| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0046/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2018-02-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль /тээвэр/ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Д-т холбогдох эрүүгийн 1703000010161 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Уранбайгаль /тээвэр/, хохирогч Ө.Б, шүүгдэгч У.Д нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Г.Соронзонболд шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч У.Д нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны оройн 20 цаг 30 минутын орчимд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Буянт-Ухаа-2” хорооллын зүүн замд өөрийн эзэмшлийн Honda Odyssey маркийн 88-08 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
- 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”:,
- мөн дүрмийн 9.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс ... хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино:,
- 2.3-т заасан Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,
- 3.1.-т “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм-ээс бага болсон, 3.2-т заасан “Дугуй нэвт цоорсон, утаснууд нь тасарсан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ө.Б-ыг /57 настай, эрэгтэй/ мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.Д нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх уг эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
1. Шүүгдэгч У.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж, зам тээврийн осол хэрэг гаргаж хохирогчийн биед хүнд хохирол учруулсан гэм буруу болон хэргийн үйл баримтад маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие мөрдөн байцаалтын шатанд болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн учир шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэх зүйл байхгүй байна. Би 1994 онд жолооч болоод 23 жил жолоо барьж байна. Жолооч болсноос хойш тогтмол тээврийн хэрэгсэл жолоодож байгаагүй. Өмнө нь ямар нэг байдлаар зам тээврийн осол гаргаж байгаагүй. Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдыг хэтрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн Төв аймагт байх гэр лүүгээ яарч яваад ийм асуудал боллоо. Тухайн осол болсон газар шөнийн цагаар хүн бараг явдаггүй. Хурдны заалтыг анзаараагүй явсан. Тухайн үед машины дугуйн хээ нь арилсан байсан. Машин асахгүй хөдлөхгүй байгаа болохоор янзлаагүй. Хохирогчийн эмчилгээний зардалд мөрдөн байцаалтын шатанд 4.000.000 төгрөг төлсөн. Эмнэлэгт хэвтэж байхад нь шаардлагатай мөнгийг шилжүүлээд, эхний байдлаар 4.000.000 төгрөг өгсөн байгаа. Цаашид гарах эмчилгээний зардал болон нэхэмжилсэн төлбөрөөс үлдэх мөнгийг Жолоочийн албан журмын даатгалаас гарах мөнгөөр төлнө. Даатгалын компани нь шүүхээс шийдвэр гарсны дараа материалыг авна гэсэн. Даатгалын байгууллагаас авах нөхөн төлбөрийн мөнгөөр үлдэх хохирлыг төлж барагдуулахаар хохирогч Б гуйатай хэлэлцэж тохиролцсон байгаа. Энэ талаар хохирогч хүсэлтээ хэрэгт бичгээр өгсөн.
Осол Бог 10 дугаар сарын 06-ны өдөр орой би Мишээл Экспогоос Төв аймаг руу явах хэдэн хүн аваад, Төв аймаг руу буцахдаа Буянт-Ухаа спорт цогцолборын уулзвараар эргээд хойноос урагшаа чигээрээ явж байхад хохирогч замын зүүн талаас баруун чиглэлтэй зам дээр гуйваад гараад ирсэн. Тэр үед нь би хурдтай явж байсан тул тормос гишгэж бүрэн зогсоож чадалгүй хохирогчийг мөргөсөн. Осол гаргасан зам гэрэлтүүлэгтэй, зам нь хуурай байсан. Хохирогчийг 20 метр орчим зайнаас харсан. Хохирогч замын зүүн талаас баруун чиглэлтэй зам гарч явсан. Би хойноос урагшаа явж байсан. Хохирогчийг замын 2, 3 дугаар эгнээн дээр хараад баруун гар тийш дарахад тормос гишгээд 1, 2 эгнээний тасалсан зураасан дээр мөргөсөн. Тэгээд мөргөөд машинаасаа буугаад хамт явсан хүмүүстэйгээ хамжиж өргөж замын хажуу руу гаргасан.
