүй байгаа тул шийдвэрийн энэ хэсгийг хүчингүй болгож, илүү нэхэмжилсэн 94 730 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. АК ХХК-ийн зөвшөөрлийн дагуу түүний туслан гүйцэтгэгч Н.Бд олгосон 5 000 000 төгрөгийг харилцан тооцсонд гомдолгүй байна. Н.Бд олгосон 5 000 000 төгрөгийг харилцан тооцож, 117 730 250 төгрөгөөс илүү нэхэмжилсэн 94 730 250 төгрөгийг хасч тооцон, 23 225 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой.

Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлээгүй, дутуу үнэлсэн. Барилга хөгжлийн төвийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны  өдрийн 1/3122 тоот Лавлагаа хүргүүлэх тухай болон Монголын барилгын Үндэсний ассоциацийн 2020 оны 09-р сарын 16-ны өдрийн 20/140 тоот хариу хүргүүлэх тухай албан тоотод Барилга хот, байгуулалтын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 80-р тушаалаар АК ХХК-ийн БУ17-644/19 дугаартай тусгай зөвшөөрлийг АК ХХК-нд 5 жилийн хугацаатай сунгасан. АК ХХК нь барилгын ажил гүйцэтгэж байхдаа хэд дугаартай, ямар тусгай зөвшөөрөлтэй байсныг холбогдох газруудаас нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч баримтаар тогтоогдсон гэж хүсэлтийг хангаагүй. Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/3308 тоот лавлагаа хүргүүлэх тухай албан тоотод АК ХХК нь Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 6-р сарын 3-ны өдрийн 123 дугаар тушаалаар барилгын ажил гүйцэтгэх БУ17-754/15 дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авсан байдаг. Уг тусгай зөвшөөрлийн дугаар зохигчдын хооронд байгуулсан БУ2017323 тоот “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй таардаггүй. Мөн гэрээ байгуулахдаа 16 давхар хүртэл ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй гэж амаар итгэн үнэмшүүлж гэрээ байгуулсан нь хууран мэхэлж гэрээ байгуулсныг нотолж байна.  Шүүх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцсэн, гэрээг бичгээр байгуулсан боловч хэн аль нь үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд үүргээ зөрчсөн байна. Ажил гүйцэтгэгч нь ажлыг дутуу гүйцэтгэсэн, захиалагч хөлс төлөх үүргээ тус тус биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар гэрээний нөгөө талаасаа алданги шаардах эрхээ хэн аль нь алджээ гэж дүгнэсэн. Зохигчдын хооронд гэрээ байгуулагдмагц АК ХХК хариуцагчид ажил гүйцэтгэх графикийг гаргаж өгч, графикийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд тус
барилгын В1 давхраас 9 дүгээр давхрыг дуустал ажлыг хийж гүйцэтгэх байсан. Гэвч
2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд урьдчилсан байдлаар 9 дүгээр давхрыг угсарсан бөгөөд энэ хугацааны алдангийг тооцоолсон. Шүүх гэрээний 8.1.4, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2, 222.7 дах хэсэгт заасныг үндэслэн шийдвэрээ гаргах байсан.  Гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн нь түүнээс үл хамаарах шалтгаанаар хугацаа хэтэрсэн асуудал огт байгаагүй бөгөөд ажил гүйцэтгэх графикийн дагуу гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай 40 ажилтныг ажлын талбайд оруулаагүй, хүн хүчээ нэмэгдүүлээгүйгээс ажил нь удааширч энэ талаар хариуцагч удаа дараа албан тоотоор шаардлага хүргүүлж байсан. 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн албан тоотод энэ талаар маш тодорхой тусгасан. Шүүх уг баримтыг шинжлэн судлалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шударга бус болсон. Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/302 дугаартай захирамжаар ажил удааширсан гэх тайлбарыг нэхэмжлэгч талаас өгсөн нь ажлыг гүйцэтгэхэд саад болох нөхцөл биш бөгөөд уг захирамжаар зөвхөн ажлын хэсэг байгуулах талаар заасан. Гүйцэтгэгч талын гаргаж өгсөн ажил гүйцэтгэх графикт шөнийн цагаар хотын А бүсэд ачааны машин нэвтэрч, барилгын материалыг зөөвөрлөн объектод хүргэх боломжтой гэдгийг мэдэж байсан. Гүйцэтгэгч нь энэ бүх нөхцөл байдлыг мэдэж байсан учраас ажил гүйцэтгэх график гаргаж өгсөн.
Иймд 64 800 000 төгрөгийн алдангийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийн шаардлага 117 730 250 төгрөгөөс хүлээн зөвшөөрөх 23 225 000 төгрөгийг хасч, 94 730 250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний дагуу ажил хүлээлцэх шаардлагыг хангаж, алданги 64 800 000 төгрөгийг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч АК ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 132 239 820 төгрөг, алдангид 66 119 910 төгрөг, нийт 198 359 730 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч СТТ ХХК эс зөвшөөрч хохирол 6 400 000 төгрөг, гүйцэтгэгчийн өмнөөс туслан гүйцэтгэгчид төлсөн 5 000 000 төгрөг, барьцаа 15 000 000 төгрөг, алданги 64 800 000 төгрөг, нийт 91 200 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа, үүргийн биелэлт, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүсэх хариуцлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Талууд 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь ...оффис үйлчилгээтэй нийт 15 давхар барилгын суурийн давхараас техникийн давхар хүртэлх 1 барилгын карказ угсралтын ажлыг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэх, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд ажлын хөлс, материалын зардлыг төлөх, нийт талбайн хэмжээ 8 391 м.кв бөгөөд 1 м.кв талбайд ногдох зардал 75 000 төгрөг, ажлын хөлс 629 325 000 төгрөг байх, үүний 50 хувийг бартераар ... 119.7 м.кв талбай бүхий 3 орон сууцыг 1 м.кв-ын үнийг 1 800 000 төгрөгөөр өгөх, 112 000 000 төгрөгт Benz S550 маркийн автомашиныг тус тус шилжүүлэх, бартерийн үнийн дүн 327 460 000 төгрөг, үлдэх төлбөрийг ажлын гүйцэтгэлээр бэлнээр төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх6-15/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажил гүйцэтгэх хугацаа, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн эсэхэд маргажээ.

