| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00019/И |
| Дугаар | 141/ШШ2025/00044 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 141/ШШ2025/00044
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: .................... Б Жавзандамба гудамж-33, Эл Эс Плаза барилга, 9-р давхрын 902 байрлах “ТФинанс ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................. оршин Ц овогт М.Н., Ш. овогт Ц.О. нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэг 46,080,572.58 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ТФ. ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч М.Н нь "Т ББСБ” ХХК-иас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101182 дугаартай зээлийн гэрээг байгуулан 13,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай буюу 2028 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 102080 дугаартай зээлийн гэрээг байгуулан 23,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай буюу 2028 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр тус тус зээлж авсан. Зээлдэгч М.Н нь зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, М.Нын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү...дугаарт бүртгэгдсэн ...........................тоот хаягт байршилтай 95 м.кв талбайтай хувийн сууц, М.Нын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-........ дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын .............. дугаартай Завхан аймаг, ............................. хаягт байршилтай 263 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрыг хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан. Зээлдэгч М.Н нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 04 сарын 29-ний өдрийн байдлаар 101182 дугаартай зээлийн үндсэн төлбөрт 515,110.90 төгрөг, хүү 3,098,471.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,417.22 төгрөг, нийт 3,621,000 төгрөг, 2023 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар 102080 дугаартай зээлийн хүү 375,000 төгрөгийн төлөлт тус тус хийж түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүү огт төлөлт хийгээгүй. Зээлдэгч М.Н нь зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байх бөгөөд 2024 оны 08 сарын 14-ний өдрийн байдлаар 101182 дугаартай зээлийн гэрээнд 211 хоног хугацаа хэтрүүлж үндсэн зээлийн үлдэгдэл 12,189,274.27 төгрөг, зээлийн хүү 2,013,598.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,110.55 төгрөг, нийт 14,215,983.79 төгрөг, 102080 дугаартай зээлийн гэрээнд 323 хоног хугацаа хэтэрч, үндсэн зээлийн үлдэгдэл 22,316,120.79 төгрөг, зээлийн хүү 9,485,667.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,800.27 төгрөг, нийт 31,864,588.79 төгрөг, дээрх хоёр зээлийн нийт 46,080,572.58 төгрөгийн өр төлбөр үүсгээд байна. “ТФ.ББСБ” ХХК-ийн зүгээс зээлдэгч М.Н нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч нь одоог хүртэл зээлийн гэрээний өр төлбөрөө төлөхгүй байх тул Зээлийн гэрээний 2.4, 4.3, Иргэний хуулийн 225.1, 226.1-д заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 228532 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 101182 дугаартай Зээлийн гэрээ, ................. дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 102080 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 34,505,395.06 төгрөг, зээлийн хүү 11,499,266.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,910.82 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 43,000.00 төгрөг, нийт 46,123,572.58 төгрөгийн зээлийн өр төлбөрийг хариуцагч М.Н болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.О нараас гаргуулах, зээлдэгч М.Н болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.О нар өр төлбөрийг барагдуулахгүй тохиолдолд М.Нын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0905000852 дугаарт бүртгэгдсэн ....................... байршилтай 95 м.кв талбайтай хувийн сууц, М.Нын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0905000057 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 17446400205435 дугаартай .......................... байршилтай 263 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрыг хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж, " ф. ББСБ” ХХК-ыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч М.Н Ц.О нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...М.Н Ц.О нар нь “ТФ. ББСБ" ХХК-иас зээлийн гэрээний үүрэг болох 46,080,572.58 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул бид нарт холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ТФ. ББСБ” ХХК нь хариуцагч М.Н, Ц.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,080,572.58 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Н Ц.О нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...М.Н Ц.О нар нь “ТФ. ББСБ" ХХК-иас зээлийн гэрээний үүрэг болох 46,080,572.58 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул бид нарт холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч М.Н, Ц.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан байх тул хариуцагч М.Н, Ц.О нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,568 төгрөгийн тал хувь болох 194,284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 194,284 төгрөг, хариуцагч М.Н, Ц.О нараас 194,284 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ТФ. ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “ТФ. ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч М.Н, Ц.О нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 46,080,572.58 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 388,568 төгрөгийн тал хувь болох 194,284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 194,284 төгрөг, хариуцагч М.Н, Ц.О нараас 194,284 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ТФ. ББСБ" ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч М.Н, Ц.О нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