Цагдаагийн байгууллагад машины кабинд сууж явсан хүмүүс болон би мэдээлэл өгсөн. Машиндаа 5 зорчигчтой явсан. Миний машин жолоочоос гадна 7 хүний суудалтай юм. Тэдгээр хүмүүсээс гэмтсэн хүн байхгүй. Авто осол миний буруугаас болж гарсан. Би бүрэн ухамсарлаж байгаа. Хохирогчийн хохирлыг даатгалын компаниас гарсан мөнгөөрөө бүрэн төлнө гэсэн хохирогчтой байгуулсан гэрээний үүргээ би заавал биелүүлнэ гэдгээ амлаж байна. Цаашид анхаарал болгоомжтой байж, гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Б-ын өгсөн:
“...Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр авто осолд орж биедээ гэмтэл авсан. Баруун хөлийн шагай мултралттай гэмтлийн эмнэлэгт очоод 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хагалгаанд орж яс их бяцралттай тул хадах боломжгүй гээд аппарат тавиулсан. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр арьс урагдалттай, арьс зүсэгдсэн байсныг гуя булчингаас арьс авч нөхүүлэх хагалгаа хийлгэсэн. Эмнэлэгт хэвтээд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гарсан. Түүнээс хойш дүүргийн болон гэмтлийн эмчийн хяналтад байнга байж, тасралтгүй эмчилгээ хийлгэж байна. Одоогийн байдлаар яс бүрэн бороолоогүй, арьс бүрэн эдгэрээгүй байна. Дүүргийн эмнэлэгт 7 хоногт нэг удаа, 2 долоо хоноод нэг удаа Гэмтлийн эмнэлэг дээр боолтоо солиулж, үзүүлдэг. Бусад үед нь гэрээрээ хувийн сувилагч дуудаж 20.000 төгрөгөөр цэвэрлэгээ хийлгэж байгаа. Цаашид эмчилгээ хийх шаардлагатай. Уг нь тайрах хэмжээнд байсан эмч нарын хүчинд аппаратаар ясыг тогтоосон. Ясны үйрэлт ихтэй байсан. Осол Бог өдөр Орон сууцны байгууллагын 70 жилийн ой болоод, би хамт олонтойгоо амралтын газар очсон юм. Төв аймгаас ирээд замдаа гэрийнхээ харалдаа буусан юм. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед би архи уусан байсан. 1 бүхэл согтолтын зэрэгтэй байсан. Эмчилгээний зардалд нийт 6.800.000 төгрөг шаардлагатай гээд нэхэмжилсэн байгаа. Үүнд аппарат авах зардал орсон. Түүнээс 2.0 сая төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Нийт шаардлагатай мөнгө 6.8 сая төгрөг болно гэж эмч хэлсэн. Одоо би ажлаа хийхгүй байгаа. Маш их зовиуртай, өвчин намдаах эм байнга ууж байгаа. Миний үндсэн цалин 650.000 төгрөг, ажлын үр дүн удаан жилийн нэмэгдэл гээд 1.0 сая гаран төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Миний хувьд ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нэхэмжлээгүй. Одоо цаашид хийгдэх эмчилгээний зардлын 6.800.000 төгрөгийг Даас гаргуулах хүсэлттэй байна. Эндээс өмнө авсан 4.0 сая төгрөгийг хасч тооцоогүй байгаа. Ер нь эмчилгээ болон бусад зардалд ойролцоогоор 10 орчим сая төгрөг зарцуулагдаад байгаа. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 4.0 сая төгрөг төлснийг хүлээж авсан. Шинээр шүүхэд сүүлд хийлгэсэн эмчилгээний зардлын 2.031.647 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Энэ зардлаа бас нэхэмжилнэ. Одоогоор группт ороогүй байгаа. Ажлаасаа актаа сунгуулаад яваад байгаа. 4.700.000 орчим төгрөгний баримт нь эмнэлэгт хэвтэх зардал. Үүнийг тухай үедээ баримтаа гаргаад нэхэмжлээд явна. Би гэр бүлээ ганц тэжээж байсан. Манай гэр бүлийн хүн тэтгэвэрт гарсан. Би хүний бүрэн асаргаанд байгаа. Миний хөлөнд нийт 8 хадаастай аппарат хийсэн. Ерөөсөө хөдөлгөж болохгүй. Бусад эд эрхтэн зүгээр. Хөлнийхөө ясыг харж байхад хатуу зүйлээр шүргэсэн. Тэгээд яс арьсаа ураад гараад ирсэн. Шүүгдэгч үлдсэн хохирлыг Даатгалын байгууллагаас нөхөн төлбөрөө аваад өгнө гэж хэлсэн. Энэ мөнгө гарах юм бол өгнө, ямар ч байсан хохиролгүй болгоно гэж амалсан байгаа. Хохирол мөнгөө барагдуулаад авчихвал гомдол санал байхгүй. Хөл хугарсан гэмтлээс өөр хавсарсан гэмтэл байхгүй. Шүүгдэгчийн зүгээс эмчилгээний зардалд шаардлагатай байгаа 6.8 сая төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулаад өгвөл миний хувьд гомдол санал байхгүй. Гэм буруу, ял хариуцлагын санал дээр хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1703000010161 дугаартай хэргээс:
1. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-8х/,
2. Хохирогч Ө.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би Төв аймгийн наана “Тойрол Хаан” гэдэг амралтын газар ажлынхаа хүмүүстэй амарсан. Амралтан дээр Орон сууцны удирдах газрын 70 жилийн ой тэмдэглээд ажлынхантайгаа архи уусан байсан. Орой 20:00 цагийн үед амралтын газраас автобустай хот руу явсан. Тэгээд 20 цаг 30 минутын үед би Буянт-Ухаа 2 хорооллын харалдаа, гэртээ ойрхон гээд замын зүүн талд ганцаараа буусан. Тэгээд замын зүүн талаас баруун тийш чиглэлтэй зам хөндлөн гарч явтал хойноос урагшаа Чиглэлтэй нэг машин ирж байсан. Би амжаад гарчих байх гээд алхаад явж байтал тэр машин намайг мөргөсөн. Тэгээд би тэр машинд явж байсан хүнд утасны дугаар өгөөд хүүхдүүдээ дуудуулсан, түргэн тусламж ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан.