Нэхэмжлэгчээс барилгын зоорийн давхараас 10 дугаар давхар хүртэлх ажлыг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хариуцагч талд хүлээлгэн өгсөн нь хэргийн 1 дүгээр хавтасны 18-23, 45-250, 2 дугаар хавтасны 1-191,  дүгээр тал дахь далд ажлын акт, барилгын нэмэлт ажлын гүйцэтгэлийн тайлан, талуудын тооцоо нийлсэн акт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Гэрээний 4.5, 6.3.1-т “барилга угсралтын ажлыг актаар хүлээлгэн өгсөн өдрийг ажил дууссан өдөр гэж үзнэ”, “захиалагч нь барилгын талбайд өөрийн мэргэжлийн инженерүүдийг томилох бөгөөд томилогдсон инженерүүд нь гүйцэтгэгчийн барилга угсралтын ажил түүний явцыг бүхэлд нь хянаж, хуульд нийцсэн зааварчилгаа, зөвлөгөө өгөх, шаардлага тавих, ажлыг хүлээж авах, дүгнэх бүрэн эрхтэй” гэж заасан боловч захиалагчийн зүгээс барилгын талбайд хэнийг, хэрхэн томилсон талаар баримтгүй байна.

Далд ажлын актанд захиалагчийн техник хяналтын инженер ..., зохигч инженер С..., барилга угсралтын инженер Х... даамал .... нар, барилгын нэмэлт ажлын гүйцэтгэлийн тайланд АК ХХК-ийг төлөөлж инженер Х.Ч., төслийн удирдагч Э.Я, СТ-ийг төлөөлж инженер Мао Ли Шин нар тус тус гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. /1хх18-22, 45-250, 2хх1-191/