Намайг Гэмтлийн эмнэлэг дээр драгер үлээлгэхэд 1.92 хувийн согтолттой байсан. Баруун хөлийн шаант яс ил хугаралтай, өөр гэмтэл бэртэл учраагүй. Баруун хөлөндөө хагалгаа хийлгэж аппарат тавиулсан. Одоо гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, өөр гэмтэл бэртэл байхгүй. Би эмчилгээнд мөнгө зарцуулсан баримтаа гаргаж өгнө. Надад гомдол хүсэлт байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12710 тоот дүгнэлтэд:
1. Ө.Б-ын биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны бяцарсан ил хугарал, баруун шилбэний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт /хэргийн 79х/,
4. Замын Цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 619 тоот дүгнэлтэд:
1. Honda Odyssey маркийн 88-08 ТӨА улсын дугаартай автомашины жолооч У.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
- 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.
- 9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна.
- 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 3.1. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм, автобус, троллейбусанд 2 мм, мотоцикл, мопедод 0.8 мм-ээс бага болсон;
- 3.2. Дугуй нэвт цоорсон, утаснууд нь тасарсан;” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Ө.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн
3.4. Явган зорчигч нь явган хүний гарч буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.
3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Honda Odyssey маркийн 88-08 ТӨА улсын дугаартай автомашины тормосны мөрөөр хурдыг тогтоох зорилгоор / =82,98 км/ц / томьёонд оруулж бодоход Уртнасангийн Д жолоочтой Honda Odyssey маркийн 88-08 ТӨА улсын дугаартай автомашин нь 82,98 км/ц-ийн хурдтай явж байсан гэх үндэслэлтэй байна.
4. Асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй болно гэсэн дүгнэлт /хэргийн 96-97х/,
5. Хохирогч Ө.Б-ын “яллагдагч У.Дөлбөөтөртай эвлэрч, өөрт учирсан хохирлыг Практикал даатгалаар барагдуулахаар тохиролцсон талаархи” Тээврийн прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 139х/,
6. Шүүгдэгч У.Д хохирогчийн эмчилгээний зардалд 4.000.000 төгрөг шилжүүлсэн тухай баримтууд /хэргийн 133136х/,
7. Цагдаагийн Ерөнхий Газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хэргийн 109х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 113х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч У.Д-ын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
1.1. Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч У.Д нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны оройн 20 цаг 30 минутын орчимд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Буянт-Ухаа-2” хорооллын зүүн замд өөрийн эзэмшлийн Honda Odyssey маркийн 88-08 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
- 9.1 заалтын “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна;
- 9.3 заалтын “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс ... хэтрүүлэхгүйгээр сонгож явна;
Харин дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино,
- 2.3 заалтын “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын
- 3.1 заалтын “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм-ээс бага болсон;
- 3.2 заалтын “Дугуй нэвт цоорсон, утаснууд нь тасарсан” эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин ашиглахыг хориглох гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ө.Б-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
- Осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-8х/,
- Ө.Б-ын биед “баруун шилбэний шаант, тахилзуур ясны бяцарсан ил хугарал, баруун шилбэний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн” ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12710 тоот дүгнэлт /хэргийн 79х/,
- Honda Odyssey маркийн 88-08 ТӨА улсын дугаартай автомашины жолооч У.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн
- 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна;
- 9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд 100 км”ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна;
- 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын
- 3.1. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм, автобус, троллейбусанд 2 мм, мотоцикл, мопедод 0.8 мм-ээс бага болсон;
- 3.2. Дугуй нэвт цоорсон, утаснууд нь тасарсан;” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
- Honda Odyssey маркийн 88-08 ТӨА улсын дугаартай автомашины тормосны мөрөөр хурдыг тогтоох зорилгоор / =82,98 км/цаг/ томъёонд оруулж бодоход. Уртнасангийн Д жолоочтой Honda Odyssey маркийн 88-08 ТӨА улсын дугаартай автомашин нь 82,98 км/ц-ийн хурдтай явж байсан гэх үндэслэлтэй байна.” гэсэн Замын Цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 619 тоотод дүгнэлт /хэргийн 96-97х/,