Талуудын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцоо нийлсэн акт хэргийн 1 дүгээр хавтасны 23 дугаар талд авагдсан байна. Уг актаар хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын хөлсөнд бэлнээр 301 775 000 төгрөг, бартераар 112 000 000 төгрөг, нэмэлтээр 9 467 250 төгрөг, панер 1 488 000 төгрөг, нийт 424 730 250 төгрөг төлөхөөс торгуульд 285 000 төгрөг суутган авч, нийт 404 205 430 төгрөг /автомашин орсон дүн/ төлж, 20 239 820 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь 112 000 000 төгрөгийн автомашиныг хариуцагчид буцаан өгсөн байх ба хариуцагч уг актад дурьдсан 20 239 820 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл, автомашины үнэ 112 000 000 төгрөг, нийт 132 239 820 төгрөгийн төлбөрийн үүрэгтэй байжээ. Харин хариуцагчаас нэхэмжлэгчид бэлнээр өгсөн мөнгөн дүн 292 205 430 төгрөг /404 205 430-112 000 000/ байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэн Н.Бтай маргаан бүхий барилгын 9 дүгээр давхараас техникийн давхар хүртэл нийт 3 892.4 м.кв барилгын карказ угсралтын ажлыг 1 м.кв-ыг 24 000 төгрөгөөр, нийт 93 417 600 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн туслан гүйцэтгэгч Н.Бд 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ажлын хөлсөнд 5 000 000 төгрөг төлсөн болох нь хэргийн 235 дугаар тал дахь Хаан банкны орлогын баримтаар тогтоогдож байхын зэрэгцээ нэхэмжлэгч уг дүнг хариуцагчаас авах ажлын хөлсөөс хасч тооцохыг зөвшөөрч байна. Иймд ажлын хөлсний үлдэгдэл 132 239 820 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг хасахад 127 239 820 төгрөгийн төлбөрийн үүрэг захиалагчид үүссэн байжээ.

Шүүх хариуцагчийг 301 775 000 төгрөг бэлнээр төлсөн гэж дүгнэн нэхэмжлэгчийн нийт гүйцэтгэсэн ажлын хөлс 424 730 250 төгрөгөөс уг дүнг хасч хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг 122 955 250 төгрөг гэж тооцоолон үүнээс туслан гүйцэтгэгчид төлсөн 5 000 000 төгрөгийг хасч 117 955 250 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч зөвхөн алдангийн хэмжээнд гомдол гаргасан тул энэ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь талуудын мэтгэлцэх зарчимд нийцнэ.

Зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар тооцоо нийлсэн актаар төлбөрийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэгчийн ажлын үр дүн хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн торгуулийг тооцоолж төлбөрийн дүнг эцсийн байдлаар тогтоосон байхын зэрэгцээ талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр цуцлагдсан байна.

Түүнчлэн ажил гүйцэтгэгч ажлыг дутуу гүйцэтгэсэн, захиалагч хөлс төлөх үүргээ биелүүлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар гэрээний нөгөө талаасаа алданги шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй.  

Хариуцагч нь А.Аг ажлын гүйцэтгэлийг хүлээн авах эрх бүхий этгээд биш, гэрчийн мэдүүлгээр тогтоогддог гэж тайлбарлах боловч гэрчийн мэдүүлэг нь дангаараа татгалзлыг хангалттай нотлох баримт болохгүй. Захиалагчийг төлөөлж А.А далд ажлын актаар ажлын үр дүнг хүлээн авсаны дараа талууд тооцоо нийлсэн акт үйлдэж гэрээг дуусгавар болгосон байх тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй байна.

Барилгын ажлын гүйцэтгэлийг захиалагч талын Ерөнхий инженер Мхүлээн авснаар далд ажлын акт хүчин төгөлдөр болно гэж хариуцагч тайлбарлах боловч Мнь тус компанийн Ерөнхий инженер болохыг нотолсон баримтгүй, талууд гэрээгээр ажлын гүйцэтгэлийг Ерөнхий инженер хүлээж авах талаар тохиролцоогүй. Гэрээний 6.3.1-т захиалагч нь барилгын талбайд өөрийн мэргэжлийн инженерүүдийг томилох бөгөөд томилогдсон инженерүүд нь ажлыг хүлээж авах, дүгнэх бүрэн эрхтэй” байхаар заасан.

Зохигчид тооцоо нийлсэн актад нийт ажлын хөлсийг 424 730 250 төгрөг гэж тодорхойлсон, хариуцагч нь ажлын хөлсөнд 94 730 250 төгрөг илүү нэхэмжилсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

  Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 20 дугаар зүйлийн 20.5 дах хэсэгт “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ”, “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгоно”, “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ” гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Барилгын хөгжлийн төв 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1/3122 дугаар лавлагаа хүргүүлэх тухай албан бичгээр АК ХХК-д Барилга хот байгуулалтын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 80 дугаар тушаалаар барилгын ажил гүйцэтгэх БУ17-644/19 дугаартай тусгай зөвшөөрөл сунгалтаар БА-4.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4 ажлын төрлөөр 5 жилийн хугацаатай олгогдсоныг уг тусгай зөвшөөрлийн  хүчинтэй хугацаагаар нэмэлтээр ажлын төрөл олгосон” гэж мэдэгдсэн байна. Мөн Монголын Барилгын Үндэсний Ассоциаци 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 20/140 дугаар албан бичгээр АК ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай байгуулсан тусгай зөвшөөрөл эзэмших гэрээ, Барилга хот байгуулалтын яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргаж ирүүлсэн байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэв. /2хх196, 211-212/  

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Хариуцагч нь ажлын үр дүнг нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн хэмжээгээр хүлээн авсан нь талуудын тайлбараар тогтоогдсон, зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тооцоо нийлж гэрээ цуцлагдсан байх тул гүйцэтгэсэн ажлаа бүрэн хүлээлцэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. /3хх89/ Анхан шатны шүүх “хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг өөрт ашиггүй гэх үндэслэлээр маргаагүй, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нь хийсэн хэмжээгээр хүлээн авсан, талууд ажлын акт үйлдэн, хариуцагч ажлын үр дүнг өмчлөлдөө шилжүүлэн авсан” гэж дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх журамтай нийцсэн байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч талын туслан гүйцэтгэгч Н.Бд төлсөн 5 000 000 төгрөгийг шүүх Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх үнийн дүнгээс хасч шийдвэрлэсэн нь зөв.

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алданги 64 800 000 төгрөг, барьцаа 15 000 000 төгрөг, хохирол 6 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч нь алдангид 64 800 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “ажлын графикаар барилгын зоорийн давхараас 9 дүгээр давхарыг хүртэл ажлыг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэхэд дуусгах байтал гүйцэтгэгч энэ хугацаанд 3 хүртэл давхарын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн, 4-9 давхар буюу нийт 6 давхарын нийт 180 000 000 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй тул 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 72 хоногийн хугацаа хэтрүүлсэн алданги 64 800 000 төгрөг гаргуулна” гэж тайлбарладаг.

Гэвч хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар зохигчдын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар дээр дурьдсанчлан талуудын хэн аль нь үүргээ зөрчсөн, ажил гүйцэтгэгч ажлыг дутуу гүйцэтгэсэн, захиалагч хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Мөн тооцоо нийлсэн актаар талууд гүйцэтгэвэл зохих үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо алданги төлөх гэрээний заалтын талаар тусгайлан тохиролцоогүй байна.

Барьцааны 15 000 000 төгрөгийн хувьд, гэрээний 5.4-т “гэрээ баталгаажсаны дараа гүйцэтгэгч нь барилгын талбайд гэрээт ажлын гүйцэтгэх тоног төхөөрөмж, ажиллах хүч зэрэг холбогдох бүхий л хүчин зүйлийг байршуулсны дараа захиалагч нь карказ угсралтын ажлын гүйцэтгэлийн нийт үнийн 5 хувийг чанарын баталгаа болгон суутгана /санхүүжилтийн үе шат бүрт 5 хувийг чанарын баталгаа болгож суутгана/” гэж заасан байх боловч хариуцагч тухайн цаг хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, талууд тооцоо нийлж төлбөрийн үлдэгдлийг тохиролцсоноор гэрээ дуусгавар болсон байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн буруугаас барилгын талбайд 40 м.куб бетон зуурмаг асгарч хариуцагчид 6 400 000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдохгүй байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/03251 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 760 000 төгрөг, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 849 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

 

                                     ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                           А.МӨНХЗУЛ