- хохирогч Б.Бын: “...2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би Төв аймгийн наана Тойрол Хаан гэдэг амралтын газар ажлынхаа хүмүүстэй амарсан. Амралтан дээр Орон сууцны удирдах газрын 70 жилийн ой тэмдэглээд ажлынхантайгаа архи уусан. Орой 20 цагийн үед амралтын газраас автобустай хот руу явсан. Тэгээд 20 цаг 30 минутын үед би Буянт-Ухаа-2 хорооллын харалдаа гэртээ орох гээд замын зүүн талд ганцаараа буусан. Тэгээд замын зүүн талаас баруун тийш чиглэлтэй зам хөндлөн гарч явтал. Хойноос урагшаа Чиглэлтэй нэг машин ирж байсан би амжаад гарчих байх гээд алхаад явж байтал тэр машин орж ирж намайг мөргөсөн.” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч У.Д-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн хохирогч, явган зорчигч Ө.Б нь зам тээврийн осолд өртөх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн:
- 3.4. Явган зорчигч нь явган хүний гарч буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.
- 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтыг зөрчсөн зохих буруутай болох нь Техникийн шинжээчийн дүгнэлт болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэлэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 10х/ баримтаар тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Ө.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, шүүгдэгч У.Д нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн.
Тээврийн Прокурорын газраас У.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч У.Д-ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Ө.Б-ын биед “баруун шилбэний шаант, тахилзуур ясны бяцарсан ил хугарал, баруун шилбэний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл авч, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох бөгөөд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээ, асаргаатай холбоотойгоор хохирогчоос гарч буй болон гарах зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болно.
Хохирогч Ө.Б-оос мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд гаргасан өөрийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан эмчилгээ сувилгааны болон бусад зардлын талаархи баримтуудыг нэг бүрчлэн судлан үнэлэхэд баримттай хохирлын дүн нь бүгд 6.042.336 төгрөг болж байх ба үүнээс мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хохирогчид нөхөн төлсөн 4.0 сая төгрөгийг хасч тооцон үлдэх 2.042.336 төгрөгийг У.Д гэм хор учруулсны хохиролд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ө.Б нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлстэй холбоотой хохирол төлбөрийг тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй.
1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:
Шүүгдэгч У.Д нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийдгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 113х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.
Шүүгдэгч У.Д нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны оройн 20 цаг 30 минутын орчимд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Буянт-Ухаа-2” хорооллын зүүн замд өөрийн эзэмшлийн Honda Odyssey маркийн 88-08 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, хохирогч Ө.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн.
Шүүх, шүүгдэгч нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, хохирогч Ө.Б-ын эмчилгээ, сувилгааны зардлын зарим хэсгийг буюу 4.0 сая төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний үйлчилгээний болон бусад зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж, жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний дагуу Даатгалын байгууллагаас нөхөн төлбөрт авах мөнгийг хохирогчийн хохиролд тооцон төлөх талаар тэдгээр нь хэлэлцэн тохирсон баримттай болон шүүгдэгчийн хувийн байдал, тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар У.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзан, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авахыг үүрэг болгосон албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч У.Д нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №102532 дугаартай жолоочийн үнэмлэх баримтыг түүнд оногдлуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтыг хангуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. У.Д-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар У.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан У.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахыг тэнссэн 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд У.Д-т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, уг шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнссэн хугацаанд У.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар У.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №102532 дугаартай үнэмлэх баримтыг гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан У.Д-аас гэм хорын хохиролд 2.042.336 төгрөг /хоёр сая дөчин хоёр мянга гурван зуун гучин зургаа/ гаргуулж, хохирогч Ө.Б-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлстэй холбоотой хохирол төлбөрийг тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Энэ хэрэгт У.Д нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан У.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД